2012-07-16Энэ нь хөгийн асуулт шиг санагдаж магадгүй л дээ. Үнэхээр монгол хэлэнд “нийгэм” гэсэн үг огт байгаагүй юм.

Хачин байна уу ? Тэгээд Монгол нийгэмгүй байсан хэрэг үү? Энэ талаар л санаагаа хэлэх гэсэн юм.
Нийгэм гэдэг бол шинэ үг
Одоо бол нийгэм гэсэн үг ороогүй юм ховор. Гэхдээ л энэ бол үлэмж будлиантайгаас гадна зохиомол үг. Нэгэнт зохиомол юм бол утга агуулга нь гадаад үгстэй үл тохирно гэсэн хэрэг. Ямар ч гэсэн 1920-иод он нэлээд гартал нийгэм гэсэн үг монголд хэлэнд байгаагүй. “Нийгэмгүй” яагаад болж байсан хэрэг болж байна гэж гайхах хэрэггүй л дээ.
Тэр үед төр, улс, язгуур үндэс, үндэс язгуур, ард гэсэн үгсийг түгээмэл хэрэглэдэг байсан. Логикоор бол энэ хэдийн аль нэг нь нийгмийг орлож байх ёстой.
Нийгэм гэдэг үг миний олж мэдсэнээр “нийгэм журам”, “эв хамт” гэхчлэн социалист утга зохиол орчуулах үед орж ирсэн. Энэ нь 1920-иод оны эхэн үед хамаарна. Энд ганц л таамаг байгаа. 1920-иод оны (1925 ?) үед “МАХН-ын Цэнгэлдэх хүрээлэн” гэгч ажиллаж байсан ба тэнд манай нэрт соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн эрхлэн “Ерөнхий боловсролын дэвтрүүд” гэсэн цуврал гаргаж марксист олон зохиол орчуулж байсан. Энэ цуврал 1930-аад оны дунд хүртэл гарч байсан. Энэ ажилд тухайн үедээ өндөр боловсролтой Ц. Дамбадорж хамгийн идэвхитэй оролцдог байсан. Ингээд тэр үеэс “нийгэм журам” гэсэн үг анх удаа хэрэглэсэн гэж санана. Гэхдээ тэд тухайн үеийн хятад орчуулгаас авсан байх өндөр магадлалтай. Энд нийгэм гэсэн нь нийтээрээ гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж санаж байна.
Алин байлаа ч гэсэн шинэ үг, шинэ нэр томъёо манайд социализмтай хамт орж ирсэн гэж үзэх үндэслэл байгаа юм. Ямар ч гэсэн Д.Нацагдоржийн 1931 онд бичсэн “Од” шүлэгт “Урьдаар нийгэм журам байгуулж..” гэсэн мөрөөс үзэхэд тэр үед нэлээд дэлгэрсэн нэр томъёо болсон нь илт байна.
Гэхдээ “нийгэм журам” буюу социализм гэсэн үг орж ирсэн нь “нийгэм” гэсэн үг хэвшсэн гэсэн хэрэг хараахан биш юм. Миний олж мэдсэнээр нийгэм гэсэн үг 1940 оны Үндсэн Хуулинд “МАХН бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй” гэж анх удаа оржээ. Магадгүй үүнээс бага зэрэг өөр байж болох ч өргөн хэрэглэж байгаагүй нь тодорхой байна. Харин 1950-иад оны сүүл болтол сурах бичиг, шинжлэх ухааны болон орчуулгын бүтээлд “нийгэмлэг” гэдэг үгийг хэрэглэж байжээ. Тэгэхлээр “нийгэм” гэдэг үг 1950-иад оны сүүлч 1960-аад оны эхэн үед хэвшиж тогтжээ.
Орчуулгын тухай
Харин би огт өөр зүйл ярих гэсэн юм. Манайд нийгэм-улс төрийн нэр томъёог оросоос, оросын нэр томъёог баруунаас, чингэхдээ германаас голдуу авсан байдаг.
Манайд нийгэм гэдгийг 1950-иад оны сүүл болтол нэг хэсэг “нийгэмлэг” гэж орчуулж байсан нь улс төр, эдийн засгийн албан баримт, сурах бичгүүдэд байдаг. Энд оросын нөлөө их. Оросууд ч “цаанаас” авахдаа нэлээд бантан хутгаж.
Ухаандаа барууны “public” гэсэн үгийг оросууд “публик” гэж авахдаа ихээхэн муу утгаар хэрэглээд сурчихаж. Уг нь ямар ч муу утга байхгүй “нийтийн” гэсэн агуулгатай, одоо ч нийгмийн ухаанд идэвхитэй хэрэглэдэг үг юм. Гэтэл оросоор “публичный дом” (нийтийн байшин) гэвэл шууд л “янхны газар” гэж бууна, “публичная девка” гэвэл эмэгтэй хүнийг ёстой доромжилсон хэрэг болно.
Энэ мэтээр сайхан үг муухай болж, бараг хэрэглэхээ больж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манайд ч гэсэн их бага хэрэглэдэг. Сэтгэл зүйн ямар нэг нөлөөлөл байдаг л байх. Баруундаа бол “паблик улс төрч” гэвэл олон нийттэй сайн харьцдаг хүнийг ойлгоно, орост “публик улс төрч” гэвэл их л хэцүү юм болно. Энэ публик гэдэг нь нийгмийн том төлөв байдлыг илэрхийлдэг болохоор нь би яриад байна.
Нийгэм гэдгийг оросын “общественный” гэдгээс орчуулсан нь эргэлзээгүй. Тэгвэл “общественный транспорт” гэдгийг “нийгмийн тээвэр” гэж орчуулах ёстой. Гэтэл манайд “нийтийн тээвэр” гэдэг. Бүр ч илүү марзан орчуулга бий. “Общественная работа” гэдгийг дээрх жишгээр “нийгмийн ажил” гэж орчуулах ёстой, гэтэл манай практикт “олон нийтийн ажил” гэж орчуулж заншжээ.
Хэрэв манайд “нийгэм” гэсэн үг анхнаасаа байсан бол ингэж олон салаа утгаар оноохгүй байх ёстой. Монголд хэлэнд “нийтийн”, “олон нийтийн”, “нийгмийн” гэсэн үгүүд нэг агуулга, язгууртай буюу эсвэл тэгж хэрэглэх сэтгэл зүйн бодит шалтгаантай байгаа нь илэрхий байна. Энэ бүхэн ердөө л “хэлний” асуудал биш байна.
Манайд улс гэж бий, төр гэж бий.
Эндээс би маш ноцтой дүгнэлт хийх гэж байна. Магадгүй зарим хүний ухаан санаанд багтахгүй байж ч магадгүй. Үүнийг өмнө нь хийж байсан гадаад дотоодын эрдэмтдийн тайлбарлалуудаас тэс өөр ч гэсэн хамгийн бодитой гэж үзэж болно. Учир тэд монголд нийгэм гэсэн ойлголт байсан байгаагүйд анхаарлаа хэзээ ч хандуулж байгаагүй юм.
Хэрэв ийм ойлголт байгаагүй бол түүнийг нэрлэх нэршил байсан нь гарцаагүй хэрэг болно. Монгол иргэншил бол барууны нийгмийн байгууллаас тэс өөр зарчим ойлголт дээр бүрэлдэн тогтож ирсэн. Иймээс баруунд тогтсон шинжлэх ухааны нэр томъёо, ойлголтууд монгол соёл, иргэншил, монгол хэл, түүхийг тайлбарлаж чадахгүй, тайлбарлах боломжгүй.
Монгол хэлэнд “нийгэм” гэсэн үг байхгүйгээс шалтгаалж монгол нийгэмгүй байсан гэж үзвэл тэнэглэлийн дээд болох нь гарцаагүй. Хэрэв хүний хамтын амьдралын ямар нэг хэлбэрийг “нийгэм” гэсэн ухагдахуун гэж үзвэл тэр нь монголд байсан л байж таараа. Тэгэхдээ ямар ч гэсэн Европ, Хятадаас дор байна гэж л лав байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна.
Одоо дэлхий нийтэд түгсэн онолоор бол “төр” нь газар нутагтай, хүн амтай, тэгээд хамгийн гол нь цагдаа, шүүх, прокурор, шорон гэх мэтийн албадлагын аппараттай байвал сая “төр” болж байгаа юм.
Гэтэл манай Монголын бараг аль ч төрд тэр нь аппарат гэсэн “хүнд суртал” бараг байдаггүй. Ингээд тэд одоо болтол манайхыг төргүй байсан гэж дүгнэдэг юм. Одоо бол “нийгэм” байхгүй, “төр” байхгүй болж таарч байна. Ийм утгагүй юм байхгүй. Энэ бол “баруун төвт” шинжлэх ухааны мухардлын тод илэрхийлэл мөн.
Миний гүн итгэлтэй үзэж байгаагаар монгол хэлний улс гэсэн утга нь нь нийгэм гэсэн утгатай бараг дүйж, төр бол түүний дээр нь байж, чингэхдээ цаг ямагт хамтдаа байж ирсэн. Төр улс, улс төр (өнөөгийн бидний хэрэглэдэг утга биш) гэх мэт хэллэг нь цаг ямагт үндэс язгуур, язгуур үндэс гэсэн суурь үгстэй хамт байсан. Энэ нь монголын төр, улс (нийгэм) хоёр үндэс язгуураа (үндэстнээ) баримжаалсан цогц систем байсан гэж дүгнэх бололцоо олгож байна.
Шууд утгаар нь монгол хэлний улс гэснийг нь нийгэм, төр гэснийг нь монгол төр гэж ойлгож болно. Улсаа буюу нийгмээ гэртэйгээ зүйрлээд байдаг нь санамсаргүй явдал биш л дээ. Гэхдээ монголын улс, одоогийн нийгэм гэсэн ойлголтууд яг таг дүйхгүй нь ойлгомжтой юм. Чухам энд л дорно дахины, түүний дотор нүүдлийн иргэншлийн онцлог илт харагдана буй за.
Мөн энэ төр хийгээд улс хоёр ямагт салшгүй яваад байдаг, манай монголчууд төр, улс хоёроо ялгахгүй байна гэж байхгүй л дээ. Энэ бол одоогийн бидний ойлголтоос тэс өөр зарчим, үзэл санаа юм. Харин төр улсын (төр болон нийгмийн) мөн чанарын асуудал бол жичдээ ярих асуудал мөн. Энэ талаар ярих юм их байгаа.
Тэгвэл Монголд нийгэм байгаагүй гэж үү ? Монголчууд болон тэдний хамтын амьдралын хэлбэр л байхгүй юу, өөр юу байх ёстой гэж ?! Тэд өөрсдийн улс төр, эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын хэлбэрээ л “нийгэм” гэж нэрлэхгүй л байхгүй юу. Улс гэдэг байж. Би хялбаршуулсан өгүүлэл бичиж байгаа учраас нотолгоогоо дэлгэрэнгүй ярихгүй. Ухаандаа “Монголын Нууц Товчоо”, “Алтан Товч”-оос эхлээд монголын түүхийн тулгуур ямар ч баримт бичигт “нийгэм” гэсэн үг байхгүй. Түүнчлэн 1920-иод оны дунд үе хүртэлх албан ёсны баримт бичгүүдэд бас л байхгүй. 1950-иад оны сүүл 1960-аад он хүртэл өргөн хэрэглэж байгаагүй нь үүний нотолгоо болно.
Байгаа юмыг хүртэл хайдаг явдал олон байдаг. Жишээлбэл, монголд “коммунити” алга гээд давхиад явдаг нэг нөхрийг санаж байна. Хүмүүсийн бусдын албадлагагүйгээр сайн дураараа түүхэн ёсоор хар аяндаа бий болсон хамтын амьдралын хэлбэрийг барууны шинжлэх ухаанд community гэж нэрлэдэг. Тэр нь монголд байхгүй байна гэнэ. Уг нь хойт айл, саахалт айл, нэг гол ус, нэг овооныхон гээд байж л байгаа ш дээ. Засаг захиргааны анхан шатны нэгжтэй холилдсон нь ч их бий.
Энэ мэтчилэн ганц нэг гадаад онол, нэр томъёо үзчихээд тэрнийгээ монголоос хайгаад байхгүй буюу барууны ойлголтоос зөрөхөөр нь монголын бүдүүлгийг гайхаад байдаг занг би их гайхдаг юм.
Монгол бол гадаадын онолоор тайлбарлахад зориулж бүтээсэн нийгэм биш ш дээ, хар аяндаа л ийм нийгэм бий болсон юм. Монголын уламжлалт нүүдлийн сонгодог нийгэм ихээхэн онцлогтой, түүхэнд түүний адилтгал байхгүй.
Эрт цагаас малыг гаршуулж, мал аж ахуй, газар тариалан хоёр салахад олонхи ард түмэн газар тариаланд шилжсэн гэж үздэг. Тэгвэл Монгол нутагт байсан төр улсууд яагаад газар тариалан эрхлээгүй, яагаад суурин амьдарч болоогүй юм. Зарим нь тэнэг байсан гэж үзлээ ч энэ олон мянган жил бүгдээрээ тэнэг байх ёсгүй нь мэдээж хэрэг. Аж үйлдвэр хөгжөөгүй байхад мал аж ахуй газар тариалангаас хүний бүх талын хэрэгцээг хангах талаараа үлэмж давуу байсныг олон эрдэмтэн нотолдог.
Хүний анхдагч хэрэгцээ бол хоол хүнс, хувцас хунар, орон байр юм. Монгол мал аж ахуй бол энэ гурван хэрэгцээг үндсэнд зэрэг хангаж чаддаг. Ийм учраас түүнд тулгуурласан иргэншил удаан орших чадвартай байх нь мэдээж хэрэг.
Энэ талаар дэлгэрүүлж ярих цаг удахгүй ирнэ. Бид яаж ч хөгжлөө гэсэн энэ нүүдлийн иргэншлийн гол үнэт зүйлс, өвийг хадгалан үлдээх үүрэгтэй, бас эрхтэй. Биднээс өөр хэн өвлөх гэж ?! Хот хөгжүүлнэ гэдэг бол хөдөөг заавал устгана гэсэн үг биш шүү дээ. Энд онол, үзэл санааны хайгуулын хамгийн сонирхолтой, хариуцлагатай хэсэг байгаа.
Би судлаач хүний хувьд өөрөө олон удаа алдаж онож байсан болохоос зовлонг нь сайн мэднэ л дээ. Социологийн ямар ч ойлголт категори, түүний үйлчлэлийн механизм манайд их өөр байдаг юм.
Ойлголтын системийг өөрөө тохируулахын учир
Манай сэтгэлгээ болон үйлдэлд гардаг түгээмэл алдаа бол аль нэг онол-арга зүйн ойлголт, категорийн системд монголын нийгмийг хүчээр тааруулах гэж оролдох явдал мөн. Хэрэв анхааралтай ажиглах аваас тэр нь голдуу таарахгүйг бид сайн мэднэ.
Энгийн жишээ авахад л феодализм, социализм, капитализм байна. Тиймээс би өмнөх өгүүллүүдэд голдуу хашилт хэрэглээд байгааг Та бүхэн анзаарсан байх. Манайх ямар нийгэм юм гэвэл энэ гурван категорийн түвшинд л лав тайлбарлах боломжгүй. Ийм атал хүмүүсийн тархи толгойд бараг хадаастай байдаг учраас ухамсартай, ухамсаргүй байдлаар одоо болтол хэрэглэдэг. Энгийн ухамсрын түвшинд бол хамаа алга. Харин төрийн бодлогын түвшинд бол ихээхэн хамаатай болоод явчихна.
Үүнийг дүгнэсэн буюу дүгнэхийг оролдсон төр, нам, төрийн зүтгэлтэн байхгүй. Нэг л их сүрхий улсууд үүх түүх, ардчилал, хүний эрх ярина. Өөр ярих юм байдаггүй ээ. Одоо хорь гаруй жил яриад хүн уйдах нь байтугай үг нь элэгдэж байна ш дээ.
Миний ойлгож байгаагаар манай эрх баригчдад монголыг хөгжүүлэх тухай ямар нэг үзэл бодол байхгүй, тэд байгалийн баялгийг хурдан идэж аваад гадаадад оргон зайлах ганц хүсэлтэй байгаад би огт эргэлзэхгүй байна. Үүний нотолгоо нь тэд шинжлэх ухаанд морь бөх, дуучин тамирчнаас бага мөнгө зарцуулж, монголын эрдэм шинжилгээний ихэнхи хүрээлэнгүүдийн амийг тасалсан явдал мөн.
Шинжлэх ухааны орыг лам, бөө, үзмэрч хийгээд изотерик, оккультизм, психотроник зэрэг хуурамч шинжлэх ухааны төлөөлөгчид эзлэж монголын оюун санааг хорлож, хордуулж байна. Мөн шинжлэх ухааныг байр суурийг бараг эзлээд байгаа сэтгүүлчид, нийтлэлчид ч шинжлэх ухааныг орлож яагаад ч чаддаггүйг онцлон дурдаж байна. Үүнийг санаатай хорлон сүйтгэлт гэхээс өөрөөр нэрлэх аргагүй.
Иймээс би оюун санааны амьдралыг хорт үзэл, үйлээс ангижруулахаас монголын бүх сайн үйл эхлэх ёстой гэдгийг онцлон дурдаж байна.
Аль ч нийгэмд, түүний дотор Монгол УЛСАД цорын ганц аюул бий. Энэ нь УЛС бүхэлдээ бэртэгчин хүмүүсээс тогтох болж, УЛС атомжих явдал мөн. Эрт үед ч тийм байсан, одоо ч тийм.
Түүнийг үзэл суртлын хувьд хөхиүлэн дэмжих нь хамгийн хортой үйл мөн. Жишээ нь зарим хүн эхлээд хувь хүний эрх ашиг гэж бий, дараа нь гэр бүлийн эрх ашиг гэж бий, харин Эх Орон гэж байдаггүй, Хамт Олон бол тодорхойгүй ойлголт, шударга хүнээр манаач хийлгэдэг гэх мэт суртал нэвтрүүлгээр монголчуудын тархийг угаасаар байна.
Би Монголд нийгэм гэдгийг УЛС гэдэг байсан гэж дүгнэснээрээ нэгэнт хэвшин тогтсон ойлголтыг дахин өөрчилж бужигнуулах гээгүй юм, харин агуулга ийм байгаа учраас Монголын түүх болон бусад зүйлийг судлахдаа үүнийг заавал харгалзах ёстойг л сануулж байна.
Монгол юмыг монголоор нь судлах ёстой. Монголд УЛС (нийгэм) гэж байдаг, тэр нь барууны болон бусад аль ч нийгмээс ялгаатай, монголд ТӨР гэж байдаг тэр нь аль ч төрөөс ялгаатай байх ёстой, Монголд ЭХ ОРОН гэж байдаг энэ Эх Оронд түүний дайснуудаас бусад нь амьдрах эрхтэй байх ёстой…
Бид хүн төрөлхтний хуримтлуулсан эрдэм мэдлэгийг үр шимийг хуулж, дуурайж, дагаж биш, зөвхөн өөрийн гэсэн үндэсний шүүлтүүрээр авах ёстой, ингэх үүрэгтэй.
Энэ нь хувь хүний үүрэг, улсын (нийгмийн) үүрэг хоёр давхцаж байна гэсэн хэрэг юм. Үүний тулд бид сүүлийн олон жилд хордсон тархиа хордлогоос гаргах ёстой.
Ингээд монгол онол-арга зүй үзэх хэрэг гарч байна. Уг нь их амархан юм. Ердөө л ЭХ ОРОН гэж байдаг гэдгийг нотлох ёстой. УЛСАА хөгжүүлж, ТӨРӨӨ төвхнүүлэх МОНГОЛ УХААН гэж байдаг юм. Гэхдээ их хэцүү юм. Яагаад гэвэл дайснууд гадна биш, дотор байгаа учраас…
Судлаач Д.Ганхуяг