2012 оны УИХ-ын сонгууль шинээр батлагдсан хуулиар явагдаж буйгаараа онцлог.
Намаас нэр дэвшигчид тойрог дээрээ ажиллаж, тулаан ид үргэлжилж байна. Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг гэсэн нэг сайхан үг бий. Гэхдээ жагсаалтаар нэр дэвшигчид аймхай хулчгар гэсэн үг биш. Тэд бас тахиа биш. Шонхруудаа зоригжуулж, ар талыг нь дааж, бас “нисч” л яваа. Шонхруудаасаа ч нэр хүндтэй, хэрвээ тойрогт нэр нь дэвшсэн бол “ногоон гэрэл”-ээр гарах кандиатууд жагсаалтад олон бий. Эцсийн эцэст нам нь шийдсэн, нам нь дэвшүүлсэн, нам нь жагсаасан гомдох зүйл байхгүй. Хуулийн дор гэдэг шиг хувь заяагаараа бүгд холбогдсон. Шонхрууд л намынхаа хувь заяаг шийднэ. Энэ ташрамд 2 том намын хажуугаар бараг бүх тойрогт нэр дэвшигчдээ дэвшүүлсэн ИЗНН-ын “иргэний зориг”-т талархал илэрхийлье.
Одоо тулаанд хэн хэн ялахыг сонжьё.
1-р тойрог
2 мандаттай тус тойрогт АН “хуучин хүн” болох УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр, хамтарсан Засгийн газарт Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан Б.Болор нарыг нэр дэвшүүлсэн. МАН Засаг дарга Ё.Баатарбилэг, “Монголын Үнэн” сонины эрхлэгч, “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат нарын харьцангуй залуу хүмүүсээ илгээсэн. Архангайчууд “хүний хуучин нь дээлний шинэ нь” гэвэл Ё.Баатарбилэг, Н.Батбаяр нарыг, шинэ залуу хүмүүсийг гэвэл Б.Болор, Ж.Мөнхбат 2-ыг гаргана. Гэхдээ тэдэнд нэг аюултай өрсөлдөгч бий. Тэр бол Н.Удвал. МАН-ын саналаас зулгаахаас гадна өөрөө гараад ирж ч мэдэхээр хүн. ИЗНН-аас нэр дэвшиж буй Т.Наранцэцэг, Ж.Хүрэлбаатар нар АН-ын саналаас зулгаахаас хэтрэхгүй болов уу. Гол тулаан АН, МАН-ын хооронд өрнөж, дундуур нь Н.Удвал гараад ирэх нэг сиймхий бий. АН, МАН-ын залуучууднын нэр хүндийг Ж.Мөнхбат, Б.Болор нар Архангайд тодорхойлно. Учир нь энэ 2 эрхэм хоёулаа намынхаа залуучуудын байгууллагад дээгүүр алба хашдаг. Ё.Баатарбилэг Засаг даргаар, Н.Батбаяр тус тойргоос сонгогдож 8 жил гишүүнээр ажилласан тул энэ 2-ын хэн ард түмэндээ ойр байсан нь ялж гарч ирнэ.
2-р тойрог
МАН Х.Жекей, А.Телейхан нарын УИХ-ын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож ажилласан хашир туршлагатай “бүргэд”-үүдээ нисгэсэн бол АН ч тэднээс дутахааргүй УИХ-ын гишүүн байсан Х.Бакей, хамтарсан Засгийн газарт БСШУЯ-ны дэд сайдаар ажилласан Ч.Куланда нарыг дэвшүүлсэн. ИЗНН-аас Х.Баяддолдой, С.Бакытхан нар дэвшсэн. МАН-аас Х.Жекей, АН-аас Х.Бакей нар гарах магадлал өндөр. А.Телейханы туслах төрийн өндөрлөгүүдийн нэр барин залилан хийснийг эс тооцвол гарах магадлал бас бий. Ч.Куланда ҮЗХ-ны хурал дээрээ журмын нөхөртөө аймшигтай доромжлуулж, Монгол Улсын БСШУЯ-ны дэд сайд атлаа Монгол хэлийг 2-рт тавьж, өөрөө Япон сэтгүүлчийг гүтгэсэн хэрэгт нэр холбогдож байсан. Тийм учраас гарах магадлал тун бүрхэг.
3-р тойрог
МАН-аас Г.Занданшатар, “Ачлал” дэлгүүрийн босс Г.Билэгт, АН-аас Х.Баттулга, Д.Ганбат, ИЗНН-аас Ё.Нандинцэцэг, С.Батбаатар нар дэвшсэн. Хамтарсан Засгийн газар Баянхонгорчуудад ээлтэй байж түүхэндээ анх удаа нэг танхимд 3 сайдтай болж үзсэн. Тийм ч учраас хамтарсан Засгийн газарт муугүй нэр хүндтэй ажилласан Г.Занданшатар, Х.Баттулга нарыгаа гаргах биз дээ. Нөгөө хэдэд нь сайхан бие халаалт болно.
4-р тойрог
Сонгуулийн шинэ хуулиар нэг мандаттай болсон Булганы тойрогт МАН-аас БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, АН-аас “ТМ” телевизийн босс Түмэнжаргал, ИЗНН-аас зохиолч, сэтгүүлч Ц.Буянзаяа нар дэвшсэн. Булганы Э.Мөнх-Очирыг нам нь энэ удаа жагсаалтад үлдээж, Ё.Отгонбаярыг тойрогт илгээсэн. Ё.Отгонбаяр бараг гарах биз дээ.
5-р тойрог
Бас л нэг мандаттай болсон хэзээнээс “улаан” гэгддэг уг тойрогт МАН-аас Ц.Дашдорж, АН-аас Б.Ариунсан нар өрсөлдөж байгаа. Б.Ариунсан өмнө нь их сунгаанд хэд хэдэн удаа аман хүзүүдэж байсан. Ер нь том сунгаанд жаахан аз муутай. Тойрогтоо нэлээд ажил амжуулсан Ц.Дашдорж дахин ялж гарч ирэх болов уу.
6-р тойрог
АН тус тойрогт УИХ-ын гишүүн Я.Батсуурийг дахин илгээсэн. МАН “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн ч АТГ-ынхан ердөө маргааш өдөр нь барьж аваад шоронд хорьчихсон. Түүний оронд МАН Ж.Батсуурийг дэвшүүлсэн. Энэ тойрогт нэр дэвшигчид нэг л барцадтай байх шиг. МАХН-аас нэр дэвшсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдовын нэрийг СЕХ бүртгэж аваагүй. Шалтгаан нь тодорхой бус. Энэ тойрогт АН-аас нэр дэвшигч Я.Батсуурь ялах магадлал маш өндөр.
7-р тойрог
МАН-аас туршлагатай парламенч Д.Одбаяр, залуучуудынхаа төлөөлөл болгож НХХЯ-ны шинэхэн дэд сайд Н.Номтойбаяр нарыг дэвшүүлсэн. АН нам хуучин “кадр” П.Алтангэрэл, Б.Мөнхцэцэг нарыг дэвшүүлсэн. МАН-ын 2 хоёулаа гарч ирэх магадлал өндөр. Эс бөгөөс П.Алтангэрэл, Н.Номтойбаяр нар гарна.
8-р тойрог
Бас л нэг мандаттай болсон. МАН-аас НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, АН-аас алдарт “шаргын” эзэн, “Мон-Уран”-ны Б.Наранхүү нар нэр дэвшсэн. Хэн нь ч гараад ирж мэдэх хийморьтой залуус.
9-р тойрог
Энэ тойрог дээр “хөөрхөн” юм болно. “Мөнгөний акул”-ууд болох Г.Батхүү, Д.Зоригт нар АН-аас, туршлагатай С.Ганзориг, улс төрд цоо шинэ Н.Төмөрхүү нар МАН-аас дэвшсэн. Г.Батхүү, С.Чинзориг нар энэ тойрогт танигдсан хүмүүс. МАХН-аас нэр дэвшсэн Г.Шийлэгдамба МАН-ын саналаас зулгааж мэднэ. Гэсэн хэдий ч С.Чинзориг, Н.Төмөрхүү 2 гарна. Эс бөгөөс Г.Батхүү, Д.Зоригт нар гарна. Хаашаа ч савалж мэдэх эвгүй тойрог.
10-р тойрог
Бас л нэг мандаттай болсон Өмнөговийн тойрогт “мөнгөний мангас” ажнай Д.Бат-Эрдэнэ, МАН-ын Х.Бадамсүрэнгээс даагаа нэхнэ. Хэн нь гарч ирж болзошгүй.
11-р тойрог
Сэлэнгэд АН-аас УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан Д.Цогт-Очир, МАН-аас Засаг дарга Ж.Эрдэнэбат, Хөрөнгийн биржийн захирал асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа нар дэвшсэн. С.Баярцогт, Ж.Эрдэнэбат нар гарна.
12-р тойрог
МАН-аас УИХ-ын гишүүн Р.Буд, АН-аас М.Зоригт нэр дэвшсэн. Р.Буд тойрогтоо 4 жил ажилласан учраас ялах магадлал өндөр.
13-р тойрог
“Час улаан” гэгддэг Увс аймаг 2 мандаттай болсон. Уг тойрогт “дархлагдсан” Ц.Нямдорж анх удаа нэр дэвшээгүй жагсаалтад үлдсэн. Засаг дарга нар нь сонгуулийн өмнөхөн “аав”-ынд хоригдсон гээд сонин ихтэй байгаа тус тойрогт МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар дэвшсэн. АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Мэндсайхан нар тойрогтоо сайн танигдаагүй тул АН-ын уг тойргийг “цэнхэр” болгох төлөвлөгөө энэ удаа бүтэлгүйтэж мэдэх юм.
14-р тойрог
Орхонд МАН Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарыг дэвшүүлсэн бол АН Хөрөнгийн биржийн гэгддэг Х.Золжаргал, УИХ-ын гишүүн Д.Одхүү нарыг нэр дэвшүүлсэн. О.Содбилэг, Д.Одхүү гарах болов уу.
15-р тойрог
Дархан-Уулд АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Гантулга, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслээс М.Энхсайхан, бие дааж МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар нар нэр дэвшсэн. МАН-ын 2 гарна, эс бөгөөс аль нэг нь унаж С.Ганбаатар гарч ирнэ. Мөн М.Энхсайхан ч аюултай.
16-р тойрог
Хэнтийд МАН УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нарыг дахин сойсон, АН-аас “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар даагаа нэхнэ. Мөн улс төрд цоо шинэ хүн болох Хүдэрбаатар тоосоо өргөнө. ИЗНН-аас аймгийн экс Засаг дарга С.Жаргал нэр дэвшсэн. МАН-ын 2, эсвэл Б.Гарамгайбаатар, С.Жаргал нар гарч ирнэ.
17-р тойрог
Төв аймагт МАН-аас М.Энхболд, Су.Батболд, АН-аас аймгийн АН-ын дарга Б.Доржпүрэв, Го.Баярсайхан, ИЗНН-аас Л.Мөнхсайхан, У.Хүрэлбаатар нар дэвшсэн. М.Энхболд, Су.Батболд нар гарч ирнэ.
18-р тойрог
Хөвсгөлд АН-аас УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай, МАН-аас Иргэний бүртгэлийн Л.Мөнхбаатар, “МCS”-ийн Л.Энх-Амгалан, ИЗНН-аас Б.Дүгэржав, Г.Батпүрэв, Эх орон намаас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар дэвшсэн. Нэг бол АН-ын 2, нэг бол МАН-ын 2 гарна. Б.Эрдэнэбат гарч ирэхийг үгүйсгэхгүй.
19-р тойрог
Завханд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Балдан-Очир нар. Нөгөө талд УИХ-ын экс гишүүн, 4 жил Засаг даргаар ажиллачихсан Я.Санжмятав, шинэ хүн Шинэбаатар нарыг дэвшүүлсэн. Я.Санжмятав, Д.Оюунхорол нар гарна.
20-р тойрог
Ховдын цэнхэр хязгаарт МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засаг дарга Г.Нямдаваа нарыг, АН-аас тойргоо сольсон УИХ-ын гишүүн Д.Батбаяр, шинэ хүн Д.Пүрэвдорж, МАХН-МҮАН Шударга ёс эвслээс Д.Батцогт нар дэвшсэн. МАН-ын 2 хоёулаа гарах байх. Д.Батцогт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Д.Батбаяр сайхан унана.
21-р тойрог
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Да.Ганболд, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, МАН-аас аварга Д.Сумьяабазар, Гадаад харилцааны дэд сайд Г.Тэнгэр, “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар дэвшсэн. АН-ын 3 бүгд УИХ-ын сонгуульд тоосоо өргөж байсан туршлагатай ч их сунгаанд жаахан аз муутай. Тийм учраас МАН-ын залуучууд ялаад гараад ирэх магадлал өндөр. МАХН-аас Д.Тэрбишдагва санал хуваана. Тойрогтоо 4 жил ажилласан учраас дахин сонгогдоод гараад ирэхийг үгүйсгэхгүй.
22-р тойрог
Баянголд МАН-аас дүүргийн Засаг дарга Л.Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, АН-аас мөн дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын С.Одонтуяа, МАХН-аас Н.Дашзэвэг, ИЗНН-аас М.Энхтайван, Б.Туул дэвшсэн. МАН-ын хоёрын нэг, С.Эрдэнэ гарна. Их зохиолч Тангадын Галсангийн хүү М.Энхтайван гарахыг үгүйсгэхгүй.
23-р тойрог
Баянзүрх, Налайхад АН-аас И.Нарантуяа, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Батхуяг, МАН-аас дүүргийн Засаг дарга Б.Батзориг, хотын орлогч Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Д.Арвин, МАХН-аас О.Чулуунбат, ИЗНН-аас З.Алтай, Э.Зоригт, Р.Булгамаа нар дэвшсэн. АН-ын 3 хоорондоо их эвгүй байгаа учраас МАН-ын 3 гарч ирэх болов уу. О.Чулуунбат, З.Алтай нар санал зулгаана.
24-р тойрог
Хан-Уул, Багахангай, Багануурт МАН-аас хотын мэр асан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, сонгуулиас өмнөхөн МАН-ыг сонгосон Т.Лхагважав, АН-аас УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл, ИЗНН-аас Ч.Энхтуяа, Э.Сугар нар дэвшсэн. Ц.Батбаяр, Т.Лхагважав хоёрын аль нэг, Лу.Болдын хамт гарч ирнэ.
25-р тойрог
Чингэлтэйд АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан “Тумбааш”-ын Б.Батбаатар, МАН-аас УИХ-ын гишүүн, сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Очирбат, ИЗНН-аас Д.Уламбаяр, сэтгүүлч Т.Алтаншагай нэр дэвшсэн. Ёстой тэр өдрийн тэнгэр мэдэх байх.
26-р тойрог
Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан тойргоо сольсон Р.Амаржаргал, МАН-аас нийслэлийн орлогч, тус дүүрэгт Засаг даргаар ажиллаж байсан Г.Цогцолмаа, дэд сайд Ч.Ганхуяг, ИЗНН-аас Ч.Базар, Д.Баттулга нар нэр дэвшсэн. Г.Цогцолмаа, Ч.Ганхуяг хоёрын нэг нь Лу.Гантөмөрийн хамт гарна. Р.Амаржаргалын хувьд одоо болно.
Нэр дэвшигчдийн хувийн рейтингид тулгуурласан дээрхи судалгаагаар МАН ялж, АН хүчтэй цөөнхи болох нь. Харин ИЗНН, Эх орон нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл 4-5 суудал авч, С.Оюун, С.Дэмбэрэл, Н.Энхбаяр, Ч.Улаан нар парламентад орж ирнэ. Хэрвээ тэгвэл ИЗНН-аас тус эвсэлтэй хамтарч УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд хүрч мэдэх юм.
Г.Нэргүй