2012-06-16Холливудын хамгийн царайлаг жүжигчдийн нэг Шарлиз Терон “7 өдөр” сайтад өгсөн ярилцлагадаа: “Кино урлагийн
нэвтэрхий толинд намайг ”Шулам шиг хүүхний дүрийг чадварлаг бүтээдэг жүжигчин байв” хэмээн бичиж үлдээгээсэй хэмээн хүсч байгаагаа өгүүлжээ. Тэрээр дэлхийд ашиг орлогоороо хэдэн долоо хоног тэргүүлж байгаа “Цасан гоо ба анчин” киноны эсрэг талын гол дүр болох хорон санаат хатан хаан Равеннагийн дүрийг тун чадварлаг бүтээсэн билээ.
-Шарлиз, “Цасан гоо ба долоон одой” кинонд хамтран тоголсон жүжигчин Сэм Клафлин таныг Цасан цагааны тухай үлгэрийг огт уншиж үзээгүй хэмээн ярьсан байсан?
- За боль доо, Цасан цагааныг мэдэхгүй хэн байдаг юм. Харин Сэмийн тухайд тэр тэнэг таны толгойг эргүүлсэн хэрэг.
- Танд Цасан гоогийн дүрд тохирох байсан юм гэж бодогдож байв уу?
- Кристен Стюартад л Цасан гоогийн дүр хамгийн их зохино. тэр дөнгөж 22 настай ч хэдийнэ од болсон шүү дээ. Гэхдээ түүний алдар нэр нь түүнд огтхон ч нөлөөлдөггүй. Тэр урьдын адил хөгжилтэй, наргианч, ухаалаг яриа хөөрөөтэй хэвээр. Догь биш гэж үү. Гэтэл бусдад алдар нэр хэрхэн нөлөөлж байгааг хараад надад айдас төрдөг. Зөвхөн жүжигчдэд ч биш, бас үзэгчдэд. Тэд яг л солиотой юм шиг байдаг. Харин энэ нь инээдтэй биш, аймшигтай хэрэг.
- Та хорон санаатай хатан хааны дүрийг бүтээлээ. Ер нь та хүүхэд байхдаа үлгэрийн хорон санаатай хатан хаан хэмээн өөрийгөө төсөөлж байв уу?
- Уул нь “тийм” гэж хэлэх хэрэгтэй байх л даа. Гэхдээ тийм биш. Үнэнийг хэлэхэд би бага байхдаа ах дүү Гриммийн үлгэрүүдийг уншаад ямар сэтгэгдэл төрдөг байснаа санахгүй байна. Би 13 настайдаа анх энэ үлгэрийг уншиж байсан санагдана. Тийм насанд өөрийгөө хорон санаат хатан хаан хэмээн төсөөлөхөд аймшигтай биш л дээ.
- Та өмнө нь “Прометей” кинонд тоглосон. Та өөрөө өөртэйгээ жинхэнэ тэмцэж байж дүрээ бүтээсэн гэж ярьж байсан санагдана. Тэгэхээр хорон санаатай хатан хааны дүрд тоглох нь амар байсан гэж үү?
- Огтхон ч үгүй. Ер нь миний хувьд бүх л дүр ялагдах эрхгүй тулаантай адил. Би бүтээж буй дүрээ хамгийн дээд хэмжээгээр нь бодитой харуулах ёстой. Би орилж хашгирч, уйлж унжиж, эрэмдэг зэрэмдэг болон хувирахаасаа айхгүй. Харин хуурмаг, мэргэжлийн биш харагдахаас л айдаг. Хэдийгээр төгс байж хангалттай чадахгүй ч гэсэн дүр бүрдээ амьд ертөнцийг бүтээхийг хичээдэг. Ингэж л би таныг өөрийн “торонд” татаж оруулна шүү дээ. Жүжигчин бүр л өөр өөрийхөөрөө энэ бүхнийг хийдэг. Жүжигчин байх нь бусдад амархан юм шиг санагдах ч үнэн хэрэгтээ тийм биш ээ.
- Станиславскийн системийг жүжигчдийн гол баримталдаг онол гэдэг шүү дээ. Баруун үүнийг хэрхэн хүлээж авдаг юм бол?
- Дэмий үг. Зураг авалтын талбай дээр ямар ч бэлтгэлгүй ирчихээд хоосон онол яриад байгаа жүжигчдийг тэвчиж чаддаггүй. Та жүжигчин л бол гэрийн авгай болон хувирч, дүр бүтээж буй баатрынхаа арьсыг нөмөрч, текстээ цээжлэх ёстой. Зөвхөн тэгж байж л та мэргэжлийн гэж хэлэгдэнэ.
- Танд хорон санаат хатан хааны дүр эргэлзээгүй тохирсон санагдсан. Би л гэхэд кино дуусан дуустал таны талд байсан. Уул нь эерэг талын баатар Цасан цагааны талд байх ёстой. Хорон санаа, муу үйл хүмүүсийн сонирхлыг тэгтлээ татдаг юм болов уу. Энэ талаарх таны бодол?
- Магадгүй л юм. Яагаад гэвэл бид бүгдээрээ л муу санаатай, хорон санаагаа хэрэгжүүлэх чадвартай. Үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй л болохоос биш. Тиймээс бидэнд бусдын иймэрхүү үйлдлийг хөндлөнгөөс харах сонирхолтой байдаг байх. Гэхдээ хэн ч муу хүн эсвэл цуврал алуурчин болох гэж төрдөггүй. Миний хувьд л гэхэд сонин сэтгүүл уншихдаа телевиз үзэхдээ ч таагүй зүйл юу болж вэ гэж хардаг. Гэхдээ үүнийхээ дараа тухайн гэмт хэрэгтний хувь заяа яагаад муугаар эргэх болов гэж эргэцүүлэн боддог. Үүнд туулж өнгөрүүлсэн бага нас, өсвөр нас, эцэг эхтэйгээ харьцах харьцаа нөлөөлсөн байдаг. Жүжигчин хүний хувьд ийм зүйл ажиглах нь мэргэжлийн өвчин гэх юм уу даа.
-Таныг хорон санаат хатан хаанд тоглоход юу нөлөөлөв?
-Мэдээж нөлөөлсөн зүйл байгаа. Гэхдээ цуврал алуурчний түүх биш нь лавтай. Нэгэн удаа миний нойр хүрдэггүй, шөнийн хоёр цагийн үед босоод зурагт асаалаа. Тэгэхэд Жек Николсоны тоглосон “Гэгээ” кино гарч байсан юм. Тэр яг л зэрлэг араатан шиг торонд хоригдчихсон, теннисний бөмбөгөөр газар тогшиж суудаг хэсэг гардаг шүү дээ. Тэр үзэгдэл хэзээ ч төгсөхгүй мэт санагддаг шүү дээ. Түүн шиг миний бүтээсэн Равенна ч тийм санагддаг. Зэрлэг араатан шиг улам бүр улангасан галзуурсаар байдаг. Энэ бол Жек Николсон бид хоёрын бүтээсэн дүрийн нийтлэг шинж. Би торонд хоригдсондоо байж ядан нэг булангаас нөгөө рүү үсчиж байгаа зэрлэг амьтдыг харж байсан. Гэхдээ хамгийн аймшигтай нь юу гээч? Эцсийн эцэст тэд бууж өгдөг. Үүнийг харахад миний зүрх өмрөх шиг болдог. Яагаад гэвэл тэд төрөлх байгалаасаа холддог. Энэ нь тэдний хувьд төгсгөл гэсэн үг.
-Та энэ онд гурван кинонд тоглосон. “Галзуу Макс-4”-т тоглохынхоо өмнө хүүхэд үрчилж авсан шүү дээ?
- Олон ээж нар надад тохиромжтой цаг гэж байдаггүй юм гэж хэлж байсан. Магадгүй цаг зав ихтэй, ажил багатай үедээ үрчилж авах хэрэгтэй байсан гэж бодогдож магадгүй юм. Гэхдээ үнэн хэрэгтээ хойш нь тавих шалтгаан зөндөө л гарна. Тиймээс боломж гарвал тохиромжтой ч бай үгүй ч бай амжуулах л хэрэгтэй. Үүгээрээ чи бүхнийг амжуулах чадвартай гэдгээ давхар харуулж буй хэрэг. Жишээ нь би өдөрт найман цаг унтах ёстой гэж боддог ч дөрвөн цаг унтахад л хангалттай нойр авч чаддаг.
-Кристен Стюарт таныг хүүхдүүдийнхээ дэргэд яг л Тереза эх шиг харагддаг гэж ярьсан.
-Тэр хэтрүүлсэн хэрэг. Гэхдээ эх хүн байна гэдэг миний зайлшгүй хийх ёстой зүйл. Би ээж болохыг маш ихээр хүсдэг байсан. Тэр тусмаа хүүхэд үрчилж авахыг. Бүр найман настай жаахан охин байхдаа асрах газар очиж өөртөө жаахан эрэгтэй эсвэл эмэгтэй дүү авч өгөөч гэж ээжээсээ гуйдаг байсан. Харин ээж шигээ сайн ээж байж чадах болов уу гэж жаахан эргэлздэг. Ядаж ээжийнхээ 10 хувьд хүрчихвэл сэтгэл өндөр байхсан. Ээж минь надад эрч хүч, урам зориг хайрлаж, өөртөө итгэх итгэл өгч, амьдралын баяр баясгаланг мэдрэхэд сургасан. Гэхдээ хамгийн гол нь энэ биш. Тэр хэзээ ч надад үргэлж юм өгч байгаа юм шиг харьцаж байгаагүй. Намайг би чамд-чи надад, би чамайг хүндэлнэ-чи намайг хүндэл гэсэн зарчмаар өсгөсөн. Тэр намайг өгч чаддаг болгож хүмүүжүүлсэн. Түүнээс гадна өөрийн замаар, өөрийн үзэх үзлээр, өөрийн итгэл найдвараар хүмүүжүүлж өөрийн хувилбарыг бий болгохыг хичээгээгүй.
-Эмэгтэй хүмүүс үр хүүхэд, гэр орон, ажил гээд бүгдийг амжуулах гэж нойр хоолоо умартаж явсаар амархан хөгширч үрчлээ суудаг. Та харин одоо ч сайхан харагдаж байна. Нууц нь юундаа байна вэ?
-Үгүй дээ. Би тэр бүхний дараа өөрийгөө эгээ л нураад уначихсан мэтээр мэдэрдэг. Би бусдын л адил мах цуснаас бүтсэн жирийн хүн. Өмсөх дуртай өмдөндөө багтахаа байчихвал өөрийгөө бүдүүрчихлээ хэмээн сэтгэлээр унадаг.
-Гэхдээ тийм харагддаггүй шүү дээ?
-Нууц задлуулмаар байгаа хэрэг үү? Би тонн тонноор нь “Ботокс” шахуулдаг. Өөр юу ч тус болдоггүй юм. Дээр нь мэдээж архи. /инээв/ Үнэнийг хэлэхэд би зөв хооллохыг хичээдэг. Энэ миний хувьд маш чухал зүйл. Мэдээж дээр нь дасгал сургуулилт тун чухал үүрэгтэй.
-Та хэзээ ч билээ шарсан маханд үнэхээр нугасгүй гэж ярьж байсан. Тэр бүү сайхан шараад өгвөл арьсан гутлаа ч идэхэд бэлэн гэсэн. Энэ талаар ?
- Та ч сайхан сэдэв хөндлөө шүү. Би хавчуургатай талханд дуртай. Ер нь бол идэх, уухаа өөрөөсөө хориод байддаггүй хүн.
word.mn