2012-05-05Нобелийн энх тайвны шагналтан XIV Далай лам “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ.
-Хамгийн нэр хүндтэй шашны тэргүүн болох Далай ламыг бид нэвтрүүлэгтээ уриад байна. Таны бие сайн уу?
-Сайн.
-Бид Майо эмнэлэгт байна. Та энд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орсон байх аа. Эмч нар юу гэж байна вэ?
-Муудаагүй, бас сайжраагүй байна гэсэн.
-Тэр ч сайн хэрэг шүү. Миний ярилцаж байсан хүмүүсээс хамгийн алдартай нь та. Танд алдар хүндтэй байх таалагддаг уу?
-Үгүй дээ. Би өөрийгөө Буддын жирийн лам гэж тодорхойлно. Илүү ч үгүй, дутуу ч үгүйгээр. Та британи хүн байх аа.
-Тийм ээ.
-Харин би төвд хүн. Тиймээс сэтгэл хөдлөл, үзэл бодол болон махбодын хувьд хамрын хэмжээгээр л өөр юм. (инээв)
-Үндсэндээ ижил байх нь. Нэр хүнд гэх үг орчин цагт үнэ цэнэгүй, жинхэнэ утгаа алдсан гэх бодол танд төрдөг үү?
-Энэ нь хүмүүсийн алдар хүндийн талаарх ойлголт, хандлага өөрчлөгдсөнтэй холбоотой болов уу. Эхэндээ бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаад удалгүй бардам, биеэ тоосон болох хандлага ажиглагдах юм. Мянган жилийн өмнө Төвдийн нэгэн лам “Хүмүүс таныг хүнд лэх тусам өөрийгөө хамгийн дорой хүн болж байна хэмээн үзэх хэрэгтэй” хэмээн сургаж байсан. Энэ их чухал юм шүү. Хүмүүс намайг олон янзаар хэлдэг ч би огт хэрэгсдэггүй. Зарим нь намайг амьд бурхан, амилсан Будда хэмээдэг. Ад чөтгөр гэж хэлэх хүн ч бий. (инээв) Угтаа би жирийн л хүн.
-Би бага байхдаа сансрын нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Харин өнөөгийн хүүхдүүд цаад мөн чанарыг нь ойлгохгүй атлаа од болно гэж хүсэх болж. Энэ бүхэн нийгмийг үгүй хийж байна гэж үзэх хүн цөөнгүй.
-Ямар хүн гэнэ ээ?
-Од.
-Алдартан гэсэн үг байх нь. Ихэнх тохиолдолд урлаг, спортод амжилт гаргаж байгаа хүмүүсийг ийн нэрлэдэг болсон. Харин би юмны угийг ухан гаргаж ирж буй эрдэмтдийг л алдартан гэж үздэг.
-Тэгэхээр таны бодлоор алдартай хүн гэдэг илүү бодитой, үр дүнтэй зүйл хийсэн хүмүүсийг хэлэх нь ээ?
-Тийм ээ.
-Таныг анх Далай ламаар өргөмжлөгдөж байснаас хойш дэлхий илүү амар тайван болсон уу?
-Тийм ээ. Үндсэндээ эх дэлхий маань өнөөдөр илүү амар жимэр болоод байна. Цуст дайн үгүй болж, томоохон өөрчлөлт их гарлаа. Цөмийн пуужин харваж, нэг нь нөгөөдөө аюул заналхийлдэг байсан цаг ард хоцорчээ.
-Хятадын талаар ярилцъя л даа. Таны Далай лам болсноос хойш энэ улс хэр их өөрчлөгдсөн бэ?
-Их өөрчлөгдсөн. Хятад бол агуу түүх, соёлтой ард түмэн. Өнөө цагийн Хятадад алдаж, оносон зүйл их бий. Гэхдээ би Хятадын ард түмэнд итгэдэг. Тэд 50 жилийн турш шаргуу хөдөлмөрлөлөө. Одоо хувьсгал, их эргэлт хийх цаг болсон гэдгийг тэд ойлгож байгаа. Хувьсгал тэдний нүдийг нээж, их зүйлийг өөрчлөх болно. Хятадын төрийн тэргүүн ч энэ талаар үг цухуйлгасан нь бий.
-Гэхдээ Хятадын төрд эргэлт гарах нь Төвдэд ашигтай байж чадах уу?
-Зарим талаар ашигтай байж чадна. Тэд зөвхөн Төвдийн ард түмэн төдийгүй өөр олон арван асуудлыг цэргийн хүчээр шийдэх гэж тэмцэж байна.
-Өнгөрөгч онд 30 гаруй төвд хүн өөрийгөө зулын гол болгон золиосолсон. Тэдний шашны тэргүүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Эмгэнэлтэй үйл явдал болсон. Энэ явдал Хятадад ямар ч нөлөө үзүүлээгүй нь бүр харамсалтай. Тэдний араас Хятадын нэгэн сүмийн хамба амиа золиосолсон. Вьетнамд юу болсныг та сонссон байх. Тэд өөрийгөө золиослох нь хүчирхийллийг таслан зогсоох үр дүнтэй арга хэмээн итгэж байсан. Цөхрөнгөө барсан болохоор амиа золиослох нь энгийн зүйл мэт санагдаж байгаа юм. Тиймээс одоо яаралтай зөв шийдлийг олох хэрэгтэй.
-Зөв шийдэл нь юу юм бэ?
-Илхэн байна шүү дээ. Хятадын Засгийн газар асуудалд илүү анхаарал хандуулж, бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэд жижиг үндэстн үү дийг хүндэтгэх улс төрийн бодлого баримталж эхлэх нь зүйтэй.
-Хятадын шинэ удирдлагууд Төвдэд ашигтай бодлого баримтална гэдэгт та итгэлтэй байна уу?
-Энэ талаар дүгнэлт хийхэд дэндүү эрт байна. Гол нь Хятадын удирдагчид бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр Төвд төдийгүй Хятадын автономид буй Монголын асуудлыг ч хялбар шийдэх боломжтой. Хятадын 1.3 тэрбум хүн юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг ойлгож байгаа. Тэд үнэнийг мэдэх ёстой. Гэтэл хяналт шалгалт нь булхайтай байдаг.
-Америкчууд мөнгөнд дэндүү их шунаад байх шиг санагдах юм. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Зөвхөн Америк ч биш, Европ, Азид ч мөнгөний сонирхол их байна. Хамгийн чухал үнэлэмж бол мөнгө гэсэн ойлголт хаа сайгүй бий. Энэ их буруу юм. Материаллаг хэрэгцээ бол зөвхөн махбодын хэрэгцээ, тав тухтай байдлыг л хангана. Харин оюун санааны амар амгаланг мөнгө бий болгож чадахгүй.
-Таны уулзаж байсан удирдагчдаас хамгийн сэтгэл хөдөлгөм сайхан хүн нь хэн бэ?
-Нельсон Мандела. Мөн Ерөнхийлөгч Буш.
-Аль нь вэ?
-Бага Буш. Америкийн Ерөнхийлөгч гэдэгтээ бус, их сайн хувь хүн.
-Таны хувийн амьдралын талаар ярилцъя. Учир нь их олон зүйлээр бусдыг гайхашруулсан хүн. Таныг цагаан хоолтон байж байгаад эргээд мах иддэг болсон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Би Төвд хүн. Бага залуу нас минь жирийн төвд хүмүүсийн адил өнгөрсөн. Бидний гол хүнс мах гэдгийг та мэдэх байх. Бүр хожим нь 65 насандаа Энэтхэгт ирснийхээ хойно би цэвэр цагаан хоолтон болсон л доо. 20 сарын турш мах огт хэрэглээгүй. Харин гэнэтийн энэ өөрчлөлтөөс болоод шар өвчин туссан. Нүд, хумс, нүүр хүртэл шар өнгөтэй болчихсон. Би хожим нь энэ тухай “Жинхэнээсээ амилсан Будда болох дөхсөн шүү” хэмээн хошигнон ярьсан. (инээв)
-Та эр эмийн явдлаас ангид байна хэмээн сахил хүртсэн хүн.
-Тийм ээ.
-Сахил хүртэх хэцүү юү?
-Үгүй дээ. Хэрэв тэр талаар ямар нэгэн туршлагатай бол хэцүү байж мэдэх юм. Англид байдаг Буддын сүмийн лам нарт гэр бүлтэй болохыг зөвшөөрд өг юм билээ. Намайг очиход эхнэрээ сольчихсон байгаа харагддаг.
-Эмэгтэй хүнийг харахаар сэтгэл татагдах тохиолдол гарч байв уу?
-Зарим үед. Тухайн үед сайхан санагдах хэдий ч дараа нь тэр нь бэрхшээл болж хувирдаг. (инээв)
-Тийм гэж үү?
-Би тэднийг шөнө нь зүүдэлдэг. Өөрийгөө хэзээ ч Далай лам байгаагаар нь зүүдэлж байгаагүй. Энгийн лам гэдгээр л зүүдэлдэг.
-Та архи ууж үзсэн үү?
-Огт үзээгүй.
-Тэгвэл тамхи татаж үзсэн үү?
-Үгүй ээ. Буддын ёсонд бол…
-Тэгвэл хар тамхины талаар яриад ч хэрэггүй байх нь. Танд бүр хэрэглэе гэсэн бодол ч төрдөггүй хэрэг үү?
-Нэг удаа тэр тухай бодож байсан. Би тэр үед долоо, най ман настай жаал байлаа. Намайг тоглож байтал нэг хүн хоёр лонхтой зүйл авч яваа харагдсан юм. Тэр нь дарс байсан. Би нэг лонхтойд хуруугаа дүрэн амстал чихэрлэг сайхан байсан. (инээв) Тэгээд нэг лонхтойг нь өрөөнд аваачихыг хүссэн.
-Та тэгээд дарснаас уусан уу?
-Тоглож дуусаад өрөөндөө очтол лонхыг тавьсан байлаа. Гэтэл миний хуруугаараа заасан лонхтой нь ус байсан юм билээ. (инээв)
-Та зурагт үздэг үү?
-Үздэг. Гэхдээ хоёр жил үзсэнгүй.
-Ихэвчлэн ямар нэвтрүүлэг үздэг байсан бэ?
-“Discovery” сувгийг ихэвчлэн үздэг. Тэр дундаа баримтат кино.
-Цэнгээнт нэвтрүүлэг үзэж байсан уу?
-Огт үзэж байгаагүй.
-“Америкийн шүтээн”- ийг үзэж байгаагүй хэрэг үү? Саймон Коуэллийг мэдэх үү?
-Мэдэхгүй. (инээв)
-Та кино үзэж байв уу?
-“Дайн ба энх” гэдэг киноноос өөр кино үзээгүй.
-Ричард Гир таны дотно найз. Гэтэл та түүний тоглосон нэг ч киног үзээгүй байх нь ээ?
-Тийм ээ.
Л.Батсүх