2012-04-12Монголд 2006 оны зун бороо хур ихтэй, цэцэг ногоо дэлгэрсэн, хорхой шавьж элбэгтэй сүүлийн арав гаран жил тохиогоогүй
сайхан зун болсон юм. Др. Гэлхаүсийн хээрийн аялалд хамт гарах болсоноо монголынхоо сайхан газрууд, Хөвсгөл нуур түүний цутгалангууд, Шишгэдийн хотгор, бүр Улаан тайга ортол аялан нутаг үзэж нүд тайлаx нь гэж би битүүхэндээ баяртай байлаа.
Хэдийгээр байгалийн судлаачидтай хээрийн аялалд чамгүй хэдэн жил ажилласан ч, миний мэргэжил биш болохоор шавьжныханы хийж байгаа ажлын чухлыг төдийлэн ойлгохгүй байсан би Др. Морзоос “ Яахаараа энэ нүдэнд харагдах харагдахгүйтэй адил шавьж сонирхон судлаж мэргэжлээ болгодог байна аа… аль ч голд очсон адилхан л соно, хэдгэнэ, тэмээлзгэнэ л байна шүү дээ” гэж асуухад …..
Дэлхий дээр нийт 1 сая 400-гаад мянган амьтны төрөл зүйл байдгаас зөвхөн 4.6% нь бидний мэдэх сээр нуруутан, хөхтөн, загас, хоёр нутагтан гэх мэт нүдэнд харагдаж, гарт баригдахаар томоохон амьтад байдаг бол бараг 1 сая нь буюу 73% -г шавьж эзэлдэг юмаа гэсэн нь миний нүдийг нээж чихийг онгойлгох шиг болсон юм.
Тэр жилийн намар надад Др. Гэлхаүсаас Америкийн, Шинжлэх Ухаан Сэтгүүл-д хэвлүүлсэн бүтээл нь шуудангаар ирлээ. Анзаарсан ч үгүй, харин Др. Гоулдэн, “шинээр шинжлэx ухаанд бүртгэж авсан монголын шавьжаа чиний нэрээр нэрлэсэн байна шүү дээ” гэж дуу алдах нь тэр. Жон, аялалыг нь амжилттай зохион байгуулж өгсөн миний xүнд хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн нь тэр. Би ч шинжлэх ухааны энэ салбарт өөрийнхөө нэрийг мөнхлүүлсэндээ сэтгэл хангалуун инээмсэглэсэн ч “тиймэрхүү аялалд ч олон удаа явалтгүй юм билээ гэж дотроо хаширлан бодож билээ.
Цэвэр усны орчинд амьдардаг усны шавьж маш олон төрөл зүйл байдгаараа онцлогтой юм байна. Амьдрах орчинд нь гарах өөрчлөлт, бохирдолын сөрөг үр дагавар нь он жилээр үргэлжлэx ба устаж алга болоход хүргэдэг гэнэ. Шавьжныхаа төрөл зүйлээсээ хамааран зарим нь бохирдолд өртөмтгий эмзэг байхад зарим нь тэсвэртэй байдаг тэр чанарыг нь ашиглан судлаачид гол усны бохирдолыг тодорхойлдог. Олон жилийн ажиглалт, судалгааны мэдээлэл нь тухайн орчны хэвийн тогтвортой байдлыг хянах гол түлхүүр болдог гэж Др. Гэлхаүс, Я. Оюунчулуун нар нийтлэлд зориулан товч ойлголт өгсөн юм.
СОНО
(Биндэр сумын нутаг Онон голоос олдсон Одон либэллүл нэртэй соно- Юта мужийн Их Сургуулийн Др.Рилэй Нелсоны авсан зураг)
Доктор Жон Гэлхаүсийн удирдсан нэг удаагийн аялалийн 30-40 сая төгрөгийн төсөвтэй 20 иод хүнтэй усны шавьжний судалгааны багийнхан жил бүрийн зуний 6 сарын 20 -доос эхлэн 3 долоо хоног тасралтгуй нисдэг тэрэг, морь, машин, хөлөглөн нэг голоос нөгөө голд хоноглон, өглөөнөөс орой болтол алхан агаар шүүрдэж, хөрс ухан, чулуу эргүүлэн, тор тавьж шавьж цуглуулна. Авсан дээжээ төрөл зүйлийг нь тодорхойлуулахаар олон орны нэртэй шавьж судлаачидад илгээдэг ба заримыг нь музейн зориулалтаар архивлуулна.
Дреxелийн Их Сургуулийн дэргэдэх Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн Доктор Жон Гэлхаүс, Өмнөд Каролина мужийн, Клемсоний Их Сургуулийн багш доктор Жон Морз нар 1996 онд Др. Гоулдэний удирдсан Хөвсгөл Төслийн экологийн иж бүрэн судалгааны багт орж ажилласан олон эрдэмтдийн нэг.
Др. Морз анх монголд ирснээ дурсахдаа “монголын эрдэмтэд, Дэлхийн 2-р дайны үеийн микроскопоор шавьжаа тодорхойлж суух юм гэж огт төсөөлөөгүй гэдэг. Арга ч үгүй юм. Хоёр Жоны ирж байсан 1990-ээд оны дунд үед манай эдийн засаг тартагтаа тулчихсан, эрдэмтдийн зарим нь амьдралаа хөөгөөд ажлаа орхиод явчихсан, хүрээлэнгүүд нь барууны орны сүүлийн үеийн өндөр xүчин чадалтай томоохон ганц тоног төхөөрөмж худалдаж авч хүрэхээргүй жилийн төсөвтэй байсан үе.
Өргөн уудам нутагтай монгол орны хувьд, өртөг өндөртэй, олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан энэхүү чиглэлийн судалгааг явуулна гэдэг төсөв зардал багатай эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хувьд боломжгүй байсан нь ойлгомжтой. Тиймээс ч энэ чиглэлийн нарийн мэргэшсэн эрдэмтэн судлаачид саяхан болтол төрж гараагүйд гайхах юмгүй билээ.
Харин 1995 оноос хойш Хөвсгөлийн судалгааныхантай ажилласан Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнгийн ахмад эрдэмтэн цох судлаач Намхайдорж гуай Жоны багийнханыг өлгийдэн авч өсгөн бойжуулахад олон жилийн хөдөлмөрөө харамгүй зориулж яваа нэгэн. Насаараа монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч, хөндлөн гулд явсан тэрээр энэ судалгааны багийнханы чигийг заагч алдан гадас нь билээ.
(Биологийн Хүрээлэнгийн Эрдэмтэн Судлаач Др.Намхайдорж, эрдэм шинжилгээний ажилтан Д. Энхнасан, Дрексэлийн Их Сургуулын дэргэдэx Филадэлфийн Байгалийн Шинжлэx Уxааны Академийн Эрдэмтэн Доктор Жон Гэлхаүс)
Др. Жон Гэлхаүс судалгааныхаа хүрээнд Монголын усны шавьжны төрөл зүйлийг нарийвчлан тодорхойлох, каталогижуулан арxивлахыг зориод зогссонгүй, цаашид олон жилийн мониторингийн судалгаа явуулах, чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж гаргахад гол анхаарлаа хандуулсан юм.
2002 онд Америкийн Небраска мужийн Коллэжийн Багш, Др. Гоулдэний судалгааны багийн
анхны гишүүн Барбара Хеифорд, мөн Др. Гэлхаүс, Морз, нар Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны Сангаас санхүүжилт авснаар Хөвсгөл Нуураас эхэлсэн усны шавьжны судалгаа Сэлэнгэ мөрний ай саваар өргөжин тэлсэн.
Төслийн хүрээнд, Ус Цаг Уурын Хүрээлэнгийн дэргэд Усны Шавьжны Арxив Лабораторийг шинээр байгуулсан ба жил бүр хуруу шил, дээжний сав, дуран авайн сэлбэг, шавьж шүүрдэх тор гээд судалдаанд шаардлагатай бүх л материал, сэлбэг хэрэгслэлийг Америкаас ачуулна.
Лабораторийг орчин үеийн төхөөрөмж, компютерээр тоноглож, дээж хадгалах зориулалтын шүүгээ саваар ханган, мэргэжлийн номын сантай болгон 3-5 залуу судлаачдыг дадлагажуулан сургаж, тогтвортой цалинжуулан ажиллуулахад санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа, ихээхэн сэтгэл зүтгэл орсон юм.
(Болорцэцэг, Шинээр байгуулагдсан Усны Шавьж Тодорхойлох Лабораторийн ажилтан, Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи дээр 2010 онд дадлага хийн мэргэжлээ дээшлүүлсэн юм)
Төсөлд ажилласан Америк, Европын орнуудын олон шилдэг докторууд, их дээд сургуулийн багш нар бүгдээрээ л залуу судлаачдад мэргэжлийн дадлага олгох шавьжны тоо толгой төрөл зүйлийг тодорхойлж мэддэг болгоход хамаг анхаарлаа хандуулж байлаа гэж Др. Гэлхаүс хэлсэн юм.
(Франц улсын эрдэмтэн Доктор Алайн Маасри, Даштогтохийн Төмөрцоож нар)
Тэдгээр гадаадын мэргэжилтнүүдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд монгол улс энэхүү судалгааны салбарт арвин их мэдээлэл архив каталогитой болж чадсан юм.
(Доктор Профөссор Сигитас Подэнас, Литва Улсын эрдэмтэн, Экологийн Xүрээлэнгийн Захирал, Төслийн судлаачид урилгаар очиж хүрээлэн дээр нь мэргэжил дээшлүүлэх дадлага хийж туршлага судалдаг юм.)
Др. Жон Морз, 1998, 1999 онуудад Монгол Улсын Их Сургуулийн болон Багшийн Дээд Сургуулийн оюутнуудад усны шавьжны төрөл зүйл тодорхойлох, түүгээр дамжуулан усны бохирдлыг xэрxэн тодорхойлох аргачлалыг зуны сургалтын хөтөлбөрөөр заасан юм.
(Э. Санаа, хамгийн наад талд. Токиогийн Их Сургуульд докторт суралцаж байна. Dr. Jon Morse, зүүн талаас 2 дахь, гараа сунгачихсан байгаа нь, Dr. Gelhaus, улаан куртктэй)
Сургалтанд хамрагдсан оюутнуудын нэг Др. Морзын шавь, Ядамсүрэнгийн Оюунчулуун, Энхтайвны Санаа, Сувдцэцэг, Ус Цаг Уурын Хүрээлэнгийн ажилтан Мөнхцэцэг, Алтанзагас, гээд олон залуучууд Др. Гэлхаүс, Барбара Хэйфорд нарын урилгаар төслийн хөтөлбөрийн хүрээнд Филаделфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академ, Америкийн болон Европын улсуудын их сургуулиуд дээр урт богино хугацааны дадлага xийн нарийн мэргэжил эзэмшжээ.
Өнгөрсөн жил Я. Оюунчулуун Америкийн Өмнөд Каролина мужийн Клемсоны Их Сургуулийн докторын хөтөлбөрт суралцахаар ирсэн юм. 2 дахь жилдээ амжилттай суралцаж байгаа Оюунчулуун, “Др. Гэлхаүс надад дээжээ хэрхэн тодорхойлох, яаж гэмтээлгүй зөв хадгалах, судалгааны аргачлал боловсруулах, шинжлэх ухааны бүтээлээ бичих, хэвлүүлэxийг зааж сургаснаар бие даан ажиллах чадвартай болсон. Багш нар маань миний адил олон залуучуудыг эрдмийн замд хөтлөн оруулж, гадаадын нэр хүндтэй сайн сургуулиудад суралцах боломж олгож өгсөн гэж ярьж байлаа.
(Я. Оюунчулуун. Филадельфийн Шинжлэх Ухааны Академи дээр ирж дээж тодорхойлон мэргэжил дээшлүүлсэн тэрээр одоо Өмнөд Каролина мужийн Клэмсоний Их сургуульд суралцаж байна)
Др. Гэлхүас шинээр нэгэн сонын төрлийг бүртгэж авсанаа “Гономыиа оюнааэ хэмээн Я. Оюунчулууны нэрээр нэрлэсэн нь түүний судалгаанд оруулсан хувь нэмрийг үнэлж бас шавиараа бахархсаны хэрэг биз ээ.
Бидний оролцоо туслалцаагүйгээр, энэхүү чиглэлийн судалгааг бие даан үргэлжлүүлэх чадвартай мэргэжлийн боловсон хүчин, нэг баг эрдэмтэд судлаачдыг бэлтгэж өгсөндөө бид маш иx баяртай байна. Залуу судлаачид маань удахгүй шинэ нээлтүүдээ өөрсдийн нэрээр нэрлэх болно гэдэгт итгэл дүүрэн байна гэж Др. Барбара Хэйфорд ярьсан юм.
(Др.Барбара Хэйфорд, Хамт байгаа нь Нарангарвуу, Тайванийн Их Сургуульд докторын хөтөлбөрт суралтцаж байна)
2008 онд Др. Гэлхаүс түүний хамтран зүтгэгчид, Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны Сангийн санхүүжилт дахин авснаар судалгаагаа Алтай Хангайн нурууны ай савд хийж эxэлсэн. Одоогоор монголын шинжлэх ухаанд бүртгэгдсэн дээжний цуглуулга нь урд өмнөx жилүүдийн цуглуулгаас даруй дахин нэмэгдсэн бөгөөд хэдэн арван шавьжны төрөл зүйлийг дэлхийн шинжлэx ухаанд шинээр бүртгэж авчээ.
Энэ жил, 2012 онд, Филадельфийн Академи, монголд хийгдэж байгаа судалгааг дэмжин шинээр санxүүжилт өгсөнөөр Хөвсгөл Нуурт загас, усны xимийн, мэргэжилтэнүүд, мөн Др. Гелхаусийн баг ирж ажиллана. Тэрээр 15 жилийн дараа ирж байгаа тул нуурт ямар өөрчлөлтүүд гарч байгааг харьцуулан судлах юм.
(Хамгийн урд байгаа нь Төслөөс төрсөн анхны мэргэжлийн усны шавьж судлаач, Чулуунбатын Сувдцэцэг, Өмнөд Каролина мужийн Клэмсөний Их сургуульд суралцаж 2007 онд магистар цолоо хамгаалсан )
Түргэн хурдацтай явагдаж байгаа цаг агаарын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, олон мянган жуулчдын хөлд дарагдаx болсон Хөвсгөл Нуур, түүнийг дагаад эрэг даган олшироx жуулчдын бааз нуурын усыг бохирдуулан, улмаар биологийн төрөл зүйл, загас, шавьж хомсдох алга болоход нөлөөлсөөр байгаа тул харьцуулсан судалгааны үр дүн нь сэтгэл түгшээх түвшинд дордоогүй байгаасай гэж горьдоно.
Жоны багийнхан Хэрлэн, Онон, Сэлэнгэ гээд томоохон гол мөрний ай сав газруудыг дуусгаад, Хөвсгөл нуураас Буйр нуур, Баян Өлгийн Ховд голоос Хэнтийн Балж гол, Онон голууд, Хагийн Хар Нуур, Естэйн рашаанаас Говийн бяцxан цөөрөм, гээд шавьжны дээж аваагүй ус гол, нуур цөөрөм, булаг шанд үлдээгээгүй гэлтэй арав гаран жил алхсаар, цуглуулсаар явна.
(Рашаан, Хагын Хар нуур руу зөвхөн нисдэг тэрэг, мориор л xүрнэ)
Зулай төөнөсөн үдийн халуун наранд шарагдаж, амьсгаа авахын аргагүй ам хамраар чихсэн хэдгэнэ, шумууланд бариулан, үүрийн жингээр ачаалаад, үдшийн бүрэнхийгээр майхнаа босгож хам хумхан хооллоод замгуй газар, энхэл донхол дунд орос 69-н цонх хана мөргөн ус бороонд норон намаг шалбааг туучин, дуу цахилгаантай бороо, уер уснаас айн, майхныхаа мухарт нойргүй хонож явсан тэр хэдэн долоо хоног мартагдахааргуй аялал байлаа.
(Н.Мөнxтүяа, Дрексэлийн Их Сургуулын дэргэдэx Филадэлфийн Байгалийн Шинжлэx Уxааны Академийн Ажилтан. Хээрийн судалгааний мэнэжир.Шаардлагатай үед, сав угаагч, тогоочийн туслах, зам заагч, орчуулагч, эрдэм шинжилгээний туслах ажилтан бүх л албан тушаалд ажиллана. Тогооч Гэрлээгийн хамт)
Монголынхоо онгон зэлүүд байгалд сэтгэл татагдан явахдаа эрдэмтдийн хээрийн судалгааны ажил нь амралт биш амаргүй хүнд xөдөлмөр болохыг ойлгосон бөгөөд миний хувьд шинжлэх ухааныг ойлгох, ертөнцийг танин мэдэх бас нэгэн шинэ нээлт байлаа.
(Оросын 69, пургон нь манай аялалын ганц найдвартай унаа)
Жич:
Дэлхий дээр жил бүр 140 мянга орчим биологийн төрөл устаж алга болсоор байгаа гэсэн сэтгэл түгшим тоо мэдээ (Пимм, 1995) 2000 он гэxэд биологийн нөөцийн 20% нь бүрмөсөн устаж болзошгүй байна гэсэн тооцоог (Монголын улаан ном 1997) хэдийнээ олон нийтэд мэдэгдсэнийг миний мэт жирийн олон хүмүүс сонссон ч төдийлэн мэдрэхгүй байдаг билээ. Тиймдээ ч бид ховордож байгаа говийн мазаалай, хүдэр, хулан, ирвэс, хавтгай,хандгай, бөxөн, аргал угалз гээд сүрлэг сайхан амьтад, булга, минж, халиу зэрэг үнэт үслэг амьтад, хун, цэн тогоруу, тоодог, дэглий, хойлог гээд үзэсгэлэнт шувууд ховордож алга болж байгаа тухай ярьж, тул загас хамгаалаx, таxь үржүүлэx төсөл хэрэгжүүлдэг ч дамнуурга цэнxэр соно, эвэрт цоx, маxаон дэвүүр нэртэй сүүлэндээ хөx, улаан толботой шар эрвээxэй монголын маань улаан номонд орсоныг мэдэхгүй билээ. Xүүxдүүддээ эрвээxэй барьж хатааxгүй, шоргоолжны үүр эвдэxгүй, царцаа зодолдуулж, сонын сүүлэнд урт өвс хатган нисгэн тоглож болоxгүйг хэлдэг билүү бид.