2012-04-12Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа яриагаа таны өссөн төрсөн нутаг ус, бага насны чинь талаар эхлэх үү?
Чамд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Би Говь-Алтай аймгийн Цогт суманд төрж өссөн. Засагт Ханы хөх харчуудын үргэлжлэл дээ. /инээв. сур/. Намайг 2-р ангид ордог жил аав минь Баянтоорой тосгонд дуу хөгжмийн багшаар ажиллах болж манайх Баянтоорой тосгон руу нүүж байлаа. Миний бага насны хамгийн дурсамжтай, дурсгалтай үеүүд энэ тосгонтой салшгүй холбоотой л доо. Баянтоорой гэдэг маань Ээж хайрхан уулын бэлд оршдог, монгол орны хамгийн том тооройн төгөл дунд оршдог нам гүм сайхан суурин байдаг. Ээж хайрхан уул нь одоо монголчуудын гэлтгүй гадны жуулчдын очиж үзэхийг мөрөөддөг, дэлхийд ховорхон тохиолдох үзэсгэлэнт газруудын нэг. Алдарт ёсөн тогоо, даянч ламын агуй, театрын суудал, заан хад, тагтаа хад, бамбарууш хад гээд энэ ууланд тааралдах байгалийн үзмэрүүдийн би энд нэрлэвэл та бид хоёрын ярилцлагын цаг дэндүү уртсах байх.
Төв Азид заан байдаггүй гэдэг. Энэ худлаа шүү дээ /инээв сур/. Зунд хөдөө эмээгийндээ очидог байлаа. Тэгэхдээ ердөө мал хариулж үзээгүй. /инээв сур/ аавыгаа тарваганд хавх зүүхэд нь өдөржин дүү бид хоёр дагаад явдаг байлаа. Нэг өдөр аав дүү бид хоёрыг яваад хавхаа иргээд ир миний хоёр хүү гээд явуулсан чинь тарвага орчихсон байхаар нь дүү бид хоёр тарвагаа алж чадахгүй, амьдаар нь аваад ирж билээ. Тэгээд Баянтоорой тосгонд найм дугаар ангиа төгсөөд Цогт суманд очиж 10 , 11 – р ангид суралцаж байлаа. Яг энэ үед боловсролын систем 12 жилийн сургалтын системд шилжиж таарсан учраас 9 – р ангийг алсгалж байлаа. Цогт суманд сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа.
Тэр үед Цогт сумын сургуулийн дотуур байранд 200 гаран хүүхэд байдаг байсан. Би их бие муутай л даа. Группын 70 хувьтай л даа. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэсэн үг. Тэгээд дотуур байранд даарч хөрөөд, бас хоолны чанар муу байсан ч юм уу бие өвдөөд 10-р ангидаа эхний нэг улирал, 11-р ангидаа сүүлийн нэг улирал л хичээлд сууж байлаа. Бусад үед нь Баянтооройд гэртээ байдаг байлаа. Аав багш хүн байсан болохоор гэртээ байх хугацааны дүн бол шууд л ногоон гэрлээр гардаг байсан. /инээв. сур/. Тэгээд 11-р анги төгсөөд конкурсдэх боллоо. Хүмүүс намайг энэ сургууль авч чадахгүй гээд сумаар л нэг яриа болж байна. Аав ээж хоёрт ч гэсэн багш нар танайх хүүхдээ нэг жил өнжөөж байгаад конкурсэнд оруулаач, 2 жил хичээлд суугаагүй хүүхэд битгий хэл бүтэн суусан хүүхдүүдэд конкурс чанга гэж ярьж байлаа. Тэгэхэд аав минь миний хүү чадна, та нар харж байгаар гэж тэр хүмүүст хэлдэг байсан. тэгээд ч конкурс боллоо. Би нийгэм, математик, боилоги гэсэн хичээлүүдээр конкурсэнд орлоо. Биологийн хичээлдээ л нилээн найдвар тавиад байлаа. 6-р ангиасаа хойш биологийн их сонирхож, их хийдэг болохоор биологиор л явъя гэж шийдсэн байсан. тэгээд ч биологиороо аймагтаа нэгээр гарч ирээд боловсролын их сургуулийн газарзүй биологийн ангийг авч байлаа. Цогт сумаас 2 хүүхэд улсын хуваарь авсны 1 нь байж чадсандаа баяртай байдаг юм. Хичээвэл болдог л юм байна лээ.
Айлын хэддэх хүүхэд вэ? Аав, ээжийнхээ талаар яриач.
Би айлын том. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Манай дүү одоо шинжлэх ухаан технологийн их сургуульд хайгуулын өрөмдлөгийн инженер мэргэжлээр сурдаг. Аав минь бурхан болоод удаагүй байна. Аав минь урлагийн хүн байсан. Говь-Алтай аймагт манай аавийг танихгүй хүн, сонсоогүй хүн гэж ховор доо. Говь-Алтай аймгийн ганц хөөмийч байлаа. Миний аав урлагт их юм хийсэн. Гудамжны шүгэлийг урлагийн тайзан дээр гаргасан хүн. Тэглээ гээд төр засаг соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг ч өгчихөөгүйд нь гомдоод байдаг юм. /уйлав. сур/ урлагт шинэ төрөл жанр оруулж, тэр дундуу язгуур урлагийн хөгжилт ийм хувь нэмэр оруулсныг нь бодвол соёлын тэргүүн битгий хэл төрийн шагнал ч авах эрхтэй хүн гэж боддог юм. Тэгэхдээ миний аавыг түмэн мэднэ. Миний аавын “булган хошуу”, “нутаг ижий хоёр”, “ээж уул” гээд олон дуундууд дуулагдсаар байна гэдэгт итгэлтэй байдаг. Аав минь урлагийн хүн байсан болоод ч тэр үү, дүү бид хоёр урлагт хайртай, хөгжим дуунд дуртай. Манай дүү одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хан-Уул” соёлын төвд хөгжимчин хийдэг. Хан-Уул дүүргийн 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын хөгжмийн оркистер суухад түүнд мэргэжлийн бус ганц хөгжимчин нь байсан. Сая нэг сард аавыгаа бурхан болоход дүү бид хоёр хотод байгаад уулзаж чадаагүй. Тэгээд очиод ээжийгээ аваад ирсэн. Ээж минь одоо энд дүү бид хоёрын тогоог бариад гоё байна /инээв. сур/
Уучлаарай. Аавын чинь талаар асуугаад сэтгэлийг чинь үймрүүлчих шиг боллоо.
Зүгээр дээ. Би их уйлхай хүн. Сэтгэл хөдлөл ихтэй гэх үү дээ. Юм л бол уйлаад, эсвэл хэн ч баярлахааргүй юманд хөөрөөд байдаг юм.
Өөрийн чинь шүлэг бичдэгийг мэдэх юм байна. Сүүлийн үед уран бүтээл их үү?
Сүүлийн үед нээх шүлэг бичсэнгүй ээ. Тэгэхдээ бас зүгээр байсангүй. Богино өгүүллэг оролдоод байгаа. Болж өгвөл кино зохиол бичих бодолтой байгаа шүү.
Нууц биш бол ямар кино зохиол вэ?
Одоохондоо нууцалъя. Хэрвээ хийгдэвэл мэдэгдэх байлгүй дээ.
Өөрийн чинь “бүтэлгүй хайр” шүлгийг би анх уншиж байхад эзэнтэй шүлэг шиг санагдаж байсан. Эзэнтэй шүлэг үү?
Миний хайрын тухай шүлгүүдийн ихэнх нь бүтэлгүй хайрын тухай байдаг юм. Дан харуусал, гуниг, намар, навчны талаар. “бүтэлгүй хайр” шүлэг ч гэсэн тэдний л нэг дээ. Эзэн байхгүй ээ /инээв сур/
Oюутан байхын их нийгмийн идэвхитэй байсан...?
Би хийхгүй бол хэн хийх вэ. Одоо хийхгүй бол хэзээ хийх юм гэдэг. Би их өрөвч сэтгэлтэйдээ ч юм уу нийгмийн асуудлуудад их эмзэг ханддаг. Дуулаад сууж байгаа хүүхэд, хог түүгээд явж байгаа хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй сэтгэл өвддөг. Оюутан байхдаа олон нийтийн ажилд их оролцдог байлаа, их ч зохион байгуулдаг байлаа. Оюутан нэрээр нийгмийн ажилд оролцох, нийгмийн олон нийтийн ажил зохион байгуулах гоё байдаг. Бүр оюутан нэрээр ийм юм хийх гэсэн юм гээд гуйлга гуйх ч гоё байдаг. Манай оюутнууд нэг зүйлийг ойлгодоггүй. Одоо ч тэр зүйлийг ойлгохгүй байна. Багшийн лекцийг хуулж бичиж, номын санд сууснаараа оюутан болчихдоггүй юм. Оюутан гэдэг маань оюунтан гэсэн үг шүү дээ. Яаж оюунтан болох уу гэдгийг бодох хэрэгтэй юм. Өнөөдрийн оюутнуудын ихэнх нь тодорхой хэлбэл 80 хувь нь хуулан бичигч болоод байна. Дөрвөн жил хуулан бичиг хийгээд төгсдөг. Энэ нь өнөөдрийн шинээр төгссөн төгсөгч нарт ажил олдохгүй байгаа гол шалтгаан болоод байгаа юм. Мөн ажилгүйдэл ихсэх гол шалтгаан нь энэ. Монголд ажил олдохгүй байгаа юм биш. Харин ажиллах боловсон хүчин байхгүй болчихоод байна. Дөрвөн жил хуулан бичиг хийчихээд, унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр боловсролын системд мууг өгдөг. Одоо сонин дээр гарч байгаа ажлын зарууд дээр ажлын туршлагатай гэсэн тодотгол заавал байгаа. Энэ юу хэлээд байгааг ойлгох цаг болсоон. Миний бодлоор оюутнууд л хуулан бичиг хийхээ болиод жинхэнэ оюунтан-ууд болчихвол монголын боловсролын систем, монголын их дээд сургуулиудын сургалт тийм ч яадагаа алдсан муу биш гэж боддог шүү.
Оюутнууд тэгээд яах ёстой вэ?
Сурч байгаа мэргэжилээ амьдралд яаж ашиглахад сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл онол сурах гэж хичээх биш практикт сурахыг эрмэлзэх хэрэгтэй.
Монголын их дээд сургуулиуд сургалтын бааз муу. Оюутнуудад дадлагын талбар хомс юм шиг санагддаг.?
Дадлагын талбарыг тухайн оюутан өөрөө бий болгох хэрэгтэй. Манай сургууль дадлагын талбайгүй гээд номын санд хуулан бичиг хийгээд суугаад байж болохгүй. Сурч байгаа мэргэжлийнхээ дагуу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж болно. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа ардчилсан улсын иргэд. Хэн ч хаана ч юу ч хийх эрхтэй. Миний хувьд оюутан байхдаа байгаль хамгаалах чиглэлийн төсөл болон хүүхдийн эрх хамгаалах төсөл их бичдэг байлаа. Бүгдийг нь хэрэгжүүлдэг байсан гэж худлаа хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр хэрэгжүүлдэг байсан. Төсөл хэрэгжүүлэхийн нэг давуу тал нь тухайн оюутан санхүүгийн хувьд бие дааж эхэлдэг. Мөн бусадтай харьцах, нийгмийн асуудлыг олон талаас нь харж сурах гээд олон зүйлд дэвшил гардаг. Тэгээд бас сургууль болон мэргэжлийн салбарт ч хүндтэй болж ирдэг. Оюутан байхдаа мэргэжлийн салбарт байр сууриа олчихсон хүн сургуулиа төгсөөд албан байгууллагын хаалга сахиж суухгүй шүү дээ.
Тантай уулзсаных мазаалайн талаар асуулгүй өнгөрч болохгүй байх ?
Миний хувьд мазаалай баавгайг хамгаалах үйлсэд гар бие оролцоод нилээн хэдэн жил болж байна. Тэр ч утгаараа “говийн баавгай” төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдаж явуулдаг. Мазаалай баавгай зөвхөн монголын говьд байдаг монголын унаган, биологийн зүйл гэдэг нь тогтоогдоод байна. Одоо засгийн газраас мазаалай баавгайн генийн судалгааг хийлгэж байна. Энэ нь монгол улс мазаалай баавгайг хамгаалахад анхаарал хандуулж байгаагийн тод жишээ. Үүнээс гадна говийн их дархан газрын хамгаалалтын захиргаанаас мазаалай баавгайг хамгаалахад ихээхэн анхаардаг. Хятадууд панда буюу хулсны баавгайг хамгаалахад яаж нэгдэж, яаж сурталчилж, яаж хамгаалж чадсаныг бид бүхэн мэднэ. Одоо мазаалай баавгайг хамгаалах үйлсэд монголын ард түмэн нэгдэх цаг ирсэн. Монголчууд нэгдэвэл чадахгүй зүйл гэж байхгүй.
Сүүлийн үед залуучууд улс төрд их орох боллоо. Та ч тэдний нэг. Энэ талаар?
Манайхан улс төр гэхээр л нэг л том, хүрэшгүй зүйл мэтээр сэтгэдэг. Тийм биш. Бидний өдөр тутмын амьдрал л улс төр байдаг. Гэр бүл хүртэл тусгаар тогтносон улс гүрэн шүү дээ. Нэг гэр бүлд ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайд гээд яам тамгийн газрууд бичил хэлбэрээр байж байдаг. Улс төрийн тухай миний ойлголт бол ердөө энэ. Яахав сүүлийн үед залуучуудын их хүчтэй урсгал орж ирж байна. Энийг сайн зүйл гэж бодож байна. Тэгэхдээ тэдний маань үзэл бодол зөв байгаасай. Улс төр маш цэвэрхэн зүйл байх ёстой. Өнөөдөр харин тийм биш болчихоод байгаа. Энэ орж ирж байгаа хүчтэй урсгал энэ бохирыг хөөж гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч нас гэдэг тоон хэмжүүр болохоос чанарын хэмжүүр биш шүү дээ. Хэн чадвартай нь эрх барих хэрэгтэй.
Тэгэхээр хүн бүхэн улс төрд орж болно гэж ойлгож болох уу?
Миний ойлголтоор бол тийм. Төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг үг маань монголын төрийг хүчгүйдүүлэх гэсэн манж санаа. Хүчирхэг гүрнүүдийн түүхийг уншиж байхад, тэр дундаа нууц товчоог уншиж байхад бүх хүн улс орондоо санаа тавьдаг болсон цагт л улс орон хүчтэй байсан нь анзаарагддаг. Чингис хааны байлдаг дагуулалтын он жилүүдэд монголчууд нэгэн зорилго дор, нэгэн удирдлага дор нэгдэж чадсан байдаг.
Ардчилал гэдгийг нэг үгээд тодорхойлбол?
Чихэр.
Яагаад.?
Чихэр, ардчилал хоёр хоёулаа амттай. Харин хоёулаа хэмжээ нь ихдэвэл өвчин болдог. Хүнийг нийгмийг өвчлүүлдэг. Өнөөдөр америк улс ямар үндэслэлээр улс орнуудад цэргээ оруулж, хяналтаа тогтоогоод байгааг дэлхий нийт харж байна. Өөрөөр хэлбэл ардчилал нэрээр колончлолын бодлого явагдаад байна.
Монгол ардчилсан орон байж чадаж байна уу.
Надад томдсон асуулт байна. /инээв сур/. Тэгэхдээ өөрийнхөө бодлыг хэлье. Монголд ардчилал байгаа гэдгийг хэд хэдэн баримтаар хэлж болно. Хамгийн тод жишээ бол 2008 оны 7 сарын 1. Энэ үйл явдал монголд ардчилалын дархлаа ямар байгааг харуулсан үйл явдал болсон. Иргэд өөрсдийнх нь сонголтыг эрх баригчид мушгин гуйвуулж, луйвар хийсэнд бухимдаж, үзэл бодлынхоо илэрхийлсэн л хэрэг. Тэдний цаана хэн нэгэн нууц ноёнтон байгаагүй гэж боддог. Харин чоно борооноор гэж дунд үеэс хойш луйварчдын бохир гар шургасан байж болно. Тэгэхдээ л эхэлж иргэд сонгогчид зүрх сэтгэлийнхээ дуудлагаар төв талбай дээрээ цуглацгаасан.
Та яагаад Монголын Ногоон намыг сонгосон юм вэ?
Монголын Ногоон нам шиг тэмцэгч нам өнөөдөр монголд байна уу. Би энэ асуултыг бүх иргэдээс асуумаар санагддаг юм. Монголд Ногоон намыг устгах гэсэн бодлого шат дараатай хэрэгжиж байгаад сүүлийн шат дээрээ зогссоныг монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Бид, монголын ногоонтнууд Ногоон намаа авч үлдэж чадсан. Энд нэг тодруулгыг хиймээр байна. Эрхэм гишүүн Д.Энхбат нь монголын Ногоон намаас гарч, Иргэний зориг намд гишүүнээр элсэж тэр намын дарга болсноос биш тус хоёр нам нэгдсэн асуудал ердөө байхгүй. Тийм ойлголт байх ч үгүй. Хоёр нам нэгдэнэ гэдэг чинь хурмаас шал өөр юм байдаг юм байна. /инээв. сур/ Миний Ногоон намыг сонгосон өөр нэг шалтгаан бол монгол хүн бүр байгаль эхдээ ойр байсан. Ойр ч байхаас аргагүй.
Монголын Ногоон нам, Иргэний зориг нам хоёр нэгдэх гэрээнд гарын үзэг зурагдаа намын нэрийг Иргэний зориг-Ногоон нам болгож өөрчилнө гэж байсан. Одоо иргэний зориг нам ийм нэртэй болчихсон болохоор тус хоёр намыг нэгдчихсэн гэж ойлгож байгаа иргэд байна л даа.?
Иргэний зориг намд ээлжит их хурлаараа намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, намын нэрээ л Иргэний зориг-Ногоон нам болгож өөрчилсөн. Иргэний зориг нам нэрээ ингэж өөрчилсөн нь хоёр нам нэгдсэн гэсэн үг биш. Нөгөө талаас нь харвал Д.Энхбат гуай Ногоон намын энгийн гишүүдэд ялагдчихаад нам ч үгүй, нэр ч үгүй үлдэхээсээ айж С.Оюун ахайтнаас гуйж байж намын нэрийг нь өөрчилж, намын дарга болсон байж болох юм шүү. Иргэний зориг-Ногоон нам гурван дарга, зургаан нарийн бичгийн даргатай болж геннисийн амжилт тогтоолоо шүү дээ.
Та Монголын Ногоон намд яг ямар албан тушаалтай вэ?
Гишүүн. Монголын Ногоон намд хамгийн эрх мэдэлтэй хүн гишүүд бид нар байдаг юм.
Танай нам сүүлийн үед ямар үйл ажиллагаа явуулж байна. Сонгуульд ямар байдлаар оролцох вэ?
Сүүлийн үед монголд атомын цахилгаан станц барих, уран олборлох, гадны улсуудын цөмийн хаягдал булшлах талаар гадны тодны хэвлэл мэдээллээр их ярьж бичигдэж байна. Үүний эсрэг манай намаас шат дараатай арга хэмжээ, акцуудыг зохион байгуулж байна. Улс төрийн намын тухайд сонгуульд оролцоно. Яг эвсэж орох уу, дангаараа орох уу гэдэг шийд хараахан гараагүй байгаа.
За хоёулаа яриагаа өөрийн уран бүтээлрүү эргүүлье. Хэзээ шүлгийн номоо гаргах гэж байна.?
Удахгүй гаргана. Одоо өрөлтөнд явж байна. Шүлгийн номноос гадна сурагч, оюутан залуусдаа зориулж мэргэжил сонголт болон оюутан байхдаа хэрхэн бизнесээ эхлэх талаар номууд бичиж байгаа. Эдгээр номууд ч гэсэн удахгүй уншигчдын гар дээр очно.
Яагаад ихэвчлэг бүтэлгүй хайр бичдэг юм бэ? Эсвэл өөрөө дандаа бүтэлгүй хайртай учирдаг юм уу?
/инээв сур/ Энэ асуултыг олон хүн асуудаг юм. Нэг эмэгтэйд дурлачихаад тэр нь тоохгүй бол түүндээ зориулж шүлэг бичээд байвал утгагүй шүү дээ. Би тийм дурламтгай хүн биш л дээ. Онгод орсон үедээ л шүлэг бичдэг. Гэгээн хайрын тухай бичдэг найрагч нар олон байна шүү дээ. Тэгтэл амьдрал дээр тийм гэгээн сайхан байгаа нь хэд билээ. Сайны хажуугаар саар нь давхацан оршидог хорвоод саарыг нь бас үлдээж болохгүй.
Найз бүсгүйтэй юу?
Байхгүй.
Өөрийн чинь шүлгүүдэд намар цагийг их гунигаар төсөөлсөн байдаг. Яагаад тэр вэ?
Намар цаг тэр чигтээ гуниг болоод л тэр. Навч шарлах, шувууд буцах, салхи үлээх энэ бүгд гунигийн холын садан байдаг.
...Нуурын эрэг дээр ганц тогоруу тонголзоно
Наадхан талд нь би ганцаар гиюүрнэ
Намрын буурал салхи гашуудлын аяз тоглож
Намхан толгодын өвс эмэгнэл илэрхийлэн бөхөлзөнө ... гэж намрын зураглал шүлэгт маань байдаг.
Ганцаардал гэж юу вэ?
Ямар ч муу зүйлд эерэг тал байдаг. Ганцаардал бол хүнд олдох ховорхон боломж. Хэрвээ чи ганцаардаж эхэлбэл бурхан чамайг амжилтанд бэлдэж эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Ганцаардал хүнийг хоёр туйлруу шидэж чаддаг. Шууд утгаар нь хүлээж авбал ангалд унана. Харин түүний эерэг талыг олж харж чадвал оргилд хүрэх тийм ч хэцүү биш санагдана. Яагаад гэвэл ганцаардал хүнд бодох хугацаа гаргаж өгдөг, өөртэйгөө ярилцах, өөрийгөө сонсох боломжийг бий болгож өгдөг. Ганцаардалд байгаа хүн өөртөө сайн багш, сайн сонсогч, сайн анд нөхөр болж чаддаг. Намайг ганцаардал л өдий зэрэгт хүргэсэн гэж боддог. Хэрвээ чи амжилтанд хүрэхийг хүсэж байвал 7 хоногийн ядаж 1 өдөр нь ганцаарханаа байж өөрийгөө сонсож, өөртэйгөө ярилцдаг байх хэрэгтэй. Шашны төлөөлөгч нар ч гэсэн ганцаардалын хүчээр л гэгээрэлд хүрсэн гэж боддог.
Өөрөө ямар шашин шүтдэг вэ?
Миний хувьд шашин гэдгийг оюуны бүтээл гэж ойлгодог. Тийм болохоор бүх бурханы шашин, христийн шашин, лалын шашин гээд бүх шашныг үгүйсгэдэггүй, хүлээж авдаг. Бурхан багшийн сургааль, библи, курон судар гээд бүгд л хүний оюуны хязгаарыг давж гарсан хүмүүсийн л оюуны бүтээл шүү дээ. Харин яг шүтлэгийн тухайд хөх тэнгэр, хөрст газраа шүтэж, уул усандаа залбирч явдаг.
Бөөгийн шашин шүтдэг гэж ойлголоо?
Бөө мөргөл бол шашин биш юм л даа. Одоо хүмүүс шашин гэж ойлгоод байгаа нь буруу юм. Бөө мөргөлийн шашинаас ялгарах гол онцлог нь хүнд биш хөх тэнгэрт залбирдаг. Бид адилхан хүн байж өөртэйгөө ижил хүнд мөргөж залбирна гэдэг утгагүй зүйл. Харин үүний оронд аав ээждээ залбирч явбал өлзийтэй.
Өөрийн чинь хэлж байгаагаар бол ламд залбирч болохгүй гэж үү?
Лам гэдэг чинь адилхан л хүн шүү дээ. /инээв. сур/. Харин аав ээж чинь бол тэр хүмүүсээс өөр хүмүүс. Дээд тэнгэрийн даалгавараар чамайг төрүүлсэн хүмүүс. Өөрөөр хэлбэл чамайг тэнгэртэй холбогч. Яагаад ээж нь байгаа хүний зулай битүүрдэггүй юм вэ. Яагаад аав хүний захиас ямар ч хүний үгнээс илүү үнэ цэнтэй байдаг юм вэ. Үүний тайлбар ердөө л энэ. Ээж хүн хүнийг тэнгэртэй биеэр холбож байдаг, харин аав хүн хүнийг тэнгэртэй оюунаар холбож байдаг юм. Гандангын ламд мөргөж залбирснаас амьд сэрүүн бурхаддаа мөргөсөн нь илүү.
Өөрөө бөөгийн мөргөлийн талаар их мэддэг юм шиг санагдлаа. Өөрөө энэ талаар судалдаг уу, эсвэл өөр шалтгаан байна уу?
Мэдээж сонирходог, судалдаг. Гол учир нь би аавынхаа талаас харын талын сахиустай. Тэгэхдээ энд үүнийг ярьмааргүй байна.
Яагаад?
Өнөөдөр язгуураа алдагсад маш их болж байна. Энэ хүмүүстэй нэг дээлэнд ормооргүй байна. Яахав ил гарч энэ хүмүүстэй адил бизнес хийж өөрийгөө доромжилж болно. Харин надад дээд хөх тэнгэрийг, өвөг дээдсээ доромжилж эрх байхгүй.
Ярилцлагынхаа төгсгөлд таныг нэг шүлэг хэлэх байх гэж бодож байна?
Би ер нь өөрийнхөө шүлгийг уншаад байдаггүй юм шүү дээ. Юм уншихдаа их муу. Тэгэхдээ энэ удаад “Хүмүүсээ!!! Надад уйлах эрх чөлөө өгөөч”... гэж улс төржсөн шүлэг хэлье. /инээв сур/
Харанхуйгаар гэрэлтэх энэ орчлонд хүн болж төрөөд
Хий хоосон орон зайд өөрийгөө хайж тэнүүчлээд
Худал үнэний завсарт маш бөх хавчуулагдаад
Хүсэлээ биш хүн дагаж амьдраад...
Би уйлмаар байна
Надад уйлах эрх чөлөө өгөөч
Хүн хүнээ барьж идэж хөрстийг бузарлаад
Хийсээрээ биш хийхээрээ бахархаж бардамнаад
Хүндээ биш хөрөнгөнд нь дурлаад
Хэн нэгэнд биш өөртөө зориулж мөнгө хураагаад
Би уйлмаар байна
Надад уйлах эрх чөлөө өгөөч
Хүний үр нохойн амьдралаар амьдраад
Хүүхэн хонгор нэг нь монгол цусыг доромжлоод
Халхын удам биш харийн үлдэгдэл оршироод
Хөх тэнгэрийн орон хөрстийн гуйлагчдаар дүүрээд
Би уйлмаар байна
Надад уйлах эрх чөлөө өгөөч...
За ярилцсанд баярлалаа.
А.Энхмандал