-Шинэ кинон дээр ажиллаж байгаа гэсэн. Ямар уран бүтээлд тоглох гэж байна вэ?
-”Боловсрол суваг” телевизийн олон ангит кинонд тоглож байна. Хайр дурлал гэлтгүй амьдралын олон асуудлыг харуулсан тус киноны гол дүрд тоглолоо. Хүйтэн жавартай өвлийн энэ өдрүүдэд Сүхбаатар аймагт зураг авалт нь явагдаж байгаа. Би ямар ч гэсэн эерэг дүрд тоглосон.
-”Тусгай салаа”, “Хөх толбот хүмүүс” гээд цөөнгүй дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөллөө. Кинонд тоглох санал тасрахгүй байна уу?
-Олон студи продакшнаас санал ирлээ. Ирсэн болгонд тоглоод байх цаг зав гарахгүй юм. Би драмын театрын жүжигчин хүн. Хувийн уран бүтээлдээ хэт ороод байж чадахгүй. Гэхдээ чадах чинээгээрээ бүгдэд нь оролцоод явж байна.
-Киноны саналыг хүлээн авахдаа юуг нь чухалчлан хардаг вэ?
-Мэдээж зохиолыг нь мөн хамтран ажиллах уран бүтээлчдийг харна. Хэчнээн сайн зохиолтой байсан ч багийнхан нь тааруухан бол сайн бүтээл гарч чадахгүй. Муу зохиолыг жүжигчин найруулагчид нь аваад гардаг тохиолдол бий. Ер нь аливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Харин сайн зохиол, сайн уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэдэг сайхан л даа.
-Хамгийн сүүлд тоглосон “Хөх толбот хүмүүс” кинонд чинь хүмүүс ам сайтай байна. Гадаадад зураг авсан гэдэг утгаараа онцлог байсан биз?
-Хоёр орны соёлын харилцаа, хүмүүсийн зан чанарын ялгааг гаргаж өгсөн болов уу. Би Төмөрөө ахтай, “Тусгай салаа” кинонд тоглосон Т.Эрдэнэбаяртайгаа хамтран тоглолоо. Яг нэг зүгт зүтгэж байгаа уран бүтээлчидтэй хамтран ажиллах сайхан байсан. Гадаадад олон жил болсон сэргэлэн, зальтай залуугийн дүрд тоглолоо. Эсрэг талын дүр мэт боловч монгол хүний цаад мөн чанар үнэ цэнийг харуулахыг хичээсэн. Бичиг шигээ босоо заяатай монголчууд ямар уудам сэтгэлтэй вэ гэдгийг дүрээрээ тодотгож өгсөн.
-Тайзны уран бүтээлдээ хэр анхаарал хандуулж байна вэ. Хамгийн сүүлд ямар жүжигт тоглов?
-Драмын театрын босгоор алхаад бараг гурван жил боллоо. Энэ хугацаанд чамлахааргүй ажилласан гэж боддог. Цаашид ч олон сайхан дүрд тоглож үзэгчиддээ өөрийгээ нээж харуулна. Би “Ану хатан” жүжигт нэгэн тайжийн дүрд тоглосон. Түүнээс хойш кинонд тоглоод тайз талдаа анхаарал хандуулж чадсангүй.
-Жүжигчин хүн бүхэнд мөрөөдлийн дүр гэж бий. Таны хувьд?
-Би “Соно” жүжгийн Артур гэдэг залуугийн дүрд тоглох юм сан гэж боддог. Энэ дүрд гарахсан гэж хорхойсч сэтгэлдээ мөрөөдсөөр явна. ХVIII зууны үеийн амьдралыг харуулах бөгөөд томоохон хамба ламын хүү аавынхаа үзэл бодолтой хэрхэн тэрсэлдэж байгааг харж болно. Манай тайзнаа тавигдаж, Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай Артурын дүрд тоглож байсан гэдэг. Жүжигчин болсныхоо хувьд тэр дүрд хувирахсан гэж мөрөөдөх юм.
-Таныг “Тусгай салаа” кино үзэгчдийн танил болгосон гэж болно. Магадгүй одоогоор хамгийн хайртай бүтээл тань уу?
-Би тоглосон дүр бүхэндээ хайртай. Уран бүтээл гэдэг нь аливааг урнаар харж гэгээлгээр сэтгэдэг. Бүх л дүрд маань миний сэтгэл шингэсэн болохоор сайхан санагддаг. СУИС-д сурч байхад багш минь “Дүр чамайг голно уу гэхээс дүрийг чи голно гэж байхгүй шүү” гэж захидаг байлаа. Мөн “Муу эр хүн гэж байдаггүй, муухай эр хүн л байдаг” гэж байсан нь санаанаас гардаггүй юм.
-Хувийн амьдралын тань талаар хүмүүс сонирхох байх. Гэр бүлтэй болж амжсан уу?
-Амжаагүй л явна. Ер нь уран бүтээлчид нэг бол их эрт, эсвэл нэлээд орой гэр бүлтэй болдог юм шиг санагддаг. Хүмүүс намайг найз бүсгүйгүй, эхнэргүй гэхээр нэг л их зантай гэж боддог юм шиг байгаа юм. Би маш их ачаалалтай ажиллаж байгаа. Ажил гэсээр байгаад эхнэр ч авах зав гарахгүй юм. Ажлаа тараад бялдаржуулахын бэлтгэлдээ явна, ядарсан амьтан хариад л унаад өгнө.
-Гэрийнхэн тань гэр бүлтэй болохгүй бол оройтлоо гэхгүй байна уу?
- Хүн бүхэн л надаас эхнэр хүүхэд нэхээд суулгахгүй юм. /Инээв/ Миний хувьд болдог юм болдгоороо л болог гэж боддог. Хэзээ нэгэн цагт үнэнч хайр дурлал над дээр ирэх байх. Түүнээс өмнө яараад, хүлээж ядаад яах вэ.
-Ер нь ирээдүйн ханьдаа ямар шалгуур тавих вэ?
-Би “Тусгай салаа” кинонд тоглохдоо хартай хүн ямар байдгийг зүрхэндээ ортол мэдэрлээ / инээв/ Манай эхнэр хартай байх юм бол ёстой нөгөө синдром гээч нь хөдлөх байх. Байж суух газаргүй, тийм хүний хажууд удах юм бол ёстой солиорох байх . Яг амьдрал дээр тийм хартай эхнэртэй болвол хэцүү, хэцүү. Хайртай бол хартай гэж ярьдаг шүү дээ. Амьдрал дээр тохиолдвол хайран дээрээ нэг хэсэг тогтох байх тэгээд л явцгүй. Тэгэхээр харгүй, аливаад сэтгэлээсээ ханддаг, үнэнч эмэгтэйг хайрлана.
-Зарим нэг хүн таныг их зантай гэдэг юм билээ. Та энэ шүүмжлэлийг сонсч байв уу?
-Тийм ээ. Гэхдээ би нэг их зүйл хийчихсэн амьтан биш их зан гаргаад яахав дээ. Заримдаа бялдаржуулахын бэлтгэлээ тараад ядраад хөмсөг зангидаад явж байхтай таарсан хүмүүс байгаа байх л даа. Тэгээд л их зантай гэж боддог байх. Миний хувьд бол тийм биш харин ч өөрийгөө илэн далангүй , хэлэх гэсэн үгээ хэлчихдэг гэж боддог. Бас би шударга талдаа. Ээж минь надад захиж хэлдэг нэг үг байдаг. “Хүн чамд хичээн муухай хандана, тэр тусам чи тэр хүнд сайхан хандаж бай. Хэзээ нэгэн цагт тэр хүн чамайг ойлгож сайхан хандах болно” гэж хэлдэг. Түүнийг би үргэлж бодож явдаг.
-Бялдаржуулахаар хичээллэдэг юм уу. Удаж байна уу?
-2006 оноос бодьбилдингийн спортыг сонирхож хичээллэж эхэлсэн. Тухайн үед оюутан байлаа. Би ер нь хүн гаднаасаа ч тэр дотроосоо ч тэр гэрэлтэж явбал сайхан. Энэ спортоор УАШТ болон Хотын аваргын тэмцээнд ч орж байсан юм байна. 2008 онд улсын аваргаас хүрэл медаль авч байлаа шүү дээ. Ангийнхан баяр хүргээд л их сайхан байсан. Тамирчин хүн жин хасна гэдэг их хэцүү гэдгийг би тэр үед их мэдэрсэн. Би тэр тэмцээнд 10 кг хасч 75 кг-д орж байсан юм.
-Таныг ихэр гэж сонссон. Ихрийн өрөөсөн чинь мөн авьяаслаг уран бүтээлч үү?
-Эрх зүйч мэргэжилтэй, их авьяастай, гарын дүйтэй залуу бий. Нүдний шил энэ тэрийг бол гарын үзүүрт хийнэ шүү дээ. Миний амьдралын нэг хэсэг болсон амьдралын төлөө зүтгэж яваа залуу. Намайг бодвол айл гэрийн эзэн, хүүхдийн эцэг болсон сэргэлэн хүн дээ. /Инээв/
-Ихрүүдийг их зөнтэй, бие биенээ мэдэрдэг гэдэг шүү дээ. Энэ хэр үнэн үг вэ?
-Үнэн байлгүй яахав. Ихэр өссөн хүүхдүүд зарим нэг онцлогтой байдаг л даа. Ямар нэгэн асуудал дээр нэгнээ дэмжинэ, бас өмөөрнө. Ер нь амь нэгтэй. Холдохоороо нэгнээ их санана, ер нь их сайхан л даа. Миний ихэр их сайхан, царайлаг залуу байдаг. Багаасаа л хамт хичээлдээ явж, хамт бүхнийг хийж ирсэн болохоор амьдралын эрхээр зам мөр салахад жаахан хэцүү л байдаг юм билээ. Гэхдээ хувь тавилан бид хоёрыг байнга холбоод байх шиг. Нэг сонин зүйл хэлэхэд манай ихэр яг “Тусгай салаа” кинон дээр гардаг шиг надад мэдэгдэлгүй цэрэгт явчихсан байсан. Тэр тусмаа бид нарын кино зураг авалт хийсэн 013-р ангид алба хаасан юм. Би хичээл гээд завгүй гүйж яваад ихрээ цэрэгт явсныг тав хоногийн дараа мэдэж эргэж очиж байлаа шүү дээ.
Т.БАТСАЙХАН