2012-04-03Торонто хотноо болсон Монгол судлалын хурлыг сурвалжилсан тэмдэглэл - 4
Ярилцсан М. Саруул-Эрдэнэ.
Тодруулга: Онтариа муж нь Канадын 10 мужийн дотроо хүн амынхаа тоогоор тэргүүлдэг. Улсын нийслэл Оттава болон Канадын хамгийн том хот Торонто энэхүү мужид оршино. Монголчуудын олноор оршин суудаг Торонто хот нь Канад улсын бус, Онтариа мужийнхаа нийслэл нь юм. Торонтод 6,054,191 хүн ам оршин сууж буй үзүүлэлтээрээ Хойт Америкийн 5 дахь том хотод тооцогдож байна. Нийт хүн амынх нь 49 хувь нь Канадаас өөр улсад төрсөн байдаг тооцоо нь тус хотыг цагаачлалын, олон үндэстний, олон соёлын хамгийн чухал хот болохыг харуулна.
Торонтод болсон “Монгол судалын хурал”-д Онтарио мужийн монголчууд маш идэвхтэй оролцож, хамтран зохион байгуулалцлаа. Хуралд очсон хойноо мэдвэл харин тус мужийн монголчуудын холбооны тэргүүн нь үүнийг бичигчийн шавь байж таарав. Юрагийн Оюунхишигтэй төгссөнөөс нь хойш тааралдаагүй, хаа хол Торонтод ийнхүү уулзан, ярилцдаг байж. Монголд очихоор сэтгүүлч шавь нар маань ярилцах гэд шалаад амраадаггүй, энэ удаад харин эсрэгээрээ, завгүй шавиасаа ярилцлага авахаар би өөрөө хөөцөлдөж байж, товчхон хөөрөлдөж амжив.
Танай Монголчуудын холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?
Онтариа муж дахь Монголчуудын холбоо 2005 онд байгуулагдсан. Яг Канадад анх монголчууд ирсэн үетэй харьцуулахад энэ бол нэлээд хожуу хугацаа юм. Яагаад гэвэл АНУ-тай харьцуулахад монголчууд Канадад тэгж олноороо ирээгүй л дээ.
Олноороо ирээгүй гэдэг нь хэдүүлээ байсан хэрэг вэ?
Анх 2005 онд манай холбоо байгуулагдахад Онтариа мужид зуу хүрэхгүй монгол хүн амьдарч байсан бол одоо нэг 280 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч, сурч байна даа.
Одоо холбоонд ажиллаж байгаа багийн хувьд 2011 онд сонгуулиар гарч ирсэн, шинэ бүрэлдэхүүн юм. Анх удаа эмэгтэй хүн тэргүүлж ажиллаж эхлээд байна. Урд нь бас төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатайнхаа хувьд энэ жилээс анх удаа удирдах зөвлөлтэй болгоод, таван гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мэдээж тэгээд сайн дурын байгууллага юм чинь холбоог идэвхтэй дэмждэг гишүүд дэмжигчдийн тус дэмээр л бүх үйл хэргээ явуулж байна даа.
Гол гол ямар үйл ажиллагаа эрхэлж байна вэ?
Хамгийн гол нь энд, ер нь Канадад анх шинээр суурьшиж байгаа залуучууддаа Канадад хурдан хөлөө олоход нь туслах, мэдээлэл олгох ажил их хийдэг. Мөн манай шинэ багийн хувьд гадаад харилцааныхаа тал дээр илүүтэй анхааран ажиллаж байна. Тухайлбал энэ жилээс анх удаа Canadian Multicultural Council буюу Канадын Олон Үндэстний Холбооны гишүүн боллоо.
Мөн Asian Community гэж азийнхан дотроо урлаг спортын үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг байгууллага байдаг. Тэдэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, анх ганцхан тэмцээнд ордог байсан бол жил ирэх тутам оролцдог тэмцээнийхээ нэр төрлийг олшруулсаар байна.
Дээр нь нэмж хэлэхэд Холбооны вэб сайт хуучин төдийлөн тогтмол сайн ажиллаж чаддаггүй байсан, одоо шинэчлээд ажиллуулж байгаа. Вэб сайтдаа зөвхөн эндхийн монголчуудад төдийгүй, Монголоос Канадад ирж сурах гэсэн, цагаачилж, байнга оршин суух гэсэн хүмүүст зориулсан мэдээлэл байршуулдаг. www. mongoltoronto.com гэсэн вэб сайт бий.
Ингэхэд чи өөрөө төгсөөд сэтгүүлзүйнхээ ажлыг хийсэн үү? Хаана хаана ажиллав аа?
Багш аа, би төгсөөд Улаанбаатар радиод таван жил ажилласан ш дээ. Дараа нь Хотын захиргаанд ажилласан. Энд ирээд нэг хуулийн оффист ажиллаж байлаа. Ноднин жилээс тэгсэн өвдөөд, тааруухан өвчний улмаас жаахан завсарлаад байна. Гэхдээ энэ хооронд харин ч бүр сохорсон биш завшив гэдэг шиг олон нийтийнхээ ажилд илүү идэвхтэй ажиллаж, овоо ажил амжуулаад байна даа. Ер нь бол завгүй л байгаа. Хажуугаар нь бас Жорж Браун гээд эндэхийн нэг коллеж байдаг юм. Тэр коллежийн маркетинг, мэнэжмэнтийн ангийг төгсөөд авсан. Өөрийгөө дандаа завгүй байлгаж байгаа.
Анх би өөрөө ирэхдээ ямар ямар бэрхшээлтэй тулж байлаа, одоо ирж байгаа улсад аль болох тэр бэрхшээл битгий тохиолдоосой гэдэг үүднээс холбооны сайн дурын ажлыг хийгээд явж байна даа.
Торонто хотод монголчууд голдуу ямар шугамаар ирж байна вэ?
Ер нь Канадад сүүлийн үед байнгын оршин суух нөхцөлөөр монголчууд олноороо ирж байгаа. Ихэвчлэн гэр бүлээрээ. Өмнө нь Канадын цагаачлалын асуудлыг шийддэг, хүлээгддэг хугацаа нь дунджаар таван жил байсан юм билээ. Одоо бол хоёроос гурван жил болж наашилсан.
Дараачийн нэг томоохон хэсэг бол сүүлийн үед бас оюутнууд олноороо ирж суралцаж байна. Ялангуяа бакалаврын зэргийн оюутнууд. Харин хэлний курсэд сурах гэсэн оюутнуудын хувьд Америктай харьцуулахад виза маш бага гардаг. Тэр нь Канад улс Америктай харьцуулахад амьдрах өртөг өндөртэй байдагтай холбоотой байх.
За тэгвэл яг одоо манай сониныг уншиж байгаа, Канад явах визээ авчихсан улсад зориулж юу зөвлөх сөн бол?
Мэдээж зориод ирэх гэж байгаа хүмүүст бол Канад сайхаан сайхан. Юуны өмнө Монгол хүний хувьд уур амьсгал нь харь биш, хамгийн тохиромжтой газар.
Гэхдээ ялангуяа шинэ ирж буй оюутнуудын хувьд анхаарах зүйлс бий. Оюутан залуус маань хэлний хувьд маш сайн бэлтгэгдсэн ирмээр байна. Хэл муутай ирж байгаагаасаа болоод манай залуус цаг хугацаа болон бусад боломжоо алдаад байна. Бас шантрах тохиолдол ч ажиглагддаг.
Бас нэг зүйл нь амьдрах зардал, өртөг нэлээд өндөр шүү.
Тийм байна шүү, ирээд харахад Америкаас лав хавьгүй өндөр үнэтэй юм байна.
Харин тийм байгаа биз? Жишээ нь манай Онтарио муж гэхэд 13 хувийн татвартай. Зуун долларын юм авахад 13 доллар нэмж, 113 доллараар л авах жишээтэй. Байрны зардал бас өндөрт тооцогддог. Энэ бүхэнд сэтгэлзүйн бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Харин хоол ундны хувьд өртөг гайгүй.
Бас нэг анхаарах зүйл бол Канадад шууд ирэнгүүтээ Америк шиг машин тэрэг бариад, ажил хийгээд явчих боломж муу. Яагаад гэвэл машины даатгал, тэр тусмаа энэ Онтарио мужид маш өндөр байдаг. Тийм учраас оюутнуудын хувьд ажил хийнгээ сурах боломж Америктай харьцуулахад дутмаг. Энэ бүхнийг бодолцож байж, бэлтгэлтэй ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
За их баярлалаа. Энэ бүх хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжсэнд чинь үнэхээр их баярласан шүү.