2012-04-03Илэн далангүй яриа, өөрийн гэсэн хэв маягаар бусдаас ялгардаг дуучин Наратай ярилцлаа.
Уншигчид маань энэ бүхнээс түүний дотоод ертөнц хийгээд хүсэл мөрөөдлийг нь мэдэж авах биз ээ.
-“Хувилгааны эрэлд”, “Цахирмаа”, “Зөрлөг” зэрэг кинонд тоглож, жүжиглэх авьяасаа харуулаад авсан. Өөр киноны санал ирж байна уу?
-Ирэлгүй яахав. Янз бүрийн дүрд тоглох санал ирж байгаа. Гэхдээ одоо дууны уран бүтээлдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай байгаа учраас энэ тал дээр ач холбогдол өгөөгүй. Цаашид олон кинонд тоглох боломжтой гэж үзээд нэг их яарахгүй байгаа гэх үү дээ.
-Хотын хээнцэр бүсгүйд”Хувилгааны эрэлд” киноны зураг авалтаас шалтгаалж хөдөө хээр явах хэр хүндрэлтэй байсан бол гэж сонирхох хүн олон таардаг?
-Би эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй, зорьсондоо хүрдэг хүн. Анхны кинондоо тоглох үед найруулагч маань “Хоёр сар гаруй хөдөө зураг авалт хийнэ. Хотын хүмүүст ёстой хэцүү байдаг биз. Үгээ хэлээд л буцна шүү” гэж анхааруулсан. Би ч бууж өгөөгүй. “Гол дүрд нь тохирох юм бол юу ч хийж чадна” гээд зүтгэсэн. Морь унаж ч үзээгүй хүн хөдөөгийн эгэл бор амьдрал дунд ороод төөрөх шахсан нь үнэн. Гэхдээ би гараа хумхиад ярвайж суугаагүй ээ. Морь унаж, хонь ямаа саагаад хүүхэд нохойн дунд л гүйж явсан. Хүнд хэцүү байна гэхээсээ илүү бусдад төвөг удалгүй, бүхнийг өөрөө зохицуулах гэж хичээсэн. Бүр түмпэнд ус хийгээд биеэ угааж хүртэл үзсэн. Эргээд бодоход их сонирхолтой, зугаатай байж дээ. Хэрэв боломжийн санал ирвэл дахиад кинонд тоглосон ч яахав. Найруулагч намайг өөр нүдээр харж дүрдээ сонговол зохиолтойгоо танилцаж болно. Жүжигчин хүн ямар ч дүр бүтээж чадна шүү дээ. Дуулах, жүжиглэх хоёрт ялгаа байхгүй. Бид дуундаа зохицсон клип хийж, ямар нэгэн дүрд тоглодог юм чинь. Тэгээд ч миний судсаар жүжигчний цус гүйж байгаа. Өөрийгөө ямар ч дүр бүтээж чадна гэж бодож байгаа шүү, би.
-Кинонд тоглож байхдаа найз залуугаасаа салсан гэж дуулсан?
-Яахав, зарим нэг үл ойлголцол гарсан. Салж, нийлэх явдал хэнд ч байдаг зүйл. Ямар гэр бүл болчихсон биш. Зүгээр л төвийг баримтлаад явж байхад болно. Гэрлэж сууна, үр хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй. Бие биеэ таньж мэдэх, хайрлаж дотносоход хугацаа хэрэгтэй биз дээ. Харилцаагаа төгсгөх, эсвэл цаашаа үргэлжлүүлэх эсэх нь тухайн үеэс хамаарах асуудал.
-Янз бүрийн эрчүүдтэй нэр холбогдохоор хэцүү санагддаг байх даа?
-Бурхнаас надад бие хаа, царай зүс гээд бүх зүйлийг минь тэгш заяасан. Намайг зөвхөн баяжихын тулд урлагт орж, Японд сурч боловсорсон гэж бодвол эндүүрэл шүү. Тийм байсан бол би өдийд ингэж нойр хоолоо хугаслан уран бүтээлийнхээ төлөө зүтгэхгүй. Сайхан хүүхэнд дуртай монгол юм уу, японы баян эртэй суугаад аль хэдийнэ Хавайн арал руу явчихсан байна биз. Гэвч урлагийн хүчинд жаахан ч гэсэн нэр хүндтэй болмогцоо баян эртэй сууж, амар хялбар амьдрах гэсэн ядмаг арга надад таалагддаггүй. Надад хахаж цацсан хөрөнгө, дутаж гутсан хэцүү юм алга. Яг үнэндээ хайр дурлалыг ч уран бүтээлээсээ дээгүүрт тавихгүй. Энэ бол миний хүсэл мөрөөдөл биш.
-Өдөр тутмын ахуйн ажилд гар сунгах зав хэр гардаг бол?
-Гэрээ өдөр бүр цэвэрлэдэггүй ээ. Иймэрхүү ажилтай байнга зууралдаад байвал уран бүтээл минь юу болох билээ. Сардаа ч юмуу, арван хэдэн хоног тутамд цэвэрлэх зав гарвал ямар ч үйлчилгээний байгууллагаас илүү хандана шүү. Хоол унд, оёдол зүүсгэл хийе гэж боддоггүй. Бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй биз дээ. Зүгээр л мэддэг ажлаа хийж, чадахгүй юм байвал оролдохгүй байсан нь дээр.
-Нууц амрагийн талаарх бодлыг чинь хуваалцая?
-Яг мэдэрч үзээгүй болохоор хэлэхэд бэрх. Ямар нэгэн байдлаар хэрэгтэй болоод л хүмүүс үүнийг хүсдэг байх. Магадгүй, хэзээ нэгэн цагт би өөрөө нууц амрагтай ч юмуу хэн нэгний нууц амраг болохыг үгүйсгэхгүй. Амьдралд үгүй гэж ам гарч болдоггүй юм. Бусдын зөв гэж бодож байгаа зүйлийг эсэргүүцэж, тэмцээд яахав дээ.
-Рок попын эмэгтэй дуучидтай муудалцах ч юмуу тэднийг үгүйсгэлээ гэж янз бүрээр бичдэг. Харин энэ бүхэн хэр үнэний ортой вэ?
-Нэг хэсэг дуучин Номико бид хоёрыг хөхөөр минь “уралдуулсан”. Жаахан таргалаад хөх минь томорсон болохоос биш хэн нэгэнтэй өрсөлдөх гэж хичээгээгүй. Гэтэл бас дуучин Отгоо надад дургүй гээд биччихсэн байхаар нь түүн рүү утасдаад хэлсэн. “Яана аа, ямар муухай юм бэ. Би тэгж хэлээгүй” гээд л сандраад байна лээ.
-Танилцах хүсэлтэй залуус их таардаг биз?
-Тийм саналаас би татгалздаггүй. Аалигүйдээ биш шүү. Намайг хүндэтгэсэн сэтгэлийг нь ойлгож, уулзаж танилцдаг. Хэрэв ямар нэгэн ашиг сонирхол байгаа бол хариуг нь шууд л буцааж өгдөг. Найз залуутай боллоо гээд өөр хүмүүстэй танилцахгүй гэвэл шал тэнэг биз дээ. Энэ амьдралд чинь хэдэн сая хүнтэй уулзаж учирч, найз нөхөд болж болно.
-Хайр сэтгэлийг хардаж боох хэрэггүй гэсэн. Өөрөө хэр хартай вэ?
-Огт харгүй гэвэл худлаа. Би бүх талаараа хэнээс ч дутахааргүй сайхан хүүхэн. Хэрэв найз залуу минь өөр хүүхэнтэй уулзвал би өөртөө итгэлгүй, бусдаас доогуур үзэж байгаа мэт үнэлэлт өгсөн хэрэг болно. Түүн дээр нь нэмээд хардаж сэрдвэл бүр ч дорой харагдана шүү дээ. Гэхдээ ийм хүүхнийг хуурч мэхлэх тэнэг залуу байхгүй гэдэгт итгэлтэй явдаг.
-Тэгвэл хоёулаа сексийн тухай ярилцъя. Хүний амьдралын нэг хэсэг, энэ тэр гээд л янз бүрээр тодорхойлдог шүү дээ?
-Яг үнэн. Хэдий хайр сэтгэлтэй боловч сексийн харилцаанд зохицож чадахгүй бол хэцүү. Нас бие гүйцсэн эмэгтэй хүнд сексийн тухай ярихад ичих зүйл алга. Тэртээ тэргүй амьдралд байдаг чухал зүйл. Сексийн тал дээр чөлөөтэй байна гээд уулзаж, учирсан хүн болгонтойгоо унтана гэж байхгүй. Ихэнх хүмүүс миний тухай “эрос” гэж хэлдэг ч би түүн шиг нь байх гэж хичээдэггүй. “Намайг амтлаад үз” гэж байгаа юм биш. “Би секстээ сайн, секси харагддаг шигээ оронд байж чадна” гэж яривал тэнэг хэрэг болно. Надтай учирсан эр эсвэл найз залуу минь “Миний хайр ийм юм байна” гэж мэднэ. Би хагас нүцгэн хувцаслах дуртай. Энэ бол миний байгаа байдал, стиль имидж. Гэхдээ энэ хувцаслалт миний сексийн амьдрал, үзэл бодлыг илтгэхгүй шүү дээ. Секс бол урлаг. Тиймээс тодорхой хэмжээний судалгаа, туршлага байлгүй яахав.
-Эротик дүрийн санал ирвэл яах вэ?
-Хагас нүцгэлэх, үнсэлцэх мэтийг бол чадах байх. Харин эротик, порно кинонд лав тоглохгүй. Би их амархан таргалж, турдаг. Тэгэхээр энэ тал дээр айхтар стресстээд байдаггүй л дээ. Яс багатай болохоор их харагддаг биз. Аймаар туранхай, өлгүүр шиг хүн муухай шүү дээ.
Р.Мөнгөн