2012-03-14Эрүүл мэндийн сайд Нямдаваагийн Хүрэлбаатартай ярилцлаа.
Олны дунд нэр нь төдийлэн сонсогдож байгаагүй ард түмний хувьд бол тэр шинэ хүн Харин эрүүл мэндийн салбартаа асрагчаас нь эхлээд эмч, ЭМШУИС-ийн багш, судлаач, тэнхимийн эрхлэгч сургууль, эмнэлгийн захирал гээд яамны Төрийн нарийн бичгийн дарга салбарын сайд хүртлээ ажилласан баялаг түүхтэй хуучин хүн. Хавдар судлалын ууган эмчийн хүү, удам дамжсан эмч. Түүнийг ярилцлагад урьснаас хойш чамгүй удаан хүлээлгэлээ. Харин өнгөрсөн амралтын өдөр их ажлынхаа хажуугаар цаг гаргасан юм.
-Аав тань аль нутгийн хүн байв?
-Аав маань Ховд аймгийн Дарви сумын уугуул. Багадаа нутагтаа мал хариулж өссөн. Аав Анагаахын дээд сургууль төгсөөд Төв аймагт мэс засалчаар хэдэн жил ажилласан. Тэндээсээ Улаанбаатарт иржээ. Хуучин Цацраг туяа эмнэлэг гэж байсан даа, одоогийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн байранд байсан. Тэнд мэс заслын эмчээр ажиллаж хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, эмчлэх, мэс засал хийх ажилд бүхий л насаа зориулсан хүн. Цацраг туяа эмнэлэг хуучин байрандаа байхад ерөнхий эмчээр, Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар 18 жил ажилласан. Хавдар судлалын үндэсний төвийг шинэ байртай болгохоор хөөцөлдөж, энэ талаарх бүх ажлыг удирдан зохион байгуулсан. Тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэх, тоног төхөөрөмж, ор хэрэгсэл авах гээд бүхэл бүтэн эмнэлгийн хэмжээнд хүргэхэд аж ахуйн ажил маш их. Тэр бүхий л үйл ажиллагааг аав удирдаж зохион байгуулсан. Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн байр 1983 онд ашиглалтад орсон юм.
-Таныг яамны Төрийн нарийн бичгийн дарга болоод удаагүй байхад Хавдар судлалын үндэсний төвийг аавын тань нэрэмжит болгосон бил үү?
-Аав маань 2007 онд бурхан болсон. Аавын далан насны ойгоор 2009 онд энэ төвийг нэрэмжит болгож, хөшөөг нь босгосон. Дурсамж номыг нь хэвлүүлсэн. Олон хүнд мэс засал хийж эрүүлжүүлсэн, мөн эмнэлгээ олон жил чадварлаг удирдсан гэж эмнэлгийн хамт олны зүгээс нэрэмжит болгох хүсэлт тавьсан юм. Үүнд нь үндэслээд 2009 оны наймдугаар сарын 16-нд Засгийн газрын тогтоол гарсан. Тэгээд 2009 оны есдүгээр сарын 9-ний 09.09 цагт ХСҮТ аавын нэрэмжит болсны болон хөшөөнийх нь нээлтийг хийсэн. Таван ес давхцуулсан цагт есийн тоог бэлгэдэн төлөвлөж байж нээлтийг нь хийсээн, сайхан болсон. Таван ес давхцсан нь содон тохиолдол шүү. Аав Монгол Улсад хавдар судлалын салбарыг хөгжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөлтийг бий болгох ажлыг гардан зохион байгуулсан анагаах ухааны доктор, профессор, гавьяат эмч хүн. Ээж минь шүдний эмч мэргэжилтэй, Балжингийн Аръяа гэж хүн бий.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Би айлын ганц хүү.
-Эмч гэр бүлд анагаахын чиглэлийн ном, хэвлэл их л байсан биз дээ?
-Манайд анагаахын ном, хэвлэл, сэтгүүл олон байсан. Манай гэр XIX хороололд байхад нэг өрөө маань дүүрэн номтой. Өрөөний хоёр талын ханаар номоо өрөөд багтахгүй болохоор нь өрөөнийхөө голд багана босгоод, тавиур хийж номоо дүүртэл өрдөг байсан. Мэс засал, хавдар суд лал, нүүр ам судлалын гэх мэтийн бүгд л анагаа хын холбогдолтой ном. Би оюутан болж, миний “өмч” нэмэгдсэн. Анагаахад сурч байхдаа би бас олон ном цуглуулдаг байжээ. Унших шаардлага байгаа учраас л ном авч байгаа юм. Тэр үеийн хүүхдүүд бүгд л сайн уншдаг байсан даа. Шалгалтыг амаар авдаг байсан учир ямар ч асуултад бүдрэхээргүй болтлоо уншиж, жин тан бэлтгээд ордог байлаа.
-Хүүхэд байхад аав, ээжийн тань тэр их ном сонирхолгүй байсан уу?
-Сонирхолтой байлгүй яах вэ. Багадаа ойлгохгүй ч гэсэн зургийг нь үздэг байлаа. Ангийнхнаа гэртээ авчраад номнуудаа үзүүлнэ. Гэр бүлийн минь тэр орчин л эмч мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Би уг нь багадаа инженер болъё гэж мөрөөддөг байлаа. Намайг аравдугаар ангиа төгсөх жил аав анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Зэрэг хамгаалах хуралд нь суухад сайхан санагдсан л даа. Аав намайг ахлах ангид байхад бүтэн сайн өдөр амрахдаа анагаахын талаар ярьж өгдөг сөн.
-Юу ярьдаг байв?
-Хавдрын өвчний ангилал. Ийм өөхөн эднээс ийм хавдар үүсдэг. Яснаас ийм хавдар үүснэ, элэгнээс ийм хавдар үүснэ гэх мэтээр тайлбарлана. Хавдрын ийм олон өвчин байдаг. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх ажил зөндөө байна. Одоо энийг нь эмчилж байна, үүнийг эмчилж чадахгүй байна гэж ярина. Энэ нь надад “Эрүүл мэндийн салбарт ажиллаад үзье” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.
-За ингээд мэргэжлээ сонгочихлоо. Таныг Хавдар судлалын үндэсний төвд асрагч хийж байсан гэдэг?
-Би 1984 онд дунд сургуулиа төгссөн. Зургаадугаар сард элсэлтийн шалгалт өгч, Анагаахын дээд сургуульд ороод л долоодугаар сарын 1-нээс Хавдар судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт асрагчаар ажилласан. Сэхээний тасаг хүнд ажил ихтэй. Хамгийн анх хагалгааны өрөө цэвэрлэх даалгавар аваад шууд л түмпэн, шалны мод, алчуур бариад ажилдаа орсон доо. Манай хагалгааны тасаг маш урт хонгилтой. Тэр хонгилыг савандаж байгаад өдөрт 2-3 удаа угаана. Ариун цэврийн өрөө болон хагалгааныхаа өрөөний шалыг угаана. Завсар зайгаар нь хүнд өвчтөнөө асарна, өтгөн шингэнийг нь зөөнө. Ер нь өдөржин л цэвэрлэгээ хийдэг, хөлсөө дуслуулаад л ажилладаг байлаа. Дунд сургуулиа дөнгөж төгссөн хүүхдэд энэ ажил их хэцүү санагдаж билээ. Ээлжиндээ би ганцаараа ажилладаг байлаа. Тэр үед амьдралын их сургуульд суралцсан даа. Энэ бол хүн бүхэнд тохиолдох зүйл биш л дээ.
-Аав тань тэр үед ямар албан тушаалтай байсан бэ. Яагаад надаар ийм хүнд ажил хийлгээд байгаа юм бол гэж бодож байв уу?
-Аав эмнэлгээ удирдаж байсан. Надад тийм сэтгэгдэл төрж байгаагүй. Харин ч эсрэгээрээ аав байгаа учраас би илүү их хариуцлагатай ажиллах ёстой гэж боддог. Хаанаас ч юм ирсэн бол зарим ажлыг чанаргүй хийх, залхуу хүрвэл заримдаа амрах зэргээр ажил хийдүүлж магадгүй л дээ. Аав байгаа учраас би бусдаас хоёр дахин илүү ажиллах ёстой гэж боддог байлаа. Даргын хүү ажил хийдэггүй юм гэвэл муухай биз дээ. Аавынхаа нэр хүндийг бодно.
-Та яагаад асрагч хийх болсон хэрэг вэ?
-Биднийг Анагаахын дээд сургуульд элсдэг жил “Анагаахад орох хүүхдүүдээр эхний жил асрагч хийлгэнэ” гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Энэ нь миний хувьд их азтай тохиолдол болсон. Анх ингэж эмнэлгийн үндсэн ажилтан болж, Хөдөлмөрийн дэвтэр нээлгэн, цалинтай ажиллаж байлаа. Би асрагч хийснээрээ их зүйлийг сурсан. Өвчтэй хүмүүс яаж зовж зүдэрдгийг хараад өрөвдөх сэтгэл төрнө. Тэдэнд сэтгэлээсээ туслахад ямар их баярладгийг асрагч байхдаа мэдэрсэн. Зарим хүнд ах дүүс, ар гэрийнхэн нь туслахгүй. Тэдэнд халуун цай өгөх, өтгөн, шингэнийг нь цэвэрлэхэд үнэн сэтгэлээсээ баярладаг. Түүнийг нь харж энерги авдаг байсан. Энэ чинь өвөрмөц мэдрэмж шүү. Энэ бол манай эрүүл мэндийн салбарт ажиллагсдын бас нэг давуу тал. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өдөр, цаг тутам хүнийг үнэн сэтгэлээс нь баярлуулах боломж гарч байдаг. Хүн болж төрсний мөн чанар бол бие биенээ баярлуулах, буян үйлдэх гэж ойлгодог. Дарга, сайд болох, маш их мөнгө цуглуулах биш гэж боддог.
-Их сургуульд идэвхтэй оюутан байсан уу?
-Асрагч хийснээ оруулбал би анагаахад долоон жил сурсан байгаа юм. Нэг жил асрагч хийхдээ эмнэлгийн талаар нэлээд мэдэгдэхүүнтэй болсон. Оюутан байхдаа есөн удаа Сангийн аж ахуйд ажилласан, урт хугацаагаар явна. Нэг удаа манай ангийнхан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 100 үнээний ферм барьсан. Бид 20 см-ийн зузаан, 2.5 метрийн өргөнтэй зам барих ёстой. Би ахлагч нь учир үүргийнхээ дагуу ажил шалгана. Хэмжинэ ээ, “19 см байна, харж байна уу” гэж байгаад л дахин нэг см цутгуулдаг. Ажил шалгахын хажуугаар би өөрөө ч ажиллана. 30 хүнээ арав арваар нь салаа болгоод хоорондоо уралддаг байсан.
-Таныг сагс сайн тоглодог гэх юм билээ?
-Тоглоно оо, Анагаахын дээдийн сагсны шигшээ багт тоглодог байв. Тэр үед их сургуулиудын, улс, хотын чанартай тэмцээн олон болдог, тэр болгонд нь ордог, идэвхтэй оюутан байлаа.
-Та хотын хүүхэд. Ер нь хөдөө ажиллаж үзсэн үү?
-Оюутан байхад нэг дамжаа төгссөний дараа дадлага хийдэг. Би үргэлж хөдөө явдаг. Оюутнууд хаана дадлага хийх саналаа өгдөг. Хөдөөнийхөн хөдөө рүүгээ явдаг, хотынхон бол хотдоо үлдэх санаатай. Би Багануур, Эрдэнэт явж байсан. Төгсөх жилээ Сэлэнгийн Бугант суманд дагалдан дадлагажигч эмчээр зургаан сар ажилласан.
-Сургуулиа төгсөөд хөдөө ажилласан уу?
-Сургуулиа 1991 онд төгсөөд Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт мэс заслын эмчээр жил гаруй ажилласан. Жилийн дараа буцах болтол сумын Засаг дарга, Засаг даргын зөвлөл хуралдаад намайг явуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. “Төчнөөн бод, бог, таван ханатай гэр, хашаа өгнө, эндээ ажилла” гэж байна. Анх ирээд эмнэлэгтээ хэд хоносон. Тэгээд уул уурхайд ажилладаг Доржоо гэж залуутай намайг нэг өрөөнд орууллаа. Доржоотой нэг жил амьдарсан даа. Тухайн үед үлдвэл болох л юм байна гэж бодож байлаа. Үлдэх, явах хоёр санал тэнцүү хувьтай. Заримдаа үлдмээр, нэг бол явсан нь дээр санагдаад. Ард иргэд тойрон хүрээлсэн сайхан л байсан. Энэ тухай аав, ээжтэй утсаар ярихад “Өөрөө шийд“ гэх хэр нь сурч боловсрох, ирээдүйг минь бодоод ирүүлэх л дуртай. Би бодож бодож л буцсан даа. Айрагт галт тэрэг шөнө ирдэг. Шөнийн цагаар осол, гэмтэл их гардаг, байнга шөнө дуудлагатай хонодог. Өмднийхөө хоёр шуумгийг зангидаад хоновол дуудлага ирдэггүй гээд зангидаж ч үзэж байлаа. Бид нийтийн байранд амьдардаг. Байрны гаднах хаалга онгойход “За, дуудлага ирлээ дээ” гэж боддог байсан. Хаалгаар орсон хүний алхаа манайх руу ойртсоор үүдэн дээр ирээд жаахан зогсоод, хонх дардаг. Би сэрэхгүй байж магадгүй гээд хаалгандаа хонх тавьчихсан юм. Тэр дэглэмдээ бараг дасаад байсан.
-Хотод ирээд ямар ажил хийсэн бэ?
-1992 оны намар Анагаахын дээд сургуульд шууд багшаар томилогдсон. Физиологийн хичээл заадаг, их л чанга багш байсан даа. Эрэгтэй хүүхдүүд намайг хонгилоор явахыг харчихаад зугтдаг байж билээ. Хүүхдүүдийг хичээл уншуулахын тулд, юмаа мэдэж байх ёстой гэж л хандаж байгаа нь тэр л дээ. Эмч болох хүн хичээлээ сайн мэдэж байх ёстой. Мэдэхгүй л бол сайн эмч болж чадахгүй.
-Таныг элэгний вирусийн талаар нэлээд сонирхолтой судалгаа хийсэн гэдэг?
-Миний докторын зэрэг хамгаалсан сэдэв л дээ. Ард иргэд шар өвчин гэж нэрлээд хэвшчихсэн, анагаахын нэр нь вируст гепатит. Элгэнд есөн төрлийн вирус халдварладаг, элгийг гэмтээдэг. Түүнээс В, С вирус нь хоруу чанартай. Энэ вирусийн халдвар монголчуудад түгээмэл тархсан. Энэ нь яваандаа элэгний архаг эмгэгүүд, элэгний хавдар үүсгэдэг. Би гепатит В вирусийг эмчлэх чиглэлээр 2001 онд докторын зэрэг хамгаалсан. Таван жилийн турш судалж байж хамгаалсан ажил. Монголдоо судалгааныхаа материалыг цуглуулаад, БНСУ-ын “Ионсей” их сургуулийн эмнэлгийн Судалгааны төвд зарим ажлаа эхлээд хийсэн. Монголдоо ч судалгаа хийсэн. Дараа нь Лондонгийн их сургуулийн вирус судлалын төвд хийсэн.
-Тэгэхээр элэгний В вирус эмчлэгддэг гэсэн үг үү?
-Ер нь эмчлэгддэг. Би В вирусийн эсрэг идэвхтэй дархлаа заслын эмчилгээний аргыг судалж, шинэ арга боловсруулсан. Дэлхийд В гепатит вирусийг хоёр янзын аргаар эмчилж байна. Нэг нь гепатит В вирусийн эсрэг идэвхтэй дархлаа заслын арга. Энэ бол миний судалгааны ажил л даа. Хоёр дахь нь идэвхгүй дархлаа заслын арга.
-Энэ судалгаа тань мэргэжилтнүүд хэр зэрэг үнэлэгдсэн бэ?
-Би энэ судалгаа шинжилгээний ажлынхаа талаар олон оронд явж эрдэм шинжилгээний илтгэл тавьсан. Америкийн Айвогийн их сургуульд очиж вирус судлалаар ажилладаг доктор, профессоруудад цаг 30 минут илтгэл тавьсан. Гадаадын судлаачидтай ч хамтарч ажиллаж, мэдээлэл солилцож байлаа. Энэ идэвхтэй дархлаа заслын аргыг Америк, Канад зэрэг улсад хэрэглэж байна.
-Монголд яагаад нэвтрээгүй вэ?
-Монголд анх хийсэн судалгааны арга. Нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллана аа.
-Та судалгааныхаа чиглэлээр гаднын эрдэмтэдтэй хамтарч ажилладаг л биз дээ?
-Америкийн Грей гэж профессор бид хоёр ажил төрлийн дотно хамтрагч. Анх Айвод лекц уншаад, Айвогоос Чикаго орох замд таван цаг гаруй машинаар явдаг. Тэр замд бид хоёр хамтарч Монголын төлөө хэдхэн ажил хийе гэж ярьж байсан.
-Тэр профессор Монголыг мэддэг хүн байжээ, тэгэхээр?
-Монголд ирж байсан. Чикаго руу явахдаа хоёулаа юу хийж болох вэ гээд нэгдүгээрт, Монгол Америкийн хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлье. Хоёрдугаарт, Монголын залуучуудыг тодорхой чиглэлүүдээр Америкт сургая. Гуравдугаарт, жил бүр Америкийн эрдэмтдийг авчирч симпозиум зохион байгуулдаг болъё. Бидний яриа тэр үедээ мөрөөдөж байсан. Харин одоо гурвуулаа биелсэн. Одоо Монголд жил бүр шинээр сэргэж буй болон шинэ халдварт өвчний чиглэлээр симпозиум зохион байгуулдаг. Америкаас дунджаар 10 гаруй доктор, профессор ирж лекц уншиж, Монголын эрдэмтэдтэй хамтарч ажилладаг болсон. Халдварт өвчний чиглэлээр Америк Монголын хамтарсан таван төсөл хэрэгжиж байна. 10 гаруй хүн Америкт сургачихлаа. Энэ бол хоёр хүний харилцаан дээр үндэслээд ингэж үргэлжилдэг гэдгийг л харуулж байгаа жишээ.
-Ингэхэд та хэдэн жил багшилсан бэ?
-1992-2007 он хүртэл багшилсан.Олон ч шавьтай болжээ. Гарын шавь ч цөөнгүй. Олон шавиа Япон, Америк руу явуулсан.Тэд маань эхнээсээ докторын зэрэг хамгаалаад ирчихсэн. Үр дүнтэй ажиллаж байна даа.
-ЭМШУИС-ийн шилдэг багшаар хэд хэд шалгарсан гэдэг. Ингэхэд та хаана хаана ажиллаж байсан бэ?
-Би хичээж ажилласан. Үүний дүнд сургуулийнхаа шилдэг багшаар хэд хэд шалгарч байжээ. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр ч чамгүй амжилт үзүүлсэн. 2001 оны үед байна уу даа, эрүүл мэндийн салбарын анхны шилдэг есийг шалгаруулсан юм. Шилдэг менежер, багш, судлаач, сувилагч, оюутан гэх мэт номинацитай. Тэр жил би салбарын анхны шилдэг багш болж байлаа. Энэ бүхэн дурсгалтай сайхан л байдаг. Ажлынхаа хажуугаар спортоо орхиогүй ээ. Сургуулиас “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах сургалтыг хариуцаач” гэсэн ажлын санал тавьсан. Тэгээд сургууль дээрээ Мэргэжил дээшлүүлэх институтийг 2002 онд дахин байгуулж, захирлаар нь ажиллалаа Тэгж байтал Японоос докторын дараах багш судлаачаар ажиллах санал ирсэн. Би эхний жилийг нь Японд, дараагийнхыг Монголдоо ажиллангаа судалгаа хийе гэсэн. Тэгж Токайгийн их сургуульд жил ажилласан. Хоёр дахь жил нь Монгол Японы хооронд ирэн, очин ажлаа үргэлжлүүлсэн. Ирээд ЭМШУИС-ийн Биоанагаахын сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч хийлээ. Дараа нь ХӨСҮТ рүү шилжсэн дээ.
-Та асрагчаас эхлээд эмч, багш судлаач, сургуулийн захирал, эмнэлгийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, сайд гээд эрүүл мэндийн салбарын бүх шатанд гайхалтай сайн ажиллажээ.
-Сайдын албыг аваад сар гаруй л болж байна. Энэ хугацаанд хагас, бүтэн сайнд амрах зав гарсангүй. Эрүүл мэндийн салбарт хийсэн зүйл их байна. Цаашид хийх ажлууд ч төлөвлөгдсөн.
-Сайд аа, зургаан сар гэдэг танд ажил хийх, үр дүнг нь харахад чамлалттай хугацаа шиг санагдаж байна уу?
-Үгүй ээ, ажил амжуулж болох урт хугацаа. Хүмүүс бага хугацаа гээд байна Сарын хугацаанд бүтэц зохион байгуулалт хүний нөөц, санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр олон ажил төлөвлөсөн. Одоо хийнэ ээ. Манай яамныхан их л завгүй ажиллаж байгаа. Сайд болсноос хойш 10 хоногийн дараа эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөлгөөнөөр өнгөрсөн оны ажлын тайланг зөвхөн хэлэлцэж, дүгнээд дуусах биш бүтээлч ажиллая гэж зорьсон. Олуулаа цугласан дээрээ хэлэлцүүлэг хийгээд сумын Эрүүл мэндийн төвийн асуудлыг бүгдийг ярьсан. Сумын эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө ярилцлаа. Урд нь сумын, өрхийн эмнэлэг гэдэг байсан бол одоо сум, өрхийн эрүүл мэндийн төв гэж нэрлэх болсон.
-Нэрийг нь өөрчилсний ялгаа нь юу вэ?
-”Эмнэлэг” бол зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулдаг. Одоо Эрүүл мэндийн төв гэж нэрлэснээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давхар явуулах болж байгаа юм. Ер нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж хоёр хуваадаг. Эхнийх нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч ажиллана гэсэн үг. Дархлаажуулалт, халдвар үүсэх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт үед нь оношлох, эмчлэх талд анхаарна. Хоёрдугаарт, нэгэнт өвчилсөн бол эмнэлгийн тусламж үзүүлнэ. Энэ хоёр үйлчилгээг Эрүүл мэндийн төвд зэрэг үзүүлнэ. Ингэж Өрх, сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чиглэлийг шинэчлэн зохион байгуулж байна. Төр хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хийж, төрийн үүргийг гүйцэтгүүлж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн сайн жишээ бол Өрхийн эрүүл мэндийн төв. Гэрээний дагуу ажилд нь үнэлэлт өгч, санхүүжилтийг нь олгодог тогтолцоо. Дараагийн нэг анхаарах зүйл бол Нэгдсэн эмнэлгийн тогтолцоо. Манай аймгийн эмнэлгүүд Нэгдсэн эмнэлгийн тогтолцоогоор ажиллаж чадаж байгаа. Харин бид нийслэлийн Нэгдсэн эмнэлгийн тогтолцоог өөрчлөх тухай удирдах ажилтнуудын зөвлөлгөөнөөр ярилцсан. Урд нь ч олон удаа ярьсан л даа, одоо энэ асуудлыг дөрөвдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлэх гэж байгаа.
-Тэгэхээр дүүргийн эмнэлгүүдэд ямар өөрчлөлт хийхээр төлөвлөсөн бэ?
-Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг долоогоос доошгүй төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болгоно. Тэгэхээр дотор, мэс засал, гэмтэл, мэдрэл, хүүхэд, төрөх амаржих, сэтгэцийн зэрэг тусламж үйлчилгээ үзүүлдэг болно. Энэ бол том зорилго. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг бүтэц зохион байгуулалтын зургаан бүсэд хуваан нэгдсэн эмнэлгийн тогтолцоонд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Яагаад гэвэл хуруугаа булгалсан хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиж ачаалал үүсгэдэг. Нэгдсэн эмнэлэгт хийх боломжтой хагалгааг заавал гуравдугаар шат лалын эмнэлэгт хийлгэж ачаалал ихэсгэдэг. Тиймээс үйлчлүүлэгчдийг эхлээд Нэгдсэн эмнэлэгт хүлээж аваад тусламж үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бий болно. Тэгэхээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд ачаалал үүсэхгүй. Дүүргийн эмнэлэгт хийж чадахгүй мэргэжлийн тусламж авах бол клиникийн эмнэлэг рүү шилжүүлнэ. Жишээ нь, Яамны харьяа 16 эмнэлэгт ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг аймаг орон нутаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нэг сар ажиллуулахаар тогтож байна.
-Тэгвэл яамны харьяа клиникийн эмнэлгүүдэд ч хийх зүйл байгаа биз дээ?
-Клиникийн 16 эмнэлэг болон бүсийн оношлогоо, эмчилгээний таван төвийг Удирдах зөвлөлтэй болголоо. Удирдах зөвлөлд үйлчлүүлэгч, эмнэлгийн төлөөлөл, Төрийн захиргааны төлөөлөл тус бүр гурав, нийт есөн хүн байх юм. Удирдах зөвлөлийнхөн эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, багаж тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг бодлогын түвшинд ажиллана.
-2012 оныг эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон зарлалаа. Энэ зорилтын хүрээнд ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?
-Чанарын жилийн хүрээнд есөн том зорилго тавьсан. Зорилго тус бүр дотор есөн багц ажил тусгасан. Нийт 81 ажил хийнэ. Гэхдээ бид аль болох бодит ажил тавьсан. Жишээ нь, Монголд хийдэггүй дөрвөн хагалгааг нэвтрүүлнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхэд ганцхан эмнэлэг биш иргэдийн эрүүл мэндийн боловсролоос шууд хамааралтай. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт явуулна. Бас нэг зорилт нь зүрхний титэм судасны нарийслын эмчилгээг нэвтрүүлэх юм. Энэ эмчилгээг нэвтрүүлэхийг ШКТЭ-ийн хэнд үүрэг болгосон.
-Эрүүл мэндийн салбарт ажиллагсад цалин хангамжиндаа сэтгэл дундуур байдаг. Энэ нь салбарын санхүүжилтийн тогтолцоотой холбоотой юу?
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх цаг болсон. Санхүүжилтийн талаар бид гурван гол зарчим баримталж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэд эрүүл мэндийн асуудлаас болоод ядууралд орохгүй байх ёстой. Хоёрдугаарт, Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хийснээрээ буюу ажлынхаа үр дүнгээр цалинждаг байх тогтолцоо.Гуравдугаарт, Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаж, түүгээрээ дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдан авдаг. Энэ тогтолцоонд шилжүүлэхийн тулд аливаа өвчин эмгэгийн эмчилгээний бодит өртгийг нь тооцож, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг түүгээрээ санхүүжнэ гэсэн үг. Тэгэхээр эмнэлгийн мэргэжилтнүүд “Би тийм оноштой энэ хүнд төчнөөн төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ тусламж үйлчилгээг чанартай үзүүлснээр би эмнэлэгтээ төдөн хувийг нь өгнө. Манай баг төчнөөн төгрөгийг нь авна” гэх мэтээр бүх зүйл ойлгомжтой. Тэгвэл иргэд ч даатгалаас миний төлбөрийн 90 хувийг даана. Би арван хувийг нь гаргана гэх мэтээр бүх зүйл тодорхой болно.
-Тэгэхээр даатгуулагчийн хураамжид өөрчлөлт орох болов уу?
-Эрүүл мэндийн даатгал төлдөггүй, төрөөс шимтгэлийг нь даадаг иргэд ч бий. Дээрх иргэдийн даатгалын шимтгэл сард 680 төгрөг байна. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Төрөөс даатгалыг нь хариуцдаг иргэдийн шимтгэлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлбэл иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт нөлөөлнө. Мөн бусад даатгуулагчийн хураамжийн хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг бодитоор тооцох Сангийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс гадна эмч мэргэжилтнүүдийн цалинг ажлын бүтээмжээр нь олгодог тогтолцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ асуудлуудыг дөрөвдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
-Та ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа товч танилцуулаач?
-Бид энэ онд таван том ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхнийх нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил болгон зарлалаа. 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах “Эрүүл хүүхэд- Монгол ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн 11-15 насны охидыг хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Умайн болон хөхний хавдар, зүрх судасны өвчлөл, даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчнийг оношлох үзлэгийг насанд хүрэгчдийн дунд зохион байгуулна. Хавдрыг эрт үед нь оношилж, эмчлэх чиглэлээр “Хавдрын эсрэг хамтдаа” аяныг үргэлжлүүлнэ.
-Та сайдын албан тушаалд хүртлээ маш идэвхтэй, их завгүй ажиллажээ. Өөртөө болон гэр бүлдээ цаг гаргадаг биз дээ. Юу хийж өнгөрөөдөг вэ?
-Хэдий их ажилтай ч гэр бүлдээ болон өөртөө зав гаргахыг хичээдэг. Хөдөө гадаа явахдаа байгалийн зураг авах хообийтой болсон. Харин сагс тоглох цаг маань хязгаарлагдаад байна. Хамгийн сүүлд би өнгөрсөн хоёр дахь өдөр сагс тоглосон. Энэ их ачаалалтай аж лын үед спортоор хичээллэж, энергиэ нөхөн сэргээж байхгүй бол ачааллаа дийлэхгүй унаад өгнө шүү дээ.
Э.ЭНХМАА /mongolnews.mn/