2012-02-27Цөмийн энергийн газрын дарга С.Энхбаттай ярилцлаа
-Сүүлийн үед танай байгууллага болоод тантай холбоотой асуудал ихээхэн анхаарал татаж байна. Тантай уулзаж эдгээр болон өөр олон асуудлын талаар тодруулах гэж багагүй хөөцөлдлөө шүү?
-Тийм ээ. Өөртэй чинь уулзахаар цаг тохирчихоод байтал миний өрөөний цоожийг нь солиод түгжээд явчихсан. Тэгээд ямар ийм байдалтай уулзалтай биш гэж бодоод л тэр. Намайг суудалтайгаа үлдэхийн тулд олон юм ярилаа гэх мэтээр ярьж, бичиж байна. Тэгэхээр би энд байгаа цагт цөмийн хог хаягдал булшлах болоод элдэв бусармаг зүйл хийхийг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Харин намайг албан тушаалаас буулгачихаад өөрсдийнх нь үгээр байдаг, гар хөл нь болж чадах тийм хүнээр гэрээнд гарын үсэг зуруулах санаатай байх шиг байна. Сүүлийн үед манай байгууллагыг тойрсон юм их байна. Ерөнхий сайд нь хүртэл хууль бус тогтоол гаргаад түүнийгээ үнэн болгохын тулд мөн л хууль бус томилгоо хийх жишээтэй.
Ингээд бодохоор худал юм бүхэн хуурамч, худлаа бүхнийг л дагуулах юм. Гэтэл яригдаж байгаа асуудлуудыг шийдэгдтэл энэ хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг хориглоно гэсэн шүүхийн захирамж гарсан. Тэгэхээр би энэ байгууллагын удирдлага хэвээрээ байгаа. Энэ бүхний цаана маш том сонирхол байна гэдэг нь олгомжтой.
-Тийм үү. Яагаад цоожийг нь сольсон юм бол?
-Манай өрөөний агааржуулалтын системийг нь засах хэрэгтэй гэхээр нь туслахтайгаа хамт гараад явсан чинь ийм юм болсон. Бодвол шинээр томилогдсон дарга нь ийм ажил сэдсэн юм байгаа биз. Шинээр томилогдсон дарга нь ч гэсэн аль эрт ажлаасаа халагдчихсан хүн. Гэтэл ийм хүнээ манай нэг газрын дарга гэж олон нийтэд худлаа мэдээлээд даргаар томилж байдаг.
Намайг эндээс ямар нэгэн арга сэдэж байгаад л зайлуулах санаатай байгаа юм. Хүн жаахан ч гэсэн жудагтай байх ёстой. Гэтэл энэ төрд байгаа хүмүүст ичих нүүр гэж алга. Бүр сүүлдээ тамга тэмдэг нь алга болсон гээд шинээр хийлгэж байгаа сурагтай. (Тамгаа гаргаж ирэн дарж үзүүлэв)
-Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай асуудал яригдаж нэлээд шуугиан тариад байгаа. Энэ асуудал одоо яг юу болов оо?
-Энэ Засгийн газар, Ерөнхий сайдын үед бүх зүйл замбараагаа алдлаа. Дуртай нэг нь манай салбарын талаар ярьж байдаг болж. Бүр сүүлдээ манай салбарын талаарх гэрээ, хэлэлцээрүүдэд биднийг оролцуулахаа больсон. Хоёр жилийн өмнөөс намайг оролдож эхэлсэн. Тухайн үед хуралд ирээгүй гэдэг яриаг өдий хүртэл тоть шиг давтаад байгаа юм.
Тэр үед юу болсон бэ гэхээр, намайг амар гэхээр нь би хөдөө явчихгүй юу. Утасны сүлжээ барихгүй газар л даа. Тэгээд хэд хоногийн дараа төв рүү ороод утсаа асаатал Ерөнхий сайдын туслахаас яаралтай хуралд ир гэсэн мессеж тав хоногийн өмнө ирсэн байсан. Ийм л зүйл болсон. Өөрөө амар гэж явуулчихаад араас нь ийм юм ярихаар юу гэж ойлгох уу. Бас нэг сэтгэл түгшээсэн асуудал бол манай байгууллагаас гадуур цөмийн хог хаягдал булшлах тухай яриа.
Энэ асуудлын талаар тэр дор нь мэдсэн нь ч бий, сүүлд мэдсэн ч байна, мэдэгдэхгүй байгаа зүйл ч их байна. Тэгэхээр цөмийн хог хаягдал булшлах тухай асуудлыг манай байгууллагаас салангид авч үзэж болохгүй. Тийм ч боломжгүй. Бид хэдийгээр дотроо үг хэлээ ололцохгүй байгаа ч гадныхан бол үүн дээр маш нухацтай ханддаг.
Тэд хуулиа маш нарийн баримталдаг. Тухайн орныхоо холбогдох байгууллагатай нь гэрээ, хэлэлцээр хийж байж үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнээс хаа хамаагүй байгууллагатай гэрээ хийгээд бүх асуудлыг шийдчихдэг юм биш.
-Тэгвэл гэрээ нь хэрхэн хийгдсэн юм бэ?
-Яг тэр гэрээг байгуулсан гэдэг нь батапгаа байхгүй. Харин байгуулах гэж байна уу гэдэг сэжиг байна. Учир нь намайг энэ суудлаас зайлуулж байгаад нөгөө гэрээгээ байгуулж мэдэх юм гэсэн хардлага төрөөд байгаа юм. Харин үүний тухай ярьсан хүмүүс бол олон байгаа. Харин тэдгээрийн нэрийг хэлэхгүй байгаа нь миний хувьд цаанаа учиртай.
Тэрийг одоогоор хэлэх боломжгүй байна. Цаг нь ирэхээр хэлнэ. Товчхондоо хэлэхэд одоогийн энэ Засгийн газар гэж ойлгож болно. Бидний төлөө ажиллах ёстой хүмүүс харин өнөөдөр ард түмнийхээ эсрэг л ажиллаж байна. Ер нь гэрээний талаарх асуудлыг дотроосоо бус гадны хэвлэлээс л олж мэдэх юм байна шүү дээ. Өөр нэг суваг нь цөмийн асуудал эрхэлсэн гадны байгууллага.
Танай нэг тэр хүн ийм юм ярьсан. Ийм боломжтой юу гэж лавласан. Тухайн үед нь манайд хараахан ийм боломж байхгүй гэдгийг нь хэлсэн.
-Яг ямар албан тушаалтай, хэн нь оролцсон юм бэ?
-Нэрийг нь хэлэхэд хэзээ ч оройтохгүй. Янз бүрийн хүмүүс байгаа. Хувь хүн ч, байна, пүүс компанийнх, бүр дарга сайдын сэнтийтэй хүмүүс ч байна. Тэгэхээр энд бизнес сонирхолтой бүлэглэл байгаа нь тодорхой. Ер нь бол их өргөн хүрээтэй оролцсон. Би энэ албан тушаалд байсан байгаагүй хэлэх л болно. Гэхдээ гэрээнд хэн ч гарын үсэг зурсан байлаа гээд цөмийн энергийн газар л оролцоогүй бол тэр нь хүчин төгөлдөр бус. Олон улсын дүрэм, журам, стандарт гэж нэг юм байна даа. Түүнд цөмийн асуудлын талаар тухайн салбар эрхэлсэн газартай нь гэрээ, хэлэцээр хийх ёстой. Эс тэгвээс тухайн гэрээ нь хүчин төгөлдөр биш гэдгийг заасан байдаг юм. Яахав гэрээ ерөнхий байдлаараа яригдсан байж магад. Гэрээг нууцаар хийчихэж болно. Харин нууцаар оруулж ирэхийг би боломжгүй гэж харж байгаа. Учир нь мэргэжлийн байгууллага болох хяналт нь манайд байна шүү дээ. Гэтэл бас надад байгаа мэдээллээр тэд нар нууцаар ч оруулж ирж мэдэх юм гэсэн хардлага байна.
-Тэд гэж та хэнийг хэлээд байгаа юм бэ?
-Одоогийн Засгийн газар түүнд шургалсан олигархууд. Нам энээ тэр гэж талцдаг нь яг нарийн дээрээ шал худлаа. Өвөр түрүүдээ орсон мөнгөний төлөө юуг ч хийж мэдэх ийм л бүлэглэл хүмүүс болжээ. Гэхдээ ард түмнээ худалдаж болохгүй биз дээ. Арай дэндэж байна.
-Цөмийн хог хаягдал булшлах тухай асуудал одоогоор түр намжаад байна. Тухайн үед нэг килограммыг нь бараг 500 ам.доллараар гэж яригдаж байсан?
-Одоогоор тэд ярихгүйгээр хийх байлгүй дээ. Нууц гэрээ байгуулах гэж зүтгэж хууль бус олон юм хийж чадсан юм чинь нууцаар оруулж ирэхийг үгүйсгэх аргагүй. Харин энэ талаар ярьсан хүн бүрийг төрийн нууц задруулсан хэргээр шоронд хийх байлгүй. Хэдэн төгрөгөөр гэдгийг нь ёстой мэдэхгүй юм байна. Ер нь бол цөмийн хог хаягдлыг хадгалах асуудал өндөр өртөгтэй байдаг. Түүнээс гадна зуучилсны хөлс гэж юм байна. Ингээд бодохоор тэрбумаар яригдах том тоо гарна. Энэ бол зэвсэг, олон улсын аюулгүй байдалтай холбоотой маш том асуудал. Зүгээр нэг хүн очоод гэрээ хийчихдэг юм биш. Тэгээд ч манай улс чинь олон улсын гэрээ, конвенцийг зөрчиж энэ асуудалд хөнгөн хандахгүй байх гэж итгэж байна.
-Тэгээд нууцаар оруулж ирэх боломжтой гэж үү?
-Магадгүй. Галт тэргээр боломж муу. Учир нь хил дээр хяналтын багажтай тусгай хүмүүс байгаа. Харин онгоцоор бол онгоцны буудал нь хяналттай болохоос өөр газарт хяналт байхгүй. Ийм өргөн уудам газар нутагтай манай хаа нэгтээ буулгаад хаячихыг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Одоо хоёулаа танай салбарын талаар ярилцъя. Энэ салбарт хийж байгаа ажлуудын талаар?
-Манай газрыг нэг хэсэг бүлэг хүмүүс их эсэргүүцсэн. Цөмийн энергийн салбар өөрөө аль ч оронд тусдаа байр суурь эзэлдэг стратегийн их ач холбогдолтой юм. Энэ салбарт замбараагүй байдлыг манай энэ газар байгууллагдсанаар халах гэж оролдсон. Хэн дуртай нь юу дуртайгаа цөмийн болоод цацрагийн салбарт хийж байдаг байлаа. Гэтэл манай шинээр хийсэн хууль энэ байдлыг нь хязгаарлаад өгчихсөн. Энэ хуульд нэг орны болоод нэг бүлэглэлийн гарт орох боломжгүй. Учир нь хуулиндаа тусгай бүлэг суулгаж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр ураны тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаний удирдлагыг солих эсвэл эзэмшлийн таваас дээш хувийг ашиглах тохиолдол монголын Засгийн газраас зөвшөөрөл авна гээд. Дараагийн нэг хязгаарлалт бол стратегийн чухал энэ түүхий эдийг хаашаа гаргахыг бид өөрсдөө мэднэ. Тэгээд ч энхийн зорилгоор ашиглах ёстой. Манай улс өөрсдөө дайны зорилгоор ашиглахгүй гээд тунхаглачихсан шүү дээ. Түүнээс гадна нэмүү өртөг шингээж буюу шар нунтагаар гаргана. Шороогоор нь гаргавал бидэнд ашиггүй. Ядаж мини түвшинд боловсруулалт хийх ёстой. Энэ мэтчилэн олон зүйлийг санаачилан хийсэн.
О.Ууганжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”