2012-02-16Сурч боловсорч, ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан монголчуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн.
Тэднээс амжилт бүтээлээрээ монголынхоо нэрийг дэлхийн чихнээ дуурсгаж яваа элэг нэгтнүүд олон бий ч сайны хажуугаар саар гэгчээр гэмт хэрэгт холбогдож аавын хаалга татсан нэгэн ч цөөнгүй байна.
Гадаад харилцааны яамны Консулын газраас авсан сүүлийн үеийн мэдээллээр харийн нутагт ойролцоогоор 150 мянган хүн амьдардаг гэнэ. Тэднээс 16 улсад 200 гаруй хүн гэмт хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял шийтгэл хүлээсэн 120 хүн бий гэв.
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс дотор дипломат ажилтан, дуучин, түүгээр ч зогсохгүй төрийн өндөр дээд албан тушаалтны үр хүүхдийн нэр ч дуулддаг. Харин зарим нэг мэдээлэлд Консулын газраас няцаалт өгч буй ч баттай эх сурвалжийн мэдээллүүд хэвлэл мэдээллээр нийтлэгдсээр ирсэн юм. Тэдгээр хүмүүсийн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар сүүлийн үеийн мэдээллийг доор сийрүүлье.
А.Батсайханы хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж байна
ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргын алба хашиж байсан Авирмэдын Батсайхан Польш улсад тамхины хэргээр өнгөрөгч онд саатуулагдсан юм. Түүнийг 2004-2007 онд БНПУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа янжуур тамхи тус улсын хилээр хууль бусаар дамжуулан зөөвөрлөсөн байж болзошгүй гэж сэжигтнээр татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Энэ тухай БНПУ-ын Люблин дэх Прокурорын газраас манай Гадаад харилцааны яамд хандан ”Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн нэг, 258 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасныг үндэслэн Авирмэдын Батсайханд тус улсын Баруун Люблин дүүргийн шүүхээс гурван сарын хугацаатай хорих шийдвэрийг гаргалаа” гэх албан тоотыг илгээж байв. Гэвч сар гаруй хугацааны дараа түүнийг тус улсын шүүхээс батлан даалтад гаргаж, хэргийг нь прокуророос нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан байна.
Одоогоор А.Батсайханд холбогдох хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тамхины хэрэгт холбогдсон А.Батсайхан нь БНПУ-д томилогдохоосоо өмнө буюу 1992-1998 онд монголд Төрийн ёслолын албанд ажиллаж байгаад 1999 онд Дипломатын академид суралцжээ. 2003-2007 онд Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яаманд түр хамаарагчаар томилогдсон байна.
Дараа нь буюу 2008-2010 онд Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан аж. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны II нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрөгч 2009 онд томилогдсон юм.
АНУ-д хоёр монгол согтуугаар автомашин жолоодож осол гаргав
АНУ-ын Индиана мужийн Валпарайско хотын цагдаагийн газарт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хоёр Монгол залуу автомашины осол гаргасны улмаас саатуулагдсан юм.
Тэдний талаар ГХЯ-д өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй гэсэн тайлбарыг албаны эх сурвалж өгч байна. Тухайн үеийн мэдээллээр 47 настай Б.Цэрэнжанхар, 46 настай М.Хангай нарыг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргахад нь тус улсын хууль сахиулагчид баривчилсан аж.
Тэд мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Чикаго руу явж байсан боловч замын хальтаргаанаас болж онхолдлоо. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэж ээ. Хууль сахиулагчид М.Хангай нарыг ослын дараагаар гэмтлийг тогтоохын тулд ойролцоох эмнэлэгт хүргээд эмчийн үзлэгээр оруулахад Б.Цэрэнжанхарын согтолтын зэрэг хэвийн хэмжээнээс гурав дахин их гарч улмаар баривчлах ялаар шийтгүүлэх шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Түүнчлэн М.Хангай нь Индиана болон Иллиноис мужуудад гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Одоогийн байдлаар тэдний хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Сингапур Улсад гурван монгол хулгайч ял сонслоо
Монголын харьяат гурван залуу Сингапур Улсад хулгай хийж, бусдын зээлийн картыг хууль бусаар ашигласан хэргээр ял сонссон тухай мэдээлэл олон улсын сайтуудаар өнгөрөгч онд цацагдсан юм.
Тус улсын channelnewsasia.com сайтад нийтэлснээр Х.Хашбат, В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нар хөл ихтэй хэд хэдэн газрыг хараандаа авч, бусдын халаасыг ухаж, хулгайлсан зээлийн картаа ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоосон тухай мэдээлэл гарч байв.
Тодруулбал Т.Эрхэмбаатар нарын гурван хулгайч нийт 81,000 сингапур долларын үнэ бүхий үнэт эдлэл, цахилгаан хэрэгсэл хулгайлсан хэрэгт анх саатуулагдсан байна. Улмаар тэдэнд холбогдох хулгайн хэргийг шүүхээс хэлэлцэн 25 настай Х.Хашбатад 6,5 жил шоронд хорих ял оноосон бол түүний хамсаатан болох 31 настай В.Баярсайхан, Т.Эрхэмбаатар нарт хулгай хийж, залилан хийсэн хэргээр 4,6 жилийн ял оноосон байна.
Гэмт хэрэгтнүүд хулгайлсан мөнгөөрөө Сингапурын Мустафа худалдааны төвөөс бугуйвч, бөгж, iPad худалдан авсан бөгөөд Монголд авчран худалдаалах гэж байсан гэж мэдүүлжээ. Тэд өнөөг хүртэл Сингапур Улсын шоронд ялаа эдлэж байгаа юм.
ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргын хүүгийн шүүх хурал болжээ
Монгол Улсын хоёр оюутан 500 грамм хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын цагдаагийнханд баригдсан хэрэг өнгөрсөн жилийн аравдугаар сард гарсан. Тэдгээр оюутны нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүүхэд гэсэн “мессеж” гадуур тархаад байсан юм.
Эл мэдээллийг албаны эх сурвалжууд маш өндөр зэрэглэлд нууцалж байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр 25 настай А, 35 настай А нарт холбогдох хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэргийг БНХАУ-ын Ардын шүүхэд өнгөрөгч долоо хоногт хэлэлцсэн ч эцсийн байдлаар шүүхийн тогтоол гараагүй байна.
Учир нь шүүгчид уг хэрэгтэй 14 хоног танилцах хугацаа шаардлагатай гэж үзсэн аж. Өнгөрөгч онд өмнөд хөршид Монгол улсын 16 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон тухай албан мэдээ бий. Тэдгээрийн дийлэнхи нь эмэгтэйчүүд гэнэ. Хэрэгт холбогдсон хүмүүс 20-55 насныхан байжээ.
С.Бат-Отгон хяналтын шатны шүүхэд хандах эрхтэй
Швед улсын Стокгольм хотод 18 настай Ребар Шариф гэх залууг хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Монгол Улсын иргэн, “S and I” хамтлагийн гишүүн байсан С.Бат-Отгонд тус улсын шүүхээс 12 жилийн хорих ял оноосон юм.
Уг шийдвэрийг хохирогчийн тал эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргасан . Гомдлыг нь саяхан тус улсын шүүхээс хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ.
Шүүх хуралд Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан, өмгөөлөгч нар оролцсон байна. Хэргийн талаар нэхэн сануулбал, өнгөрөгч оны долдугаар сарын 11-нд Швед улсын Стокгольм хотын нэгэн хөлбөмбөгийн талбайд хөлбөмбөг тоглож байсан Ребар Шариф гэх залуу бусдад хутгалуулан, амь насаа алдсан юм. Хэргийн газрын ойролцоо байсан гэрчүүдийн мэдүүлгийн дагуу Монгол Улсын иргэн С.Бат-Отгоныг энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн ажилтнууд саатуулснаар анх түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Хэдийгээр уг хэргийг үйлдсэн С.Бат-Отгоныг аргагүй хамгаалалт хийж хүний аминд хүрсэн гэж шүүхээс үзсэн ч хохирогч амь насаа алдсан, хүйтэн зэвсэг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхээс түүнд 12 жилийн хорих ялыг оноогоод байгаа юм. Тэрбээр тус улсын хяналтын шатанд гомдол гаргах л үлдээд байна.
Н.Бүжин shuud