2012-02-02Шинэ оны босгон дээр УИХ-ын гишүүн X. Тэмүүжин “Цагдаагийн тэмдэглэл” гэгдэх хуудас цаас сэтгүүлчдэд тарааж, иргэдийг гайхшруулсан. Уг тэмдэглэлд дурьдагдсан цагдаагийн албан хаагчдын зарим нь Ганц худагт хоригдож байсан. Тэгвэл тэдний нэг болох Д. Төмөрбаатартай ярилцлаа. Тэрбээр Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 02 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажилладаг юм байна.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр та Эргүүл хамгаалалтын газарт ажиллаж байсан. Тухайн үед ямар цолтой байв?
-Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн ахлах ахлагч цолтой ажиллаж байсан. Энгийн ажлын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу явган эргүүлээр, харин баяр ёслолын үеэр хамгаалалтад гарч ажилладаг байсан юм.
-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?
-14 дэх жилдээ ажиллаж байна. Одоо цагдаагийн дэслэгч цолтой, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 02 дугаар хэлтсийн эргүүлийн офицероор ажилладаг.
-2008 он бол сонгуулийн жил байсан. Энэ үед эргүүлийн цагдаа нар сонгуулийн хэсгийн хороодын хамгаалалтад ажиллаж байгаад долдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд шууд хамгаалалтад ирж ажилласан гэж сонссон. Тэр үед чухам яаж ажилласан юм бэ?
-Зургадугаар сарын 25-наас санагдаж байна, бэлэн байдал зарлаад анги дээрээ ажиллаж байсан. Тусгай тасагт ажиллаж байсан болохоор байнгын бэлэн байдалд ажилладаг байсан л даа.
-Долдугаар сарын 1-нд хаана хамгаалалтад гарсан бэ?
-Эргүүл хамгаалалтын газрынхан МАХН-ын төв байрны баруун талд хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Тэнд л ажилласан.
-Жагсагчид цагдаа нарыг аймшигтайгаар зодож байсан. Чулуу, мод шидэх, төмөр хашлагаар сүлбэх гээд янз бүрийн байдлаар эсэргүүцэл илэрхийлж байсныг санаж байна. Таны хувьд гэмтэл бэртэл хэр авсан бэ?
-Аваагүй гэмтэл байхгүй гэвэл үнэнд илүү ойртоно. Гэмтээгүй газар байхгүй. Харин гэмтэл нь л хөнгөн, хүндэвтэр байснаараа ялгаатай байх. Эхнээс нь дуустал үүрэг гүйцэтгэсэн болохоор гэмтэл их авсан. Одоо болтол эмнэлгээр гүйж л явна. Хоёр өвдөг бэртэлтэй болохоор удаан алхахад жаахан хэцүү байдаг. Албанаас гэмтсэн цагдаа нарыг их анхаарч байгаа. Эмчилгээ, эрүүл мэндийн шинжилгээнд байнга хамруулдаг. Маргааш гэхэд л өвдөгний зураг авахуулах гээд сууж байна.
-Таныг энэ хэргийн улмаас хоригдож байсныг мэдэх юм байна. Жагсаалаас хойш хэдэн хоногийн дараа баривчлагдсан бэ?
-2008 оны наймдугаар сарын 19-ний орой хорих боллоо гээд Ганц худаг руу шууд ачигдсан.
-Ганц худагт хоригдсон цагдаа нар өлсгөлөн зарласан нь багагүй шуугиан тарьж байсан. Та тэдгээр албан хаагчдын нэг байх аа?
-Ганц худагт31 хоног саатуулагдаж, 11 хоногт нь өлсгөлөн зарласан. Төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хийх ёстой ажлаа хийж ажиллачихаад, буруутгагдан саатуулагдсан болохоор шударга үнэний төлөө өлсгөлөн зарласан юм. Асуудалд шударга хандаасай, цагдаагийн албан хаагчид үүргээ л гүйцэтгэсэн гэдгийг ард түмэн, төр засаг ойлгоосой гэдэг үүднээс өлсгөлөн зарласан болохоор эрсдэлээс айгаагүй. Харин суллагдах үед бие тааруу, хүндхэн байсан. Ганц худагаас суллагдаад шууд л яамны эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Тэндээс Төмөр замын эмнэлэгт шилжиж эмчилгээ хийлгэсэн.
-Ингэхэд танайх ам бүл хэдүүлээ вэ. Долдугаар сарын 1-нд бэртэж гэмтсэн цагдаа нарт Засгийн газраас тусламж үзүүлсэн гэж сонссон. Та тэр тусламжид хамрагдсан уу?
-Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань удахгүй төрне. Тулгар биетэй болохоор хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Хамгаалалтад гарсан цагдаа нарт төрөөс буцалтгүй тусламж нэг удаа олгосон. Миний гэмтэл хөнгөн байсан болохоор 700 мянган төгрөгийн тусламж өгнө гээд татвараа төлөөд 659 мянган төгрөг авсан. Цалин багатай цагдаагийн ажилтнуудад энэ мөнгө багагүй тус болсон гэж боддог. Миний хувьд л гэхэд байнгын эмчилгээнд хамрагдаж байгаа болохоор их тусламж болсон шүү.
-2008 онд цагдаа байсан нэр бүхий албан хаагчид офицер болсон нь зарим улстөрчдийн хардлагыг төрүүлээд байх шиг. Ийм хардлагын сүүдэрт таны нэр ч бас дурьдагдсан байна билээ?
-Монгол Улсын иргэн хэн ч байсан сурч боловсрох эрх нь нээлттэй байдаг гэж ойлгодог. 2008 онд би оюутан байсан. Цагдаагаар ажиллаж байхдаа академид суралцсан юм. Тэгээд 2009 онд төгсч, цолоо авсан.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр бүхий цагдаа нарыг газар ухаж, үймээний үеэр иргэдийн зүг буудсан байж болзошгүй буунуудын цохилуурыг өөрчилсөн гэдэг мэдээлэл хийсэн. Тэр баримтад таны нэр байсан?
-Х.Тэмүүжин гишүүнийг тийм мэдээлэл хийхэд үнэхээр гайхсан. Газар ухаж, бууны цохилуур өөрчилсөн гэсэн тэр өдөр би Ганц худагт хоригдож байсан. Тэгэхээр яалаа гэж газар ухаад, суух вэ дээ. Аливаа эүйлд жаахан бодолтой хандах ёстой санагддаг. Надад эрх мэдэл нь байна гээд бусдыг гүтгэж болохгүй. Ялангуяа төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн албан хаагчид бид хэлгүй, дүлий юм шиг байж, хэн нэгэн улс төрчдийн аманд багтаж амьдарна гэж байхгүй шүү дээ.
-Тэр өдрийн тэмдэглэлийг хэн бичсэн юм бол. Магадгүй танд тэр л болов уу гэсэн таамаглал байж болох юм?
-Хэн өдрийм тэмдэглэл бичээд суух юм бэ. Тэнэг хүн ч тийм үлгэр зохиохгүй байх. 2008 оны долдугаар сарын 1-нд хамгаалалтад ажилласан цагдаа нарт ус уух ч зав байгаагүй. Утаа тортог, гал усыг орхиё гэхэд зай завгүй уухайлан дайрах хөөрсөн залуучуудын дайралт цагдаа нарт амсхийх зав өгөөгүй, аймшигтай байсныг монголчууд мартаагүй байх.
-Жагсаал эрт эхэлсэн. Хоол цайгаа идэж ууж амжсан болов уу, цагдаа нар?
-Ангийн гуанзанд хоол идсэн. Иргэд чулуугаар шидэж эхэлсэний дараахан л юм даг. Цагийг нь сайн санахгүй байна.
-Хамгаалах хэрэгсэл цагдаа нарт өгөвгүй юм уу. Ядаж л гав бороохой байсан биз дээ, та нарт?
-Гав бороохой байсан ч, сүүлдээ жагсагчдад алдчихсан шүү дээ. Дуртай нь ирээд цагдаа нарыг зодож, нүдэж байсан. Харин онц байдал зарласаны дараа “АКМ” буу, сургуулилтын сум олгосон.
-Цагдаа нарыг иргэд рүү буудсан гэлцдэг. Та буудсан уу?
-Бид нарыг галт зэвсэгээр буудсан гэж ярьдаг юм билээ. Гэтэл бид тэнд сургуулилтын сумаар анхааруулж буудсан. Энийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Дараа нь шинжээчдийн дүгнэлт ч үүнийг нотолдог гэж сонссон юм байна. Сэтгэл санааны шаналгаа гэдэг ямар ч шарх сорвиос илүү зовоодог гэдгийг энэ хугацаанд хамгийн ихээр ойлгодог боллоо. Заримдаа ч “ямар юманд ороолдчихов доо” гэж бодогдох үө их байх юм. Миний хувьд тэр өдрийг аль болох санахгүй юмсан гэж боддог.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”