2012-01-28Монгол залуус дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа тухай дуулаад бид гайхан шагшрахаа хэдийнэ больжээ.

Боловсролтой, мэдлэгтэй, чадалтай монгол хөвгүүд дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гарган бусадтай эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Монголын гэгээ болсон ийм залуусаараа бид бахархах учиртай юм. Энэ залууг Эрдэнэдалайн Энхдаваа гэдэг. Япон улсын Нагоя хотод ажиллаж амьдардаг. Манайд хаа сайгүй элбэг Corolla, RAV4-өөс өгсүүлээд “томчууд”-ын чамирхан унадаг Land cruiser-үүд болон Lexus IS, Lexus GS, Lexus CT200 зэрэг “Тоёота”-гийн нэр нүүр болсон ганган хүлгүүдийг үйлдвэрлэхэд тэрбээр гар бие оролцсон. “Тоёота” корпорацид ажилладаг монгол залуутай саяхны нэг өдөр чаатаар ярилцсанаа танд хүргэе.
-Сайн байна уу?
-Сайн, сайн уу?
-Ажил чинь үргэлж ингэж орой тардаг уу?
-Ер нь тийм дээ. 21.00 цагт тардаг. Гэр зайтай, машинаар 50 минут явна. Ганцаараа байгаа болохоор хоол унд гэж явсаар оройтно оо. Гэхдээ өнөөдөр өөртэй чинь цаг тохирсон болохоор байнга ирдгээсээ эрт орж ирлээ.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэнэдалайн Энхдаваа гэдэг. 30 настай. Эхнэр, удахгүй гурав хүрэх нэг охинтой. “Соёл эрдэм” дээд сургуулийг 2002 онд япон хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Анх 11 настай байхдаа Японы Фүкүока хотод Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн чуулга уулзалтад оролцохоор ирж байлаа. Монголын Хүүхдийн ордонд болсон “Үе чацуутан” гэдэг урлагийн тэмцээнд орж шалгараад есөн хүүхэдтэй цуг ирсэн. Чуулга уулзалтад оролцож, өөрийн орны соёл урлаг, зан заншлыг сурталчилж байсан. Тухайн үед чуулга уулзалтыг зохион байгуулах хорооноос биднийг “Ниссан” машины үйлдвэртэй танилцуулсан юм. Тэр цагаас хойш том болоод машинтай холбоотой ажил хийдэг хүн болно гэж мөрөөдөх болсон. Гэхдээ би машин техникийн чиглэлээр сургуульд мэргэшээгүй. Тэгтэл одоо би санамсаргүй боловч мөрөөдөж байсан тэр ажлаа хийж байна.
-Багш, орчуулагч хүн яаж яваад машин техниктэй холбоотой ажил хийх болов?
-Дээд сургуульд япон хэлээ сайн сурч, манай сургуультай харилцаа холбоотой ажилладаг Японы “Бютик” гэдэг компанид эхлээд дадлагажигч оюутнаар ирсэн. Тэгээд яваандаа энэ компанид ажилтан болсон. Одоо долоон жил болж байна. Энэ компани маань олон төрлийн бизнес эрхэлдэг. Тэр дотроо машины хуванцар эд ангийн зураг төсөл, үйлдвэрлэл хариуцдаг хэлтэст нь би харьяалагддаг. Манайх “Тоёота”, “Сүзүки”, “Мицүбиши”, “Ниссан” зэрэг ком панитай хамтарч ажилладаг. Одоо үйлдвэрлэж байгаа машины дараагийн загварт орох эд анги, мөн чимэг лэлүүдийг нь хийдэг. Бид 3D софт ашиглаж тэрхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрт шилжүүлэхээс өмнөх зураглал,хэмжээ дүрс, хэлбэрийг нь зурдаг юм.
-Нэлээн сайн оюутан байж л тэнд ажилд орно биз, тийм үү?
-Дадлагажигч оюутнуудаас нэлээн хэдэн хүнийг сонгож авсан. Одоо ч дадлагажигч оюутан авч ажиллуулдаг. Монголоос ирж ажилласан залуусын тоо 100 лав хүрсэн. Ихэнх нь “Соёл эрдэм” дээд сургуулийн төгсөгчид. Манай сургууль энэ тал дээр илүү гэж боддог шүү.
-Чи тэгэхээр компанийнхаа шугамаар “Тоёота”-д орж ажилладаг гэсэн үг үү?
-Тийм л дээ. Хоёр компанийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Тоёота”-д кад мастер буюу инженерийн ажил хийдэг. Ер нь “Тоёота”-д олон компаниас залуус ирж ажилладаг. Кад мастер гэдэг маань энгийнээр тайлбарлахад компьютерийн тусгай программ ашиглаж, 3D орон зайт софтоор машины хэмжээгээр зурна гэсэн үг.
-Сүүлийн үед машины чиг хандлага хаашаа явж байна вэ. Эко түлш, эко машин гэж ярих болсон?
-Байгаль дэлхийд хор уршиг багатай машин үйлдвэрлэх, шинэ технологи ашиглах тал дээр бүгд анхаарч байна. Hybrid буюу хос хөдөлгүүрт машин, цахилгаан эрчим хүчээр ажилладаг машин үйлдвэрлэхэд түлхүү анхаарах болсон.
-Чи тийм машины загвар дээр ажилладаг уу?
-Ажиллаж байна аа. Гэхдээ энд нэг эндүүрэл болох вий. Загвар гэдэг бол бүхэлд нь хэлж байгаа хэрэг. Бид нэгээхэн хэсэг дээр нь ажилладаг.
-“Тоёота”-д ажиллаад удаж байна уу?
-“Тоёота” корпораци бол группээрээ ажилладаг компани. Би тэр доторх гурван компанид орж ажиллаж байлаа. Анх “Тоёота боүшокү” гэдэг салбарт нь 2006 онд хагас жил ажилласан. Үүний дараа “J-TACS” гээд чимэглэл тоноглол хийдэг хэсэгт хоёр жил болсон. Одоо “Тоёота авто боди” гэдэг компанид ажиллаж байна.
-Яг ямар ямар машинууд дээр ажиллаж байв?
-Ер нь бол маш олон төрөл дээр нь ажилласан. Ялангуяа “J-TACS”-т байхдаа. Тэр хэлтэс стандарт загваруудыг чимэглэж тоноглоод, гупер, хормой, никел чимэглэлүүд хийгээд Арабын орнууд руу гаргадаг юм. Хийсэн ажлаасаа дурдвал Land cruiser-ийн 60 жилийн ойд зориулсан загвар дээр ажилласан. Манайхан Монголд их унаж байна лээ. Land cruiser гэдэг машиныг анх 1951 онд үйлдвэрлэсэн юм билээ. Одоо бол дэлхийд SUV буюу манайхны хэлдгээр жийп төрөлдөө хамгийн олон хүн мэддэг машин. 60 жилийнх нь ойд зориулж 2011 онд тусгай чимэглэл тоноглол хийж, жилийн турш зарсан. Ер нь загваруудын хувьд жил бүр шинээр гаргадаг. Миний ажиллаж байсан загварууд гэвэл RAV4, Corolla, Lexus IS, Lexus GS, Lexus CT200 байна. Сүүлийн энэ машины хаалганы чимэглэл дээр дан монгол залуус ажилласан. Бас LX570-ыг хийхэд ч монголчууд оролцсон. Хаалганы доод ирмэгээр нь никелээр бүрсэн нарийхан урт чимэглэл байдаг юм. Тэрийг монгол залуус хийсэн. Би тэр төслийг удирдсан юм.

-“Тоёота”-д ажилладаг хүн мундаг машин унана биз?
-Үгүй дээ. Би ажилдаа ирж очихдоо компанийнхаа машиныг хэрэглэдэг.
- Японы том компаниудад мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуус олон уу?
-Нэлээд бий. Миний мэдэхээр “Исүзү”-д байна. “Тоёота”-гийн үйлдвэрт ч залуус бий. Манайхаас 2-3 монгол залуу “Канто” гээд “Тоёота”-гийн салбарт ажиллаж байгаа. “Сүмитомо”-д бас бий. Ер нь манайхан хаана ч сайн явдаг. Америкт ч, Европт ч ялгаагүй.
-Чиний ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Товчхон хэлэхэд оволзоод л өнгөрнө. Өглөө 08:30 цагаас ажил эхэлж, орой 21:00 цагт дуусдаг. Цаг хугацаанд нь ажлаа хийж дуусгахгүй бол олон хүний ажлыг алдуулна. Тийм болохоор яг хугацаанд нь гаргах биш, аль болох хугацаанаас нь өмнө хийж өгөхийг хүсдэг.
-Нууц биш бол чи ямар цалин авдаг вэ?
-Нууц. Би хэлэхийг хүсэхгүй байна, ойлгоорой.
-“Тоёота”-д ажилладаг хүмүүсийн цалин өндөр үү?
-Би бусад хүмүүс ямар цалин авдгийг үнэндээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ боломжийн байх.
-Эх орондоо ирж ажиллая гэж боддог л биз дээ?
-Бодолгүй яах вэ. Монголд дүүрэн боломж байна шүү дээ. Яахав, зарим нэгэн саарал зүйл байна л даа. Яг одоохондоо миний хувьд өөрт оногдсон ажил байна. Хүн надад итгээд хийлгэж байгаа болохоор түүнийгээ эхлээд дуусгая.
-Манай залуус нэг үеэ бодоход олноороо гадаадад сурч, өндөр боловсролтой болж байна. Эх орноо хөгж үүлэх талаар ч их ярьдаг болсон?
-Энэ бол залуу хүн бүрийн бодох асуудал. Бид мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Сайхан амьдрах мөрөөдөл ч байж болно. Гэхдээ залуучууд мөрөөдлөө биелүүлж чадах эрх зүйн орчин нь манайд арай бүрдээгүй байх шиг. Эх орноо хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Бидэнд тэр хөгжил нь харагдахгүй байна. Гэхдээ олон жил гадаадад байчихаад эх орон маань болохгүй байна гэж хэлэх учир дутагдалтай л даа.
-Монголд юу болж байгаа талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ. Шатахууны үнэ, сонгууль, улс төр юу болж байна гээд л…
-Интернэт ашиглаж л мэдээлэл авдаг. Улс төрд сонирхол татах зүйл нэг ч алга. Өнөөгийн улс орныхоо нийгмийг би ингэж боддог. Эрдэмтэй хүн ядуу, их мөрөн булингартай байна. Хүний хүч хөдөлмөрийг үнэлэхгүй. Мэдлэг боловсрол дутуу. Байгаль дэлхийгээ бохирдуулсан. Замбараагүй л байна. Үнэхээр мэргэшсэн, мэргэжлийнхээ ажлыг хийж байгаа хүн ховор. Гэхдээ сайн сайхан цаг удахгүй ирэх байх гэж найддаг.
-Монголын талаар япончууд чамаас голдуу юу гэж асуудаг вэ?
-Зарим нэг нь их дээрэлхүү юм асууна аа. Гэхдээ үнэхээр тийм гэж боддог учраас л тэгж асуудаг байх. Ерөнхийдөө нүүдэллэж амьдардаг, мал аж ахуйтай гэсэн ойлголт ихтэй. Зарим нэг нь цуг ажиллаж байгаагаа гайхдаг юм. Үнэхээр монгол хүн юм уу ч гэж байх шиг. Чи хэдэн морьтой вэ гэж асууж байсан хүн бий. (Инээв)
-Эхнэр хүүхэд тань Монголд, хол байх хэцүү биш үү?
-Энд цуг байсан юм. Манай гэр бүлийн хүнийг Чанцалдулам гэдэг. Ногаяд нэг хэсэг Монголын Консул байх үед тэнд ажиллаж байсан. Охин маань төрөөд, энд байж байгаад өнгөрсөн наймдугаар сард Монгол руу буцсан. Одоо тусдаа амьдарч байна, хэцүү л юм. Охиноо их санана. Сая шинэ жилээр амралтаараа очоод ирсэн ч санаад л байна. Энд нийтээрээ жилдээ гурван удаа амардаг юм. Долоо, найм хоногоор. Шинэ жилээр, тавдугаар сард, бас наймдугаар сард. Тэр нь их амар санагддаг.
Г.ОЮУНГЭРЭЛ
mongolnews