2012-01-26“Хулгайч хулгайчийг бариараа” гэдэг үг хичнээн үнэн болохыг саяхан мэдэрлээ.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн өмчит Могойн голын нүүрсний уурхайн газар нутаг лицензийн наймаачдын балгаар ашиглалтын талбайгүй болсон талаар нэгэн нийтлэлдээ ганц өгүүлбэр оруулсан юм. Гэтэл “Хургатай хайрхан” компанийн О гэх хүн “Манайх хулгайч биш. Лицензийн наймаачин гэж чи хэнийг хэлээд байгаа юм бэ” гэхчилэн утсаар баахан загнав. “Хургайтай хайрхан” компанийн талаар бичих нь байтугай “Х” ч үсэг тавиагүй тул гайхаж цочирдсондоо Ашигт малтмалын хууль болон хууль ёсны лиценз олголтын талаар хэдэн минут лекц сонсов.
“Хургатай хайрхан” хулгайч гэх нь байтугай “Х” үсэг ч бичээгүй байхад ийнхүү сандарч, хэл ам хэрүүл зарга хийсэнд гайхсан би нэг хэсэгтээ л учрыг нь олох гэж шаналав. Гэтэл Могойн голын нүүрсний ордын газар нутгаас хэсэгчилэн “хулгайлсан” эзэн нь “Хургатай хайрхан” компанийнхан өөрсдөө болж таарав. Могойн голын нүүрсний ордын талбайгаас “хууль ёс”-оор лиценз эзэмшсэн гэдгээ тайлбарлахын тул ийнхүү загнаж, зандарч, сүрдүүлснээрээ тэд “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэг шиг өөрсдийгөө илчилсэн нь энэ байв.
“Хургатай хайрхан” гэж ямар компани вэ? Хөвсгөлд, тэр тусмаа Монгол Улсын стратегийн орд Могойн голын нүүрсний уурхайтай ямар холбоотой байсан юм бол. Асууж сураглаж багагүй хугацаанд эрэн сурвалжиллаа.
Могойн голын ордыг хуваалцаж буй “Хургатай хайрхан”-ы лицензүүд хууль ёсных мөн үү
“Хургатай хайрхан” гэх энэ компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт, бүр нарийвчилвал төрийн өмчит Могойн голын уурхайн талбайг тойрсон 9350 га газрыг хайгуулын лиценз гэх нэрийдлээр хууль бусаар авч, Могойн голын ордын нэрийг нь Овоот толгой орд болгон өөрчлөн эзэмшиж буй компани болж таарав.
АМГ-ын энэ оны албан мэдээллээс үзвэл тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Могойн голын талбайг Овоот болгон өөрчилсөн талбайд хайгуулын 013636 тоот лиценз, Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот тус бүр хоёр лиценз, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр талбай эзэмшдэг. Мөн Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот, Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лиценз эзэмшдэг Хөвсгөлийн газар нутгийн 30 орчим мянган га газарт эзэн суусан мундаг том уул уурхайн лиценз эзэмшигч болж таарав.
Лицензийнх нь мөрөөр хөөвөл маргаан үүсгэж мэдэхээр байгаа Могойн голын ордын нэг хэсэг байх ёстой, одоо эзэмшиж буй Овоотын орд нь хууль бус гэдгийг орон нутгийнхан нь батлав. Учир нь Могойн голын орд буюу одоогийн нэрээ өөрчилсөн Овоотын орд нь УИХ-аас баталсан Монгол Улсын Стратегийн ордын хоёр дахь хавсралтад багтсан Стратегийн орд байх учиртай. Энэ ордыг 1967-1970 онд Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги өрөмдлөг хайгуулын ажил хийж нээсэн ба 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй гэж тооцож байжээ. Мөн 1992 онд дахин хийсэн хайгуул судалгааны ажлаар Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр нүүрсний үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоож байсан аж. Гэтэл ахмад геологчдын олж, нээж, нөөцийг нь тогтоосон энэ газрын нэрийг нь өөрчилснөөр “Хургатай хайрхан” компани лиценз эзэмших болжээ. Хөвсгөл аймгийн холбогдох албаныхнаас авсан мэдээллээр “Хургатай хайрхан”-д лиценз эзэмшүүлэхийг орон нутгийнхан эсэргүүцэж байсан юм байна. Баримт сөхье.
2007 оны арваннэгдүгээр сарын 01. АМГТХЭГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн дарга Б.Батмандах гэх хүний 7-7688 тоот албан бичиг өмнө минь байна. Энэ мэдэгдэлд “Хургатай хайрхан” компанийн хайгуулын лиценз авахыг хүссэн өргөдлийг дараах солбилцлуудаар шүүж үзэхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй 9436 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүг 30 хоногийн дотор Кадастрын бүртгэлийн төв / КБТ /-д хариу өгөхийг мэдэгджээ. Энэ дагуу 2007 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдөр аймгийн удирдлага саналаа өгч “Хургат хайрхан” компанид хайгуулын лиценз олгох боломжгүй тул “дэмжихгүй” хэмээн цагаан цаасан дээр хараар бичин 16 хоногийн өмнө хариу явуулсан байдаг аж.
42 тоот уг албан бичигт дурдсанаар, “КБТ-өөс ирүүлсэн саналын талбай нь Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” хэмээн тов тодорхой бичжээ. Гэтэл тухайн үеийн АМГТХЭГ-ийн удирдлагууд орон нутгийн энэ саналыг үл ойшоон “Хургатай хайрхан” компанид 9436 га газрыг давхардуулан өгч, хайгуулын лиценз олгосон байх юм. Үүнээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд заасанчилан орон нутгийнхны саналыг үл ойшоон, төрийн мэдлийн стратегийн орд-Могойн голын талбайг хувийн компанид давхардуулан олгосон нь хууль зөрчсөн болж таарч байна. Гэтэл “Хургатай хайрхан” өнөөдрийг хүртэл Овоотын ордын лицензийг хууль ёсны дагуу эзэмшдэг хэмээн ярьж явна. Анхнаасаа ийнхүү орон нутгийн дэмжлэггүйгээр, Ашигт малтмалын тухай болон бусад олон хуулийг зөрчсөн нь ганцхан энэ баримтаас харагдаж байна.
2007-2008 он ашигт малтмалын лиценз олголт авилгын хамгийн том сүлжээний нэг хэсэг, лицензийн наймааны ид оргил үе байв. Танилтай, мөнгөтэй л бол гадна дотнын гэлтгүй доншуур наймаачид эх орны маань газар нутгийн гуравны нэгд лиценз гэх алга дарам цаасаар эзэн суугаад байсан. Энэ байдал өнгөрсөн оныг хүртэл ямар ч хяналтгүй, цоож туургагүй илүү гэр мэт нээлттэй байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг цэгцэлснээр ашигт малтмалын лиценз эзэмшилтийн хэмжээ нийт газар нутгийн 20 хувь хүртлээ багассан. Харин одоо “Хургатай хайрхан” мэтийн хуулийн цоорхой, цаг үеийн сиймхийгээр улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газруудад эзэн суусан компаниудыг цэгцлэх цаг болсон юм биш үү, Ерөнхийлөгч өө.
Овоотыг эзэмших болсон “Aspire Mining” компани буюу лицензийн наймаа юу, хувьцааны арилжаа юу
“Хургатай хайрхан” компанийн түүх хууль бусаар авсан дээрх лицензээр дуусахгүй. Тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэсэн дөрвөн сумыг хамарсан нүүрсний Овоот, Нурамт, Хуримт-1, Харгуйт, Цахиурт зэрэг талбайд хайгуулын лиценз эзэмшдэг. 2008 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж буй. Гэвч үнэндээ дээрх хайгуул хийгээд байгаа газар нутаг нь нүүрсний үеийн суналын дагуу нөөцтэйг нь ХХ зууны дундуур нэгэнт тогтоосныг ахмад геологчид хэлж байна. Хөвсгөл, Завхан аймгийн нутаг дамжин байрлах Могойн голын эргэн тойрон дахь орд нь бүхэлдээ Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамрагддаг. Энэ сав газарт Монгол Улсын хэмжээнд судлагдсан нүүрсний бүх нөөцийн 30-40 хувь бий. Тиймээс “Хургатай хайрхан” компанийнхан нэгэнт тогтоогдсон нүүрсний энэ ай сав газрыг хайгуул хийх нэрийдлээр эзэмшиж буй нь шударга биш байна. Тэд өнөөдөр нарийвчилсан судалгаа хийсэн нэрийдлээр хайгуулын лицензээ гаднынханд худалдаж, хамтран эзэмших болсон нь манай төрийн бодлоготой ч нийцэхгүй байна.
Өнгөрсөн оны эхээр Австралийн “Aspire Mining” гэх нэгэн компани Монголын хойд бүс Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний орд илрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Гэтэл монголчууд бид ч өөрсдөө мэдэхгүй байсан Овоот гэх тэр орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг гэдгийг цөөхөн монголчууд л мэдэж байсан биз. Нөөцтэй нь нэгэнт тодорхой энэ мэт ордыг хэсэгчилэн хулгайлахдаа талбайн нэрийг нь өөрчилж, дуртайгаараа нэрлэдэг ийм байдал өнөөдөр лицензийн бохир наймааны нэг арга болсон юм биш үү.
АМГ-аас авсан албан ёсны мэдээллээр Овоотын ордын лиценз “Хургатай хайрхан” компанийн нэр дээр байна. Гэтэл Австралийн “Aspire Mining” гэдэг компани тэдний эзэмшдэг Овоотын ордоор IPO хийж, “Овоот” төслөөр Австралийн хөрөнгийн биржид хөрөнгө босгоод эхэлчихжээ. Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээс тоймловол “Aspire mining” компани Овоотын ордод хайгуул хийж, 330 сая тонн коксжих нүүрсний нөөцтэйг тогтоосон бол нарийвчилсан судалгаагаар 410 сая тонн болж өслөө. Өрөмдлөгийн үр дүнг олон нийтэд зарласны дараа тус компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Овоотын ордоор 32.8 сая доллар босголоо” хэмээн мэдээлсэн байх юм. Үүнээс үзвэл “Хургатай хайрхан” компани Австралийн энэ компанид уг ордыг худалдаж лицензийн хууль бус наймаа хийсэн, эс бөгөөс хувьцааны арилжаа гэх халхавчаар Монголын баялгаар панз үсэргэдэг олон улсын эдийн засгийн алчуурчдын арга ажиллагаанд оролцсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ эрхэлдэг олон улсын MICC компанийн судалгаан болон бусад мэдээлэлд дурдсанаар, “Aspire Mining” компани нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лиценз эзэмшдэг, нүүрс, төмрийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй компани юм. Гол төсөл нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоотын нүүрсний орд. “Овоот” төсөл нь JORC стандартаар 330.7 сая тонн коксжсон нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар “Aspire Mining”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг “СаусГоби Ресурс” компани, 6.09 хувийг “Noble Group”, 18.52 хувийг нь лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувь нь Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна. Компанийн удирдах төв нь Австралийн Пэрт хотод байрладаг" гэжээ.
Мөн Канадын “СаусГоби Ресурс” компани Австралийн “Aspire Mining” компанийн 105,726,650 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 0,19 австрали доллар буюу нийт 20,1 сая австрали доллараар худалдан авч, хувь эзэмших гэрээ байгууллаа.
Хувьцаа худалдан авч хувь эзэмших ажиллагаа 2011 оны 1 сарын 31-ээс өмнө хийгдэж дуусах бөгөөд үүний үр дүнд “СаусГоби Ресурс” компани “Aspire Mining” компанийн 19,9%-ийг эзэмших болно” хэмээн Влүүмбергт мэдээлсэн байх юм. ҮҮнээс үзвэл Хөвсгөлийн стратегийн орд-Могойн голын нэг хэсэг болох Овоотын нүүрсний ордод “СаусГоби Ресурс”-ийн эцэг болох “Айвенхоу майнз” ч мөн биднээс өрсөн хувь эзэмшилтэй болжээ.
Лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагч гэдэг нь “Хургатай хайрхан” компани бололтой. Тийм бол Монголын Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газар дахь баялагаа “Aspire Mining” компанид 18,52 хувиар арилжжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан. Гэтэл энэ мэт хувиа бодсон компаниуд стратегийн орд- Могойн голын уурхайн талбайгаас “хулгайлж” авсан бүхэл бүтэн орд газрыг 18,52 хувиар арилжсаныг лицензийн наймаа гэх үү, хувьцааны арилжаа гэх үү.
Олон улсын хөрөнгийн бирж дээр явагддаг энэ мэт арилжаанд хяналт тавих эрх зүйн орчин, хариуцлагын тогтолцоо өнөөдрийг хүртэл Монголд сураггүй байна. Гэтэл энэ мэт хувьцааны арилжаагаар Монголын баялаг бидний мэдлээс, хараа хяналтаас гарсаар байна. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж байгаа Ашигт малтмалын шинэ хуулиар энэ бүхнийг нэгтгэж, цэгцэлж уул уурхайн ордуудыг бассейнаар нь стратегийн хэмжээнд ашиглахаар яригдаж буй. Хэрэв тийм бол нөөцтэй нь нэгэнт тогтоогдсон ордод хууль бусаар лиценз эзэмшиж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гаднынханд баялгаа үнэгүй өгч буй үндэсний гэх компаниудад ч хариуцлага тооцож яагаад болохгүй гэж.