2012-01-20Хар мягмар гариг гэж нэрлэгдсэн “Долоодугаар сарын нэг”-ний хэрэг явдлын дуулиан өнөөдөр ч намжаагүй байна.
Амиа алдсан хүмүүсийн хойноос хэн нэгний мууг үзэх гэсэндээ хэргийг дахин сөхөөгүй нь мэдээж.
Чухамдаа ардчилсан Монгол Улсад шударга ёс гэх зүйлийн хэлтэрхий нь ч атугай байдаг гэдгийг харуулахыг хүссэн биз. Цагдаа, иргэний хөдөлгөөнийхөн, төр засгийн эрх мэдэлтнүүд гээд олон сэжүүр дундаас гол буруутныг хайсаар л байна.
Харин энэ асуудал, үйл явдалд Иргэний хөдөлгөөний тэргүүн О.Магнай ямар байр суурьтай байгааг сонирхож, түүнтэй ярилцсан юм.
-Одоо ямар ажил хийж байна. О.Магнай хаагуур ямар ажил хийж яваа нь хүмүүст сонирхолтой байгаа байх?
-Манай Иргэний хөдөлгөөн бүтцийн байгууллага. Энэ байгууллагадаа тодорхой үүрэг хүлээж ажилладаг. Хүн амьдрах ёстой. Монголын анхны ………… Би өөрөө энд арилжаа удирдаж явуулдаг.
-Таныг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай нийлдэг болсон гэх яриа байна л даа. Тэгснээрээ МАХН-руу орох нь гэх хардлага ч байна?
-Тийм юм байхгүй ээ.
-Долоодугаар сарын нэгний хэрэг явдалд таныг буруутгадаг хүмүүс бий. Дахин шалга гэж цагдаагийн ар гэрийнхэн гомдол гараад байгаа. Хэргийг дахин сөхөж, шалгавал та яах вэ?
-Би УИХ-ын гишүүн биш болохоор намайг шалгах асуудал нээлттэй шдээ. Намайг 2008 онд хангалттай шалгасан. Тэгэхдээ ямар нэг зохион байгуулалттай зүйл олж чадаагүй. Тэгээд хуулийн дагуу хэрэг мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болсон.
-Тухайн үеийн хэргийн гол буруутан нь таны бодлоор хэн бэ?
-Долоодугаар сарын нэгэн гэдэг чинь ганцхан тэр өдөр болсон үйл явдал биш. Өнгөрсөн хугацаанд нийгэмд болсон бүх шударга бус явдлын эсрэг тэмцсэн Монголын ард түмний тэмцэл тэр өдөр болсон гэж би ойлгодог. Тэгэхээр мэдээж эрх баригчид буруутай. Жагссаныгаа шүүдэг, ялладаг орон дэлхий дээр байдаггүй юм билээ.
-Ард түмнийг хамгаалах ёстой цагдаа бидэн рүү буу шагайсан гэж та ярьсан байсан. Та үнэхээр цагдаа хүн буудаж байхыг харсан юм уу?
-Прокурорууд хангалттай мэдээлэл хийсэн. Би прокурорынхны яринаас л жишээ авч ярьсан. Түүнээс би мөрдөж шалгадаг хүн нь биш.
-Таныг хууль хяналтынхан руу дайрдаг, бараг цагдаа нартаа өс хонзонтой мэтээр яригддаг л даа. Тийм асуудал байна уу?
-Цагдаатай өстэй асуудал юу байхав дээ. Би хариуцлага л ярьж байгаа шдээ. Хүн буудсан бол хариуцлагаа хүлээе. Би бол жагссан. Харин тэд нар бол хүн буудсан. Жагсах, хүн буудах чинь хоёр өөр асуудал байхгүй юу. Тэрийг хольж хутгаад, барьцаад байх асуудал байхгүй. Өс хонзон мэтээр хувийн асуудал гэж ойлгож болохгүй. Энэ чинь нийгмийн асуудал. Хүн буудчихаад зүгээр яваад байдаг нийгэм тогтчихвол дараа чамайг ч хэн нэгэн буудчихна ш дээ. Үүний төлөө л явж байна. Би зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байгаа хүн биш. Ардчилсан нийгэмд үнэт зүйл, зарчим байх ёстой. Түүнийг бий болгохын төлөө амьдарч байна. Тэгэхээр миний хийж байгаа үйлдлийг хувь хүний өс хонзон мэтийн жижиг зүйлтэй холбон ойлгож болохгүй.
-Жагсаал цуглаан зохион байгуулж, удирдаж байгаа хүн тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг хуультай. Та энэ үүргээ хэр биелүүлдэг хүн вэ? Таныг долоодугаар сарын нэгний жагсаалыг үймээн болгочихоод өөрөө зугтсан гэж үзэх хүмүүс байдаг?
-Тухайн үеийн бичлэгийг их сайн үзэх хэрэгтэй. Би үймээн самуун дэгдээхгүй байх үүднээс өөрөөсөө шалтгаалах бүгдийг хийсэн. Дараа нь цагдаа нар арай дэндүү хүчирхийлэл хэрэглэсэн. Ний нуугүй хэлэхэд цагдаа нарын хийсэн тэр үйлдэл эмх замбараагүй байдлыг бий болгосон. Эмх замбараагүй байдал нэгэнт үүссэний дараа хувь хүнээс шалтгаалж зогсоох ямар нэг боломж байгаагүй.
-Цагдаагийн удирдлагууд шалгагдаж байгаа асуудалд та ямар байр суурьтай байна?
-Хүн буудаж алсан нь үнэн бол хариуцлага хүлээх ёстой. Жагссан иргэдээ буудаж алдаг ардчилсан нийгэм хаана ч байхгүй. Манай монголчууд хонь шиг номхон, тайвандаа л дуугүй байсаар байсан. Өөрийнх нь хүүхэд, дүүг л буугаад алчихгүй бол өөрөөс нь хол гэж боддог. Өнөөдөр хаа хамаагүй байсан дөрвөн хүнийг буудаад алчихсан цагдаа маргааш чамайг, чиний ойр дотны хэн нэгнийг алж чадах л байхгүй юу.
-Цагдаа нар энгийн дөрвөн иргэнийг буудсан хэрэгтэн болж байгаа. Тэгвэл үймээний үеэр бэртэж гэмтсэн, цаашлаад амь насаа алдсан цагдаа нарын асуудлыг яах вэ?
-Нас барсан цагдаа байхгүй, худлаа ярьж байгаа юм. Үймээний үеэр авсан гэмтлээсээ болоод цагдаа нас барсан гэдгийг хэн ч тогтоогоогүй. Яг юунаас болж нас барсныг хэн ч мэдэхгүй. Хүн гал командад орсныхоо дараа түлэгдчихлээ гэж уурладаггүй. Цагдаа гэдэг чинь хүн дарамталж, зоддог тийм хүн биш, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Ямар нэг үймээн самуун болоход бэлтгэлтэй байх ёстой. Иймэрхүү асуудлыг мэдсэнийхээ дараа цагдаад орох нь зүйн хэрэг биз дээ. Цагдаа болчихоод зодуулчихлаа гээд уурлаад байж болохгүй. Цэрэг дайнд явчихаад буудуулчихлаа гэж уурладаггүй шдээ. Яг үүнтэй адилхан байхгүй юу. Цагдаа гэдэг чинь гудамжинд эргүүл хийж, хүн зодож дарамталдаг, торгодог ажил биш. Үймээн самуун ямар ч юманд бэлтгэлтэй байж, нийгэмд үүрэг хүлээдэг мэргэжил.
-Долоодугаар сарын нэгний асуудлаар Ерөнхийлөгч ард түмнээс уучлалт гуйсан. Гэтэл цагдаагийнхан О.Магнай ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзэх юм?
-Ер нь долоодугаар сарын нэгэнд юу болсон вэ гэхээр хэсэг нөхдүүд сонгууль луйвардаж, Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авсан. Сонгууль луйвартай болсныг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Хэсэг хүмүүс тэрийг эсэргүүцэж, очиж жагсаал хийсэн, жагсаалыг үймээн самуун болгосон. Дараа нь бөөн онц байдал зарлачихаад хүн буудаж алсан биз дээ. Би бол сонгуулийн луйвар, болсон үйл явдлыг эсэргүүцэж жагссан хүмүүсийн нэг.
-Таныг жагсаалыг зохион байгуулж, удирдсан гээд байгаа шдээ?
-Энэ чинь цагдаагийнхны хэлж байгаа улстөржсөн үг шдээ. Би жагссан, бүгдээрээ зурагтаар харсан. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авч, сонгуулийг луйвардаж байна. Би төрөхөөсөө тэмцэгч хүн. Тийм луйварыг зүгээр хараад суудаггүй. Би Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн, мэдэж байгаа байх. Миний саналыг улаан цагаан луйвардсан. Сонгууль луйвардсан хүн нь үнэнээ хэлээд байхад арга хэмжээ авахгүй байхад би яах юм. Цаг хугацаа өнгөрөх тусам О.Магнайг буруутгаж байгаа хүний тоо багасаад байгаа биз. Юм гэдэг чинь ийм байдаг байхгүй юу. Тухайн үед яагаад О.Магнайг буруутгасан гэвэл бүх телевизийг хаачихаад нэг сувгаар намайг яаж гүтгэлээ. Т.Сайнжаргал нэг мэдрэл муутай хүүхдээр О.Магнай сая төгрөг өгсөн гэж яриулсан.
Т.Сайнжаргал харин О.Магнайгаас уучлалт гуйх ёстой. Үнэн биз дээ. Төрийн байгууллагыг төлөөлж байж мэдрэл муутай хүүхдээр Магнай сая төгрөг өгч, байр шатаалгасан гэж гурван өдөр хэвлэлээр яриулсан. Ингэхээр хүн бүрт Магнай байр шатаасан гэсэн ойлголт төрнө биз дээ. Тэгээд намайг буудаж алах гэж байсан байхгүй юу, наадуул чинь. Харин би онц байдал дуустал тэдэнд баригдаагүйдээ өнөөдөр амьд, чамтай ярилцаад сууж байна. Тэр үед Магнай үхчихсэн бол Магнай байр шатаасан, бүгдийг зохион байгуулсан гээд энэ хэрэг хаагдах ёстой байсан. Намайг амьд үлдсэн болохоор өнөөдөр хэн хэнийг буудсан гэдэг нь тодорхой болох гээд байж байна шдээ. Т.Сайнжаргалын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг харсан байх. Т.Сайнжаргал тэгж ярих ёсгүй байхгүй юу.
-Тэгэхээр та өөрийгөө ард түмнээс уучлалт гуйх ёсгүй гэж үзэж байна уу?
-Би өөрөө ард түмэн. Юу яриад байгаа юм бэ. Би жагсаж очоод, манай нөхдүүдийг буудчихаад байна шдээ. Тийм байхад би хэнээс уучлалт гуйх ёстой юм. Намайг алах гэж араас зөндөө хөөсөн. Би сонгууль луйвардаагүй, харин луйвардуулсан. Дараа нь жагссан. Жагслаа гээд би шоронд орсон.
-Таныг АН-д орж аврагдсан, Өршөөлийн хуульд хамрагдсан гэх хүмүүс байна. Нэг үгээр хэлбэл АН таныг хамгаалсан уу?
-Үгүй дээ, тийм юм байхгүй. АН-ын удирдлагуудыг хамгийн хатуу шүүмжилж байгаа нь би л байгаа биз дээ. Намайг өнөөдөр хэн ч хамгаалахгүй байгаа. Намайг өнөөдөр ч аваад явбал явна. Харин надад хийсэн хэрэг байхгүй. Түүнээс надад том ах, намайг хамгаалдаг бүлэглэл байхгүй. Би өөрөө тэмцэгч хүн. Яахав, ард түмний нэг хэсэг нь намайг сайн залуу гэдэг байх. Тэр хүмүүс л сэтгэл зүрхэндээ хамгаална уу гэхээс намайг хамгаалдаг өөр зүйл байхгүй.
-Саяхан таныг Тагнуулын ерөнхий газарт дуудаж, гарын үсэг авсан гэж байсан. Ямар асуудлыг таны гарын үсгээр баталгаажуулахыг хүссэн юм бол?
-Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авбал гэмт хэрэг гэдгийг сануулж, гарын үсэг зуруулсан.
-О.Магнай гарын үсгээ зурчихаад түүнийгээ хэрэгжүүлдэггүй гэж хуулийнхан үздэг юм билээ?
-Энэ чинь гарын үсэг зурж, гэрээ байгуулсан асуудал биш. Нэг нь сануулж, нөгөө нь санамжийг нь хүлээж авч байгаа л асуудал.
-Тэгэхээр заавал биелүүлэх шаардлагагүй асуудал гэсэн үг үү?
-Гадаа халтираад уначихваа гэж би чамд зүгээр л сануулж байгаа байхгүй юу. Халтираад уначихвал чиний л асуудал биз дээ.
-Та жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэдэн удаа шалгагдаад байна вэ?
-13, 14 удаа эрүүгийн хэрэг үүсч байсан. Гэхдээ би бас азтай хүн. 2003 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор миний гурван хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж, хэрэгсэхгүй болсон. Сүүлд батлагдсан Өршөөлийн хуульд хэдэн хэрэг орж байсан.
-Өршөөлийн хууль танд их ээлтэй юм аа?
-Олон нийтийн сайн сайхны төлөө болохоор бурхан харж байгаа байх.
-Яг өнөөдөр та шалгагдаж байна уу?
-Бурханы авралаар өнөөдөр шалгагдаагүй байна.