2012-01-16Тони Беннет гэхээр төгөлдөр хуурын ард суугаад уянгалаг серанадагаар сонсогчдын сэтгэл
зүрхийг анагааж буй төрх нь хамгийн түрүүнд санаанд орох вий. Хэдийнэ 50 сая хувь цомог борлуулж, хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн тэрбээр өдгөө ч их урлагтаа хүчин зүтгэсээр. Шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт уригджээ.
-Тони 85 насандаа шилдэг цомгийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Түүний оргил өөд өгсөх зам тийм ч дардан байгаагүй. Гэхдээ л тэр шантралгүй өөрийн дотоод ертөнцийг хөгжм өөр илэрхийлсээр л байсан. Сайн байна уу, Тони. Амьдрал ахуй ямар байна вэ?
-Үүнээс сайн байсангүй.
-Та энэ үгээ дахиад хэлсэн ч болно. Юу гэх гээд байна вэ гэхээр таны амьдрал бусдынхтай адилгүй байсан шүү дээ.
-Тийм ээ, би мэднэ.
-Та энэ урт хугацаанд өнгөрснөө эргэн дурсаж, эргэцүүлэн дүгнэж байв уу?
-Над шиг болохоороо та ч бас өнгөрснөө эргэн харж, дүгнэж цэгнэдэг болно. Бүхнийг дахиад эхнээс нь нэг эхлэхсэн гэсэн бодол эрхгүй төрөх байх. Би гайхалтай сайхан итали, америк гэр бүлд өсөж торнисон.
-Тэр цаг хугацааг эргэн санахад хамгийн түрүүнд танд юу бодогддог вэ?
-Миний хайрлаж хүндэлдэг ах эгч, авга, нагац нар л бодогддог. Тэд бүгд хөдөлмөрч, ухаалаг, сайн хүмүүс байсан. Миний төлөвшилд хамгийн их нөлөөлсөн хүмүүс бол тэд. Тэд л намайг хүсэл тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлж, надад урам зориг хайрлаж байсан. Жаахан хүүхэд байхаас минь л дуулж, зураг зурах авьаясыг минь дэмждэг байлаа. Түүний ачаар сонирхол маань амьдралын минь хүсэл мөрөөдөл болон хувирсан даа.
-Гэр бүлийнхний тань танд зааж сургасан зүйлүүдээс хамгийн үнэ цэнэтэй нь юу вэ?
-Тэд надад амттай хоол хэрхэн хийхийг зааж сургасан. Ээж маань сайхан хоол хийдэг хүн. (инээв) Гэхдээ миний ээж амьдралын хатуу ширүүнд их нухлуулсан. Намайг 10 настай байхад аав минь өнгөрч, ээж минь биднийг ганцаараа өсгөсөн юм. Хоол хүнсээ арайхийн залгуулж амьдардаг байсан хэдий ч ээж минь түүндээ түүртэлгүй биднийг сайхан өсгөж, хүмүүжүүлсэн. Амралтын өдрүүдэд ах, эгч нартайгаа хамт ширээ тойрон суугаад л ээждээ багахан хэмжээний тоглолт тавьж өгдөг байж билээ.
-Та тэгэхээр оройн хоолныхоо үеэр дуулдаг байсан байх нь ээ?
-Тэгдэг л байсан. Гэхдээ би дуулдаг байсан гэдгээ энд ярих гэсэнгүй. Гэрийнхэн маань миний дуулахыг хараад баярлаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байсныг л дурссан юм.
-Тэднийг хөгжөөж байхдаа миний хийх ёстой ажил энэ л юм байна гэж бодож байв уу?
-“Энэ чинь л би шүү дээ” гэж хэлж байснаа би өчигдрийнх юм шиг л санаж байна. Хамгаас илүү хайрладаг гэр бүлийнхэн маань намайг сайхан дуулж, сайн зурдаг гэж урамшуулдаг байлаа. Энэ урам л миний амьдралын зорилгыг тодорхойлсон доо.
-Би бас гурван хүүдээ өөрийн хүсэл мөрөөдлийг олж, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэж хэлдэг. Хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг хэзээ ч уйдахгүй, уйтгарлахгүй гэсэн үг. Хүмүүс ихэвчлэн өглөө сэрээд л “За ажилдаа явъя даа” гэж боддог. Харин та бол зураад л, дуулаад л ямар ч цагийн хуваарьт захирагдахгүй, хүссэн зүйлээ хийж байгаа хүн. Та хийж байгаа бүхэндээ дуртай биз дээ?
-Зурах, дуулах гэсэн хоёр ажил маань хэзээ ч намайг уйдааж байгаагүй. Тийм болохоор надад амралт ч хэрэггүй байдаг. Тэгэхээр таны зөв өө.
-“Дуэтууд 2” цомогтоо та Лэйди Гага, Эми Уайнхаус, Нора Жонс, Майкл Бубли, Мэрайя Кэри гээд л өнөө цагийн шилдэг дуучидтай хамтран дуулсан дуунуудаа оруулсан байна. Тэдний дунд Синатра шиг чадалтай хоолойтой уран бүтээлч байна уу?
-Та мэдэх байх л даа, “Дуэт 1” цомог маань их амжилт олсон учраас дахин хоршсон дуунуудаар цомог гаргахыг “Sony Columbia” надад санал болгосон. Хамтран ажилласан залуу уран бүтээлчдийн маань юу нь илүү надад таалагдсан гээч. Розмэри Клуни бид хоёроос ялгаатай нь тэд 20 гаруй настай атал бүгд л урлагийн мэргэжлийн хичээл заалгаж, эсвэл сургуулийг нь төгсчихсөн дуучид байсан.
-Тэгвэл таны олон жил хурааж хуримтлуулсан туршлага, залуу уран бүтээлчдийн мэргэжлийн хичээл заалгасан хоёр үр дүнгийн хувьд адилхан гэсэн үг үү?
-Тэд бүгд мэргэжлийн дуучид. Студийнхэн Лэйди Гагад энэ цомогт хамтран ажиллахыг урьсан юм. Тэр надад их таалагдсан шүү. Би түүнтэй дуу бичүүлэх үеэр танилцсан юм. Тэр дуугаа бичүүлж дуусмагц, амрахаар биш, дараагийн ажлаа хийхээр явсан. Түүнд итгэж, цомогт минь хамтран ажиллах санал тавьсан продюссерууддаа их талархаж байна.
-Тийм гэж үү?
-Зөвхөн надад төдийгүй цомгийн ажилд оролцож байсан хүн бүхэнд тэр таалагдсан. Надад тун эелдэг хандсанд нь би их талархаж байна. Тэр байдал нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.
-1950-1960-аад оны үеийн алдартнуудын нэг нь та. Тэр үед л та гайхалтай хит дуунуудаа сонсогдын хүртээл болгосон.
-Тэр бол миний амьдралын онцгой үе. Манай гэр бүлийнхэн уг нь Бенедетто гэдэг овогтойг та мэдэх байх. Би зургуудаа ч энэ нэрээрээ овоглодог. Хөрвүүлбэл бурханд адислагдсан нэгэн гэсэн утгатай юм. 1950-иад оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд миний уран бүтээл дэлхийн бүхий л орны хөгжим сонирхогчдод хүрсэн байна.
-Үнэн гэж үү?
-Ялангуяа Британид цомог маань их олон хувь борлогдсон.
-Британичууд танд их хайртай шүү.
-Тийм ээ.
-Таны уналтын үе хэр удаан үргэлжилсэн бэ?
-Зургаан сар орчим.
-Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Ингээд бүх зүйл дуусаж байна гэсэн бодол огт төрж байгаагүй. Би алдаанаасаа суралцаж цааш алхахыг хүссэн. Дараагийн тоглолтоо сайн хийхэд хамаг анхаарлаа төвлөрүүлсэн.
-Таны амьдрал уран бүтээлийн тухай нийтлэлд 1970-аад он таны хувьд хамгийн таагүй үе болсон гэсэн байсан. Харин та энэ тухайгаа “Кокайн хаанаас л бол хаанаас үнэгүй олдчихдог, яг л оргилуун дарс шиг эд болсон. Эхэндээ зүгээр л зугаацах гэж хэрэглэж байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам хар тамхинаас татгалзахад улам бүр хэцүү болсоор л байв. Намайг бүхэлд нь аажмаар нөмрөн авч байсан хэрэг. Нэг удаа тунг нь хэтрүүлж хэрэглээд л өөрийгөө хүнд байдалд орсныг ойлгосон доо” гэсэн байсан. Та Холливудын бараг бүхий л алдартантай нэг тайзнаа хамт гарч үзсэн. Гэтэл сүүлийн үеийн нэр хүнд нь өсөж яваа залуу уран бүтээлчид хар тамхинд донтох хандлага таны үеийнхээс илүү нэмэгдээд байх шиг?
-Би Вуди Аллений менежер Жэк Роландсаас суралцсан. Түүний хэлсэн ганцхан өгүүлбэр амьдралыг минь үндсээр нь өөрчилсөн. Тэр “Авьяасынхаа эсрэг гэмт үйлдэл хийж байна даа” гэж билээ. Ганцхан хоромд ч хүн амьдралаа өөрчлөхүйц зүйлд суралцаж болдог юм билээ. Энэ өгүүлбэр надад тийм л үнэтэй хичээл заасан. Би мансууруулах бодист хэт автах болсноо тэгэхэд л хүлээн зөвшөөрсөн. Бурхны өгсөн бэлгийг энэ гэмт үйлдлээрээ үгүй хийж байгаагаа ч ойлгосон.
-Хар тамхийг хаясан учраас өөрийгөө азтай гэж бодож байна уу?
-Бурхны ивээлээр би үүнийг хийж чадсан. Тэр ивээл амьдралыг минь өөрчилсөн.
-Танд хар тамхинаас татгалзаж чадаагүй найз нөхөд бий юү?
-Эми Уайнхаус. Миний харамсаж явдаг олон зүйлсийн нэг нь түүний сонголтыг өөрчилж чадаагүй явдал. Тэр сайн дуучин байсан. Миний дууг нь сонсож байсан залуу уран бүтээлчдээс хамгийн чадварлаг нь. Би түүнд өөрийгөө, амьдралаа үгүй хийж байгааг нь хэлээгүйдээ их харамсдаг.
-Та хоёр хамтран дуулж байсан шүү дээ. Тиймээс түүний ямар чадварлаг болохыг нь дүгнэсэн байх. Миний хувьд бол тэр шилдэг дуучин, хөгжмийн зохиолч.
-Тийм шүү. Түүнтэй хамтран ажилласан маань амьдралд маань бас нэгэн өөрчлөлт хийсэн. Би Фрэнк Синатрагаас 10 насаар ах юм. Гэхдээ л тэр миний багш байсан. Би түүнд хайртай. Мэдээж тухайн үед өөр гайхалтай уран бүтээлчид олон байсан л даа.
-Харин Эми тэр чадварлаг дуучдын аль хавьд жагсах бол?
-Тэр шилдэг нь байсан. Миний дууг нь сонсож байсан дуучдаас хамгийн сайн нь Эми.
-Тийм гэж үү?
-Тэр жинхэнэ поп жааз дуучин байсан. Тэр бүхий л урсгалыг сонсдог байв. Тэгээд өөрт хамгийн тохирох урсгалаа сонгон авч чадсан. Юуг нь өлгөн авч сонсож, юуг нь гээхээ мэддэг бүсгүй байсан. Үүнээс гадна сайн дуучин болоход нөлөөлдөг чухал зүйлсийн нэг нь зүрх сэтгэл. Тэр чин сэтгэлээсээ илэрхийлж чадахгүй дуугаа хэзээ ч дуулж байгаагүй.
-Түүнийг нас барсан тухай мэдээлэх үед та хаана байсан бэ?
-Гэртээ. Энэ явдал биднийг хамтарсан дуугаа бичүүлснээс сарын дараа болсон. Эмгэнэлт мэдээллийг сонсоод би нулимсаа барьж чадаагүй.
О.УНДАРМАА
Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа