2011-12-27Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг хамгийн балагтай бас дээр нь ёс зүйн доголдолтой, хүн чанарын хувьд
хөлийн чигчий хуруунаас ч жижигхэн болчихсон хүмүүсээр АТГ багаа бүрдүүлчихлээ, хөөрхий.
Үгүй та бодоод үз дээ. Хүн хулгайлсан хэргээр Монголын нэр хүндийг дэлхийд унагасан Б.Хурд, өмгөөлөгч бүсгүйг зодож, хүчиндсэн, найзынхаа эхнэрийг оролдож байгаад баригдаж, гуяндаа 16 удаа хутгалуулсан гэх Э.Амарбат, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын 20-иод гишүүний Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ташаа мэдээлж явсан Ж.Батсайхан нарын бүтэлгүй, балагтай, ёс зүйгүй нөхөд АТГ-ын багийг шинээр бүрдүүлэхээр «шүүрээ» унаад нисч гарлаа.
Дөнгөж томилогдож ирсэн Н.Ганболд, Б.Хурц нар АТГ-ын албан хаагчдын хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй учраас «цэвэрлэгээ» хийх боломжийг Мөрдөн байцаах хэлтсийн дарга Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нарт олгосон хэмээн баттай эх сурвалжууд мэдээлсээр байна.
Тэгвэл Э.Амарбат, Ж.Батсайхан нарт итгэл үзүүлж, зөвхөн тэдний дугуйлсны дагуу албан хаагчдыг хог, хаягдал мэт шүүрдсэн нь Б.Хурдыг дэндүү ул суурьгүй, аливаа асуудалд хөнгөн, гоомой ханддагийг харуулж орхилоо.
Өч төчнөөн хүний амь амьдралын асуудалд Б.Хурц хурц араншингаар хандаж, шууд л «цавчиж» эхэлсэн нь түүний талаарх сөрөг ойлголтыг нийгэмд улам бататгаж өгөв.
Цагтаа мөр зэрэгцэж явсан анд нөхдөө халах шийдвэрийг гаргуулж буй Э.Амарбат, Ж.Батсайхан нар өөрсдөө өөгүй, энхийн цагаан тагтаанууд мөн үү гэвэл биш. Э.Амарбатын хувьд өмгөөлөгч бүсгүйг хүчиндсэн гэх хэргээр 2010 оны гуравдугаар сард шүүхийн хаалга татаж байлаа.
Эд эрхтнээ захирч чаддаггүй арчаагүй эр гэж нийгэмд адлагдаж явсан түүний талаар 2010 оны гуравдугаар сарын 29-нд өмгөөлөгч С.Ганчимэг хэвлэлийн хурал зарлаж байв. Хохирогч бүсгүй өөрийгөө хэрхэн хүчиндүүлсэн талаараа хэвлэлийнхэнд илэн далангүй ярьсны дараа Э.Амарбат мөн л хэвлэлийн хурал зарлаж, хариу мэдэгдэл хийж байсан юм.
Тэрбээр хүчиндсэн гэх асуудлыг гүтгэлэг, энэ бүгдийн цаад шалтгаан нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаярт холбогдох хэргийг шалгасантай шууд холбоотой хэмээн мэдээлсэн билээ. Тэгэхдээ Э.Амарбатын хүчингийн хэрэг нотлогдоогүй л дээ. Нотлогдсон байлаа ч хүчингийн гол буруутан нь С.Отгонбаяр байж болохгүй биз дээ. Бурууг заавал бусдаас хайх гэдэг нь овлигогүй хүний зан.
Булавч бултайна гэгчээр Э.Амарбатын нүгэл шүүхээр нотлогдоогүй ч амьдрал дээр батлагдсаар байсан юм.
Тэрбээр 2011 оны нэгдүгээр сард найзынхаа гэрт архи ууж, согтчихоод эхнэрийг нь оролдож, зодож занчиж байгаад баригдсан гэдэг. Харин найз нь шанг нь өгч, гуя зэрэг газарт нийт 16 удаа хутгалсан хэдий ч Э.Амарбат өршөөнгүй сэтгэл гаргаж найздаа гомдолгүй гэдгээ хуулийнханд мэдэгдсэн. Үүний учир шалтгаан нь дахиад л түүнтэй холбоотой хүчингийн гэх хэрэг нийгэмд мандчих гээд байсантай холбоотой биз.
Бас болоогүй ээ, хамт ажилладаг мөрдөн байцаагч бүсгүйгээ бие давхар болгосон гэж байгаа. Удаахыг нь мөн л бярдах гээд бараагүй учраас АТГ-аас явуулсан гэж яригддаг.
За тэгээд тагнаж, чагнасан гэдэг асуудлаар дарга нараа шоронгийн хаалга татуулж, насаараа ажилласан газраас нь гутамшигтайгаар зайлуулж чадсанаас авахуулаад Э.Амарбатад хүнлэг сэтгэл, хүн чанар гэж үгүй.
Ёс зүйгүй, хүнлэг бус авирынхаа ачаар жирийн төрийн албан хаагч хэрнээ нийгэмд хэдийнэ танил болсон эрхэм шүү дээ, Э.Амарбат. Харин Ж.Батсайханы тухайд өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын 20-иод гишүүний Хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ташаа мэдүүлж байв.
Хэдэн тооны учрыг олж, нэмж, хасаад, тавьчихаж чадаагүй түүний энэ урагшгүй үйл ажиллагаанаас болж АТГ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчиж байсан нь хэвлэлийн шар хуудаснаа тодоос тод үлджээ.
Харамсалтай нь Ж.Батсайхан ажилдаа хойрго, чадваргүй, хариуцлагагүй хандсаныхаа төлөө хариуцлага хүлээснийг санахгүй юм байна. Бид өчигдөр Ж.Батсайхантай утсаар холбогдож, «Ямар үндэслэлээр эдгээр хүмүүсийг ажлаас халсан бэ, Э.Амарбат та хоёрын сонгосны дагуу хүмүүсийг халж байна гэх боллоо» гэж асуухад «Тийм юм байхгүй. Гадуур үндэслэлгүй мэдээлэл цацагдаад байна лээ. Одоо утсаар ярих зав алга. Хүнтэй уулзаж байна» гээд илт зугтсан өнгө аясаар утсаа салгасан юм.
Түүнээс гадна Ж.Батсайханы тухай үнэмшихэд бэрх нэг мэдээлэл байдаг нь УИХ-ыи гишүүн З.Энхболд хэдэн жилийм өмнө ТӨХ болон «Эрдэнэт» үйлдвэрийн газарт дайрч ороход хэдэн залуусыг дагуулж очоод түйвээж өгсөн гэх явдал. Тэр үедээ тэрбээр Тагнуулын Ерөнхий газарт мэргэн буудагчаар ажиллаж байжээ.
Энэ мэтчилэн АТГ-ыг шүүрдэж буй «цэвэрлэгч» Э.Амарбат, Ж.Батсайхан нарын талаар таагүй ойлголт, яриа нийгэмд их байна. Нөхрийг нөхрөөр нь шинж гэгчээр Б.Хурц, Э.Амарбат, Ж.Батсайхан нарын энд тэндээс цуглуулж буй шинэ хүмүүс эдэнтэй л адил ухамсар, ёс зүй, сэтгэхүйтэй байгаа гэж бодохоор дотор арзасхийнэ.
Гэхдээ хүн бүр адилгүй, хүн шиг хүн ч олон бий биз ээ. Ер нь бодоод байх нь ээ, Э.Амарбат, Ж.Батсайхан нарыг хамгийн түрүүнд ажлаас халах ёстой байсан юм биш үү. Ёс зүйгүй, танхай, балмад, хариуцлагагүй, нохой зантай ийм хүмүүсээр АТГ багаа бүрдүүлэхийн оронд мөрөөрөө ажиллаж байгаад хэлмэгдсэн хуучин нөхдөө үлдээх ёстой байсан юм.
Тэгэхдээ юм нэгээр дуусахгүй л дээ. Э.Амарбат Мөрдөн шалгах хэлтсийн даргын албанаас буусныхаа дараа шүүхдэлцсээр байгаад албан тушаалдаа буцаад сууж байсан. Төрийн албаны зөвлөл, шүүх, цагдаа гээд түүнд яннагүй газар үгүй.
Үүний адил АТГ-аас цомхотгогдсон 20-иод хүн Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа билээ. АТГ-ыг тойрсон дуулиан дуусах биш дөнгөж эхэлж байна даа.
С.Бэлэгмаа
Эх сурвалж: “Өглөөний сонин”