2011-12-23Ичих булчирхайн эм хэмээх инээх дасгалууд

ххх
Хятадын сансрын нисэгч нар тагнуулын даалгавар биелүүлэх гэж яваад Монголын нийслэлийг олдоггүй гэнэ.”Бээжин бээжин сонсож байна уу?Өгөгдсөн объект байршил дээрээ байхгүй байна”гэхэд төвөөс нь “Бүү сандар утаан дундаас сайн хай” гэж тушаажээ.Аз болоход утаан бүрхэвч дайсны туршуулд Улаанбаатар хотыг илчлээгүй юм гэнэ лээ.Агаарын хамгаалалтын системд утаа ч хэрэгтэй эд дэг ээ.
Ххх
Их хурлын сонгуульд ялсан гишүүнд олон хүн баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.Хүүгийнх нь сурдаг дунд сургуулийн цэвэрлэгч хүртэл баяр хүргэв.”Эрхэм гишүүнд гал халуун баяр хүргэе.Би танай хүүгийн сургуулийн цэвэрлэгч байна.Та чадвал намайг хувцасны өлгүүрт шилжүүлж өгөөрэй.Хүүгийн чинь хувцсыг хамгийн түрүүнд чирэгдэлгүй өгч байя” гэх мэт.
ххх
Монголын улстөрчид нэг баг болж хөлбөмбөгийн тэмцээнд оролцжээ.Элбэгдоржийн дамжуулсан бөмбөгийг Бат-үүл авах гээд тосон хүлээх завсар Энхбаяр булааж аваад Багабанди руу өшиглөх хооронд айлын тамирчин дайрч ороод бөмбөгийг манай хаалга руу өшиглөн гоол оруулав.
Дараагийн довтолгоонд Нямдоржийн төвөөс шулуун цохисон бөмбөгийг Зоригт тосож аваад айлын хаалга руу дөхтөл араас нь Баярцогт татаад унагачихав.
Зоригт уул нь бөмбөгөө хаалганы дэргэд байсан Чулуунбат руу дамжуулсан бол маш амархан гоол орохоор байсан боловч боломжоо ашиглалгүй зөвхөн өөрөө гоол оруулах гэж дэндүү амиа бодох зуур Баярцогт бөмбөгийг нь булаан гоол оруулах гэж байгаад алдаж орхисон юм.Бид ч нэг иймэрхүү л хөлбөмбөг тоглох юм даа.
ххх
Манай байрны согтуучууд өнөөдөр хүүхдийн тоглоомын талбайд хэмх найрлав.Тэдний нэгэнд Америкаас мөнгөн “тэтгэмж” хамаатангаас нь ирж л дээ.Сүүлдээ хоорондоо зодолдоод хүүхдийн тоглоомуудыг эвдэж талын нэг тараав.Маргааш эд автоматаар сайхан аашлах болно...Өнөөдөр гуай тэдэнд тал засчихлаа.Харин “Маргааш” гуай маргааш турсагы нь хуулнаа...
ххх
Би ерөнхийлөгч болвол хамгийн шударга ерөнхийлөгч болно гэж боддог.Намайг ингэж хэлэхэд гэрийнхэн маань бүгд эгдүүцэн харлаа.Бага дүү минь галзуугийн эмнэлэг дуудахаар утас руу дөхөв.Эгч минь хайртай шар хаваа өшиглөөд орон доогуураа чихчихэв.Аав тамхиа гурваар нь амандаа хийгээд асаав.Ээж индүүдэж байсан миний өмдийг юу ч үгүй болтол түлэв...Би тоглосон юм гэж тэдэнд хэлэх ёстойг тэр даруй ойлгов.
Ххх
Дэлгүүрээс юм авахаар очтол хулгай орсон бололтой,дэлгүүрийн цонхыг хагалсан байв.Ундны цагаар нь урт гарт гуай амжуулсан аж.Ойр хавьд нэг ч хүн байдаггүй.Миний нуруугаар хүйт даав.Хүн хараагүй дээр зугатъя гэж бодов.Гэтэл ар талд хүний хөлийн чимээ гарав.Худалдагч гуай байлаа.Одоо энэ цагдаа дууданаа гэж бодож амжаагүй байтал чанх гудамжаар цагдаа ирж явав...Ингэж би шоронд орж үзсэн юм даа...
ххх
Цагдаагийн мэдээлэл. Автобусны буудлууд дээр наасан гэмт хэрэгтний зурагтай зарлалыг урсан хүнийг хайж байна.Харсан хүмүүс яаралтай мэдэгдэнэ үү?
xxx
Эмнэлгийн үүдэн дээрхи зарлал.”Өнгөрсөн сард манайд хагалгаа хийлгэсэн хүмүүс биен дотор чинь ямар нэгэн төмөр,металын зүйл тэмтрэгдэх юмуу,мэдрэгдэж байвал мэс заслын тасагт шалавхан ирж шинжлүүлнэ үү?Эд хөрөнгийн тооллогоор манай мэс заслын тасгаас Швейцарь улсад үйлдвэрлэсэн зэвэрдэггүй металиар хийсэн мэс заслын хоёр хутга,гурван хямсаа,нэг хайч дутагдсан тул мэс засал хийлгэсэн өвчтнүүдийг туслахыг хүсч байна”
xxx
Зарлал.Арьс өнгөний болон бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүст манай бассейн үйлчлэхээ больсоныг мэдэгдье.Мөн дархлал олдмолын хам шинж болон харшил өвчтэй хүмүүст хамаарна.
xxx
Ялаа хүртэл гэр бүлийн эдийн засагт дайсагнах юм.Элдэв өвчин авчирч тараагаад идэх хоол,өмсөх хувцаснаас маань хорооно.Ялаа
устгахын тулд зах дээрээс ялааны алуур худалдаж авах болно.Ялаа алах гээд цэцгийн болор саваа хагална.Тэгээд эхнэртэйгээ муудалцана.Хэрүүл даамжирвал зодоон болно.Цагдаа ирнэ.Торгуулна...Та нээрээ ялаанаас болж хэдэн төгрөг “сүйтгэсэн”-ээ тооцож үзсэн үү?
xxx
Социалист реализмын зарчимд үндэслэсэн онигоог хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг нь үнэлж,дивизийн дарга Чапаев,комиссар Петька нарыг Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор хөхүүлэн шагнах тухай зарлигийг
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар нөхөр Брежнев гаргав.
xxx
Би автобусанд чихэлдэж явахадаа олон янзын үнэрийг мэдэрдэг.Хоолны,сүрчигний,энгэсэг тосны,шүдний ооны,гутлын тосны,будаг шохойны,бензин тосны,мах,сүүний,эм тарианы,дэвтэр цаас,үзэг бэхний,шороо нүүрсний,хөлс хулмасны ,шивэр,унгасны,муур нохойны,архи тамхины,дрог каннибасны,чоно,үнэг, баавгай, дорго, тарваганы,аргал хомоол,баргашин,загас шувуу,бугын цус,хүдрийн заарны,бас мөнгө хураагчын амны үнэрийг гээд олон доо олон...
xxx
Эмч хүн өвчтөндөө та үхнэ гэж хэлэх хамгийн тэнэг явдал мөн.Анагаах ухааны дээд сургуулийг Хүнүүнлэгийн их сургуультай нэгтгэвэл яасан
юм бэ.Ингэвэл Их засгаар Сэрүүлгэдэж Оюун нь Ундрах байх гэж итгэе
xxx
Орон бүхний пролетари нар нэгдэгтүн гэдгийг коммунистууд биш харин тэдний шүдэнд орсон мах шигээ үздэг капиталистууд хэрэгжүүллээ.Глобализм гэдэг эдийн засгийн цагаачлалыг далдуур дэмждэг нийгмийн үзэгдэл боллоо.Монголчууд багш Ленийнийхээ уриаг хамгийн түрүүнд хэрэгжүүлэгч тэргүүний “ажилчин” ангийн нэг болж,империлизмын бүрэн ялалтын төлөө дэлхийн бөмбөрцгийн хаана бол хаана ажиллаж амьдардаг болсон нь үүний бүрэн илэрхийлэл юм.
xxx
Тооройнууд нь үймэлдээд унтуулахгүй тул зэрлэг гахай уур нь хүрч босч хашраахаар шийдтэл бүгд тал тал тийшээ зугтжээ.Уурласан гахай нэг тооройг элдэн хөөсөөр хариугүй барихын даваан дээр мод руу авирч гарахад хөөж явсан гахай бүдүүн мод мөргөөд унав.Ухаан ороод дээш хартал нэг жирх модны мөчир дээрээс самрын боргоцой унагасан нь хавдаж овойсон духан дээр нь унажээ.Тэсэхийн аргагүй өвдөв.Уурласан үед ухаанаа алддаг гэдэг үнэн юм байна шүү,ууртай хүмүүс ээ...
xxx
Унтах гэтэл гар утас нь дуугарав.Унтаад дөнгөж зүүрмэглэтэл дахин дуугарав.Унтсан хойно нь бас дуугарав...Эцэст нь утас дуугарахыг тоохоо болиод яаж ч дуугарсан мэдэх ухаангүй хурхиран унтлаа.Утас нь дуугарсаар...Мэдэж байгаа юм түүнд өчүүхэн ч алга.Хайр сэтгэлээ илчлэхэд нь хяламхийж хараагүй бүсгүй хариуг чинь өгье гэсэн ч авах тэнхэл байсангүй.Мөнгө зээлээд мурисан танил нь авсан мөнгөө арав дахин нугалж өгье гээд утсадсан ч авах чадал байсангүй...Утасны ядаргаанд орно гэдэг энэ байх даа...
xxx
Америкийн кинонууд дээр Монголчуудыг дүрслэхэдээ дээрэмчин хунхуузын орон мэт үзүүлдэг.Чингис хааныг минь тэд дээрэмчин байсан гэж боддогоос зайлахгүй. Элэнц хуланцынхаа айдаснаас одоо болтол тэд салж чадахгүй зууралдана.Их л айлгаж дээ тэднийг...
xxx
Боолын нийгмийг алгасч дахиад феодализм,капитализмыг алгасч социализм руу шилжсэн Монголчууд бид тив алгасдаг пуужин шиг нийгэм алгасч явсан үе маань саяхных.Одоо харин буцаад капитализм руугаа доошиллоо.Дараа нь боолын нийгэм рүү “унах” юм бол уу?Илжиг хөтөлчихсөн гурил тээрэмдээд зогсож байх бол уу,тоомсог угаачихсан булигаар эмээл зүлгээд зогсож байх бол уу?
xxx
Хараал хар толгойд
Чамайг би надтай шөргөөлдөөд,илд далд хараал хийгээд яваад байгааг чинь долоон үе дамжиж ирсэн хагархай толиндоо харж байгаа шүү.Буруугаа хүлээгээд өөрөө хүрч ирэхгүй бол сахиусныхаа хүчээр дорой муу амийг чинь долоон уулын цаагуур далд оруулна гэж мэдээрэй.Бөө Уранхайдай.
xxx
Даварсан муу илжиг
Монгол хүүхэнтэй танилцана.Өндөр метр далаас дээш,бэлхүүс нарийн,гоолиг биетэй,тэгшхэн хөлтэй,том алаг нүдтэй,зуувандуу цагаан царайтай байвал зохино.Нүднийх нь харц нөхрөөсөө өөр хүн дээр тусах ёсгүй.Дурьдсан цагт ирэхгүй бол хоцорсон минут болгоноор нь мантуу идүүлж шийтгэнэ.Хятад улс.Дали муж.Тариачин Сүй Жин Пэй.
xxx
Шар сэмжлэгчийн сувьдаг хүсэл
Нарт дэлхийд төрөөд зуун хорин насны сүүдэр зооглосон Солонгос улсын иргэн Ян Сон Ку миний бие Халх монголын хацар гоо охидтой танилцахыг хүсч байна.Арван найман настай алим амсахыг зүүдэлж ёслов.Азай буурал гэж цэрвэхгүй амраглан жаргахыг хүсвэл алс холын Чэндү аралд хувийн эдлэнгийнхээ хулсан байшинд хуримын даашинзыг чинь хуваар чимэглээд хүлээж сууна.Кэмчинд умбуулж,хиртэй вонд живүүлэхээ амалъя.Үнэнч хань Ку овогт.
xxx
Хэрэв үүнийг их хурлаар баталвал...
Аюутугай,мэдтүгэй.Иргэн боол эх орноо огоорон дайсан этгээдийн оронд одож,илжиг мэт шадарлан буулга дор дөрвөн хөллөн бөхийвөөс шөрмөсийг нь тасалж шийтгэсүгэй.Ихэс дээдэс ариун журмыг тэрслэн,эх орноо харийн этгээдэд худалдваас тэнгэрийн гэсгээл хүртээж,тэрслүү хар толгойгий нь цавчиж,цагаан хэрмийн этгээдэд овоо болгон хаясугай.Эмс хатад энгэр задгайран,элдвийн тэнүүлчидтэй садарлан нөхцвөөс уух усгүй,ургах модгүй говь цөлийн чанагш цөлж,дөрвөн мөчийг нь тэлэн наран дор хадсугай.Их Засаг хууль.
xxx
Эх орончид
Цас зуднаас дайжсан нэрээр хангай нутагт оторлон ирсэн мал сүргийг даган бараадаж ирсэн их говийн чоно нарын сонорт.
-Та нар зүгээр ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад далд орцгоо.Манай энэ хангай нутагт та нарт агаар салхи таарах ч үгүй.Ус цас нь ч зохихгүй.Хоточ нохдод нь ноцуулж,хонгио сумны бай болохоосоо өмнө хурдан зайлцгаа.Хөвчийн хөх чононууд бид та нарт унгас алдсан сувай гүү битгий хэл унага сарвай ч өгөхгүй шүү.Сайхан мэдээрэй.Сайхан зантай байгаа дээр минь саарин хоншоороо чирээд далд орцгоо.
Нутаг орноо хамгаалах хангайн чононы ТББ.
xxx
Шалгуур давах авъяастан
Ерөнхийлөгчийн сонгуульд “хорчин” хийх хүн хайж байна.Улстөрийн боловсролтой,уранзохиолын авъяастай,хэл ам нь дийлдэхгүй хэрүүл заргач,хэнтэй ч нударгалдахаас сийхгүй зодоонч,хоёр үзүүртэй зүү шиг хольж хутгах адтай,хов ярьж хооронд нь алалдуулдаг шидтэй,ичих нүүрээ элгэндээ наасан,эрээлж цээрлэдэггүй,эргэж хургадаггүй,хэний ч төлөө хэнхдэгээ цохиод хэрэг манаргаж чадах хүнийг эрж байна.Шалгуурт тэнцсэн зуун хүнээс нэгийг сонгоно.Сонгуулийн төв штаб.
xxx
“Нөхөр”-сөг үйлчилгээ
Мартын наймныг тохиолдуулан ганц бие бүсгүйчүүдэд үйлчилнэ.Мэдээж болор саванд хийсэн улаан сарнай бүхий амттан,дарс өрсөн ширээ засна.Өрөөг эротик маягаар тохижуулж,хадаасан цэцгийн үнэртэй улбар шар лаа асаана.Сонгодог хөгжмийн аянд солиортол бүжиглүүлнэ.Хөлийн ул өвдвөл далайн давстай хүйтэн усаар шавшиж,хөнгөн иллэг хийнэ.Болор жүнзэнд мэлтэлзсэн улаан дарсны дугараа бүрээр чихэнд чимэг болсон сүүлийн үеийн зохиолын дуу дуулж өгнө.Дараа нь бяцхан чилсэн бүсгүйд амрах орыг нь засч өгнө...Манай үйлчилгээ хямд,соёлтой,бэлгэвчтэй.
xxx
Төгс эмчилгээ.
Шартсан хүмүүст зориулан манай хоолны газар хонины сүүлтэй үхрийн махаар хийсэн зэрлэг сонгинотой халуун бантан,шимийн архиар найруулсан айрагны коктейлээр үйлчилнэ.Зарим шаардлагатай хүмүүсийг саунд оруулж,бүх биеийн иллэг хийн,бумба тавьж,ээдсэн сүүний шар ус уулган бөөлжүүлж, ходоод дотрыг цэвэрлэнэ.”Зараа” сувилалын хоолны газар.
xxx
Дон Жуаны дууриамал
Арван таван авгайтай “айл гэр” болж тоглож үзсэн,архаг хайр дурлалч эр анхны хайрттайгаа учраад алийгаа мэдэхээ байгаа алдрайхан хосуудад амрагийн захиа бичиж өгнө.Билиг танхай үгтэй бичсэн захиа бүхэн хүүхэн хонгорын сэтгэлд хүрч очих болно.Ахаараа үйлчлүүлэх залуучууд утсаар холбоо барихыг хүсье.Багшийн дээдийн буудал.Бадамлянхаун Балтзүрх.
xxx
Хашир хүн гэж хашир хүнийг хэлнээ дээ
Оройны долоон цагийн үед Зоос банкнаас суугаад Анод банкинд буухадаа дипломат хар цүнхээ арын суудалд орхиж буусан дөч орчим насны, боловсролтой байрын алтан хүрээтэй нүдний шилтэй,булган малгай, урт савхин дээл өмссөн эрэгтэй хүн өгсөн гар утасны дугаараар ярьж,мартсан зүйлээ яаралтай ирж авна уу?Дээр дурьдсан хоёр банк дампуураад эзэд нь шүүх цагдаагийн босго элээж яваа болохоор гэмгүй иргэн миний бие энэ хаясан зүйлээс чинь ихэд айж,цагдаа харахаараа салгалаад машинаа барьж явж чадахгүй аваарын гэрлээ асаагаад замын хажууд хүлээж байна.Намайг таны хамсаатан болгоод хар гэрт хорьчих вий дээ гэсэндээ цагдаад хандаагүй шүү.Таныг яаралтай ирж,энэхүү аюултай зүйлээ миний машинаас зайлуулж,намайг чөлөөлж өгөхийг тэсэн ядан,айж бэргэн хүлээж байна.Хувиараа таксины халтуурчин Ишчааваас.
xxx
Тусламж эрсэн гуйлт
Хэдэн жилийн өмнө гэрээсээ гараад архидаж яваад тас үсрэн, эрүүлжихэд хоносоныхоо маргаашаас эхлэн, шараа тайлан дахиж согтсоноосоо хойш би гэдэг хүн гэрээ олохоо больсон билээ.Хөлөө эцэж доголон болтол,хөлсөө дуслуулж цусгүй болтол хайлаа.Гэр орныхон гэргий хүүхэд минь гадаадын виз аваад гадагшаа явлаа гэхэд хоёр тал төмөр торхон хашаатай хоосон гэр минь ханхайгаад байж баймаар юм.Хороо хорингоороо газарт орчихдоггүй юм бол хойд уулын энгэрт хошлонгоо дэрвэлзүүлээд байж л байх ёстой сон.Иймд миний гэр хаягийг олж өгч тусалсан хүнд хувийн зүгээс баяр хүргэн хоёр шил пийжүүгээр шагнана.Согтуу Сайнаа.
xxx
Талархал
Тасарсан үед минь хүний сайхан сэтгэлээр туслан эрүүлжүүлэх байранд аваачиж өгч,өвлийн тэсгим хүйтэнд гадаа хөр цасан дээр унаж,хөлдөж үхэх аюулаас аварсан хөдөлгөөнт эргүүлийн нэр бүхий хоёр цагдаад шинэ оны баяр хүргэж,Америкт амьдардаг хүүхдүүдийн минь явуулсан хорин тонны контейнер шампанскаар шагнаж байгааг хүлээн авна уу.Дөчин жил өвлийн өвгөний алба залгуулсан тэтгэврийн хөгшин Дэмбээ.
xxx
Анхны амраг
Жаран жилийн өмнө жалган дотор жаргаж явсан нутгийн бүсгүй Жаргалмааг хайж энэхүү зарыг тус сониноо талибавай.Чөлөөлөх дайнд баруун хязгаараас яваад эргэж нутагтаа очилгүй зүүн хязгаарт үлдсэн бага дарга миний бие сүүлийн хорь гаран жил ганц бие амьдарч байгаа бөлгөө.Ерэн насны сүүдэр зооглож яваа өндөр настан намайг ахмад дайчин хэмээн өргөмжилж,хоёр өрөө байраар шагнасан ч ганц хүн айл болдоггүйн үлгэрээр тав тух муутай л сууна.Нутгийн үлдсэн ганц нэг хөгшчүүлээс чиний амьд мэнд буйг сонсоод баярлах сэтгэл төрж,хань ижлээ алдаад олон жил болсон чамайг сурж,уулзах хувьтай бол хоёр өрөө будаг ханхалсан байрандаа гангар гунгар хийн сууя даа гэж бодоод эрж байгааг минь болгоон авна уу?Хайр сэтгэл гэдэг насны юм байдаг юм байна.Мэдлээ...гүйцэтгэе...Чөлөөлөх дайны ахмад дайчин Шонхор.
xxx
Орцны үүдэн дэх зар.
“Хоёр давхарын найман тоотын ачааны тэрэгний жолооч ах аа.Шөнө сайхан унтаж байхад та ирээд машинаа хаазалж орилуулаад унтуулахгүй сэрээх юм.Өглөө босохоос цагийн өмнө машинаа асаагаад мотороо халааж байна гээд баахан хаазлаад унтуулахгүй ямар муухай хүн бэ?Бидний зарим нь хичээл дээрээ унтаад багшийнхаа укаскаар ороолгуулж сэрдэг.Нойр дутуу байхад яаж ном сурах юм бэ?Ноднин биднээс хоёр нь улирсан.Энэ жил хэд улирахыг хэн ч мэдэхгүй.Учир иймд бид эцэг эхтэйгээ ярьж зөвлөөд Батаагийн аавын гараажид таны машиныг байлгахаар гэрээ хийлээ.Хичээлээс ирээд бид гадуур явж шил түүсэн мөнгөө нийлүүлээд таны өмнөөс тооцоо хийхээр боллоо.Өнөө орой та машинаа баруун талын барилгын дор байгаа нийтийн гараажид машинаа тавих болсоныг мэдэгдье.Шөнө бүтэн нойртой хонож байвал шил түүх ч яамай байнаа.Тэгэхэдээ сургуулийнхаа хүүхдүүдээс ичээд нүүрэндээ маск зүүж явдаг шүү.Орцны хүүхдүүд.
ххх
Мэдэгдэл.
Тойргийн сонгогчдод:
Өдөр шөнөгүй би та нарын төлөө сэтгэлээ зовоож,тархиа гашилган,нойртой хоолгүй,элий балай юм шиг явж байхад та нар намайг төрийн төв хэвлэл дээр тойргийн сонгогчидтойгоо уулзалгүй дөрвөн жил боллоо гэж матсан байна.Та нар надаар дутна уу гэхээс та нараар би дутахгүй шүү дээ.Нерв хөдөлгөөд байвал би энэ жилийн сонгуульд хотод тэр тусмаа бохир завааны үүр болсон гэр хорооллын та нартай зууралдахгүй ээ.Эрүүл агаарт гарч,элэнц эцэг баян Донойгийнхоо нутагт очиж,сонгуулнаа.Өвөөгийн ч юм байна.Аавын элчинд байхадаа хураасан юм ч байна.Миний ураны лицензээ зарж борлуулсан жаал жуул ч юм байна.Торохгүй тогдойхгүй дахиад сонгогдоно доо.Та нар хараарай.Улсын их хурлын гишүүн ноён Юмтай.
Ххх
Хориотой зар
Шорон доторхи зарлал.”Халаасны хулгайч нар 005 дугаарын өрөөнд цугларна уу?Дөчин жил суусан Дөнгө Болдоо “халаасны хулгай”-н туршлагаасаа лекц уншина”.”003 –т Түлхүүр Самдан
кодтой хаалга онгойлгох сургалтанд урьж байна.Төлбөрийг талхаар хийнэ”.”007-д Жэймс Бонд Лхагваа банкны харилцагч нарын данс руу орох интернетын хичээл заана.Төлбөрийг шоронгийн дансаар авна”.”Яс Гонио шинэ хоригдлуудад гяндангийн дотоод дүрэм,ёс суртахууныг танилцуулна”.”Дарваан Цэвээн Дээд шүүхэд заргалдах өргөдөл бичиж өгнө”.”Хойлог Базар “Нүгэл нүдээрээ” шүлгийн түүврээ нийтэд уншина”.”Хошууч Бааатар “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” ярилцлага зохионо”.”Яаж цагдаад баригдахгүй цэвэрхэн бултах вэ?” гэдэг зөвөлгөө өгнө.Гяндан Төмөрөө.”Ял хойшлуулах аргачлал гэдэг сургамжит зохиол зарна”.”Тарваганы боодог сая төгрөгөөр зарна”.”Монгол порно кино үзүүлнэ”.”Хуяг Дугар зуу грамм шаглана”.”009-д сансрын антенн суурилуулах мэргэжилтэн хайж байна”.”Залилангийн хэрэг худалдаж авна”.”Алтан шүд хийнэ”.”Өрөөгөө тохижуулах хүн бүхэнд буудаж,өрөмдөж үйлчилнэ”.”Матч сахлын ир зарна”.”Дуудлагын тайланд массажистаар үйлчилнэ”.”Бүх биеэр шивээс хийнэ”.
Ххх
Сар шинийн хишиг даллага
Намайг муу хэлдэг хүмүүст цагаан сарын шинийн нэгний өглөө буян хурж бурзайх ерөөл хуруулна.Үүнд миний салсан авааль эхнэр болон түүний хамаатнууд нэн ялангуяа хадам ээжийг хамсаатнуудтайгаа таксигаар хүрэлцэн ирэхийг урьж байна.Таксины мөнгийг би өөрөө даана.Хүн бүрт цагаан сарын ул боов,гавьжийн дугуй,ерөөлийн хадаг олгоно.Буддийн шашинтан Сэтгэлсайхантай.
Ххх
Уйлмаар байвч нулимс нь хатсан нэгэн бээрийн нэхэл хатуу өчиг.
Төгс сайхан бие бялдаргүй ч гэлээ түмний дундаас чамайг сонгон амалж,олон ардын нүдэн дээр онцгойлон шалгарч,уран үгээр мэх хийж,унаган түрүүлсэн минь миний амьдралын түрүү авсан мөчигхөн мөрөөдлийн нэгэн наадам байсан бөлгөө.Гэвч эрчүүдийн нүдний хороор чимэглэсэн ихэмсэг хатагтай та эхнэр шиг эхнэр байж чадсангүй.Эрх хүүхэд шиг элдэвлэн,хөл толгойгүй харайхадаа,энд тэндгүй хов ярьсан атаархагч наадамчидын үгээр үг хийж,хар санаатны булсан хамрын доорхи хагархайгаар хахууль авсан гэж гүжирдэж,хөлийн цэцийг шөвгөдөн,хүмүүсийн өмнө намайг элэг доог болголоо.Түрүүлээд байгаа авдаггүй наадамд түүнийг унагаасан минь бульхай болов.Ингэж би эхнэр авах нааадамд инээдэм ханиадам болж цолоо эргүүлж өгсөн юм.Эхнэр хүн гэдэг эм барс шиг өрсөлдөгч байдагийг энэ удаагийн наадам эргэж буцалтгүйгээр надад ойлгуулсан.Түүнээс хойш барилдахаа болиод богино ухаантай эмэгтэй хүнийг харахаараа боож үхмээр бодогддог болсон юм.Дараагийн наадамд хэрэв барилдвал дарууханаас нь сонгож барилдана даа гэж бодож байна.Нааадамч олны үгэнд унахгүй надтай шударга өрсөлдөх бүсгүйтэй үзэлцэнэ гэж бодож явна.
Ххх
Яаралтай зар
Төрийн албан хаагчийн цалингаар төлбөрөө барагдуулж дийлэхгүй байгаа учир Зайсангийн аман дахь түрээсний байрныхаа илүү өрөөнүүдийг хүнд хөлслүүлнэ.Жич:Энхбаяр гэдэг нэртэй хүмүүсийг эрдэнээр бөөлжсөн ч суулгахгүй гэдгийг анхааруулъя.Төрийн албан хаагч Шударга нэрт Нямдорж.
Ххх
Мэдээд байна уу мэдрэлээр тоглоод байна уу
Хувь хүний заяа төөргийг шиншлэн таагч мэргэч төлөгч нараа.Та бүхний есөн зоосны нүхээр амьдарсаар явтал амьдрал минь амьдрал биш болж хувирлаа.Суух гэсэн бүсгүй заяатан болгоныг минь сүв болгоноор нь мэргэ төлгөө гүйлгэж,болохгүй бүтэхгүй,таарахгүй тохирохгүй гэж замаас минь зайлуулсаар байтал би гэдэг хүн тавь хүрч бэлгийн чадваргүй нэгэн болох нь ээ.Үнэхээр та нар миний төлөө санаа зовдог бол үр хүүхэд төрүүлэх өргөө гэрийн минь хатныг өнөө маргаашгүй л олж өгөхгүй бол өргөл барьц гэж үрэлгүй өөрөө л олж авъя.Харин та нарыг хуримдаа уръя.Зоос,чулуугаа орхиод зочин шиг морилж ирээрэй.Үнэгэнд хуурагдсан овогт Итгэлгүй.
Ххх
Буруу хайсан захидал
Би энэ захидлыг олон жилийн өмнө галт тэрэгний куппенд хамт явсан нэр нь үл мэдэгдэх бүсгүйд зориуллаа.Үзэсгэлэнт бүсгүй таныг хараад өр зүрх минь “өвчилсөн”-ийг нуугаад яалтай ч бүрэг ичимхий даруухан залуугаас болоод даанч нэг үг ч хэлж чадалгүй буулгасандаа одоо ч би шаналж зовдог бөгөөд даарч дагжсан юм шиг эрүү нь салгалсан эргүү тэр залууд таныг буусанаас хойш хэд хэдэн удаа эрүү шанаа өгч хашраан шийтгэсэнээ хэлмээр байна.Одоо тэр залуу хөгшрөөд улам шалчийжээ.Таныг хайрласан хайр сэтгэлийг минь илчилж хэлээгүйн төлөө надаас шанаа хүртээд түүндээ надад гомдоод өдий олон жил надтай дуугарахгүй яваа юм.Та өдийд хүнтэй сууж хүүхэд шуухад гаргаад ач зээгээ үзчихсэн эмээ болчихсон яваа биз дээ.Танд нэг ч үг хэлээгүй буулгасан тэр цагаас хойш зүрх минь дурлал гэдэг тамтай дахин учирсангүй.Чаддагаараа энэ муу аймхай залуутай ам хэлээрээ үзэлцэн яр яр хийж явсаар өвгөрч өтөллөө дөө.Тэгэхэдээ би хожимдсон ч гэсэн танд хайртай гэж хэлж байна.Буцаад хорин таван жилийн өмнөх рүү аваачвал таныг буулгахгүй шууд гэр рүүгээ аваад явах сан.Таван сайхан хүүхэд төрүүлээд тарвалзаж явах сан.Том хүү минь ачаа чи бид хоёрт орхиод чи бид хоёр ачаа булаалцалдан хөөрхөн хэлэлцэж талалцаад сууж байх сан...Эмгэнийхээ гараар чанасан гурилтай цай оочоод,хөлс минь бурзайгаад...ямар сайхан байх байсан бол?...Энэ муу хэл нь тасарсан шил нь татсан арчаагүй залуугаас болж хамаг амьдралаа баллаад хаячихлаа.Энэ тэнэгийг харахаар үнэн уур хүрч байна.Олон жилийн өмнөх галт тэргэндээ суувал энэ эргүү шаарыг би галт тэрэгний нойлийн өрөөнд хуурч дагуулж ороод түгжчихээд гараад ирнээ.За,баяртай хойд насандаа галт тэргэнд уулзъя.Хэлгүй Сүхээ.
Ххх
Эрүүл байсан бол доо чи минь...
Амьдралд баяртай баясгалантай,гунигтай,бухимдалтай өчнөөн л юм тохиолддог.Хүн болсон хойно миний амьдралд ч энэ хоёр янзын шалгуураар орсон тохиолдол зөндөө.Би нэг явдлыг ерөөсөө мартдаггүй юм.Нэг сайхан нартай өдөр найзуудтайгаа тааралдаад баарнаас гарч явтал нүд хөмсөг, нуруу туруу болсон сайхан “согоо”-той тааралдлаа.Тэртэй тэргүй зуу-гаар ассан зүрх минь цээжиндээ багтахгүй дүрэлзэж явсаныг хэлэх үү.Бүрхэг өдрийг ч цэлмээж чадах үзэсгэлэн гоо бүсгүй хараад булгилсан зүрх минь пүл пүл хийж,бугуйн цаг минь харин электрон цаг байсан болохоор чаг чаг гэсэнгүй шал шал хийсэн юм.Ам минь асаасан трактор шиг пижигнэж,нөгөө сайхан амьтныг чинь хорвоогийн хир буртагийг арилтал баахан инээлгэж дөнгөсөн юм.Тэр бүсгүйд би жаахан ч таалагдаж чадсан юм.Тэгсэний эцэст дараа уулзахаар болоод салсанаа би муухан санадаг.Даанч согтуу толгой нэрийг нь бас утсыг нь дараа нь мянган өдөр ч бодоод олоогүй билээ.Сүүлдээ солиороод согтуу хүн зүүдээ санадаг юм бол уу гэж өөртөө эргэлздэг болсон.Эрүүл байсан бол доо,тэгвэл миний амьдрал горьтиг шиг бүтэн эргэх байсандаа гэж харамсдаг...
Ххх
Цэцгээ
Авгай авсан мөртлөө авгай авч байна гэж би хааяа зүүдлэх юм.Аз жаргалтай зүүднээс минь эхнэр минь сэрээгээд “Наад Цэцгээгээ болиоч доо.Хэдэн жил хүн унтуулахгүй Цэцгээдлээ” гэхэд ялимгүй ичисхийгээд буруу харан хөнжлөө татахадаа уртаар санаа алдана.Санаа алдахыг минь мэдсэн эхнэр шөнийн харанхуйг хахирган дуугаар сэрээж “Уртаар санаа алдуулаад байгаа наад Цэцгээг чинь олвол урж тасдаад амьтны зугаа болгоод өгнөө” гэж занана.Үнэндээ би тэр Цэцгээг өдөр нэг ч хараагүй юм.Зөөлөн ялдамхан ааштай Цэцгээ зөвхөн зүүдэнд л ирдэг юм.
Ххх
Эрдмийн тайлал
Бодоод бодоод бодын шийр дөрөв гэдэг шиг эхнэртэйгээ би муу өдрөө танилцаж дээ янз нь.Бидний амьдралын тэмдэглэл өдөр шөнөгүй хэрүүл.Хавь ойрын хөршүүд мэдрэлийн ядаргаа болоод өвөл болчихоод байхад зуслангаасаа бууж ирэхгүй өвөлждөг болж...Бид хоёрын танилцдаг өдөр мягмар гариг байсан санагдана.Тэгэхээр час өдөр минь байж. Автобус гэнэт тоормослоход тортой өндөгөө автобусны хойд буланд явсан миний өвөр дээр унахадаа өмдөн дээр минь нялайж,дараа нь гэр рүүгээ дагуулан очиж цэвэрлэж өгсөн юм.Автобусны хойд булан гэдэг чинь суудал өнцөгдсөн гэсэн үг.Автобус хойноос урагшаа явж байсан болохоор зүгийн муу зүүн хойшоо байж таарах нь.Цай уух уу гэхээр нь ууя гэсэн.Арвайн гурил самарсан өтгөн сарлагын сүүтай цай чанаж өгсөн.Хоол идэх үү гэсэн.Идье гэсэн.Борцтой гурилтай шөл хийж өгсөн.Гурван аяга идсэн.Зуу татах уу гэсэн татъя л гэсэн.Хоёр шил архи уусан...Өглөө сэрэхэд түүнийг тэврээд унтаж байсан.Чингэж бид эхнэр нөхөр хоёр болсон юм.Тэгэхэд би төөрөг тавилан гэж мэддэггүй явж.Эхнэртэйгээ суугаад тэдний хамаатны лам өвгөнд шавь орж,сахил санваар хүртсэн.Даан удалгүй зурхай судалж,хүний төөрөг тавилан зурдаг боллоо.Одоо бодоход цай хоолонд өвгөн ламын өгсөн тарнитай зүйлийг эхнэр маань хутгаад өгчихсөн байгаа юм.Одоо би тэр өдрийг зурхайн судраа аван судалж байна.Авах юм алга.Бас автобусны жолооч хэн билээ.Бид хоёрын хурим дээр ирлүү яалаа?...
Ххх
Бэлтэй ядуучууд
Олон нийтийн судалгаагаар ядуучууд олонтой Энэтхэг,Хятад,Индонезид хүн амын ихэнхи нь өөдрөг үзэлтэй гэсэн байдаг.Манайд болохоор гуравны хоёр нь ядуу гэдэг ангилалд багтдаг байж гутаранги үзэлтэнгүүд олонхи байна гэсэн.Дээрхи орны ядуучууд сардаа ганц сохор зоос олвол бурхны хишиг гээд бөөн баяр.Өдөр бүр сохор зоос олсон ч манайхан чамлаад чанга атгаж чаддаггүй юм байна.
Нөгөөтээгүүр үүнийг ходоодны суналттай л холбож тайлбарлаж байх даа...
Ххх
Тэгш эрх
Байгалийн зохицлыг хүн алдагдуулсанаас болж экологийн тэнцвэр алдагдаж байгаа нь маргашгүй үнэн.Чоно өдөрт хоёр гурван зурам эсвэл ганц тарвага цааш харуулж байна.Даварвал ишиг хурга шоглоно.Тэгэхэд хүн өглөө гахайны махан бифштекс талхтай иднэ.Урд шөнө нь идээд орхисон чанасан махны үлдэгдлээ цайндаа хэрчиж иднэ.Өдөр нь нэг хоёрдугаар хоол.Загас далайн бүтээгдэхүүн,тахиа шувууны гуя,далавч,хонь ямаа,үхэр,адуу,тэмээ,зээр,гөрөөс гээд идэхгүй амьтан алга.Орой нь дахиад идэхээ үргэлжлүүлнэ.Бар,арслан,баавгай,ирвэс турж үхнэ үү,турсага олж гударна уу огт хамааагүй.Мал адгуус ус бэлчээргүй харангадаж өлдөж үхнэ үү хайхрах сэтгэл огт үгүй.Уул нь бурхан дэлхий гэдэг цэнхэр гариг дээр ив ижилхэн амьдрах эрх өгсөн юм шүү дээ.
Ххх
Чилдэггүй эрүү
Үргэлж ам нь хөдөлж байдаг нэг хүнийг би мэдэхийн дээдээр мэднэ.Мань хүн өглөө босоод ам нь ажиллаастай.Идлээ уулаа залгилаа...Албаны тэргэндээ суумагц амны хайрцаг нь дүнгэнэж эхэлнэ.Ярилаа тушаалаа.Хэллээ шүүмжиллээ.Зааварчиллаа.Зэмлэлээ зандарлаа.Дундуур нь бас хоол чихээстэй.Хоолны даруулганд ганц хоёр онигоотой.Шүдээ чигчиллээ.Илтгэл мэдэгдэл гээд ам хуурай байхгүй.Тэр зуураа аягатай усаар амаа чийглээд амжина.Орой боллоо.Найр цэнгээний газар,хүлээн авалт үдэшлэг.Хундаганы үг.Хайрын дуу.Хараал ерөөл...Харин гэртээ ирээд эрх чөлөөгөө ёстой нэг хасуулна даа.Авгай нь түүнийг өөрөө хангинаад юм яриулахгүй амыг нь үдчихнэ.Гэвч мань хүн авгай руугаа бүлтийлгэн харах зуур ам руугаа үзэм,чавга,самар,жимс шидээстэй.Эрүүний рак гэж байдаг бол энэ хүнд л хожим анхаарлаа хандуулж мэдэх юм даа.
ххх
Гадаадаас дүүгийнхээ явуулсан ганган пүүзийг өмсөөд оройн цагаар ганц нэг цаг гүйхээ аяддаг юм.Тэгтэл гудамжны “дасгалжуулагч” нарт хөөгдөөд орой болгон муур хулганадсаар байгаад хөл гар минь чангарч,хүч чадал минь улам сайжрав.Удахгүй дэлхийн аварга болвол энэ хэддээ бэлэгтэй ирэх юм сан гэж хурдан гүйх тусмаа би боддог боллоо.
ххх
“Уучлаарай хайрт минь,чи намайг магтаж “баярын бичгээр” шагнахаа байжээ.Өдөр болгон чамаас “торгуулийн хуудас” сонсох болсоноос хойш найз нь “баярын бичиг” өгөх улаан уруулыг хайж явдаг боллоо.Хэрэв хэн нэгэн улаан будагтай уруул “шагная” гэвэл би татгалзаж чадахгүй болсон байна.Үүнээс үүдэн чамд анхааруулахад “шагналын сан” руугаа эргэж харах болсон юм шүү гэж дахин хэлэхийг хүслээ”
-Тоглолт эхлэх цаг хэдийнээ өнгөрчээ.Хуран цугларсан олон хушга самрын ясаар “байлдаж” гарав.Олонд алдартай “од” дуучин маань ирдэггүй...Тэгсэн эхнэртэйгээ муудалцаад,исгэлэн ундаатай нөхцөөд ирэхээ байсан болж таарав.Хөтлөгч тайзан дээр гарч ирж уучлалт хүсээд “Техникийн шалтгаанаар тоглолт хойшлов” гэж зарлалаа.Үхсэнийх нь техникийн шалтгаан байхав дээ,хувийн асуудлаа зохицуулж чадахгүй байж,тоглолт хийх санаатай...Харин би цэвэрлэгчийг өрөвдлөө.Орлого орохгүй бол түүнд цалингий нь бүтэн өгдөг байгаа даа...Самар,хушганы яс импортын бүх үзүүлэлтээрээ хөлийн дор багсайна...
-Зүүдэндээ хар дарж хөлөрсөөр байгаад өглөө заавал усанд ордог болов.
Ажилдаа явж гудамжны шороо тоос,утаар угаар болсон амьтан орж рээд шүршүүр рүү харайна.Турж байгаа гэж жигтэйхэн.Шүршүүрт ороод зогсож байхдаа тархин дотор буй аймшигийн кино шиг эрээлжилсэн хальсыг авч хаяад бохир усны зайлуулагчаар савангийн хөөстэй устай хамт урсгахыг хүснэ.Гэвч тархинд минь шингэсэн муу үзэгдлүүд бохирын шугмыг нь бөглөчихвөл яанаа гэсэн түгшүүртэй бодол төрөв.Тэнд ч энэ нийгмийн хир буртаг овоо л хуралдсан байгаа даа...
Бичсэн Эрдэнэмөнх Даваажав