2011-12-22Энхэр нялх биедээ дэндүү ахадсан, эр зоригийн спортод хөл тавьж дэлхийн дээвэрт гараад ирсэн, Монгол түмний
бахархал болсон нэгэн эмэгтэйтэй ярилцсанаа толилуулж байна. Уншигч авхай нар энэ эрхмийг хэн гэдгийг нь бид андахгүй ээ.
-Нутгийн дүү сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Нутгийн зон олон минь сайн сайхан байгааг харахад таатай байна. Уулчин хүний хүсэл мөрөөдлөө 20 жилийн дараа биелүүлж “Дэлхийн дээвэр” хэмээх мөнгөн оргилд мөрөө гаргаж, төрийнхөө далбааг намируулж нутгийн зон олондоо хэлэх үгтэй, сонирхуулчих юмтай ирлээ.
-Таны уугуул нутаг хаана вэ?
-Арван түм гаруй сарлагтай, Завхан хангайн цагаан идээ, экологийн цэвэр жимсгэнэ нэрсний өгөөмөр нутагт төрж өсч, Тосонцэнгэл хотод дунд сургуулиа дүүргэсэн. Одоо энэ хоёр сумандаа очиж адал явдалт, амь дүйсэн, авиралтынхаа сониноос ярьж, баримтат бичлэгээ үзүүлнэ.
-Таныг “Дэлхийн гурав дахь туйлд” амжилттай авирч, монголын анхны эмэгтэй уулчин болж Монгол Улсын гавьяат тамирчин болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ бол зөвхөн миний амжилт биш хутагт хувилгаадын өлгий нутаг. “Замын хүн саатам Завхан нутгийн минь” ахан дүүс. Очирваань Отгонтэнгэр хайрханы минь ивээл түшиг гэж залбирч явдаг. Зүтгэл мөрөөдлийг минь дэмжиж, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж, гавьяат тамирчин алдар хүртээсэн төр засагтаа баярлаж байна.
-Таны хэтийн зорилго хүсэл, мөрөөдөл юу вэ?
-Тамирчин бүр зорилготой байдаг. Надад дэлхийн дээд амжилт тогтоох хүсэл мөрөөдөл бий.
-Та дэлхийн хамгийн өндөр цэгт гарчихлаа. Энэ дээд амжилт биш гэж үү?
-Тийм ээ, “Дэлхийн гурав дахь туйлын” орой огторгуйн хязгааргүй орон зайд хүрлээ. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Дэлхийн дээврийн орчинд 13 оргил байдаг. Бүгдэд нь гарах юмсан гэж бодно. Тэгж гэмээнэ л дэлхийн дээд амжилт тогтооно гэж бодож явдаг.
-Та дэлхийн дээврийн бэлд оччихоод юу бодож зогсов?
-Буцах газаргүй юм байна гэдгээ гүнээ ухаарч, ард минь Монголын ард түмэн, уугуул нутгийн минь ахан дүүс харж байгаа гэж бодохоор хариуцлагаа ухаарч, улам урам зориг орсон.
-Уулчин хүний жаргал, зовлон юу вэ?
-Үүлс сэмрэн бутардаг, мөнх хөх тэнгэрийг мөрлөн ханхайх сумны зэв шиг шовх, дэлхийн дээврийн бэлд очоод зүтгэн мацаж, оргил дээр нь гарчихаад өөрийнхөө алтан соёмбот далбааг намируулан огторгуйн онгон салхинд илбүүлж зогсох баярт агшин, дахиад дараагийн оргилд гарахын хүслэн бол уулчдын жаргал байдаг. Хүн юм чинь мэдээж зовлон гуниг байлгүй яахав.
-Тухайн үед таны биед ямар өөрчлөлт ажиглагдав?
-Би бэлтгэл сургуулилт хийж байхад 56 кг-ийн жинтэй оргилд гарсан. Бууж ирэхэд 49 кг жинтэй, хүчилтөрөгч дутагдаад үе үе ухаан алдаж, олсноосоо зуурч өнхөрч байсан. ОХУ-ын уулчдын багийн эмч их тусалж аминд минь орж байсан. Би үүнийг хэзээ ч мартахгүй.
-Эврестын оргил хэр хэмжээтэй байв?
-Тэнд 6-7 хүн шахаж зогсох зайтай юм билээ. Сансарын салхинд илбүүлсээр байгаад зай багатай болж байгаа юм шиг санагдсан.
-Таны уулчин болох хүслийг хэн бадрааж өгсөн бол?
-Дунд сургуулийн сурагч байхдаа ууланд авирах хүслээр жигүүрлэн ирэхэд ивээлдээ авч, зааж сурган Отгонтэнгэр хайрханд авируулж, уулчин болох гарааг минь эхлүүлсэн хүн бол уулын спортын мастер Д.Мишигбат багш минь. Одоо аймгийн биеийн тамирын газрын дасгалжуулагч уул, аялал, жуулчлалын холбооны тэргүүнээр ажилладаг. Эдний уулчдаас саяхан н.Батманлай уулын спортын ОУХМ мастерын болзол биелүүлсэн.
-Та одоо ямар алба хашиж байна вэ?
-Би энэ спортоор 21 жил хичээллэж, 1997 оноос Монголын уулчдыг дэмжих, “Ганга Эверэст” санг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
-Таныг “Дэлхийн дээвэр” мөгөөрс нимгэн хоолойтны дуун хүрээгүй оргилд эр зоригийн бяр зааж, эрсдэл бүхнийг даван туулж эмэгтэй хүний сэтгэлийн хат ямар агуу байдгийг харуулж дэлхийн зулайд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй болсонд уншигчдынхаа болон нийт завханчуудынхаа өмнөөс дахин талархмаар байна.
-Баярлалаа. Та бүхний ажил амьдрал ямагт өөдрөг байж, тамирчин биднийгээ гэгээн хүсэл, урмаар тэтгэж байх болтугай.
Л.Сэлээд (Завхан)
Эх сурвалж: “Нийгмийн толь”