2011-12-21Би-Би-Си-гийн сэтгүүлч Марк Григорян Британийн хэвлэлүүдэд гарсан нийтлэлүүдээр дараах тойм материалыг бэлтгэжээ.
Путины гол дайсныг суллахаа “Анааш” Михаил амлаж байна
Михаил Прохоров ерөнхийлөгчөөр сонгогдвол Михаил Ходорковскийг шоронгоос суллахаар амласныг мэдээлэхдээ “Sunday Times” сонин олигархийн багын “анааш” гэсэн хочийг дурсчээ.
“Би хамгийн түрүүнд хүмүүнлэг шийдвэр гаргаж, Ходорковскийд өршөөл үзүүлнэ” гэж тэрбумтан хэлснийг “Sunday Times” иш татсан байна.
Энэ үг Путиныг цухалдахад хүргэж болох юм гэж тус сонины Москва дахь сурвалжлагч Марк Франкетти бичжээ. Мөн тус сонины үзэж буйгаар “улс төрийн учир шалтгаантай хоёр шүүх ажиллагааны” үеэр олигархи нийт 14 жил хорих ял шийтгүүлжээ.
“Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэгчээр нэг олигархи нөгөө олигархиа суллах нь гэж Путин хариулсан байна.
Михаил Прохоровын найз нөхдөөс иш татан Франкеттигийн бичсэнээр, тэрбээр өөрийгөө сонгуульд ялах боломжгүй гэдгийг ойлгож байгаа ажээ. Гэхдээ дунд давхаргын залуу бөгөөд боловсролтой төлөөлөгчдийн, тодруулбал, шударга бус сонгуулийг эсэргүүцэн гудамжинд гарч жагссан хүмүүсийн дэмжлэгийг авбал ерөнхий сайд болох боломжтой гэж Прохоров үзэж байна.
Путин жагсагчдыг “Өрнөдийн туршуулууд” гэж нэрлээд, тэдний бэлгэ тэмдгээ болгосон цагаан туузыг бэлгэвчтэй зүйрлэжээ. Харин Прохоров 50 мянга орчим хүн оролцсон жагсаалыг Оросын нийгмийн “сэрэлт” хэмээн дүгнэснийг Франкетти хэлсэн байна.
Гэхдээ Прохоровын дотны найз нөхдийн хэлснээс иш татан “Sunday Times”-ын Москва дахь сурвалжлагчийн бичсэнээр, түүний нэрээ дэвшүүлснийг Путин “дуугүй сайшаажээ”.
“Путин хүсэхгүй байгаа бол ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж болохгүй, ингэлээ гээд Михаил бусдын гар хөл болсон болчихгүй” гэж түүний нэрээ хэлэхийг хүсээгүй найз хэлснийг сонин иш татсан байна.
12 тэрбум фунтын хөрөнгөтэй, саяхан 22 сая фунтээр Сейшелийн арлуудын нэгийг худалдаж авсан Прохоров дунд давхаргын төлөөлөгчдийг өөрийг нь сонгоно гэж үзэж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлснийг амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр хэмээжээ.
“Компьютер ашигладаггүй бөгөөд юм бага уншдаг тэрбумтан хамгийн сайндаа л 15 хувийн дэмжлэг авч, үүний үр дүнд засгийн газарт ажилтай болох байх” гэж Франкетти бичээд, Прохоров өдөрт ердөө гурван цаг ажилладгийг сануулжээ.
Прохоровын улс төрийн мөрийн хөтөлбөр н “Sunday Times”-т хувийн амьдралын тухай өгүүллээс бага зай эзэлжээ. Тэрбээр эдийн засаг болон бизнес уур амьсгалыг эрүүлжүүлж, авлигатай тэмцэж, хэвлэлд илүү эрх чөлөө олгохыг санал болгосон байна.
Оросын удирдагчид болон Өрнөд мөрөөдлийг мохоосон нь
ЗСБНХУ задран унасны дараа Орос улс яагаад ардчилсан орон болоогүй тухай эргэцүүлсэн Ангус Роксборогийн дүн шинжилгээний том материалыг “Sunday Times” нийтэлжээ.
ЗСБНХУ задарснаар Орост айдас түгшүүр нүүрлэсэн бол, Өрнөдөд урам өгсөн байна. Оросын зүүн Европын хөршүүд хоёр жилийн өмнө коммунизмтай салах ёс гүйцэтгэж, ардчилал болоод капитализмд түргэн дасан зохицож, “европ гэр бүлдээ” эргэн очсон.
“Хорин жилийн дараа Орос улс Горбачевын эрх барьж байсан сүүлийн өдрүүдийнхээ тааруу ардчилсан, Өрнөдөд бүр ч хаалттай болжээ. Яагаад бүгд буруу замаар орчихов?” гэсэн асуултыг Роксборо тавьжээ.
Үүний гол буруутнууд нь Оросын Ельцин болон Путин гэсэн хоёр ерөнхийлөгч, бас Өрнөд гэж тэрбээр үзэж байна.
Ельцин “сул дорой, согтуу, Өрнөдийн олзны хүн” байсан. Путин бүх талаараа түүнээс тэс ондоо: “хүчтэй удирдагч”, нэр төрөө хичээсэн хуучин тагнуулч, ардчилал гэж юу байдгийг мэдэхгүй, өрнөдийнхөн улс орныг нь бүсэлж, доош хийж байна хэмээн хэт болгоомжлогч юм.
Өрнөдийн орнуудын удирдагчид ч бас багагүй буруутай. Тэд “холбоотон болох гэсэн улсыг цааш түлхэж чадсан, тиймийн учир шинэ ертөнцөд нэгдэхийг оролдож байсан Оросын болгоомжлолыг ойлгоогүй байна”.
Цааш нь Роксборо Ельциний үед өрнөдийнхөн Орост хэрхэн хандаж байсныг бичжээ. Цэргийн олон гэмт хэрэг гарч, хүний эрх зөрчигдсөн, мөн Чеченийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цэргийн хүчээр дарсан нь ардчилагчийн хувиар Ельциний имижийг унагах ёстой байсан.
Гэвч 1996 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч тийм зүйл болсонгүй. Энэ сонгуулийн үеэр олигархиуд мэдээллийн хэрэгслийг “тэднийг саяхан тэрбумтан болгосон” ерөнхийлөгчийг дэмжихэд ашиглажээ.
Харин өрнөдийнхөн “соёлжихыг” оролдож буй, юун америкчуудтай манатай хүмүүс гэдгийг оросуудын олонх нь мэдэрсэн нь чухал юм.
Ельциний дараа төрийн эрхэнд гарсан Путин 2001 оны есдүгээр 11-ний халдлагын дараа өрнөдийг дэмжиж, Афганистанд урьд өмнө үзүүлж байгаагүй тусламжийг санал болгож, газар худалдах болон худалдаж авахыг зөвшөөрсөн хуулийг баталжээ. Коммунистууд эрс эсэргүүцэж байсан ч гэсэн энэ шинэчлэлийг явуулж чадсан байна.
Гэвч энэ алхмуудыг ардчилсан бус чиг хандлагуудын эхний дохионууд дагалдан гарчээ. Путин шүүмжлэх өнгө аястай телевизийн сувгуудыг хаахыг нь хааж, хяналтдаа авахыг нь авч, Ходорковскийг шоронд суулгаж, төр засагт нь аюул учруулж болох нэлээд хэдэн олигархийг улс орноосоо явахад хүргэсэн байна.
Путиныг өрнөдийн эсрэг үзэл бодолтой болоход хүргэсэн дөрвөн гол үйл явдлыг зохиогч энд нэрлэжээ.
Нэгдүгээрт, зүүн европын орнууд НАТО-д элссэн нь тус эвслийн хил хязгаар Орост тулж ирсэн. “Та нар яах гэж элсэв ээ? Одоо бид нэг тал биш үү! -гэж оросууд асуудаг” гэж “Sunday Times”-т Рогсбург бичсэн байна.
Хоёрдугаарт, Жорж Буш Европт баллистик пуужин байрлуулах төлөвлөгөө гаргасан.
Гурав, дөрөвдүгээрт, өрнөд 2003 онд Гүржид, 2004 онд Украинд гарсан хувьсгалыг дэмжсэн.
“Ардчилалд хүрэх зам урт удаан байж болох юм. Путин болон түүнийг тойрон хүрээлэгчид тулаангүйгээр эрх мэдэл, баялгаасаа салахгүй. Үйл явдал жамаараа өрнөхөд Өрнөд хөндлөнгөөс оролцох ёсгүй. Орос баавгайг уурлуулах нь хэдийд сайхан санаа байгаагүй”.
Путины “цаг дуусах үе эхэлснийг” Михаил Касьянов мэдэрч байна
Путин уурласан, айсан, биеэ барих чадваргүй болсон тухай Оросын Ерөнхий сайд асан Михаил Касьяанов хэлснийг “Sunday Telegraph” сонин иш татжээ.
“Нийгмийн дарамт шахалт тасралтгүй өсч байгааг Путин мэдэж байгаа. Тэрбээр тайван байж чадахгүй байна”.
Энэ нь Ерөнхий сайд байх цаг дуусах үе эхэлснийх байж болох юм гэж “Sunday Times” сонинд ярилцлага өгөхдөө Касьянов хэлжээ.
“Хэрвээ би эсвэл миний хамтран ажиллагсдын нэг ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлбэл бид хоёрдугаар шатанд ялна. Путин ч үүнд эргэлзэхгүй байгаа, тиймээс биднээс айж байгаа” гэж Касьянов хэлснийг сонин иш татсан байна.
2000-2004 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоо сөрөг Ардын эрх чөлөө намын дарга Касьянов нь Москвагийн Болотная талбайд болсон цуглаан дээр үг хэлсэн хүмүүсийн нэг юм. Цуглаанд авлига, хүнд суртал болон Путиныг улс төрийн давцанд ноёрхож байгааг эсэргүүцдэг дунд давхаргын төлөөлөгчид оролцсоныг сонин тэмдэглэжээ.
Путин ч бас шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийнхээ асуултад хариулахдаа Касьяновыг хатуухан хэлээд авсан байна.
“Касьянов Ерөнхий сайд байхдаа өдөөн хатгахаар төлөвлөж байсныг Путин мэдэгдээд, хуучин сайд нь авлигад автсаныг тэмдэглэжээ. Үүнийг Касьянов үргэлж няцаадаг” гэж “Sunday Telegraph” бичсэн байна.
“Орост хэзээ ч бүрэн ардчилал тогтож байгаагүй, ардчилахыг оролдож байсан. Харин одоо ардчиллаас юу ч үлдсэнгүй” гэж Касьянов хэлжээ. Түүний нэрийг Ардын эрх чөлөө нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг оролдох ч үгүй ажээ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”