2011-12-21Долдугаар сарын нэгний үймээний үеэр хар машин хөлөглөсөн нөхөд ан хийж байгаа юм шиг л жагсагчдыг хөөж,
буудаж байсан гэдэг. Гэтэл үймээнд оролцож хохирсон жагсагчдын ярьдаг “хар машин”ыг Х.Тэмүүжингийн дэлгэсэн цагдаагийн өдрийн тэмдэглэлд үгүйсгэжээ.
Тухайлбал 2008.07.04 гэсэн хэсэгт “Анги дээр 13 цагт тасгийн дарга д/х Ү.Даржаа таван ширхэг буудсан сургуулийн сумны хонгио өгч, самуун гарсан газарт сэм хая гэж үүрэг өгөв. Бас мэдүүлэг өгөхдөө сургуулийн сумаар буудсан гэж хэл. Тэр үед Нийслэлийн цагдаагийн д/х Ганбаатар “Сургуулийн сумаар буудсан гэж хэл прокурорт үг алдаж бусдыгаа чирч гай” болов.
Энэ өдөр зургаадугаар тасгийн а/а Гансүх, а/а Мөнхбаяр, жолооч Сүхбат, д/а Ганбаатар а/а Батдорж нар жижиг буутай байсан. Гэвч битгий хэлээрэй гэж үг хэлээ нийлүүлэв. Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй гэв” хэмээжээ.
Эндээс хүн буудсан цагдаа нар гэмт хэргээ нуун далдлахын тулд хар машины тухай яриа гаргасан юм байна гэж харагдана.
Гэвч тусгай тоноглогдсон, шөнийн хараа хэрэгсэлтэй, байгаа олж онох автомат төхөөрөмж бүхий хар жийп машин онц байдал зарласны дараа гарч ирж, иргэдийг нэг нэгээр нь авлаж, буудсан тухай цагдаа болон энгийн иргэд, хохирогчид хангалттай ярьсан. Бүр хар машины үйл хөдлөл бүхий дүрсийг Нэгдүгээр төрөх эмнэлэг доторх хүмүүс камерт бичсэн гэж хүртэл яригдаж байв.
Тэгвэл үүн шиг машин Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын Ерөнхий газрын мэдэлд байдаг аж. Тухайн үед онц байдал зарласан байсан учраас онцгой бүсэд зөвхөн хүчний байгууллагын машин л нэвтэрч байв. Тиймээс ул мөрөө баллахыг хичээж буй тэрхүү “хар машин”-ыг эрэн сурвалжлах шаардлагатай болжээ. Хэн тийм учир битүүлэг хар машин оруулж ирж, жагсагчдыг агнуулав.
Үүний хариултыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн харьяа байгууллага болох Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Ерөнхий сайд С.Батболдын харьяаны ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар олох ёстой аж.
Харин хар машин хаанаас, хэний тушаалаар онцгой бүсэд нэвтэрснийг ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд, ХЗДХийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан С.Баяр, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, сонгуульд ялагдсандаа гоморхсон Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар мэднэ. Бүр цаашилбал Баянгол дүүрэгт сонгууль будлиантуулсан гэх хэргийг үүсгэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ч мэдэх ёстой.
Мэдэж байгаа хүмүүс нь ил цагаан явж байхад яагаад байцааж, шалгаж, хар машины эзнийг илрүүлж болдоггүй юм бэ. Ингэж өөр хоорондоо хэргээ тохож, үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нарыг буруутгасаар энэ хэрэг С.Зоригийн хэрэг шиг замхрах болж байна уу.
Буудуулж нас барсан дөрвөн талийгаачийн гурав нь буюу Э.Доржсүрэн, Мөнх-Эрдэнэ, Ц.Энхбаатар нарын цогцос ГХЯ-ны урдаас олдсон. Хар машины ан ав, ГХЯ-ны урдаас Нэгдүгээр төрөх эмнэлгийн орчимд өрнөсөн бололтой.
Бидний хувьд цагдаа галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг үгүйсгэх гэсэнгүй. Ямар ч байсан цагдаа нар талийгаачдыг бүгдийг нь биш юм аа гэхэд хүн буудсан гэдгийг прокурорын байгууллага аль хэдийнэ тогтоочихсон.
Гагцхүү Х.Тэмүүжингийн гэнэт задалсан цагдаагийн өдрийн тэмдэглэл “хар машин”-ыг үгүйсгэсэн нь анхаарал татаж байна. Хамгийн гол нь тэмдэглэл бичсэн цагдаа бусдыгаа, даргыгаа хүн буудсан гэдгийг дэвтэртээ дурайлгасан байж “хар машин”-ы талаар яагаад ганц үг ган хийсэнгүй вэ. “Хар машинтай хүмүүс өөдөөс буудсан гэж хэлээрэй” гэх хэдэн үгнээс өөр энэ тэмдэглэлд “хар машин”-ны талаар юу ч дурсаагүй.
Гэтэл цагдаа нарт зодуулж, баривчлагдсан маш олон хохирогч “хар машин”-ы талаар хангалттай нотолдог шүү дээ.
Тухайлбал «Улстөрийн тойм» сонины 2010 тавдугаар сарын дөрөвний дугаарт «… хавтаст хэргүүдэд цагдаа нар “66-гийнхан” хар машин унаж хүн буудсан тухай дурджээ. “66-гийнхан” гэдэг нь тусгай бэлтгэгдсэн цагдаа нар юм. Өөрөөр хэлбэл, галын шугамынхан иргэдийг буудсан гэнэ. Хавтаст хэрэгт цагдаа нарын унаж явсан гэх хар өнгөтэй жийп машины зургийг нотлох баримт бол-гон хавсаргасан байжээ» гэх.
Мөн Олхонууд Шаабар нийтлэлдээ «2008.07.31. Иргэн Б. … төв зам дагуу явж байсан чинь гэнэтхэн цагдаагийн маяктай машин, бас арай том хар машин багшийн дээдийн тэндээс гараад ирсэн. Тэнд байсан хүмүүс цагдаа ирлээ гээд чулуу шидэцгээж байсан. Нөгөө хоёр машин буцаж явснаа гэнэтхэн эргэж ирээд шууд буудаж эхэлсэн. Би замын хажуугийн хайс даваад, хэвтэж нуугдаж байгаад чимээ намдахаар босч харьсан. Хүн буудсан газар зөндөө цус нэлийсэн байсныг X гэж хүн камераар бичиж авсан байх…
2008.07.31. Иргэн А. Манай хамаатны ах цагдаа хийдэг юм. Нийслэлийн цагдаад л ажилладаг. Тэр шөнө гэртээ их омгорхуу ирээд «Муу сайн юмнуудыг ёстой тарвага шиг буудлаа” хэмээн хөөрцөглөж байхыг сонссон. Шөнө талбайд хүн хөөж буудсан гурван машины нэг нь хар өнгөтэй “Делика” машин байсан гэх мэт баримтуудыг дурдсан байдаг.
Үймээнийг зохион байгуулсан гэх О.Магнай 2011 оны дөрөвдүгээр сарын 14-нд «…Цагдаагаас өөр хүн буудсан байх боломжгүй. Уншигчид санаж байгаа бол хэдэн жилийн өмне УИХ-ын гишүүн Л.Гүндалайг онгоцны буудлаас баривчлахдаа 07-00, 05-00 гэх зэрэг дугаартай «Ланд Крузейр-70″ маркийн хар машинууд хөлөглөж байсан шүү дээ…” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Энэ мэтээр “хар машин”-ы тухай баримт олныг цуглуулж болно. Гэвч цагдаагийн өдрийн тэмдэглэлд энэ талаар байхгүй. Тэртэй тэргүй дарга нараа ил цагаан хүн буудсан гээд зар-лаж байгаа хүн хаа байсан ТЕГ, ЭЦГ-ын машины тухай мэдээллийг нууц л гэж.
Иймд цагдаа нарын яриад байгаа шиг тэр тэмдэглэлийн дэвтэр хоосон гүтгэлэг байж болох юм. Мэдээж энэ нь дагдаа нарын өөрсдийгөө хамгаалах гэсэн арга боловч байж болох л хувилбар. Яагаад гүтгэлэг байж болохгүй гэж. Х.Тэмүүжин биш юм аа гэхэд цагдаа нарг буруугаа тохох гэсэн увайгүй дарга нарын явуулга байхыг үгүйсгэх аргагүй.
Товчхондоо 2008 оны долдугаар сарын нэгэнд хүн нас барсан сургаар нэг цагдаа ганцаараа өдрийн тэмдэглэл хөтлөөд л, түүндээ дарга нарынхаа өгсөн бүх үүрэг даалгавар, тушаалыг үг бүрчлэн бичээд л. Сонин байгаа биз дээ.
Эхлээд тэмдэглэлийг уншихад ерөөсөө л цагдаа нар баахан хүн буудчихсан мэт сэтгэгдэл төрсөн. Харин нэг биш нэлээд хэд уншсаны дараа “Энэ тэмдэглэл нэг л биш ээ” гэж бодогдмоор.
Мэдээж хэн нэгэн цагдаа тэмдэглэл хөтөлбөл ямар ч нөхцөлд өөрийгөө илчлэхийг хүсэхгүй. Учир нь наанадаж өөрийнх нь амь нас, цаанадаж хамт үүрэг гүйцэтгэж явсан арав гаруй цагдаагийн ар гэр, амь насны асуудал яригдах учраас тэр. Гэтэл цагдаагийн тэмдэглэл дотор өөрийгөө илчилсэн хэд хэдэн өгүүлбэр бий.
Тухайлбал тэмдэглэлийн дэвтрийн 2008.07.03 гэсэн хэсэгт “А/а Мандах: Д/х Мягмаржавтай хамт явахдаа би нэг залуугийн хөл рүү чиглүүлээд буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа гэж ярьсан. Харин энэ байдлыг зэвсгийн мастер а/а Н.Батдорж мэдэж байх юм, яаж мэддэг байна аа гэж ярьсан. Энэ бүхнийг надад ярьж байхад д/а Н.Ариунболд, Н.Ганбаатар бид хэд өдрийн хоолоо ангийн гуанзанд идэж байсан юм.
2008.07.04.
-8 цаг 50 минутад а/х Я.Хорлоорембүчи утастаж, сургуулийн сум авсан гэдэг дээр яаралтай ирж гарын үсэг зур, тэгээд гэртээ харихгүй юу гэв. Би очиж зурах болов. Би ерөөсөө буудаагүй учир зурах ёстой юм уу гэхэд бүгд 20 ширхэг сум авснаар зурж байгаа гэв” гэжээ.
Тэгэхээр энэ тэмдэглэлийг 2008 оны долдугаар сарын гурванд д/а Н.Ариунболд, Н.Ганбаатар нартай хоол идэж, долдугаар сарын дөрөвний өглөө 8:50 цагт Я.Хорлооренбүчигийн өрөөнд гарын үсэг зурсан цагдаа бичсэн байх нь. Энэ цагдаа хэн бэ гэдгийг Н.Ариунболд, Ганбаатар, а/х Хорлоорембүчи нар санаж байгаа.
Хэрэв үнэхээр тэмдэглэл хөтөлсөн цагдаа гэж байдаг юм бол түүнийг байцааж, үнэн мэдээлэл бичсэн эсхийг нь байцааж, шалгах цаг болсон юм биш үү.
Энэ байдлаараа тэмдэглэлийн дэвтэр ярьж жил болсон Х.Тэмүүжин гишүүн тэмдэглэл бичсэн цагдаа бий гэж хэдэн жилийг “уях” нь. Нөгөөтэйгүүр “гэнэн цайлган» Х.Тэмүүжин гишүүн бусдын занганд орчихсон байж ч магад. Х.Тэмүүжин долдугаар сарын нэгний хэрэг сөхөгдөх бүрт л хар дэвтрээ ярьж сүрдүүлдэг байв.
Ингэж, ингэж үймээний хэрэг чимээ шуугиангүй болсны дараа гэнэт хэвлэлийн бага хурал зарлаж, энэ тухай дэлгэхэд сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу ч гэж бодоход хүргэсэн.
Үнэхээр л Х.Тэмүүжин үймээний хэргийг шийдье гэж бодсон юм бол цагдаа нарын хэргийг Өршөөлийн хуульд хамруулж байхад нь яагаад энэ нууцаа задалж болоогүй юм. Магадгүй тэмдэглэлийн дэвтрийг хожуу дэлгэсэн нь “хар машин”-ы хэргийг замхруулах гэсэн далд зорилготой ч байж болох юм.
Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн задалсан тэмдэглэлийн дэвтэр нэг л биш ээ.
2008 оны долдугаар сарын нэгэнд гэнэт гарч ирж таван сайхан залуугийн амийг авч одсон “хар машин”-ыг олохгүй бол магадгүй 2012 оны долдугаар сарын нэгэнд хэдэн “хар машин”, “хар танк” гарч ирж хичнээн хүний амийг авч одохыг таах аргагүй.
Нэг л мэдэхэд С.Зоригийн хэрэг шиг 10 жил өнгөрч, эцэст нь горьдлого тасрахад хүрч мэднэ шүү.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”