2011-12-20Архангай аймгийн Чулуут сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Дельта констракшн” компани, “Бөх билэгт” дэвжээний
бөх Монгол Улсын залуу начин Б.Амарзаяатай ярилцлаа.
-Түүхт ойн жилээр одтой сайхан барилдаж, цол нэмсэн. Тухайн үед юу бодогдож байв?
-Олон түүхт ойн жил тохиосон наадамд Монгол Улсын начин хэмээх өндөр цолонд хүрсэндээ баяртай байсан. Улсаараа овоглож, улсын алдар цолонд хүрнэ гэдэг бөх хүн бүрийн мөрөөдөл байдаг. Одоо улсын цолонд хүрсэн учраас надад улам их хариуцлага нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр хариуцлага маань цолоо хамгаалж, цаашид амжилтаа ахиулж барилдах юм.
Яг начин цолны даваанд өрсөлдөгчөө өвдөг шороодуулах агшинд үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Ёстой л үгээр хэлж болохооргүй гоё мэдрэмж шүү. Нэг мэдэхэд л тугны өмнө гүйгээд ирчихсэн байсан. Энэ жилийн хувьд миний бэлтгэл тун сайн хангагдсан байсан. Наадмынхаа бэлтгэлийг “Бөх билэгт” дэвжээндээ базаасан.
Улсын баяраас өмнөхөн “Алдар” спорт хорооны барилдаан болоход Улсын начин Ч.Баянмөнхтэй үлдэж, түрүүлсэн. Үүнээс хойш байгууллагуудын ойн барилдаанд чамгүй амжилттай барилдаж байгаа.
-Улсын наадамд анх зодоглосон уу?
-Тийм. 2007 онд Бүх цэргийн баяр наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртсэн. 2009 онд Төв аймгийн баяр наадамд заан цол хүртээд өнгөрсөн жил Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Гурван жил дараалан цол нэмсэн гэсэн үг л дээ.
-Анх удаа цэнгэлдэх хүрээлэнд нэрээ дуудуулж гарч ирэхэд бусад барилдаанаас тэс өөр мэдрэмж төрсөн байх даа?
-Ардын хувьсгалын түүхт ой, үндэсний баяр наадамдаа анх удаа зодоглоно гэдэг сайхан байлгүй яах вэ. Гэхдээ нэгийн даваа их хүндрэлтэй байсан. Үндсэн барилдаанаа гаргах гэж хичээгээд нэг л сайн болж өгөөгүй. Өрсөлдөгч маань ч нэлээд чанга залуу таарсан. Угаасаа ч даваа бүхэн хариуцлагатай учраас сул өрсөлдөгч гэж байхгүй л дээ. Харин хоёрын даваанаас тэвдэж сандрах зүйлгүй маш сайхан болж ирсэн. Жинхэнэ өөрийнхөө санаж бодсон зүйлээ хийж барилдсан.
-Хүүхэд байхдаа өсвөрийн бөхчүүдийн барилдаан, сумын наадамд зодоглодог байв уу?
-Сумын наадамд зодоглож байгаагүй ээ. Харин үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цөөнгүй удаа медалиас мултарч байсан шүү.
-Бөхийн удам бий юу?
-1961 оны Улсын баяр наадамд алдарт Д.Дамдин аваргатай тэргүүн байр булаалдаж байсан Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, Өөлдийн гурван арслангийн нэг Жалбуугийн Чойжилсүрэн гэдэг хүн манай аавын аавтай эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Тэгэхээр бөхийн удамтай л болж таарах гээд байгаа юм.
-Цол горилж яваа залуу хүний хувьд дөрвийн давааны учрааг тооцоолсон байх нь гарцаагүй. Харин бодлоос чинь хэр зөрүүтэй байсан бэ?
-Би тийм их тооцоо судалгаа хийгээд байдаггүй. Гэхдээ дөрвийн давааны оноолтоор өсөх идэр начингуудтай таарах болов уу гэж бодож байсан. Гэтэл Өвөрхангайн Д.Батбаяр начинтай учраа таарч, татаж мордох мэхээр өвдөг шороодуулсан.
-Тэгвэл начин цолны хариуцлагатай даваанд…?
-Намайг Ц.Магалжав харцага амлаж авсан. Энэ даваанд багшийнхаа зааж өгсөн мэхээр давсан. Өмнө нь олон удаа давтсан нь тусаа өгсөн. Анх 2003 онд Тариат сумын 10 жилд ирээд аймгийн заан Б.Нарангэрэл багшийн бөхийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед л энэ мэхийг багш минь зааж өгсөн юм. Мөн Б.Нарангэрэл багшийн бөхийн дугуйланд явсан хүүхдүүдаэс анх удаагаа би улсын цолонд хүрч байгаа юм билээ.
-Зургаагийн даваанд Т.Өсөх-Ирээдүй харцагатай хүч үзсэн. Улсын цолны болзол хангасан болохоор сэтгэл уужирсан тал байв уу?
-Уг нь барилдаан бүхэндээ хариуцлагатай байж, улам илүү дэвшин барилдах хүсэлтэй байсан. Гэтэл өөрийнхөө санасан хэмжээнд хүртэл барилдаж чадаагүй. Өмнөх даваанд сэтгэл маш ихээр хөдөлсөн байсан л даа. Тэгээд л улсын шилдэг начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.
-Та ялагдлынхаа дараа хэр их харамсдаг вэ?
-Харамсана аа. Гэхдээ би ганцаараа бодох дуртай. Бүр удаан боддог гээч. Яагаад апдав, юун дээр анхаарах ёстой байсан гээд бодохоор бараг нойр хүрдэггүй юм.
-Тэгвэл Т.Өсөх-Ирээдүй харцагатай барилдсан тухайгаа юу гэж дүгнэв. Яг юун дээр алдаа гаргасан байна?
-Тэр тухай oдоo хүртэл бодсоор яваа.
-Та хэр их шартай эр вэ?
-Ер нь тайван талдаа хүн. Юу ч болсон инээгээд л явж байдаг гэж миний танилууд хэлдэг юм. Хор шараа бусдад мэдэгдэхээр тэгж гадагшаагаа илэрхийлээд байдаггүй. Тэгээд ч хүн бусдад шарлахахаас илүүтэйгээр өөрөөсөө л алдаа дутагдлаа хайх нь зөв гэж үздэг.
-Тэгвэл уурлахаараа ямар авир гаргаж, хэрхэн тайвширдаг вэ. Би өөрийг тань маш тайван баргийн зүйлд бухимддаггүй эр хүн юм болов уу гэж боддог учраас л ийм зүйл сонирхоод байгаа юм?
-Зүгээр дээ. Та сонирхсон зүйлээ асуух гэж, би хариулт өгөх гэж л уулзсан гэж ойлгоод байгаа шүү дээ /инээв/. Би түр зуурхан л огцом уурлаад тайвширчихдаг. Зарим нь хонон өнжин уурладаг шүү дээ. Би бол тийм биш. Уур бухимдал түр зуурын л зүйл.
-Залуу хүн бүр мэдлэг боловсролтой байх нь чухал гэж үздэг болсон нийгэм. Өөрийгөө хэрхэн боловсруулж, мэдээ, мэдээллийг хаанаас олж авч байна?
-Бидний хийх ёстой ажил бол одоогоор амжилт гаргах л болоод байгаа. Амралтын өдрүүдэд барилдаангүй бол өдөр алгасахгүй бэлтгэл хийдэг. Гэхдээ хажуугаар нь мэдээ, мэдээлэл олж авъя гэж бодолгүй яах вэ. Тийм ч учраас орой бүр интернэтэд суудаг. Мөн телевизээс мэдээ, мэдээлэл олж авдаг. Би өөрөө байгаль хамгаалах экологийн мэргэжилтэй. Гэхдээ одоохондоо бөхдөө илүүтэй анхаарал хандуулах хүсэлтэй байна. Тэгээд ч нас залуу байгаа учраас амжилт дөнгөж эхэлж байгаа гэж бодож явна.
-Мессенжер хаягт чинь хэр олон хүн бүртгэлтэй байдаг вэ?
-Олон шүү. Яг нарийн тоог нь одоогоор хэлж мэдэхгүй байна. Гадаадад байдаг найзуудтайгаа боломж л гарвал өдөр алгасахгүй мэнд мэдэж, сонин сайхан зүйлийн тухай ярилцахыг боддог.
-Гэр бүлтэй болж амжсан уу?
-Гэр бүлтэй. Манай гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Темөрбулаг сумын уугуул, Нямсүрэн гэж бүсгүй бий. Миний амжилт болоод бөхийн ертөнцөд өдий зэрэгтэй яваа маань миний ханьтай шууд холбоотой.
-Интернэтээр аялдаг хүн наадмын тухай мэдээ, мэдээлэл олж уншсан л байлгүй. Нээрээ начин цолыг худалдаад авчихдаг зарим нэг хүн байдаг гэдэг нь үнэн юм уу. Ер нь мөнгө төгрөгийн сураг дуулдаж байх юм уу?
-Нуугаад яах вэ, сонсогдож л байсан. Гэхдээ мань мэтийн хүн тэр их мөнгийг дийлэхгүй юм билээ. Гэхдээ Монгол бөхөд нутаг усны болоод ирээдүйтэй залуусаа дэмжих тохиолдол бүр эрт үед ч байсан. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх гэж боддог. Харин чинээлэг айлын мөнгөтэй хүүхэд хүрч ирээд төрийн наадмыг бузарлахыг би л хувьдаа эсэргүүцдэг. Тэгээд ч манай бөх сонирхогчид бүгд өөр өөрийнхөө дүгнэлтийг хийгээд хэн нь хэн бэ, танхимын болоод бусад барилдаанд ямар амжилт үзүүлж байсан зэргээр нь ялгаж салгаад ойлгочихно л доо.
-Өнгөрсөн наадмаар начин цол 200 сая хүрсэн нь үнэн юм болов уу?
-Яаж мэдэх вэ дээ. Тэгээд ч ямар үнэ, ханшийн судалгаа хийж явсан биш. Олон түүхт ой давхацсан ховор жил, миний анхны наадам учраас сайхан барилдъя гэж бодож ирсэн. Мөн бусдыг мөнгө тоолоод өгч байгааг нь өөрийн нүдээр хараагүй болохоор юу хэлэх вэ.
-Энэ наадамд будилаантай барилдаан цөөнгүй болсон нь өнөөдрийг хүртэл яригддаг. Энэ бүхэнд бөх сонирхогчид засуул, хөлийн цэцийг буруутгаж байгаа. Харин Та тэдний ажилд ямар дүн тавих вэ?
-Хангалттай биш гэсэн үнэлгээ өгнө. Нэгэн зэрэг барилдаж байгаа бөхчүүдийг бүгдийг нь ахмад хөлийн цэцүүд харж амжина гэдэг бол бүтэхгүй зүйл юм билээ. Түүний оронд газарт камер байрлуулах нь шударга гэж боддог. Яг дээрээс нь авахаар хэн нь түрүүлж газарт хүрч байгааг мэдэх боломжгүй байдаг.
Бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Тэрбээр төрүүлж өсгөсөн аав ээждээ баярлаж явдгаа, мөн дэмжиж тусалдаг “Алдар” спорт хороо, “Дельта констракшн” компани, “Бөх билэгт” дэвжээний хамт олонд баярлаж явдгаа илэрхийлээд ажлын амжилт хүссэн. Түүнийг дөнгөж оюутан болж их хотод орж ирэхээс өнөөдрийг хүртэл дэмжиж, итгэж тусалж яваа Гадаад хэргийн дэд сайд Г.Болор ахдаа ч баярлаж явдгаа манай сониноор дамжуулан уламжилсан юм.
В.Нэргүй
Эх сурвалж: “Монголын үнэн”