2011-12-15МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.
-Ерөнхий сайд өчигдөр багш нарын төлөөлөлтэй уулзсан. Ажил хаялтаа зогосоохыг хүссэн. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Ажил хаялтаа зогсоогооч гэсэн саналын өөдөөс нь ажил хаялтаа зогсоомоор байна. Монголын ард иргэд үнэхээр туйлдаж байна. Монголын Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболд, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар хоёрын хэлэлцэн тохиролцож гарын үсэг зурсан хэлэлцээрийн заалтыг биелүүлээч ээ. Та нар тохирсон зүйлээ биелүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эхний улиралд хоёр үе шаттайгаар цалин, тэтгэврийг 53 хувиар нэмнэ гэсэн гурван талт хэлэлцээрт туссан заалтаа биелүүлэх хэрэгтэй. Хэлсэн амандаа хүрээч ээ. Өнөөдөр 14.30 минутаас хэлэлцээр эхэллээ. Өчигдөр Ерөнхий сайдыг багш нарын төлөөлөлтэй уулзахад зарим нэг сайд хөдөлмөрийн харилцааны талаар ямар ч мэдлэггүйгээ харуулсан үг хэлж байна лээ.
-Хэлэлцээр эхлэнгүүт л ажил хаялт зогсох ёстой гэж үү?
-Тиймээ. Хэлэлцээр эхлэнгүүт ажил хаялт зогсдог юм аа гэж ухаантай царайлахаа болих хэрэгтэй. Одоо ингэж дахиж хэлж хүмүүсийн өмнө шараа болов оо гэж сайд нартаа хүндэтгэлтэйгээр уламжилъя.
-Хөдөлмөрийн харилцаанд юу гэж заасан байдаг гэж?
-Хэлэлцээр эхлүүлэх гэж есдүгээр сарын дундаас арванхоёрдугаар сарын дунд хүртэл гурван сар хөөцөлдлөө. Арванхоёрдугаар сарын 12-нд ажил хаялтыг эхлүүлсэн. Энэ бол хууль ёсны ажил хаялт. Ажил хаялт зарлахаас өмнө гурван сар хэлэлцээр хийх санал тавьж байх үедээ ажил хаях эрхгүй.Гэтэл тэр үед өөрсдийнхөө сандал ширээгээ бодож өнгөрөөчихөөд тэмцэхээр хэлэлцээр эхлүүлэх гэж байна ажил хаялтаа шууд зогсоох ёстой гэж хэлж байгаа нь мэдлэггүйн шинж.
-Тэгээд та бүхэн ямар хариу өгч байгаа юм бэ?
-Бид эцсийн үр дүн гараагүй байхад ажил хаялтаа зогсоохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Хэрэв цалинг нэмлээ гээд шийдвэрээ гаргачихвал өнөөдөр ч ажил хаялтыг зогсоомоор байна. Үр дүн гартал ажил хаялтыг зогсоохгүй ээ.
-Төрийн албан хаагчдын цалинг ирэх дөрөв, аравдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэр гарсан. Тийм байтал ингэж шахаж шаардах хэрэг байна уу?
-Монголын ард түмэн ядуудаа бухимдаад байгаа юм биш. Шударга бус байдал хэрээс хэтэрч байгаад бухимдаж байна. Монголын ард түмнийг улс төрчид хүндэтгэхгүй байна. Ард түмнээ хүндэлж сур. Хэлсэн амандаа хүрч сур. Баян хоосны ялгаа хэтийдснийг ойлго. Нийгмийн баялаг шударга бусаар хуваарилагдаж дэндүү их тэрбумтангууд төсвөөс төрж байгааг зогсоо та нар. Үүнийг хэлэх гэж өнөөдөр багш, эмч нар, Үйлдвэрчний эвлэлийнхэн ажил хаялт хийж байгаа. Зөвхөн өөрийнхөө цалинг нэмүүлэхийг л зорьж ч байгаа юм биш. Цаад үндсэн утга агуулга бол нийгэмд шударга ёс тогтооё. Нийгмийн баялгийг шударгаар хуваарилъя. Баян хоосны ялгаагаа ухаараач ээ гэж байгаа юм. Энэ тэмцлийг эв нэгдэлтэй, тэмцэгч, ирээдүйгийнхээ төлөө хариуцлага үүрч байгаагийн хувьд багш нар манлайлж орж байна. Боловсолын салбар, Үйлдвэрчний эвлэлийн энэ тэмцлийг олон түмэн дэмжиж байгаад миний хувьд магнай хагартал баярлаж байгаагаа энэ дашрамд илэрхийлж хэлэх ёстой байх.
-Энэ ажил хаялт хүрээгээ тэлэх шинжтэй байгаа. Эмнэлгийн салбарынхан, урлагийнхан дэмжихээ илэрхийлсэн байх аа?
-Эмнэлгийн ажилтнууд, урлагийнхан, цагдаа, онцгой байдлынхан, тэтгэвэрт суугаа ахмад буурлууд маань хоёргүй сэтгэлээр дэмжиж байгаа. Монголчууд ухаалаг. Бид эв нэгдэлтэй. Үүнийгээ улстөрчдөд харуулах цаг болсон.
-Ерөнхий сайд багш нартай уулзах үеэр салбарын сайд нь хуулийн төсөл боловсруулж нийгмийн асуудлыг шийднэ ээ. Та бүхэн ажил хаялтаа л зогсоо гэж аргалах гээд байх шиг байсан?
-Улс төрчид муу аргадаа гаршжээ. Монголын Засгийн газар муу аргад гарших тусам МҮЭ болон багш нарыг маань улам ухаантай болгож байна даа. Тэдний хууралтад орохгүйгээ бид мэднэ.
-2012 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг гурав, тавдугаар сарын 1-нд нэмэхээр тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад тав, аравдугаар болгож хугацааг хойшлуулсан. Багш нар ажил хаяхаа мэдэгдээд байхад ингэж шийдсэнд багш нар бухимдаж байх шиг байна?
-Багш нарыг даапаалж, үл хүндэлж байгаа явдал. Энэ талаар бидэнтэй ярилцаж болох байсан. Огт ярилцахгүйгээр харин ч цалин нэмэх хугацааг хойшлуулсан явдал нь хүмүүсийг маш их бухимдуулж байна. Монголчууд өөрийн гэсэн үнэлэмжтэй. Ингэж басч болдоггүй юм улстөрчид өө.
-Хувийн хэвшлийнхний цалин хөлсийг нэмэгдүүлэх компанит ажлыг МҮЭ эхлүүлэх гэж байгаа юм уу?
-Хувийн хэвшлийнхний цалин хөлсийг нэмэх тэмцэлийг ирэх нэг, хоёр дугаар сард үргэлжлүүлээд явна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын цалинг нэмэгдүүлэх цаг нь болсон. Багш нарын ажил хаялтыг залгаад маш том тэмцэл өрнөнө өө.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци хөөрөгдөх нь байна шүү дээ?
-Үнэ хөөрөгдөж байгаа нь ганцхан үүнтэй холбоотой юм биш шүү дээ. Инфляци хөөрөгдөхтэй тэмцэх хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийг өлсгөлөн байж бай, жаахан хүлээчих, инфляци хөөрөгдөх нь гэж 20 жил ярьж байгаа улигт үгээ боль л доо. Бид ядуу амьдарч байгаа нь инфляцийг торгоож байгаа хэрэг үү. Улстөрчид ингэж хэлээд байгаа байхгүй юу даа. Бид ингэж ярьж байгаа улстөрчдөд инфляцийг яаж хөөрөгдөхгүй байх хичээлийг заамаар байна.
Банкны хүүгээ бууруул, Шударга бус өрсөлдөөний тухай хууль тогтоомжоо хэрэгжүүл. Бараа бүтээгдэхүүний үнийг хэд дахин нэмж байгаа нь үгсэн хуйвалдалт, мөлжлөг. Үүнтэйгээ тэмцэхгүй байна. Энэ нь инфляцийг хөөрөгдөж байгаа.
1990 оны үед өмч хувьчлал нэрээр луйвар хийж авсан улстөрчдийн түрээсийн байр Монголоор дүүрэн бий. 70 жил ахмадуудын маань бүтээсэн өмчийг нэгхэн өдрийн дотор өөрийн болгоцгоосон. Буцаагаад үүнийгээ ард түмэнд түрээсэлж байгаа. Энэ бол түрээсийн, хамжлагийн эдийн засаг. Ийм суурь тогтолцоогоо ярихгүй байж, түр өлсч бай тэгэхгүй бол инфляци өсөх гээд байна гэдэг яриагаа болих хэрэгтэй.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн дагаад цалинг нэмж чадахгүй чирэгдэнэ гээд байна л даа?
-Ингэж ярьж байгаа бол Ерөнхий сайд С.Батболд, Сангийн сайд С.Баярцогт хоёртой халз мэтгэлцээнд ормоор байна. Худлаа ярьж байна гэдгийг нь хэлээд өгөх юмсан. Халз мэтгэлцээнд орохыг урьж байна гэдгээ албан ёсоор зарлачихъя.
Нэг дүгээр сарын эхний долоо хоногт халз мэтгэлцээнд МҮЭ-ийн байранд ирнэ үү гэж уриалж байна.
-Та халз мэтгэлцээнд дуудаад байдаг ч тэд ирдэггүй биз дээ?
-Тэд ялагдах нь тодорхой гээд халз мэтгэлцээнд орохыг хүсдэггүй юм байлгүй дээ./инээв/ Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хувийн хэвшлийг хөлдөө чирдэг гэдэг нь худлаа. Хүмүүс орлогогүй байх тусам талх нарийн боов худалдан авах нь багасгаад гамбир хайрч эхлэнэ. Орлого нь бүр буурвал гурил хуурч эхлэнэ. Тэгэхээр есийн тосны, талх, гурилан боов үйлдвэрлэх цехийн бизнес зогсоно биз дээ. Ард иргэдийг орлоготой байлгана гэдэг чинь бизнесийг хөгжүүлнэ гэсэн үг. Иргэдийг ядуу байлгах нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд ямар ашиг гарах юм. Худалдан авагч чинь мөнгөтэй, орлоготой болох тусам бизнес нь өргөжинө өө.
Ард түмнийг мөнгөтэй болгох, цалин, тэтгэврийг нэмэх нь цаагуураа бизнесийг хөгжүүлдэг юм.
Засгийн газар ирэх жил бараг 3 их наяд төгрөгийг нэмж батлуулчихаад түүнээсээ 126 тэрбум төгрөгийг л төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулчихаж чадахгүй байна ш дээ. Энэ их мөнгөө тендер нэрээр цацаж цаагуураа өөрсдийнхөө бизнесийг дэмждэг, нэмэлт орлого олдог. Бизнесмэнүүд ард түмэндээ үйлчилж тэдний халаасанд байгаа мөнгийг хурааж авах биш Засгийн газарт оочерлож тэндээс яаж тендер авах вэ гэж тархиа гашилгаж байна. Үүнийг зогсоохын тулд хамгийн түрүүнд иргэдээ орлоготой болох ёстой. 21 мянга тараах гэхээсээ илүү тэтгэвэр авагчдын хувь, хувьсгалын ажил хийж байгаа хүмүүсийн гар дээрээ авах мөнгийг л нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүний дараа төсвийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгөөрөө зэс, төмрийн хайлуулах үйлдвэрээ барь. Түүнээс өөрсөддөө зориулж тендер зарлаж ширээ сандалаа өөрчлөх нэрийдлээр төсвийн мөнгөөр гараа угаахаа болих хэрэгтэй. Энэ улстөрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хараарай. Дийлэнх нь нуухыг нь бололцооныхоо хэмжээгээр нуусан атлаа тэрбум төгрөгөөс дээш орлоготой байгаа байхгүй юу даа. Энэ тэнэг тогтолцоог эвдэх, өөрчлөхийн тулд боловсролын салбарын ажилтнуудаар тэргүүлж МҮЭ шударга ёсны төлөө тэмцэл хийж байгаа юм.
-БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр багш нар ажил хаявал теле хичээл заачихна гэж мэдэгдсэн. Багш нар хэрэггүй юм биш үү?
-Энэ хүнийг бол хайр хүрмээр жижигхэн толгойтой хүн юм байна л гэж харж байгаа. Тулга тойрсон сэтгэлгээгээр хандаж байна. Багш нар гэдэг бол монголын үнэт зүйл, капитал. Ажил хаялт зарлахаар суудлаа авч үлдэх гэж багш нар хүүхэд зоддог, чанар чансаа муутай гэж пиар цацдаг ийм салбарын сайд энэ дэлхий дээр байхгүй дээ. Тийм учраас хайр хүрмээр хүн юм даа.
-Тантай нэг үе мөр зэрэгцэн тэмцэж явсан О.Магнай хувьсгал хийхийг уриалаад байгаа. Та түүнийг нь дэмжиж байгаа юу?
-Би хамгийн их тэмцэл явуулдаг хүний нэг ч хүчирхийллийн эсрэг байдаг. Би иргэний хөдөлгөөнд байхдаа ч, МҮЭ-ий дарга байхдаа ч жагсаал цуглаан зохион байгуулбал эхнээс нь авахуулаад дуустал нь өөрөө хариуцах ёстой гэж хичээж ирсэн. Тэнд нэг ч хүн үхэж, бэртэж болохгүй. Эхлүүлсэн бол хүнд лаахайдалгүй хариуцлагаа үүрэх ёстой. Хэлэлцээрийн ширээний ард сууж шийдэхийг эрмэлздэг дээ.
Зарим хүмүүс яасан өөрийгөө хайрладаггүй хүн бэ гэж боддог ч байж магадгүй.Гэхдээ би тийм хямдхан хүн биш ээ. Хүн болгонд олдоод байдаггүй, түмэн олныхоо итгэл найдвар хүндэтгэлийг хүлээж тэднийхөө төлөө зүтгэх хувь зохиол надад олдсон. Энэ итгэлийг нь хариулах гэж зүтгэж яваа жири йн нэг залуу. МҮЭ гэдэг агуу хүчирхэг байгууллага. Монголчуудыг өмгөөлөх, хамгаалах, тэдний өмнөөс дуугарч заргалдах байгууллага байдаг юм шүү. Киргиз шиг заавал цус урсгаж хурц ширүүн тэмцэл хийх шаардлагагүй. Бид энх тайван, уярам зөөлөн хайр сэтгэл, тэвчээр гэсэн зарчмыг баримталж байх нь чухал. Өнөөдрийг хүртэл энэ зарчмыг барьж ирсэн. Түмэн олныг хайрлахын төлөө л би хурц ширүүн тэмцэл хийдэг. Баатар болохын тулд биш хайрлахын тулд эр зоригтой байх ёстой. Тэмцэл гэдэг бол хайр. Дээр нь нэмээд хүндэтгэл, тэвчээр хатуужил, энхтайванлаг байдал. МҮЭ тэмцэхгүй, энэ янзаараа байхыг хараад байвал талбай дээр маш их хүн цуглана, үүнээс болоод нууц бүлгэм байгуулагдаж бослого гарч мэднэ. Монголчууд ингэж хагаралдаасай гэд зарим орнууд хүлээгээд ч байж байгаа. Зэвсэгт бослого шиг зүйл гараасай, тэгэнгүүт НҮБ-ын цэрэг нэрээр цэнхэр малгай өмсөөд зарим хөрш орныхон орж ирнэ. Тэд орж ирчихээд Ирак, Кувейт гэдэг шиг мина илэрлээ, дахиад мина илрэв гээд дахин таван жилээр сунгалаа гээд суучихаж мэднэ. Тэгвэл улс орны тусгаар тогтнолд аюул нүүрлэнэ. Би ийм зүйлийг хүсэхгүй байна.
-Тантай уулзсных асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Та МАН-д элсэх гээд байгаа юм уу?
-Надад ямар нам санал тавьсан нь сонин биш. Хүн надад хандаж санал тавина гэдэг нь итгэл. Тэр надаас тэгж гуйгаад гэж ярих нь ёс зүйгүй зүйл. Ямар нам надад санал тавьсан тухай мэдээлэл өгөхгүй. 2008 онд МҮЭ ерөнхийлөгч С.Ганбаатар сонгуульд оролцохгүй гэж мэдэгдэж байсан даа. Түүн шиг дахиад л би МҮЭ-дээ зүтгэнэ гэж албан ёсоор зарлахгүй бол элдэв яриа их гарах юм аа. Болохгүй бол нотариатаар баталгаажуулдаг юм билүү/ наргиан болгов/. Би МҮЭ-ийн удирдагч. Энэ холбоондоо зүтгэнэ.
-Намд элсэхгүй байна, тиймээ?
-МҮЭ-д зүтгэж байгаа тохиолдолд намд хэзээ ч элсэхгүй. Хэн ч ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй. МҮЭ намайг одоо боллоо, баярлалаа гэтэл нь зүтгэнэ. Харин одоо боль доо гэсэн цагт өөрчлөгдөхийг байг гэхгүй л дээ.
-Иргэний хөдөлгөөнд зүтгэж явсан Ичинноров, Лхагважав гээд хүмүүсийг МАН эгнээндээ элсүүлж байна л даа. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Энэ хүмүүсийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хамт тэмцэж явсан нөхөд маань МАН-ыг сонголоо гэхээр би дагаж давхихгүй ээ. Тэдэнтэй найз хэвээрээ.
Д.Доржпагма www.times.mn