2011-12-07Бид дуучин Ж.Алтанцэцэгийнд зочиллоо. Тэднийх Удирдлагын академийн урдхантай амьдардаг юм билээ.
Нямбай, чимбай эзэгтэйн торгон хийгээд ганган мэдрэмж ханхалсан зочны өрөөнд нь тухлан сүү амтагдсан аагтай цайг нь амтлан суух зуураа өрөөн доторхийг нь ажиглав. Олон өрөөтэй тохилог орон сууцныхаа доторх засал чимэглэл, интерьер дизайныг ч дуучин бүсгүй өөрөө зохицуулсан гэнэ. Зааны ясан цагаан өнгөтэй ханын шүүгээнд нь газар газрын элдэв чамин сувенир өрөөтэй. Чулуун ширээ, камин зуух, хананд өлгөсөн уран зураг гээд хараа булаах зуйл тун олон.
Дуучин бүсгүйн гэрийн засал, тавилга сэлт нь эртний язгууртнуудын ордыг санагдуулмаар.
Тэрбээр нөхөр нь Америк явах гээд тун завгүй байсан тул ажлаа амжуулангаа “Prosound” студид очиж ярилцлагаа үргэлжлуулэхээр тохирсон юм.
Түүний студи “Жаргалан” хотхонд байрладаг юм билээ. Студийн хаалгаар орж гуравдугаар давхарт байрлах өрөөнд нь саатлаа. Найзууд нь түүний төрсөн өдрөөр гоёмсог шигтгээгээр чимэглэсэн хөрөг зургийг нь бэлэглэжээ. Эл зураг Ж.Алтанцэцэгийн нандигнадаг эдийн нэг гэсэн. Өрөөнийхөө баруун хананд өлгөсөн дуучин С.Наран, Б.Сарантуяа, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин талийгаач С.Эрдэнэцэцэг, ая зохиогч Б.Ангирмаа нартай авахуулсан хар, цагаан зураг анхаарал татав.
-Энэ зургийг хэзээ авахуулсан бэ. Үнэхээр гоё зураг байна. Онцгой үйл явдлынх юм уу даа?
-Одоогоос 16 жилийн өмнө 1995 онд “Вавилон мөрний эрэг дээр” тоглолт хийх үеэрээ авахуулсан зураг. Б.Ангирмаа, С.Наран, талийгаач С.Эрдэнэцэцэг Д.Сарантуяа бид тавын зураг тухайн үеийн түүх өгүүлдэг юм. Анх энэ зураг “Улаанбаатар таймс” сонинд гарч байлаа. Ховор зураг болохоор ханандаа өлгөсөн. Дараа жил нь бид “Намайг Ангирмаа гэдэг” тоглолт хийсэн.
-Та шагналуудаа студидээ тавьсан байх чинь их бахархдаг юмаа даа. “Мандах нар” дуугаар Пентатоник наадмын шилдэг дуучны шагнал хүртсэн билүү?
-Пентатоник академийн шилдэг эмэгтэй этник дуучны шагналыг 2003 онд “Мандах нар” дуугаараа авч байсан. 1994 онд анхны пентатоник болж байлаа. Би есөн жилийн дараа шагнал авсан юм. Олон улсын уралдаанаас авч байсан хоёр ч Гран При бий. Долоон удаа шагнал хүртсэн. Бас долоон цомог гаргасан гээд долоогийн тоон дээр давхцаад байна. “Мандах нар” их гоё дуу шүү.
-Таныг гэртээ байхдаа үсээ эвтэйхэн засчихдаг гэдгийг анзаарлаа. Өөрөө өөртөө үсчин, гоо сайханч болох үе олон тохиолдоно биз. Аль салонаар үйлчлүүлдэг вэ?
-“Топаз” салоноор олон жил үйлчлүүлж байна. Гоо сайханд орохдоо’“Видаль” салонд очдог. Миний тоглолтын хувцасыг Халиунаа гэж охин 10 гаруй жил оёж байна. Өөрийн гэсэн жижиг дэлгүүртэй болохоор зарим хувцсаа тэндээсээ авчихдаг юм.
-Энэ жил уран бүтээлийн олз омог их байгаа байх. Хүүхдийн дууны цомог гаргаад амжсан. Энэ цомгийн орлогоос Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж авч өгсөн гэл үү?
-Уран бүтээлийн олз омог арвин байна. Хүүхдийн дууны цомог гаргасан. Поп опера дууны цомог гаргах гэж байснаа жаахан хойшлуулсан. Дива дуучныхаа хувьд хүүхдийн, ардын болон Поп опера гээд нийт таван цомог гаргахаар зорьсон. Эхнээсээ бүтэж байгаа. Шинэ он гаргаад Поп опера цомгийнхоо ажилд орно. Мөн “Making the band” шоуны төслийн удирдагчаар ажиллаж шинэ хамтлаг төрүүлэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа. Охидууд маань өөрийн гэсэн дуу, клиптэй боллоо.
Студи байгуулаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би үүнийгээ Монголын рок попын урлагт оруулж буй хувь нэмэр гэж үздэг. Соёл урлагийг түгээж дэлгэрүүлж байдагт минь урлагийн бурхан Янжинлхам баярлаж байг гээд өрөөндөө залсан. Саяхан зурхайч Р.Сарандаваа багшийн 21 дарь эхийн сүмд очиж Янжинлхам бурхны дууг охидуудтайгаа хамт дууллаа. Нийгэм стресстэй байхад урлагийнхан сайхан зүйлийг дэлгэрүүлж хүмүүсийн сэтгэл зүйг тайвшруулах ёстой гэж боддог.
-Таны шавь нарын дуу их хит болж байна. Утас руу тань залгатал охидуудын чинь дуу эгшиглэж байсан.
Тэднээрээ та их бахардаг бололтой?
-“Extacy” хамтлагийн “You win” дуу хит болсон. Манай охидууд шинэ жилийн тухай дуу бичүүлж байгаа. Манай найзууд Алтаа өөрийгөө хэзээч студитэй, бас продюсер болно гэж төсөөлж байгаагүй гэнээ гэж хошигнодог. Заримдаа бодоход хүний амьдрал богинохон ч юм шиг. Өөрийгөө залуу дуучнаар төсөөлж байсан чинь нэг л мэдэхэд дунд үе рүүгээ орчихож. Охидуудтайгаа хамтарч ажиллаж байгаадаа баяртай байдаг. Бид зорьсон ажлаа эхлүүлж чадсан. Нийгэм хэцүү болж, ганц хүн хөдөлмөрлөөд амжилтанд хүрч чадахгүй байна. Бие биенээ дэмжиж урлагийн тавцанд багаараа ажиллах хэрэгтэйг мэдэрсэн. Шинэ залуу үеийг бид бэлтгэхгүй бол хэн бэлтгэх билээ.
Дан авьяасаар амжилт олохгүй. Хүмүүсийн шүүмжлэл янз бүрийн зүйлийг тэсч гарах хэрэгтэй. Урлаг бол хатуу шалгууртай. Хөдөлмөрлөж чадвал аз. Энэ бүхнийг би охидууддаа хэлдэг. Эрсдэлтэй, хурдтай шуурган дундуур бид явж байна. Залуусыг хараад эрч хучийг мэдэрдэг. Нэг удаа охидуудынхаа тоглолтыг хийгээд шөнийн клубт орлоо. Гэтэл маш олон залуу ирсэн. Та ямар гоё юм бэ. Бүжиглэсэн чинь их гоё санагдлаа гэж хэлсэн. Надад их сайхан санагдсан шүү.
Намайг хүүхэд байхад Италийн “Сан Ремо” наадмыг тухай үеийн ЗХУ-ын телевизээр л үздэг байлаа. Харин одоо даяаршихын хэрээр монголын дуучдыг америкийнхтай харьцуулдаг болжээ.
Монголчуудыг хөгжихгүй байна гэж их шүүмжилдэг. Гэвч миний харж байгаагаар хөгжиж байна.
-Та хэдэн жил дуулж байна. Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргав?
-20 жил дуулжээ. Хамгийн сүүлд дуучин С.Нарантайгаа хамтарч найзуудын тухай дуу хийлээ. Чука ахын ая, яруу. найрагч Ц.Хулангийн шүлэг “Найзууд” хэмээх их сайхан дууг дуулсан. Энэ дууг 2006 онд таван дива дуулж байлаа. 20 жилийн босгон дээр хөгжмийн найруулгыг нь дахин шинэчилж дуулсан юм.
…Алсраад одсон он жилүүдээс
Алт шиг тунаад наддаа үлдсэн
Алганы минь хээ шиг илхэн сэтгэлтэй
Анд найз чамдаа жаргалыг хүсье…гэж үерхэлийн үнэ цэнэ, мөн чанарыг харуулсан сайхан үгтэй дуу.
-Та ойрын үед тоглолт хийх үү?
-Би шинэ он гаргаадтоглолтоо хийхээр төлөвлөсөн. Охидууд удахгүй Солонгос, Өвөрмонголд урилгаар тоглохоор болсон.
-Удахгүй шинэ жил боллоо. Шинэ жилээр дуучдыг өндөр ханшаар дуулдаг гэж шүүмжилдэг. Нууц биш бол та хэдий хэр орлого олдог вэ?
-Энэ харьцангуй ойлголт юмуу даа. Манай продакшн анх удаа гурван газрын шинэ жилийг зохион байгуулахаар болсон. Хүмүүс надад итгэж байгаа болохоор урам зоригтой байна.
Өөрийгөө чих зөөлөнтэй гэж боддог. Мэдээж тодорхой хэмжээгээр хөдөлмөрөө үнэлуүлэлгүй яах вэ. Ихэнхдээ хүмүүстэй зохиодог юм. Сүүлийн үед хандивын тоглолтод цөөнгүй оролцсон. Заримдаа юунд оролцох гэж буйгаа тухайн арга хэмжээнд очсон хойноо мэдэх үе ч гардаг.
Чука ах, намайг гаднаас хуй салхи шиг орж ирээд л юу хэлэх үү гээд сандраад эхэлдэг гэж шоолж билээ. Бодоод байхад би чөлөөт уран бүтээлч, намайг хэн ч хамгаалдаггүй. Шинэ залуу уран бүтээлчид яах ёстой вэ. Гарч ирэхгүй байна гээд л шүүмжлээд байдаг. Гэтэл гаргаж ирэх хун алга. Тэмцээн уралдаанд хөөж явуулах газар байхгүй. Урлагийнхан л улс орны нүүр царай болдог. Соёлын өдрүүдэд хэн ямар шалгуураар яваад байдаг нь мэдэгддэггүй. Нэг мэдэхэд болоод өнгөрдөг. Юу сурталчилсан нь тодорхойгүй. Баг болоод илүү их зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Бид хамаг хүч чадлаа уран бүтээлдээ л зарцуулдаг шүү дээ.
-Тэгэхээр та соёл урлагийн бодлого буруу байна гэж хэлэх гээд байна уу?
-Соёл урлагийнхаа бодлогод өөрчлөлт оруулах цаг иржээ. Өөрсдөө ч гэсэн бодлогоо шинэчлэхэд оролцох хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад өнөөдөр чөлөөт уран бүтээлчдийг үхтэлээ хөдөлмөрлөж байхад хэн ч тоодоггүй юм. Хамгаалах газар байдаггүй гэхчлэн асуудал бий. Би ч гэсэн үүнийг сонирхож л байна. Эсвэл хүн гэдэг амьтан бүх зүйлийг хожихийн тулд ингэдэг юм болов уу.
-Урлагийнхны төлөөлөл УИХ-д байхгүй гэж ярих болсон. Та УИХ-д нэр дэвших юм биш биз?
-Арай ч үгүй. Нийгмийн идэвхтэн болж хувирчээ гэж найзууд маань намайг цаашлуулдаг юм. Би улс төр гэж хашгирмааргүй байна. Ядаж урлагтаа үнэ цэнэтэй амьдармаар байна. Соёл урлагийн бодлого, хөгжил нарийн төлөвлөлттэй, цэгцтэй байх ёстой.
-Бага байхын нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан гэж та нэг удаа ярьсан байна билэээ. Ингэхэд дуучин болох таны мөрөөдөл байсан уу?
-Би бага байхдаа Налайх дүүрэгт амдарч байсан. Гуравдутаар ангиасаа л гитар тоглож, үзлэгт ордог байлаа. Олон улсын орчуулагч болох хусэл мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Дуучныхаа замаар явж байна.
“Антигона” жүжгийн дууг та үнэхээр гоё дуулдаг шүү. Энэ жүжгийн дууг дуулах үед яамар мэдрэмж төрдөг вэ?
-Үнэхээр гоё дуу. Жүжиг, киноны олон дуу дуулсан. “Бооцоо” жүжгийн дууг олон хүн сонсдог гэдгээ хэлж байсан. Драмын театрын 80 жилийн ойгоор “Антигона”-г дууллаа. Антигонагийн тэмцэгч чанар надад их таалагддаг. Түүхэн хүний дүр л дээ. Ард түмэндээ эрх чөлөө сайн сайхныг авчрахын тулд хаан эзэндээ цаазлуулсан. Шударга бус явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр үзэгдэл энэ нийгэмд ч байж л байна.
Б.Гандолгор
Эх сурвалж “Өдрийн шуудан” сонин