2011-12-02“Miss International” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний III байр ны өргөмжлөлт, мисс И.Төгсөөтэй ярилцлаа.
Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эдийн засгийн ангийн хоёрдугаар курсэд суралцдаг юм байна. “Мисс Монголиа 2005″-ын “Фото мисс”, “Монголжингоо-2007″-гийн “Шилдэг загвар өмсөгч”, “ВВQ мисс-2007″ тэмцээний дэд байр, “Miss Friendship International-2009″-ын нэгдүгээр байр, “Манжуурын мисс-2009″ тэмцээний тэргүүн байр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд” тэмцээний тэргүүн байрын шагналыг тус тус хүртэж байсан билээ.
-Яриагаа таны бага насны тухай эхэлбэл ямар вэ. Өөрөө хэр дэггүй охин байв?
-Тэгье. Би багадаа их сахилгагүй хүүхэд байсан. Хэдий хөдөлгөөнтэй дэггүй хүүхэд байсан ч эгч, нарынхаа үгнээс гарч байгаагүй. Би чинь дээрээ дөрвөн эгчтэй, айлын эрх охин байгаа юм. Тэгээд ч эгч нар маань намайг эрхүүлж өсгөсөн. Ямар л гоё хувцас байна бүгдийг нь надад өмсүүлж, гоёдог байлаа.
Энэ нь намайг биеэ зөв авч явахад сургасан гэх үү дээ. Одоо ч гэсэн миний дөрвөн эгч надад байнга анхаардаг хэвээрээ. Миссийн ямар ч уралдаан, тэмцээнд оролцсон миний өмсөх, зүүх бүгдэд санаа тавьдаг. Гадны миссийн уралдаан тэмцээний үеэр одоо тэр даашинзаа, дараа нь энэ гоёлын чимэглэлээ зүү гээд мессеж хүртэл бичиж, зөвлөдөг юм.
Ингээд бодохоор миний гаргасан амжилт бүхэн эгч нартай маань холбоотой. Цаг үргэлж миний төлөө санаа тавьдаг дөрвөн сайхан эгчтэй болсондоо баярладаг.
-Монголд төдийгүй гадаадад зохиогдсон миссийн томоохон тэмцээн бүрт өөрөө эхний байрт шалгардаг. Тэр хэрээр Монгол Улсыг гаднынханд сурталчилж байдгийг тань уншигчид мэдэх байх. Ингэхэд өөрөө хичнээн титэмтэй болсон бэ?
-Саяхан титмүүдээ тоолсон. Тэдгээр дунд дэлхийн болон олон улсын хэмжээний миссийн томоохон тэмцээний таван ч титэм байгаа. Хэрэв энэ удаад титэм авсан бол зургаа болох байлаа. Гэвч эдгээр титэм нь шилжин явах үүрэгтэй л дээ. “Miss International’-ийн титэм гэхэд 51 жилийн түүхтэй. Тиймээс их үнэ цэнэтэй юм.
Хэдийгээр би ийм үнэ цэнэтэй титмийг эх орондоо авчирмаар байв ч, надад бүрмөсөн өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ л дэлхийд цорын ганц гэдэг утгаараа сайхан л санагддаг.
-”Miss International-2011″ арга хэмжээний талаар сонирхуулахгүй юу?
-”Miss International-2011″ тэмцээн өнөө жил БНХАУ-ын Чэнгду хотод зохиогдлоо. Намайг өнгөрсөн сарын 20-нд Ченгду хотод очоод, хоёр хоногийн дараа улс бүрийн төлөөлөл болсон гоо бүсгүйчүүд бүрэн цугларсан. Тухайн үед тэмцээндээ амжилттай оролцож, “Топ 15″ мисст багтах юмсан гэж дотроо залбирсан. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн миссийн тэмцээний шалгаруулалт өдөр бүр явагдаж байсан юм. Хувьдаа шалгаруулалт бүрт хичээж идэхитэй орлцсон доо.
Тэмцээнд 77 орны гоо бүсгүйчүүд оролцсон. Миссүүдийг Ази, Европ, Африк гэж тус тусад нь ангилж, шалгаруулалтыг явуулсан юм. Жишээ нь тайзан дээр гараад Ази, Европоороо хуваагдаж зогсоно. Миний тухайд Азийн миссүүдтэй өрсөлдсөн юм. Эх орноо төлөөлж буй миссүүд гадаад төрх, дотоод мөн чанар, мэдлэг боловсрол, хувийн зохион байгуулалт, соёл уламжлал, ёс зүй гээд бүх талын шалгуурыг давах ёстой. Тэр утгаараа өрсөлдөгчид маань дор бүрдээ бэлдсэн байсан.
-Таны хувьд тэдгээрээс юугаараа давуу байсан гэж?
-Өдөр бүр хүлээн авалтад оролцож, бэлтгэл хийнэ. Тэр болгонд үс, засалт, нүүр будалт, хувцаслалт гээд өөрийнхөө хэмжээнд бусдаас онцгой байсан гэж болно. Учир нь тухайн миссийн хүлээн авалтаар биеэ авч яавах байдал хувийн бэлтгэл бүхэн тэмцээний гол шалгууруудын нэг байсан юм.
Би өөрөө өндөр л дөө. Гэхдээ л өндөр өсгийтэй гутал өмсдөг байлаа. Гэтэл зарим оролцогчид бэлтгэл юм чинь гээд нэг их ач холбогдол өгөөгүйгээс болж хангалттай оноо авч чадаагүйг тэмцээний шалгаруулалтын үеэр мэдсэн. Энэ бүгдийг шүүгчид цаг үргэлж харж, дүгнэж байдаг юм билээ.
Гэхдээ бид тэмцээнийг эхэлснээс дуусах хүртэл хэн нь шүүгч байсныг ч ажаагүй. Тухайлбал, эхэндээ бидэнд ус хүргэж өгдөг хүн маань сүүлд тэмцээний гол шүүгчдийн нэг болохыг олж мэдэх жишээтэй. Энэ нь миссүүдийн байрладаг өрөө бүрт ч орж шалгаруулалт явуулж байсан байна лээ. Ингэхдээ хүн бүрийн хувийн зохион байгуулалт, цэвэрч байдлыг ч хянасан гэсэн.
-Танд олон улсын соёлын нийгэмлэгийн Энхтайваны элч төлөөлөгчөөр ажиллах хариуцлага хүлээлгэсэн байх аа?
-Нэг жилийн хугацаатай Энхтайваны элч төлөөлөгчөөр ажиллах үүрэг хүлээсэн. Тэмцээн дуусаад шагнал авсан охид Шанхай явж, тэмцээн зохион байгуулсан компанийн хүлээн авалтад оролцлоо. Олон улсын соёлын нийгэмлэгийн газарт очиж захирлуудтай нь уулзсан. Биднийг сайхан хүлээж авсан.
Би энэ том байгууллагатай хамтарч ажиллахаар болсонтой их баяртай байгаа. Уг байгууллага бид нараар дамжуулан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулна гэсэн. Үүний тулд Япон руу явж, цунами болсон газар хүмүүнлэгийн ажил хийх ёстой байсан ч очиж чадаагүй. Энэ байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд дахиад ямар нэг байгууллагатай гэрээ хийхгүй гэсэн шаардлага тавьдаг юм билээ.
-Тэмцээнд чадвар шалгасан сонирхолтой агшин, авьяас үзүүлэх байдаг. Таны хувьд…
-Би угийн бүжиглэх дуртай. 12 настайгаасаа тэмцээнд оролцсон болохоор бүжиглэж сурсан даа. “Miss International-2011″ тэмцээний үеэр “Монгол бүсгүй” нэртэй үндэсний бүжгийг бүжиглэлээ. Үзэгчид ч сайхан хүлээж авсан нь надад маш их урам зориг нэмсэн.
-Та асуулт хариултад юу бэлтгэсэн байв?
-Ямартаа ч шалгаруулалтын үеэр дотроо “Miss International-2011″ тэмцээнд ороод эхний тавд үлдэх юм бол хүмүүнлэгийн ажил хийнэ гэж англиар бичиж бэлтгэсэн. Түүнийгээ тэмцээний өмнөх өдөр өрөөндөө их бэлтгэсэн. Тэмцээн интернэтээр шууд цацагдсан шүү дээ. Дотроо үүнд л алдаж болохгүй шүү, таньдаг хүмүүс харж байгаа гээд хэрэндээ хичээсэн.
Харин шалгаруулалтын эцсийн шат гадаа талбайд болсон. Тэр өдөр шиврээ бороо ороод шууд л топ таван оролцогчийг шалгаруулна гэсэн. Тэгээд шилдэг тавд багтаад дараа нь дэд байрт “Miss Mongolia” гэж зарлахад нь өөртөө нэг л итгэхгүй байсан.
Сэтгэл догдлоод нулимс унагасан. “Мисс Монголиа” холбооноос надтай хамт хоёр хүн очсон юм. Миссийн титмээ гардаж байхдаа эх орон болон гэр бүлээрээ их бахархаж, хамгийн түрүүнд ээжтэйгээ л утсаар ярьмаар санагдсан. Энэ дашрамд бүх ивээн тэтгэгч нартаа бүгдэд нь баярласнаа танай сониноор дамжуулж байгааг маань уламжилж өгөхгүй юү.
-Эх орноо сурталчлах томоохон үүрэгтэй явсан байж таараа. Энэ хугацаанд өөрт чинь бахархах зүйл юу байв?
-Үндэсний хувцсаар хамгийн их бахархсан. Тэмцээнд “Торго салон”-оос авч явсан улаан цэнхэр өнгө хосолсон хувцас байсан. Хүмүүс их сонирхож асуугаад байсан. Ямар гоё хувцас вэ. Урьд нь харж байгаагүй хувцас байх юм гээд л. Энэ нь орчин үеийн хатны хувцас юм л даа. Тэгээд Монгол Улсын туг далбааг илэрхийлсэн байгаа юм гэж хариулахад их таашаан хүлээж авч байсан. Тэнд сарын хугацаанд байх даа утаатай ч гэлээ Улаанбаатараа их санасан.
-Тодорхой хэмжээнд олны танил болсон. Хүмүүсийн тантай харьцаж байгаа нь ч өөрчлөгдсөн байх даа?
-Ерөнхийдөө олон хүмүүс мэддэг болсон байна. Гэхдээ миний хувьд нэг их өөрчлөлт гараагүй гэж боддог. Хүмүүс намайг харж байгаа шүү дээ гэж бодоод хүмүүстэй харьцах харилцаан дээрээ анхаарч байгаа. Гэхдээ сайн, муугаар хэлүүлэх үе бишгүй байх юм аа.
Ө.Бота
Эх сурвалж: “Нийслэл таймс”