2011-12-01Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд нар Нийслэлийн иргэдийн
төлөөлөгчдийн нэг. Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж дорвитой хийсэн ажлынх нь бодит дүр зурагтай нь танилцъя.
Тэд хийнэ, бүтээнэ гэж сайхан амлалттайгаар гарч ирсэн атлаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс нь харвал үр дүн төдийлөн харагдахгүй байгаа билээ. Уг нь ам алдвал барьж болддоггүй гэдэгсэн дээ. Ичих нүүргүй болсон тэд итгэл хүлээлгэн сонгосон иргэд, сонгогчдын нүүрийг ирэх сонгуулиар буюу тун удахгүй дахин харах гэж байна.
Тэдний нэгэн дуугаар нэгдэн хэлж байсан “Нийгмийн салбар ажиллагсдад зориулан 1000-аас доошгүй айлын орон сууц шинээр баригдах”, “Дулаан цахилгаан цэвэр усаар найдвартай хангаж, эрүүл бөгөөд хүртээмжтэй хүнсээр хангах”, “Төрийн ажлын хариуцлагатай тогтолцоо” зэрэг амлалтууд нь бодиттоор хэрхэн биелэсэн бэ?
Дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Ц.Болд нар энэ хугацаанд муу нэрээрээ багагүй олны танил болж амжсан байх.
Хэвлэл, мэдээллийнхнийг багагүй ажилтай болгодог тэднийг улсын өмч завшиж шамшигдуулсан гэх сөрөг мэдээллээр олны танил “од” болж нэрд гарснаар нь зургийг нь хараад дүүргийн иргэд илүүтэй сайн таньдаг болжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга: Лувсандашийн Амгалан
Л.Амгаланг товчхон танилцуулвал 2008 оны НИТХ-д Баянгол дүүргийн I,IХ,ХХ хорооноос нэр дэвшиж ялалт байгуулсан.
Тухайн үед Л.Амгалан Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашиж байжээ. НИТХ-ын төлеөлөгч маань Мал зүйч, эдийн засагч, удирдлагын арга зүйч, менежер гээд дээд боловсролтой нэгэн. Дүүргийн орлогчоор ажиллаж байсан Л.Амгалан эмэгтэй хүний атгаг санааг гаргаж дүүргийн Засаг дарга П.Цогтбаатарыг тонгорч чадсан. Яагаад үүнийг онцлох болсон бэ гэвэл П.Цогтбаатар дарга нь тонгоруулсан хойноо итгэл хүлээлгэж явсан орлогчийнхоо үнэн дүр төрхийг таньсан гэдэг.
Тэр хоёрын хэрүүл, тэмцэл ч эхнэр, нөхрийн явган хэрүүлээс дутахгүй хэсэгтээ өрнөж байсныг нь санаж байна. Л.Амгалан даргын удирдан залж яваа Баянгол дүүргийн иргэд нь түүнийг олны нүдэн дээр улсын хөрөнгөөс завшиж байгаа талаар удаа дараа гомдол гаргаж ирсэн нь үнэн. Л.Амгалан ямар заль башраар хөрөнгө босгож байгааг илтгэхүйц доорх баримтуудыг дурдъя.
Баянгол дүүргийн “Хог хаягдлын үйлчилгээний сан”-гийн Үйлдвэрчний эвлэл, Тээвэрлэгч компанийн төлөөлөл буюу “Гурван ташир” компанийн захирал Ч.Алтантоль нарын хүмүүс Засаг даргынхаа буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон төдийгүй дүүргийн “Хог хаягдлын үйлчилгээний сан” гэнэтхэн татан буугджээ. Дүүргийн IX, X, XI, XVI, XX хороод хогондоо дарагдан, тус сангийн дундын талбайн цэвэрлэгч, байцаагч нар цалингаа авч чадахгүйд хүрсэн талаар иргэд мэдээлж байсан билээ.
Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс дээрх мөнгө хог цэвэрлэгээнд зарцуулагдах бус албан тушаалтны ард бий болсон хувийн ачилтын компаниудын хармаанд шууд орж байгаа талаар мэдээлэл иргэд ирүүлсээр л байна. Нэг дүүрэгт л хэдэн тэрбум төгрөг болон хуримтлагддаг нэг өрхийн 2500 төгрөг хог ачих болон иргэдийн эрх ашигт зарцуулагдаггүй нь нэгэнт илэрхий болсон.
Хогны мөнгийг тогны мөнгөтэй авах шийдвэрийг ийнхүү овжин ашигласан нь аргагүй л сурцтай хүний хийдэг ажил. Л.Амгалангийн тарьсан балаг үүгээр дуусахгүй ээ. Төрийн албан хаагчийн тангараг зөрчиж хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлээд бас амжсан. Энэ үндэслэлээр аль хэдийнэ ажлаасаа халагдах ёстой боловч одоо хүртэл хариуцлага хүлээгээгүйгээр үл барам ажил албаа хашсаар.
Сураг сонсох нь ээ ирэх сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд нойргүй хонож байгаа юм гэсэн. Л.Амгалан дарга ийнхүү амгалан тайван суугаагийн гол нарийн учир бол авлига, хээл хахуулиар бусдын амыг таглаж гаршсан гэдгийг нь ойрын эх сурвалжаас нь олон хүн хэлж байх юм аа. Ингэж хэлэх үндэслэл бий шүү.
Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа 2008 оны орон нутгийн сонгуульд дэвшихдээ Баянгол дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны ажилтнуудыг үнэтэй хоолны газар байнга оруулдаг байв. Дараахан нь дүүрэг, хэсгийн хорооны нөлөө бүхий хүмүүсийн гарыг таван сая төгрөгөөр цайлгасан гэх яриа шуугиан тарьж байсныг нь хэвлэлийн хуудаснаас сөхөөд харчихаж болно.
Дүүрэг, хорооны эмэгтэй ажилтнуудыг өдөр шөнөгүй дагуулан өндөр зэрэглэлийн баар, ресторанаар дагуулан хэсч, ноолууран ороолт, цамц бэлэглэж явсан удаатай. Зарим хэвлэл, мэдээллийнхнийг цай, кофегоор дайлж, “Онц сурдаг, шударга охидод хүмүүс дургүй байдаг”, “Амгалан даргад амжилт хүсье” гэх мэт захиалгат нийтлэл бичүүлж сонгогчдын тархийг угааж байв. Л.Амгалан Баянгол дүүргийн Засаг дарга болоод удаагүй байхдаа л хэл ам таталж, Тамгын газрын ажилтнуудыг олноор нь халж ах дүү, хамаатан садан, танил талаа татаж авсан нь хотын даргын чихэнд хүртэл хонх уяж амжиж билээ.
Албан тушаалын наймаа панз үсэргэсэн явдал нь сонгуулиар тавьсан өр гэх яриа хүртэл дуулддаг. Тэр үнэхээр онц сурдаг, шударга байсан л юм бол, мөнгө төгрөг, ноолууран ороолтоор гар цайлгах бус боловсрол, мэдлэг чадвар, төрийн албаны төлөвшсөн зан чанараараа хол өрсөлдөөд гарч ирж болох л байсан. Ямартаа ч нэг их баян хүн шиг мөнгө төгрөг, ноолууран ороолт, оймсхон тараасаар Засаг даргын суудалд сууж амжсан юмдаг.
Ингэж баруун, солгойгүй мөнгө цацдаг учраас тэрээр хөрөнгөө нуусан нь илэрч, балрах шахаж, эцэстээ өөрөө хүлээн зөвшөөрч, хариуцлага тооцох тухай асуудал босч ирэхэд аанай л амгалан суух аргаа олсон бололтой. Төрийн албан хаагчийн цалин дунджаар 500 мянган төгрөг гэж тооцвол, хаанаас ийм их хөрөнгө санхүүжилт гаргаад сонгуульд зарцуулаад байдгийг өнөөдөр өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй байгаа юм.
Зарим эх сурвалжийн мэдээллээр тус дүүргийн ИТХ-д ажиллаж байх үеэс л эрх мэдлээр далайлган байгууллага нэгж, компаниудын зөвшөөрлийг цуцална, эсвэл зөвшөөрөл авч өгнө гэх буюу албан тушаалын панз үсэргэн мөнгө сааж сурсан гэлцдэг юм билээ. Нөгөө нуусан хөрөнгийн тухайд бол төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах учиртай Авлигатай тэмцэх газар хэд хэдэн нотлох баримтаар хөдлөшгүй тогтоосон нь бодит үнэн. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт заавал мэдүүлэх ёстой дөрвөн төрлийн хөрөнгөө нуун дарагдуулжээ.
Тухайлбал, Ү-2205018305 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн VII хороо, IV хорооллын 29 дүгээр байрны 294 тоот орон сууц, “Дэлгэрэх II” ХХК, байгууллагаас нь буцалтгүй тусламж нэрээр олгосон арван сая төгрөг, банкны 1102232608 тоот төгрөгийн хадгаламжаа нуучихсан гэж байгаа юм даг. Нууж сурсан нь гэм биш зан бөгөөд бүр 2006, 2007, 2008 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ хүртэл огт тусгаагүй гэдэг.
Энэ талаар АТГ-ын мэдүүлэгтээ “Хөрөнгө орлогын мэдүүлгээ заавал мэдүүлэх ёстой. Мэдэж байсан хэрнээ мэдүүлээгүй нь миний буруу” гэсэн бол “Орон сууцны хувьд мэдүүлэх ёстойг ойлгож байна, мэдүүлээгүй нь мөн миний буруу” гэжээ. Харин өөрийн нэр дээрх компанийг 2004 онд дүүдээ шилжүүлж өгсөн.
Өнөөг хүртэл улсын бүртгэлээс өөрийн нэрийг хасуулаагүй нь үнэн бөгөөд шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Мөн сайтад өгсөн ярилцлагадаа “Би бизнес эрхэлдэггүй” гэж ахин худал ярьсан байсан. Хүмүүсийн хэлдгээр ёстой мөр гаргаж, шороо хөдөлгеж яваа нь үнэн юмсанж уу. Хэдийгээр дүүдээ шилжүүлсэн хэмээн ярьж байгаа ч компани нь Л.Амгалан даргын нэр дээр бүртгэлтэй хэвээр тул өөр хүний мэдэлд шилжсэнд тооцох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ийм үед ч гэсэн мэдэн будилсаар. Хуулийн зүгээс харвал, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр Л.Амгаланг дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах, түдгэлзүүлэх, халах арга хэмжээ авах учиртай аж. Гэтэл МАН-ын дүүрэг тойрсон авлигын сүлжээг намын дарга нь хаацайлж, Засгийн газар нь аргамжсаар л байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга: Цэвэгмидийн Болд
Засаг даргаа тогтоодоггүй Сонгинохайрханчуудад Ц.Болдыг Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр захирамж гаргаж Сонгинохайрхан дүүргийн ээлжит Засаг даргаар томилсон юм. Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сонгинохайрхан дүургийн ИТХын IV хуралдааны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ийм шийдвэр гаргасан байна.
Ц.Болд нь 1976 онд Улаанбаатар хотын 41 дүгээр дунд сургууль, 1976-1977 онд Иркутскийн их сургуулийн хэлний бэлтгэл, 1977-1982 онд ОХУын Краснодар хотын Кубаны их сургуулийг хуульч, 1996-1998 онд ТЗУХИ-ыг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн чамлалтгүй боловсролтой нэгэн бөгөөд туршлагатай төрийн албан хаагч юм.
1982-1992 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Зохион зааварлах хэлтэст хуулийн асуудал, хороо хариуцсан зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, 1992-1995 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 1995-2000 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ЗАА/-ны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, 2000-2006 онд Улаанбаатар хотын ЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга, 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. Ашгүй нэг Засаг даргатай боллоо гэж баярлаж байсан Сонгионхайранчуудын халуун сэтгэл рүү ус цацсан хэрэг саяхан гарчээ.
Одоо иргэд дахиад л даргын эрэлд мордоход бэлэн байгаа гэсэн шүү. Багшаа олон сольсон сурагч муу сурдаг шиг, даргаа удаа дараалан сольж байгаа Сонгинохайрханчууд хөөрхий зүс алдаж гүйцлээ. Засаг дарга Ц.Болдод Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн” гэх зүйл ангиар өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэж, гурав хоногийн дараа баривчлан саатуулсан юм.
Тэрээр дүүрэгтээ зарцуулах ёстой гудамж, зам талбайн мөсийг хайлуулах бодис авах нэрийдлээр “Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс”ээс хүссэн мөнгөө сэмхэн гаргуулан авдаг байсан аж. Нэг удаа л авахдаа 20-30 сая төгрөгийг гаргуулчихна. Харин тэр мөнгө нь данснаас дансанд шилжиж байсан нь л үнэн боловч цас мөс хайлуулах бодис авч байсан нь тун эргэлзээтэй юм байна лээ. Сайн л бол ганц удаа л авч байсан байж магадгүй гэх бөгөөд тэр бодисыг харсан, үзсэн албаны хүн олддоггүй гэх.
Ямартаа ч төсвөөс 300 сая төгрөгийг хувьдаа туучихсан юмдаг уу даа. Мөн цас мөснөөс ашиг унагахаас гадна нийслэлийн харьяа байгууллагуудад бараа бүтээгдэхүүн шахдаг. Харин Засаг дарга Ц.Болд үүнийгээ” Тийм юм болоогүй” хэмээн мэлзэж, хэвлэлд ярилцлага өгдөг. Үйлдсэн хэргийнх нь тухай хуулийн байгууллага хүртэл тайлбар хийж нийтэд дэлгэсэн байхад тэрээр огт тийм зүйл болоогүй ээ гэж хээвнэг ярьж суудаг.
Ичих нүүргүй болсон Засаг дарга нарын нэг бол Ц.Болд. Тэрээр иргэдийн итгэлийг авч сонгогдохдоо өөрийн танилцуулгадаа “Миний эрхэмлэдэг чанар бол шударга, ажилсаг байх” гэж хэлсэн байдаг. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж хашгирдаг шиг шударга бус хүн шударга гэж өөрийгөө цоллосон нь тэр. Ер нь иймэрхүү хүн шударга байж таарах уу, уншигч та бод доо.
Авлигын хэргээр шалгагдаж байсан Ц.Болд даргыг тухайн үед ганц, нэгхэн хонуулаад цагдан хорих төвөөс гаргачихсан нь сэжигтэн нь танил талаа ашиглан суллагдсантай холбоотой. Таслан сэргийлэх арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн шүүх саад учрууллаа гэж хуулийн зарим ажилтнууд үзэж байсан. Манай улсын шүүх жирийн иргэнийг хорьж цагдаад шорон руу илгээчихдэг атлаа албан тушаалтнуудад ялгавартай ханддагийн нэг нь Ц.Болд дарга юм. Тэдэнд хууль үйлчилдэггүй нь танилаараа түрий барьдагийн жишиг.
Ц.Болдын эгчийг Ц.Түмэндэмбэрэл гэдэг. Чингэлтэй дүүрэгт олон жил шүүгчийн алба хашиж байгаа нэгэн. Түүнийг “Танил талаа ашиглан дүүгээ цагдан хорих төвөөс гаргалаа” хэмээн буруутгах хүн олон бий. Мэдээж төрсөн эгчийн хувьд дүү нь шоронд орход хүндхэн тусалгүй яах вэ. Гэхдээ шүүх, цагдаа хэн ч байсан ижил тэгш хандана гэсэн хууль үйлчлэх ёстойг хэн хэн нь мэдэж л таараа.
Ц.Болд дарга одоо энэ бүхнийг аль эрт мартчихсан албаа хашаад бас сонгуулийнхаа ажилд идэвхийлэн оролцож энд тэндгүй гавьяа байгуулсан хүн үсэрч явна. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт 30 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гэдэг. Улс, нийслэлийн төсвөөр нийт 113 ажил хийгдэнэ. Саппора, Цамбагарав, Хархорин төв дээр усан оргилуур, ногоон байгууламж бүхий амралт чөлөөт цагийн талбайг бүтээхэд тус бүр 100 сая төгрөг зарцуулна.
Түүнчлэн Москвагийн гудамж Дүүргийн өндөрлөг орчимд гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ. Орон сууцны хорооллын дотор таван байршилд хүүхдийн тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайтай бичил тохижилт хийх, мөн зам талбайн өргөтгөлийн ажлууд хийгдсэн байна. Энэ бүхэнд 30 тэрбум төгрөгийг зарцуулах боломжгүй гэж иргэд үзэж байгаа юм. Манай Ц.Болд дарга ч хуучны л “Хот тохижилтын газар”-ын дарга байхдаа мөнгө “хусдаг” хуруу урттай гэж дуулддаг байсан л даа. Тийм болохоор хардсан ч байж болзошгүй.
Ийнхүү иргэдийн итгэл дээр дөрөөлөн гарч ирсэн төлөөлөгчид, гишүүд, дарга нарын хувийн амьдрал дээшлээд л, харин итгэл хүлээлгэсэн иргэдийнх нь амьжиргаа дордоод л, нэн ядуучуудын эгнээ хүрээгээ тэлсээр. Саяхан Сонгинохайрхан дүүргийн VII хороо хогондоо дарагдаж, иргэд, хүүхдүүд шар өвчнөөр өвчилж байгааг хүн бүхэн мэдэж байхад дүүргийн Засаг дарга нь эс мэдсэн дүр эсгэж таг чиг.
Дүүрэг толгойлж хариуцлага хүлээж ажиллаагүйгээс чинь болж хүүхдүүд шар өвчнөөр өвчилж насан туршдаа өвчтэй нэгэн болж байна. Үүнд Засаг дарга та буруутай. Засаг даргаа олон сольсныхоо хариуг ч хөөрхий сонгинохайрханчууд хатуухан амсаж байна даа. Нээрээ Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын байрыг шинэчилж байгаатай холбоотойгоор тэрбум төгрөгийн асуудал одоо босч ирж байгаа юм билээ.
Гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь нэг тэрбум гаруй төгрөгөөр үнэлж байхад Ц.Болд дарга хоёр тэрбум төгрөг төлж авна аа гээд гүрийгээд байгаа гэсэн. Төсвийн мөнгийг үрж буй тэдэнд хүний мөс чанар гэж байна уу. Нэг байшин барилгаас тэрбум төгрөг ичих ч үгүй “унагах” гээд буй Засаг даргатай сонгинохайрханчууд үнэхээр ч өөдөлсөнгүй дээ энэ жил.
А.Итгэл
Эх сурвалж: “Нийслэл таймс”