2011-11-252000 оны орчимд самбо, жүдогийн шигшээ багт хичээллэж байсан Янжинлхамсүрэнгийн

Батбуянг АНУ-д бодибилдинг, фитнессээр хичээллэж, чамгүй амжилтад хүрч буй талаар тус улсад очиж, тэмцээн уралдаанд оролцоод ирсэн тамирчдаасаа сонсож байлаа. Үеийнхэн нь Ира хэмээн дууддаг тэрээр саяхан АНУ-ын зүүн хагасын аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнд өөрийн төрөлдөө дэд байрт шалгарч, ирэх жил мэргэжлийн тамирчны болзлын төлөөх тэмцээнд оролцох эрх авсан байна. Урьд нь хичээллэдэг клубийнхээ нэрийн өмнөөс өрсөлдөж байсан Я.Батбуян сүүлийн хоёр жилд Монголын тамирчин хэмээн зарлуулан гарч байгаа аж. Өдгөө “салхит хот” Чикагод амьдарч буй түүнтэй интернэтээр холбогдож, ярилцлага хийснээ сонирхуулъя.
-Саяхан ач холбогдол өндөр тэмцээнд аман хүзүүдэж, тамирч¬ны замналдаа том үсрэлт хийсэн гэж сонслоо, баяр хүргэе. Энэ тэмцээнийхээ талаар сонирхуулаач?
-Баярлалаа. Арваннэгдүгээр сарын 5-нд болсон Америкийн зүүн хагасын АШТ-д би фитнессийн “figure” төрөлд дэд байрт шалгарснаар ирэх оны дөрөвдүгээр сард болох мэргэжлийн эрх өгөх тэмцээнд оролцох боломжтой болж байгаа юм. Зэрэглэл ахина гэдэг хөлсөө дуслуулж, хүч оюунаа зарцуулан бэлтгэлээ хийсний минь үр шим гарч байгаа хэрэг. Энэ тэмцээнд миний оролцсон ангилалд 38-39 тамирчин өрсөлдсөн. Эхний тавд багтвал ирэх онд зохиогдох дараагийн шатны тэмцээнд оролцох эрхээ авах болохоор өрсөлдөөн их ширүүн өрнөлөө. Мөн миний дасгалжуулсан тамирчин Баянмөнхийн Хулан “бикини” буюу усны хувцасны төрөлд гуравдугаар байрт шалгарч, давхар баяртай л байна.
-Та энэ спортоор хичээллээд хэр удаж байна вэ? Фитнессийн талбарт өмнө нь ямар амжилт үзүүлж байв?
-Урьд нь самбо, жүдо бөхийн шигшээ багт хичээллэж, өндөр ачаа¬лалтай бэлтгэл хийж байсан болохоор АНУ-д ирснийхээ дараа ор тас хөдөлгөөнгүй байж чадахгүй байлаа. Тамир¬чин хүний бие нь цаанаасаа дасгал хөдөлгөөн хийхийг шаарддаг юм билээ. Зүгээр суугаад байвал өвчин ээрээд л, ер нь өөр. Тиймээс нэг клубт очиж хөлсөө гаргадаг болсон. Америкт алдартай “Gold Gym” гэдэг тэр клубт нэг жил гаруй явсны дараа клубийн багш Гретчен Бониечки надад “Чиний штанг өргөж байгаа нь бусад охидоос эрс ялгарч байна. Энэ спортоор дагнан хичээллэж, цаашдаа тэмцээнд оролцооч” гэсэн саналыг тавьсан юм. Тэгээд нэг жилийн дараа анхны тэмцээндээ оролцож, “figure” төрлийн “С” ангилалд гуравдугаар байрт шалгарч байлаа. Түүнээс хойш хэд хэдэн тэмцээнд медальт байрт шалгарч, зэрэглэлээ ахиулсаар одоо мэргэжлийн гэсэн статусын төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна даа.
-Би таныг бодибилдинг, фитнессийн тамирчин болохоор их л булчинлаг эмэгтэй болов уу гэж төсөөлж байсан. Харин тэмцээнд оролцсон зургаас тань харахад тийм биш юм. Таны өрсөлддөг “Figure” төрлийн шалгуур нь ямар байдаг юм бэ?
-Мэдээж булчингаа хөгжүүлэх ч бодибилдингийнх шиг тэгж томруулж, зангируулах хэмжээнд хүргэхгүй л дээ. Ер нь эмэгтэй хүний гоо сайхан, өв тэгш бие галбирыг үзүүлэх төрөл гэж хэлж болно. Гол шалгуур нь өргөн мөр, нарийн бэлхүүс, булчинлаг хэрнээ тэгш, нарийн хөл байдаг. Үүнийгээ ардаас, урдаас, хажуугаас гэсэн гурван өөр талаас харуулах ёстой. Урдаас гар, мөр, гэдэс, гуяны урд талыг илүү харуулдаг бол ард талаас далбаа, нуруу, өгзгийг түлхүү анхаарах жишээтэй. Тайзан дээр булчингаа чангалж байгаа ч гэсэн инээмсэглэж, найрсаг, энхрий ялдам төрхийг үзүүлэх нь шүүгчдээс авах оноонд нөлөөлдөг. Булчингийн хувьд том биш, нимгэн, тухайн хүнийхээ бие галбирыг тодотгосон байх ёстой юм. Монголд УАШТ-ээр энэ төрлийн аваргыг фитнесс мисс гэж тодруулдаг юм билээ.
-Тэгвэл яг ийм галбиртай болохын тулд яаж бэлтгэл хийдгээ сонирхуулаач.
-Булчингаа томруулах гэж байгаа биш болохоор хүчний бэлтгэлийг даах чинээндээ тултал хүндийг өргөж хийдэггүй. Нэг өдөр гар мөрний дасгал хийгээд, маргааш нь нурууны булчинд анхаарсан бэлтгэлд орвол гурав дахь өдөр нь гүйх юм уу, дугуйгаар явж хөлсөө гарган, чангарч томорсон булчингаа нимгэлдэг. Энэ мэтээр долоо хоногийн дөрвөн өдөрт нь хүчний бэлт¬гэл хийж, хоёр өдөр дугуй унах юм уу, гүйж хөлсөө гаргадаг. Мөн хөдөлгөөний уян налархай байдлаа хадгалахын тулд аэробикийн дасгал хийнэ.
-Таныг амьдарч байгаа Чикаго хотдоо монголчуудад зориулсан клуб нээх гэж байгаа гэж дуулсан. Энэ ажил тань хэр ахиц дэвшилтэй байна вэ?
-Чикаго хотод монголчууд олон. Тэдэнд зориулж бодибилдинг, фитнессийн клуб байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж бараг дууслаа. Арванхоёрдугаар сарын дундуур бараг нээчих болов уу. Америк дахь монголчууд маань сурч, ажиллахын хажуугаар фитнесс клубт их хичээллэдэг юм байна лээ. Тэдэнд багшийнхаа хэлж байгааг бүрэн ойлгохгүй, мөн илэрхийлэх гэсэн санаагаа ярьж чадахгүй гээд хэлний бэрхшээлийн болон өөр олон асуудал тулгардаг. Тэгэхээр монгол багштай, мөн дан монголчууд хичээллэдэг клуб гэхээр давуу талтай шүү. Энд зөвхөн боди¬билдинг, фитнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад зогсохгүй эрүүл зөв хооллолт зэрэг зөвлөгөө, сургалтыг хийхээр төлөвлөж байгаа. Би дасгалжуулагчийн мэргэжлийн сертификат гардаж, одоо хичээллэж буй клубтээ энэ чиглэлээр ажил¬ладаг болохоор тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан.
-Зөв хооллолт гэснээс та фитнессийн тэмцээнд оролцохдоо жин хасдаг уу? Хасдаг бол самбо, жүдогоор хичээллэж байсан үеэс тань хэр ялгаатай вэ?
-Эрс тэс өөр зүйлийг өдөр, шөнө шиг гэж хэлдэг байх аа. Яг л тийм. Би жүдогоор 63 кг, самбогоор 64 кг-д барилддаг байлаа. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө жингээ хасч эхэлнэ. Энэ хугацаанд бараг л юм идэж, уухгүй шахам явж байгаад жингээ үзүүлсэн өглөөдөө цанхайтлаа ус, үзэмний шүүс уугаад шөрмөс татаад унадаг байж билээ. Гэхдээ миний барилдаж байсан үе Монголын спортын хамгийн хүнд цаг нь байсан болохоор одоо өөр болсон байж магадгүй юм. Фитнессээр хичээллэснээсээ хойш зөв хооллолт, жингээ хэрхэн зөв хасахыг сурч, биднийхээс ямар их ялгаатайг мэдэрч байна. Бид тэмцээнд оролцохоос гурван сар буюу 12 долоо хоногийн өмнөөс жингээ хасч эхэлдэг. Гэхдээ энэ хугацаанд өдөрт таван удаа хооллодог нь манай тамирчдын аргаас тэс өөр юм. Хоол хүнсэндээ өөх тос багатай, тахианы мах, бор будаа, брокколи байцаа зэргийг түлхүү хэрэглэнэ. Монголд байхдаа долоо хоногийн дотор 5-7 кг-ыг зовж хасдаг байсан бол одоо ийм жинг биедээ ямар ч зовиур, шаналгаагүйгээр хаядаг болсон. Жүдогийн 63 кг-д өрсөлддөг байсан би фитнессээр 55 кг-д оролцож байна.
-Монголд бодибилдинг, фитнессийн спорт хөгжөөд цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Нутгийнхаа тамирчдын түвшин хэр байна гэдгийг анхаарч сонирхдог уу?
-Жүдо, самбогоор нэг клубт хичээллэдэг байсан М.Сарангуа эгч энэ төрлөөр Монголдоо анхдагч эмэгтэйчүүдийн нэг. Тиймээс Монголд байхын фитнессийн талаар тодорхой ойлголттой байсан. Гэхдээ энд үзье гэвч УАШТ юм уу, бусад тэмцээний бичлэг, зураг хөрөг олддоггүй юм аа. Өнгөрсөн жил Чикагод Монголоос тамирчид ирэхэд нь М.Сарангуа эгчийн зургийг харсан.
-Ярилцлагын явцад самбо, жүдо бөх гэсэн үг нэг бус удаа гарлаа. Тэгэхээр таны энэ талбарт үзүүлсэн амжилт, замналын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх...
-Би 13 наснаасаа барилдсан. “Монгол охид” клубт Ч.Базарсүрэн багшийн удирдлагад гурван жил гаруй хичээллээд дараа нь Б.Буядаа багш дээр хэсэг байсан. Тэгээд 2001 оныг хүртэл Улсын шигшээ багт хичээллэсэн дээ. Амжилтын тухайд 1996-2001 оны хооронд самбо, жүдогоор өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд улсын аварга болж, самбогоор 1999 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, 2000, 2001 онд залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 2001 онд хүрэл, 2002 онд мөнгөн медаль авч байлаа.
-Жингийн чинь гол өрсөлдөгч хэн байсан бэ?
-Улсын аваргад Х.Батхишиг гавьяат бид хоёр финалд өрсөлддөг байсан.
-Жүдо, самбогоор хичээллэж байхдаа хүчний бэлтгэл хэр их хийдэг байв?
-Тэр үед шигшээгийнхэн дунд бяртайд нь ордог байсан, би. Биокомбинатад унага татаж, хонь, үхэр хариулан, ус түлээ бэлтгэж өссөний нөлөө байдаг байх. Одоо фитнессээр тодорхой хэмжээнд амжилт үзүүлж буй минь ч үүнтэй холбоотой болов уу. Савлуурт 20 удаа төвөггүй суниаж, олсонд 2-3 удаа хөлөө хавчихгүйгээр явчихдаг байлаа. Үүнээс өөрөөр хүчний бэлтгэл хийж байгаагүй ээ.
-Таны дархан мэх гэвэл...?
-Хонгодох гэж хэлж болно. Энэ мэхээрээ олон хүний өмд урсан даа (инээв). Энэ мэхээ хийвэл өрсөлдөгчөө заавал унагадаг, харин унахгүй тэссэн нь өмдөө уруулдаг байсан. Жүдогийн өмсгөл ямар зузаан байдаг билээ. Тэрийг ураад байна гэхээр гайгүй бяртай байсан юм болов уу (инээв).
-АНУ-д очсоныхоо дараа жүдогоор хичээллэсэн үү?
-Миний анх амьдарч байсан газар их жижиг хот. Тэндээс цаг гаруй явж хүрэх газарт жүдогийн клуб байсан юм. Жил гаруй тэр клубт хичээллээд больсон. Хэлний бэрхшээлээс эхлээд унаа, тэрэгний боломж ч хомс гээд хүндрэл бишгүй байсан.
-2001 онд жүдогийн Азийн АШТ Монголд болоход тэмцээний тэмдэглэл дээр таныг Я.Батбуян гэж бичсэн мөртлөө зарлагч, тайлбарлагч нар Ира гэж дуудаж байсныг санаж байна. Ер нь самбо, жүдогийнхон жинхэнэ нэрээс тань илүү Ира гэдгээр илүү сайн мэддэг юм билээ...
-(инээв) Гэрийнхэн, ойр дотныхон маань өхөөрдөж дууддаг байсан нэр л дээ. Нэг удаа бэлтгэлийн зааланд манай ангийн охин ирээд нэгэнд нь “Иратай уулзъя” гэж хэлээд шигшээгийнхэн дунд тараачихсан. Сүүлдээ жинхэнэ нэр маань мартагдаж, бүгд л Ира, Ира гэдэг болсон. Улаанбаатарт зохиогдсон Азийн АШТ-ий үеэр тайлбарлагч намайг танихгүй, хажуугийнхаа хүнээс “Энэ хэн бэ?” гэж асуухад манай шигшээгийнхний нэг нь “Ира” гээд хэлчихсэн юм байна лээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Зорьсон амжилтдаа хүрч, санаж сэдсэн ажлаа биелүүлэхийг хүсье.
-Баярлалаа. Энэ дашрамд танай сониноор дамжуулан багш дасгалжуулагч нартаа, нэг үеийн тамирчдадаа болон самбо, жүдогийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлье. Харь нутагт спортын өөр талбарт амжилттай яваа минь хамт олны минь хүч, самбо, жүдогоор хичээллэж байсны минь үр шим гэж боддог.
Ж.БАТМӨНХ