2011-11-25 Цай хүний биед хамгийн хэрэгтэй тансаг идээнүүдийн нэг болох нь нэгэнт тодорхой болсон билээ.

Хятадын “ча-е”, “нялх навч”, “гайхамшигт ундаа”. Дэгтэй, сүрдмээр, дүрс үсэг лугаа адил нууцлаг цайны ёслол. Энэтхэг хүжний үнэр шиг сэтгэл татам аагтай цайны үнэр. Англиар “fivе-о-сlоск” буюу цайлах цаг.
ХЯТАДААС ГАРАЛТАЙ ЦАЙНЫ ЭХЛЭЛ.
Өчигдөрхөн энэ бүхэн том бодлого, асар их мөнгө байсан. Өнөөдөр шошготой утасны үзүүрэээс дүүжилсэн бяцхан ууттай зүйл болж хувирсан ч, их мөнгө хэвээрээ байна. Английн Глазго хотын идэш уушны худалдаачин Томас Липтон, Нью-Йоркийн худалдаачин Томас Салливан хоёр үнэтэй, баячуулын хүртдэг байсан цай хэмээх ундааг энэ ертөнцийн хамгийн энгүүн, наад захын хэрэглээ болгон хувиргажээ.
Юан гүрний үед Хятадад 17 жил амьдарсан Марко Поло цай амсаж үзсэн анхны цагаан арьстан байлаа. 16 зууны үед цай Европт ирж, 1517 онд португальчууд цайг эх орондоо авчирчээ. Зуун жилийн дараа 1610 онд Хятадын зэрлэг “нялх навчис”-ыг Голландын худалдаачид эх орондоо авчрах болов. Тэдний ачаар эхлээд Данид, дараа нь Германд европчууд цай ууж үзжээ. Францад тэр үед цайг эмийн ургамал гэж үздэг байв. Аливаа шинэ соргог бүхэн хүний дур хүслийг булааж, сониуч сэтгэлийг нь бадраадаг болохоор Хятад газрын “навч”европчуудын амьдралын хэв маяг, өдөр тутмын дүр, төрхийг алгуур аажмаар өөрчилсөөр байж.Англичууд европчуудаас хамгийн сүүлд цайтай танилцсан агаад алс холын, нууцлаг Нанхиад газраас авчирсан хоёр фунт ховор “навчийг” Ост-Индийн компанийн эзэд Голландын худалдаачдаас үнэ цохин авч, 2 Карл хаанд өргөн барьжээ. Энө ховор бэлэг хаантны сэтгэлд нийцжээ. Цай тэр дороо Англи улсад түгж, тэгэхдээ зөвхөн баячууд, язгууртны хэрэглэж байсан элсэн чихэр, цагаан гаа лугаа адил үнэ нь тэнгэрт хадаж, фунт нь өнөөгийн ханшаар 100 долларт хүрч байлаа. Английн язгууртнууд үзэгдэж дуулдаагүй ундаанд үхэн хатан дурласан нь Ост-Индийн худалдаачдыг баяжуулж, цай импортлох онцгой эрх авсан эднийх зөвхөн 1705-1805 онд тэр үед ихэд үнэлэгдэж, цууд гарсан кантоны цай 7,5 сая фунтыг Англид авчирч худалджээ.
Харин бэл нимгэн ядууст нууцаар хил давуулж авчирсан тааруухан цай ноогдоно. Тэр нь цай гэхээсээ илүүтэй хуучин цайны шаар, бургасны үндэс, улиасны навчисны үлдэгдэл хольсон эвгүй эд байлаа. Худалдаачид тиймэрхүү юмыг цай хэмээн ядууст худалддаг байж. Гэвч тэнгэрт хадсан үнэтэй, чанар муутай байсан ч нэг мэдэхэд англичуудын хамгийн дуртай, шүтэн биширдэг, амтархан уудаг ундаа болжээ.Цайг тойрсон уламжлал, ёс жаяг, хээнцэрлэл буй болж түгэн дэлгэрэв. “fivе-о-сlоск ” буюу өдөр бүрийн таван цагийн цай”.3уны харшдаа уйдан ганцаардсан Белфордын хатан ахайтан Анна 19-р зууны эхээр энэ ёс маягийг анх сэджээ. Хүйтэн үхрийн мах, талх, шар айраг голчилдлог өглөөний хоол, оройхон эхэлдэг өдрийн хоол хоёрын хооронд эрхэмсэг хатан өлсч цангаж, уйддаг болохоор тэр хооронд найз нартайгаа таван цагийн турш цайлдаг болжээ. Цайгаа цаас шиг нимгэн, алт шиг үнэтэй хятад шаазанд аягалж, амтат жигнэмэг, бялуу, Сэндвич гүнгийн анх сэдэж, дөнгөж хийж эхлээд байсан олон давхар хачиртай талхаар даруулна.
Цай үнэтэй байсан үед энэ мэт ёслол хатан ахайтны санд хүндээр тусч байсан ч, язгууртнуудыг хэн нь ч аягатай цайгаа орхиж зоогийн ширээний араас босгоогүй юм. Дашрамд өгүүлэхэд олон янзын мах, хиам талханд хавчуулж, элдэв ногоо хачир нэмээд, сэндвич гэж бидний өнөөдөр нэрлэх болсон нэгэн зүйл хоолыг одоогоос 100 жилийнөмнө Английн гүн Сэндвич анх бодож олсон. Хатнтны цайны ёслол хүмүүст таалагдсанаар барахгүй тэр үеийн Лондонгийн моод болов.Удалгүй “цайны цэцэрлэг” моодонд орлоо. 18 зууны сүүлчээр Английн язгууртнуудын байгалийн сайханд олонтаа зохион байгуулдаг байсан галын наадам, баяр цэнгээн сүүлдээ цайлж, идэж уухгүй бол өндөрлөхөө болив. Цайны нэр сүр өсөн дэвжсээр, 19-р зууны эцэс гэхэд л “цайны цэцэрлэгүүд” хаа сайгүй, орон даяар ергөн олон түмэнд үүд хаалгаа нээлээ. Хүнд уух идэхээс чухал юм хаа байхав, идэж уудгаа алдаршуулан магтах нь энүүхний хэрэг, нөгөө олон цэцэрлэг, мод бутныхаа дэргэд англичууд бас “цайны ёслол” хийдэг байв, Ийнхүү цай нэг мэдэхнээ язгууртны ширээнээс доошилж, ядуу зүдүү гэлтгүй түмэн олны хүртдэг ундаа болжээ
Глазгогийн идэш уушны худалдаачин Томас Липтон энэ нөр их ажлын дийлэнхийг нугалсан юм. Чухамдаа энэ хүн уужим саруул ухаан, бэрхшээл зүдгүүрийг гэтлэх чанд тэвчээр, дан биеийг умартсан зүтгэл хөдөлмөрөөрөө цайны үнийг хямдруулж, настан балчир, доодос дээдэс гэлтгүй хэн дуртай нь цайг тааваар хүртэх боломжийгбий болгосон юм.ХУДАЛДААЧНЫ ХУВЬ ТАВИЛАН БУЮУ ЛИПТОН ГЭЖ ХЭН БЭ?Ирландаас Глазгод дөнгөж ирээд, төвхнөж амжаагүй байсан Липтоны гэр бүлд 1850 оны тавдугаар сард тав дахь хүүхэд нь мэндлэв. Эхний хоёр балчир нь эндчихсэн болохоор насны нар хэвийсэн Липтоныхон сая төрсөн хүү, өсч өндийж буй хүү, охин хоёртоо амиа тавих нь халаггүй. Тав хүрэз үү, үгүй юу Липтон хүү идэш уушны мухлагт аав ээждээ тусалдаг болжээ. Таван хүн ороод ирэхээр чихэлдээд явчихдаг бяцхан мухлагтаа бас наймаачны ухаанд суралцаж байлаа. Түүнийг арав хүрээгүй байхад ах, эгч, хоёр нь нас барж, ганцаараа настай эцэг эхийн элгийг дэвтээж, сүүлдээ хичээл сургуулиа орхихоос аргагүйд хүрэв.
Ийм сайн туслагчтай хойно аж ахуйг маань өөд татаж, муу мухлагийг маань дэлгүүр болгохноо ядах юун хэмээн аав ээж нь найдсан аж.Гэтэл Том эцгийн голомт сахиж, насаараа лангууны ард зогсохыг хүссэнгүй. Төрөлх Глазго хот нь тэнгисийн боомт болохоор олны хөл үл тасарна. Америкийг зорьсон ачаа, хүн хоёр эндээс шинэ тивийн зүг одно. Худалдан авагч руу эелдэгхэн инээмсэглэн зогсох Том энэ ца гмөчид ямар хүн тэнгис далайг гатлан, түмэн адал явдал, мянган гайхамшиг хүлээж буй Америкийг зорьж яваа бол хэмээн гуниглан мөрөөдсөөр байлаа. Тийнхүү 1865 онд 15 настай Томас Липтон аз жаргалаа хайн, алс холыг зорив.Томас Липтон баруун мужуудаар ажил хайн бэдэрсээр Америк дахь амьдралынхаа анхны гурван жилийг барав. Саяхан дууссан иргэний дайн Америкийг хямрааж, хүмүүс ядуу зүдүүхэн амьдарч байсан цаг. Амиа тэжээхийн эрхээр Умард Каролинад цагаан будааны тариалан дээр нуруугаа бөгтийтөл ажиллаж, Виржинид алгаа эвэрштэл тамхины навч ороож явсан ч, Липтон хэзээний наймааны одтой нэгэн байсан нь илэрчээ. Их дэлгүүрүүд Америкт дөнгөж хаалгаа нээж асан 1868 онд тэрбээр Нью-Йоркийн нэгэн их дэлгүүрийн идэш уушны тасагт худалдагч боллоо.
/Анхны их дэлгүүр Филадельфид нээгдсэн./Санаж явбал бүтнэ гээч явдал удахгүй тохиолдлоо. Липтон ийнхүү наймаа арилжааны нүсэр машины эрэг шураг болсон хойноо барааг яаж хураах, худалдан авагчдаа угтаж, үдэх, бараагаа яаж савлах, үнэ тогтоох, хямдруулахаас авахуулаад энэ машины зохион байгуулалт ямархуу нарийн ширийн болохыг өөрийн биеэр мэдэрчээ.
Энд байхдаа Липтон Америк худалдаачны яс маханд шингэсэн “Бурханд бид итгэдэг, бусад нь бэлнээр төлөг” гэсэн үгийг насандаа мартахгүй тогтоож авчээ. Энэ үгийн эхний өгүүлбэр 19-р зууны дунд үеэс өдгөөг хүртэл америк доллар, цент бүхэн дээр бичээстэй, цутгаатай байх болсон билээ.1871 онд тэрбээр Их Британид эргэж ирэв. Арай гэж хуримтлуулсан 100 фунт стерлингээр бизнесээ эхлэхээр сэтгэл шулуудаж, төрөлх Глазго хотдоо хүнсний мухлаг нээв. Липтон бүхнийг ганцаараа амжуулж, дарга, худалдагч, кассчин, илгээмж хүргэгч, бараа авагчийн ажлыг зэрэг гүйцэлдүүлнэ. Тэрбээр боомтоос түрдэг тэргээр бараагаа зөөнө, худалдан авагчийн гэрт барааг нь хүргэж өгнө, бөөний худалдаачинтай нүүр тулан уулзаж үнээ тохирно, бас дэлгүүртээ ганц ороод гарсан хүнийг яаж байнгын худалдан авагчаа болгох вэ гэж мөч хором бүрт бодож тунгааж явна.
Америкт байхдаа тэр реклам ямар хүчтэй эд болохыг үзэхээрээ нэг болжээ.Гэтэл түүнд рекламд өгөх мөнгө байсангүй. Тэглээ гээд Липтон дэлгүүрийнхээ барааны үнийг нэссэнгүй. Өдөр шөнөгүй Глазгогийн хавийн айл амьтан, фермерүүдийг хэсч, үйлдвэрлэгчээс бараагаа шууд авч байсан ч, туйлгүй эцэж ядарч, нойргүйтэж явсан ч тэр үнээ нэмээгүй юм.Илүү сохор зоос ч үгүй болохоор Липтон гагцхүү өөрийнхөө уран санаа, жолоогүй хүсэл тэмүүлэл, эцэсгүй эрэл хайгуулдаа найджээ. Бараагаа лангуун дээр хүний гайхаш төрмөөр, сонирхмоор тавина. Лангуу нь хөгжилтэй, инээд хүрэм зургаар дүүрэн, хүмүүсийг дэлгүүрт урин залсан зургат хуудас, шог зургууд голлож байв. Долоо хоног бүрт зургууд нь солигдоно. Тэр ямар ч гэсэн санасандаа хүрчээ. Дэлгүүрийнх нь гадаа өдөр шөнөгүй хүн зон холхиж, олны хөл тасрахагүй. Липтоны элдэвлэл, уран санаа улам арвижсаар авай.Дэлхийн хамгийн том бяслагийг тэр Америкт захиалж хийлгэв. 1881 оны Зул сарын байрын өдөрт зориулж Глазгод авчирсаныг ч хэлэх үү, тэр том бяслагийг боомтоос хүнд ачааны морьд хөллөсөн тэргээр яаж дэлгүүрт зөөж ирсэн, хүмүүс бяцхан хэрчим ч атугай авах гэж яаж дугаарлан бужигнасан, тэр том бяслаг хоёрхон цагийн дотор үртэсгүй дууссаныг хүртэл Глазгогиинхон хэзээ хойно дурсан ярьсаар байсан юм
Бизнес нь өргөжин, орлого нь арвижихийн хэрээр, анхныхаа дэлгүүрийг нээснээс хойш 11 жил өнгөрөхөд, Липтон баруун Шотланд даяар худалдааны 20 салбар, бүхэл бүтэн сүлжээ байгуулж, 1885 онд Чикаго хотноо хүнсний бараа савлан боловсруулдаг фабрик, хүнсний агуулахууд худалдаж авав. Дараа нь Америкт хэд хэдэн дэлгүүр нээлээ. 40 насыг зооглосон Липтоны олж хураасан мөнгө дуртай цагтаа амарч алжаал юугаа тайлж, дэлхий ертөнцийн хаа ч аялан зугаацахад хүрэхгүйн зовлонгүй байсан ч тэр тэгсэнгүй. Аялах нь аялсан. Гэхдээ ажлаа хийж, ирээдүйн бизнесийнхээ замыг засч аялсан юм.ҮНЭ ТОГТООГЧ ХЯМД ҮНИЙГ СОНГОЖЭЭ.Томас Липтон 1890 оноос цайны бизнесээ эхлэв. Эхлэх цагаа зүгээр санаандгүй товлосонгүй. Ургамлын үл мэдэгдэх өвчнөөс болж Цейлоны кофены хамаг тариалан, ургац хиарч модшироод, цайны ганц өрсөлдөгч кофе ховордож, үнэ нь тэнгэрт хаджээ. Арал дээрх кофены тариалангийн олон талбай дуудлага худалдааны алхны тогшилтоор эзнээ сольж, атаршсан газарт хүмүүс цайны мод суулгаж эхэллээ.
Газрын үнэ үзэгдэж дуулдаагүй унангуут, гүйлгээ ухаантай Липтон Австралид шинэ дэлгүүр нээхээр явлаа хэмээн өрсөлдөгч нараа төөрөлдүүлээд, Цейлонд нууцаар очиж, 5000 акр газартай цайны тариалангийн таван том талбайг өөрийн болгожээ.Цайны зах зээлийг Липтон цэрэг дайны тактикаар булааж авсан юм. Бас өөрийнхөө цайны талбайг цаг үеийнхээ хамгийн орчин үеийн техник, технологийн туршилтын талбар болгов. Талбайгаас анхны боловсруулалт хийх газар хүртэл дэндүү хол санагдангуут, цай тээвэрлэх дүүжин зам хүртэл тавив. Бас өөрийн флоттой болов. Цагтаа хамгийн хурдан, хамгийн гавшгай далбаат онгоцууд цай тээвэрлэж байсан бол удалгүй арай илүү даацтай, хүчирхэг хөдөлгүүртэй, уурын онгоцууд “навч” зөөж эхэлсэн юм.Боомтод цай ирэнгүут бөөн хөл хөдөлгөөн болно. Цайтай хайрцаг тээсэн цувааны араас Цейлоны үндэсний хөгжим хангинуулсан, дуулж хуурдсан, бүжиглэсэн, баяссан хэдэн арван хүнтэй найрал хөгжимчид далбаа дарцаг намируулан дагалдана. Энэ бас л реклам болж байлаа.Липтон юу хийж, юу хийх гэж байгаагаа сайн мэдэж байв. Тэр Их Британий бүх автобус, галт тэрэгнүүдийг “Талбайгаас аяганд нь” гэсэн цайны рекламаар чимсэн юм.
Өөрөө цайны тариалан эзэмшигч болохоор олон зуучлагч нар хэрэггүй, бас “навчны” үнэ зам зууртаа нэмэгдэхгүй, “Липтон цай” бусад цайнаас хавьгүй хямд, гайхмаар төсөрхөн байлаа. Гэтэл хамгийн хэцүү нь цайнд хатсан навч хольдог байсан үеээс улбаатай “Цай хямд байх тусмаа онцгүй” гэсэн олны бодол санаа өөрчлөгдсөнгүй. Олон нийтийн санаа бодлыг өөрчлөхийн тулд Английн хамгийн алдартай цайны мастер, холигч, амсагчдыг компанидаа урьж, цайны амт, үнэр, ааг, өнгө, усны хатуу зөөлөн, сав суулга, ус буцалгасан хугацаанаас хүртэл хамаардгийг нотолжээ. Бас ямар ч хүн ууя гэхнээ цай гарынх нь дор ойр, хямдхан, амт чанар нь гаргуун, аагтай, сайхан амттай байх ёстой гэж тэр боджээ. “Липтон цай” хямд байх тусмаа чанар сайтай гэдгийг тэр батлахыг зорив. Ямар боловч цайны тухай хүмүүсийн ойлголтыг ноён Липтон эрс өөрчилж чаджээ.Тэр ч бүү хэл, худалдааны арга хэлбэрээ шинэчлэв. Цайг задгай жигнэж зардгийг зогсоож, хатуу цаасан хайрцагт савладаг болов. Хүмүүс нэг амсч үзээд дандаа данх ёроолдож байг, хайрцаг савыг хаанаас нь ч харсан танигдам байг хэмээн үзэсгэллэнт Цейлон хүүхний зурагтай хайрцагт цайгаа савладаг болсон нь нэг том ололт байлаа. Нэг үгээр хэлэхэд англичууд “Липтон” цайг хайрцгаар нь таньдаг болов.
Цейлон бүсгүйн зурагтай, цэвэрхэн, авсаархан хайрцагтай сайхан амттай, хямдхан цай цаг үеийнхээ нэгэн бэлэг тэмдэг нь, дүр зураг, төсөөлөл нь болжээ. “Липтон цайг” шүтэн бишрэгчдийн нэг нь хатан хаан Виктория байсан агаад Английн амьдрал, түүхэнд гайхамшигт мөрөө үлдээсэн эрхэм Липтонд 1897 онд рыцарийн зэрэг дэв соёрхжээ.Гэхдээ хямд төсөр байх нь цай хүн бүхний дуртай, таашаалт ундаа болоход бас л хангалтгүй байлаа. Дахиад нэг бяцхан алхам үлджээ. Энэ алхамыг XX зууны эхээр Томас Салливан гэдэг америк эр хийжээ.ХЯТАД. ОРОС ДАХЬ ЦАЙНЫ ХУВЬ ТАВИЛАН.Орос оронд зарагдаж байсан цай Англи цайнаас ганц ялгаатай нь гагцхүү хуурай газраар, цэнгэг уст голоор тээвэрлэдэг болохоор тэнгисийн усны үнэргүй байсан билээ. Орос-Хятадын 1726 оны худалдааны гэрээгээр Монгол-Оросын хилийн хотхон Хиагтад Хятадын харъяат нар, оросууд цайны наймаа хийхээр тогтжээ. Орос, Дорно дахины цайны худалдааны гол төв нь Дээд Новгород хотын алдар цуутай яармаг байв.
Ерөөс Дээд Новгород хотын яармагийн хувь заяа тэр чигээрээ цайны худалдаанаас бүрэн хамаарч байсан агаад цай худалдаж авах анхны гэрээ байгуулагдмагц сая өргөн худалдаа наймаа эхэлдэг, цай хэдий чинээ сайн зарагдах тусам яармагт ирсэн Оросын бараа төдий чинээ сайн борлодог байж.1861 онд энэ яармагийг сонирхохоор ирсэн Францын яруу найрагч Теофиль Готье зээлийн ганц ч лангууны ард нэг ч хятад хүн үзээгүйгээ гайхан өгүүлжээ. Хятадууд цайгаа Хиагт хүртэл тээвэрлэж хүргэнэ, харин цаашдын хувь заяа нь оросуудын гарт шилжинэ. Тэндээс усан, хуурай замаар цай өргөн уужим Орос орны өнцөг булан тийш одох бүлгээ. Хятадууд монгол тэмээний нуруун дээр тээж ирсэн цайгаа бат бөх, дулаан зөөлнөөрөө алдартай Оросын хөвөн даавуугаар сольдог, оросын худалдаачид авсан цайгаа жигнэн, задгайгаар борлуулж олон түмэнд хүргэнэ.Хэрэв ямарваа нэгэн гай тотгор, аюул ослоос үүдэн жил бүрийн наймдугаар сарыг 1-5-ны хооронд цай Хиагтаас Доод Новгород хотноо хүрэлцэн ирж чадахгүй аваас яармагийн ажиллагаа тэр чигээрээ нурж, Москва, Владимир хотын фабрикууд хаагдах байсан аж. Гэвч аз болоход ийм юм хэзээ ч тохиолдоогүй билээ.
Цейлон, Хятадын цай тэр үед навчны сорт, тээвэрлэлтийн хугацаа, хадгалалт, анхны боловсруулалтын зэрэглэл сэлтээрээ ялгагдаж байсан боловч ноён Липтон цайг анх савлаж эхэлсэн нь маш түргэн бусад улс оронд нэвтэрч, Оростч цай савлаж борлуулдаг том том фабрикууд байгуулагдаж эхэлжээ.ТОМАС САЛЛИВАНЫ БИЗНЕС БУЮУ”ДАНХАНД” ЗОРИУЛСАН ТОРГОН УУТТАЙ ЦАЙ.Нарийхан хос, том, бөөрөнхий, дөрвөлжин, утастай, утасгүй гээд ертөнцийн нэг удаагийн цаасан, жижигхэн уутыг тоолж баршгүй. Буцалсан усаар хандалдаг хар, ногоон, улаан, навчин, үндэсний,цэцгийн дэлбээт, эмийн ургамалтай цайг ийм уутанд савлаж худалддаг билээ.Өдгөө дэлхийд хамгийн түгээмэл, тэгш өнцөгт хэлбэртэй, хоорондоо зайтай, бяцхан хос уутыг анх 1952 онд Липтоны мэргэжилтнүүд бодож олж, цайгаа савлаж эхэлсэн түүхтэй. Ийм ууттай цайны навчист буцалгасан ус илүү түргэн, гүн шингэж, ааг, амт, үнэр, өнгийг нь илүүтэй тодруулаг аж. Харин цайны анхны ийм бяцхан уутыг торгоор хийдэг байсан түүхтэй. Нью-Йоркийн залуухан худалдаачин Томас Салливан ийм уутыг анх торго эсгэн, гараар оёж бүтээсэн юм.
Амт үнэр нь хадгалалт, тээвэрлэлтээс шууд хамаардаг цай хэмээх эмзэг нандин, амархан мууддаг зүйлийг савлаж ариглаж хямгадахын зовлон хүн төрөлхтнийг таван зууны турш зовоож байсныг эрхэм Салливан бодоо ч үгүй явж. Цай хадгалах анхны сав суулга, том, том ваар Хятадын эртний зураг, ном сударт дүрслэгдэн үлдсэнийг тэр хэзээ ч харж байгаагүй. Модон хайрцагт хийж, нямбай чамбай боож баглаагүй учир хөлөг онгоцоор тээж явсан цай нь далайн усанд норж, үнэт ачаа нь өвс мэт болсны учир хөлгийн шурагнаас дүүжлүүлж байсан усан цэргүүдийн тухай бүр ч бодож байгаагүй. Харин Липтоны тухай бол сонсч дуулж явсан. Гэхдээ эрхэм Липтон цайг анх савлаж худалдсан гэдгийг мэдээгүй байж. Энэ худалдаачин Нью-Йоркийн зоогийн газруудад цай нийлүүлдэг, үүгээрээ баяжиж хөлжихийг хүсчээ. Хүний хүсэл хязгааргүй байдаг хойно, бага цайг ахиухан үнэ хүргэхийн хүссэн Салливан 1904 онд гараар хийсэн бяцхан торгон уутанд савласан дүрдэг цайг зоогийн газрын эздэд анх санал болгожээ. Тэдэнд шинэ ууттай цай таалагдав, Цайны шаар цэвэрлэх гэж гал тогоонд бөөн ажил болдог байсан нь үүгээр эцэслэв. Цайг уутнаас нь гаргах хэрэггүй, шууд л хандалчихна.
Энэ шинэ санаа дорхноо олны хүртээл болжээ. Нью-Йоркийн кафе, зоогийн газар, цайны газрууд цайгаа уутанд хийж, данхтай усанд үйдэг болсноор барахгүй, торго үнэтэй болохоор цагаан самбай хэрэглэжээ. Торгон ууттай цай анхны худалдан авагчтайгаа учирснаас хойш 10 жилийн дотор зөвхөн тогооч, зөөгч нар төдийгүй худалдаачдын сэтгэлийг татаж, цайны бизнес эрхлэгчидуутанд цай савладаг тусгай төхөөрөмжтэй болов.1914 оноос дүрдэг цайг Европ даяар хэрэглэж эхэлсэн бөгөөд дэлхий 1-р дайны фронтод тулалдаж байсан цэргүүд бууны сум, дэлбэрэлтийн нүргээн дунд аяны тогоондоо цай хандалж байсан юм. Дайны хүнд бэрх цагт буцалсан усанд үйгээд дор нь болгочихдог цай хэрэглэхэд хялбар, төвөггүйгээрээ олон хүний амийг аварсан юм.Ийнхүү дүрдэг и”Липтон” тэр цагаас хойш эзнийхээ нэрийг мөнхөлж,дэлхий ертөнцийг тойрсон их аянаа эхэлсэн агаад аагтай сайхйн амт, сэтгэл өегүнэр,шингэх нарны улаан өнгөнөөс бүхний сэтгэл зүрхийг эзэмдэх болсон билээ