2011-11-18 “Swing in Kremlin”, “Хүнийх”, “Тусгал” нэртэй хит дууны цомог болон “Носталгия”, “Дурласан цас” тоглолтуудаа олны
хүртээл болгосон дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа. Сүүлийн үед кино, жүжгийн дуу дуулах урилгад дарагдаад ихэд завгүй яваа тэрбээр шинэ цомгийнхоо ажилд хэдийнэ оржээ.
-“Дурласан цас” тоглолтоо хийхээс өмнө нэлээд хугацаанд сураг алдарсан. Шинэ цомог, тоглолтынхоо ажлыг амжуулж явсан байх нь ээ?
-2009 онд “Тусгал” цомгоо гаргаснаас хойш нам гүмхэн байлаа. Хүмүүс “Баярцэцэг хуримаа хийж, хүүхэд төрүүлсэн гэнэ”, “Охин нь их хөөрхөн болсон байна” гээд л баахан шуугисан ч би ажил, амралтаа хослуулан уран бүтээлээ хийсээр л явсан. Хөгжим бол миний хообий, бүр туйлын хүслэн учраас ажилтай зүйрлэх ямар ч шаардлагагүй. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу хийж буй ажил болохоор өнгөрсөн хугацаанд олон бүтээл гаргасан. Анх дуулж эхлэхдээ л “Монголд цоо шинэ хөгжмийн урсгал бий болгохсон” гэж зорьсон. Хоолойны тембр, дуулж буй манер маань ямар стильд илүү ойрхон болохыг судлаад поп кантри чиглэлийн амьд хөгжмийн цомог гаргахаар бэлтгэж байна.
-Тэгвэл цомгийн уран бүтээлээс хамаарч, стиль имижээ хүртэл өөрчлөх хэрэгтэй болж дээ. Энэ удаа танаас ямар өнгө төрх харагдах бол..?
-Тийм ээ, шинэ цомгоос хамаарч клипний зохиомж ч юм уу стиль имиж, фото зураг гээд намайг илэрхийлж байгаа бүх зүйл нэгдсэн том агуулгатай болсон. Баярцэцэг хэн болж хувирсныг бүхий л зүйлээс минь мэдрэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна, миний нас ч уран бүтээлд маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь эндээс харагдах болов уу.
-Юу гэсэн үг вэ. Баярцэцэг өнөөдөр хэн болж хувирсан гэж?
-Бүсгүй болсон.инээв Энэ цомог хоёр уянгын дуутай, бусад нь нэлээд цоглог хэмнэлийн дуунууд бий. Төсөөлөл ихтэй, жаахан романтик маягийн дуунууд юм уу даа. Зав чөлөө гарвал өөрийгөө хамгийн их амраах дуртай зүйл минь модтой газарт сууж юм бичих. Гэхдээ би дууны шүлэг болох хэмжээний зүйл бичиж байгаагүй. Яг тухайн үед толгойд минь орж ирсэн бодол, сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулгадаг. Тэгэхээр хаа нэгтээ жингүйдээд явж байгаа мэт хачин гоё төсөөллийн тухай дуунууд шинэ цомогт минь багтсан хэрэг.
-Уран бүтээл тань олонд танигдаж эхлэх үест та “Эротик стиль сонгохгүй” гэж хэлж байсан удаатай. Энэ бодлоо одоо ч гээгээгүй юу?
-Би эротик стилийн клип болон кинонд ямар нэгэн дүр бүтээх хүсэлгүй. Эротик болон романтик ойлголт чинь хоёр тусдаа зүйл. Хийж буй уран бүтээлийн минь агуулгаас хамаарч клипний найруулагч ямар санаа гаргахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Одоогийн байдлаар, энэ төрлийн дуунууд урын санд минь алга. Стиль имижийн хувьд ч, иймэрхүү зүйл төлөвлөөгүй. Яахав, дурласан бүсгүйн дүрийг гаргахдаа хагас нүцгэлсэн нь үнэн. Гэхдээ эротик төрх харуулах бус бүсгүй хүний гоо сайхан, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн нандин чанарыг уран сайхны аргаар дүрсэлсэн юм.
-DJ Shaman-тай хамтарч дуулснаас болж, нэр холбогдоод авсан байна лээ. Цаашид түүнтэй хамт дуулах уу, аль эсвэл?
-Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй ээ. “Цавчуур.ком” киноны дууг хамтарч дуулснаас өөр асуудал үүсээгүй шүү дээ, бид хоёрт. Хүмүүс энэ дууг Shaman-ий франц хэлээр дуулснаар нь илүү сонсох дуртай юм билээ. Тэгэхээр тоглолтдоо урих санаа байгаа ч, ойрын үед түүнтэй холбогдсонгүй. Бид хоёрын тухай янз бүрээр ярьж байгааг нь сонссон ч огт санаа зовоогүй. Худлаа гэдэг нь тодорхой юм чинь, инээлдээд л өнгөрсөн. Угаасаа хамтарч дуулсан хүн болгонтойгоо “нэр холбогддог” болохоор тоодог ч үгүй шүү дээ, би.инээв
-Англи дуутай классик маягийн цомог гаргах тухай ярьж байсан. Тэр бүхэн юу болсон бол..?
-Нэлээд олон дуутай болсон шүү. Цомгийн тоо гүйцээх нь чухал бус. Хамгийн гол нь, чанартай дуунууд хийх ёстой. Өнөөдрийг хүртэл дуулсан дуунуудаа шигшиж үзэхэд классик цомгийн маань 50 хувь нь бэлэн болчихсон байна лээ. Нэгэнт хийсэн бүтээлүүдээ хэзээ нэгэн цагт цомог болгож гаргах нь тодорхой.
-Захиалгын чанартай дуу хэр их ирдэг вэ. Чамгүй мөнгө амласан ч үнэхээр таалагдахгүй дуу байвал буцааж чадах уу?
-Ирнэ ээ. Арав гаруй жил дуулж байгаа учраас уран бүтээлийнхээ чанарыг ялгаж суралгүй яахав дээ. Үнэхээр хэцүүхэн дуунууд мэр сэр ирдэг. Стиль имиж, хоолойны өнгөнд таарахгүй дуу байвал буцаахаас өөр аргагүй. Заримдаа надад хэтэрхий ахадсан дуунууд ч таарах нь бий. Хоолойны цар хүрээ шаардсан дуу байвал өөр дуучинд өгөхийг санал болгодог юм. Ямар ч байсан, өөрийнхөө сонголтоор уран бүтээлээ хийдэг гэж ойлгож болно.
-БНХАУ-ын “Pola arts” компанитай нэлээд хэдэн жилийн гэрээ байгуулсан. Хамтарч ажиллаж байгаа хэвээрээ юу?
-Таван жилийн гэрээ маань дууссан. Гэрээний эхэнд гурван цомог гаргах заалт байсан ч, өнөөдрийн байдлаар нэг цомгоор ажлаа дуусгалаа. Цаашид өөр компанитай хамтарч ажиллах бодол бий. ОХУ, Голланд гэх мэт харилцаа холбоо тогтоох боломжтой газар цөөнгүй байна.
-Ингээд ярилцаж суухад та нэлээд эршүүд маягийн хоолойтой юм. Гэтэл дуугаа дуулахдаа огт өөр сонсогддог шүү?
-Үнэн л дээ. “Чи дуу дуулдаг шигээ шингэн хоолойгоор ярьдаггүй юм уу” гээд л хүмүүс гайхаад байдаг юм. Хоолойны минь тембр жаахан бүдүүн талдаа. Уран бүтээлчид болохоор намайг шингэн хоолойтой гээд нэлээд ахадсан дуу өгөх гээд байдаг. Би ганцхан ахтай ч, тийм эршүүд зантай биш. Эмэгтэй хүний байгалиас заяасан өрөвч энэрэнгүй, зөөлөн сэтгэл бүр хэтэрхий их байдаг гээч, надад. Хааяа зарим нэг зүйлийг давж чадахгүй, тэсвэр хатуужил муутай юм шиг санагддаг л даа. Гэхдээ би их хичээж байгаа. Цаашид ээж болно. Намайг амьдралын олон шалгуур хүлээж байна, тэр болгоныг нь давж гарна шүү. Ээж минь тэсвэр хатуужил сайтай эмэгтэй. Энэ сайн чанараас нь сурахыг хичээж явдаг юм.
-Хэдийд ээж болохоо төлөвлөсөн юм уу. Гэр бүлтэй болоод нэлээд удчих шиг боллоо?
-Ер нь ойрын хугацаанд ээж болох бодолтой байна. Өнөөдрийг хүртэл уран бүтээл бодож явсаар байгаад хүүхдийн асуудлыг хэтэрхий хойш нь тавьчихаж. Одоо бүр ээж минь хүртэл загнаад эхэлсэн. “Ээждээ бушуухан хүүхдээ аваад ир. Өсгөөд өгье” гэж гуйдаг боллоо. Ямар ч байсан, хоёр гурван жилийн дотор энэ асуудлыг шийднэ дээ. Амьдралынхаа туршид хоёроос гурван хүүхэдтэй болох хүсэл бий. Юу ч гэсэн, төрүүлээд л байя.инээв
-Нэлээд эрх юм шиг санагддаг. Энэ үнэн болов уу?
-Өө, их эрх шүү. Хүүхдээ уйлбал дагаад уйлж ч мэднэ. Намайг хүн бүр л “Эрх зантай” гэдэг юм чинь. Ярьж хэлэх, байгаа байдал минь хүртэл эрх зангаа илчлээд байх шиг. Гэхдээ аливаа зүйлийг даван туулах, зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж чадна. Өөрийгөө их чамладаг юм шүү дээ, би. Улам сайн ажиллахыг хичээж, хийсэн бүхнээ судалж явдаг.
-Уран бүтээлийн санхүүгээ өөрөө хариуцдаг гэхээр гайхах хүн олон. Одоо цагт ямар нэгэн ивээн тэтгэгчийн халааснаас зуурахгүйгээр, бие дааж дуулах нь бараг л бүтэшгүй зүйл болчихсон юм биш үү?
-Анхны цомогт минь “Модерн номадс” сүлжээ ресторан болон “Хаан гэрэгэ” компанийн хамт олон их тусалсан. Би урьд нь “Модерн номадс”-ын бүх салбарт дуулж байсан шүү дээ. Цомог, клипний зардлыг нарийн тооцвол маш их тоо гарна. Надад ямар нэгэн хувийн продюссер байхгүй. Өөрийнхөө амьдрал, уран бүтээлийн орлогоор л бүхнийг зохицуулж явна.
-Нөхөртэйгөө нууцаар хуримласан, томоохон арга хэмжээнд хамт очдоггүй гээд л их ярьдаг юм билээ. Яагаад ингэх болов?
-Тэгэх ямар шаардлагатай юм бэ. Би хурим, энэ тэрийг ер тоодоггүй. Заавал хуримлана, хадмууд маань бэр гуйж ирэх ёстой гэж боддог ч үгүй. Хүмүүсийн анхаарлын төвд амьдрах их дургүй л дээ, бид хоёр. Нөхрөө дагуулах нь байтугай, би өөрөө ч тиймэрхүү арга хэмжээнд очих нь ховор. Яг сонирхсон зүйл рүүгээ л явна уу гэхээс биш, юм болгон руу үсчээд байдаггүй. Тэгээд ч миний гэр бүлийн амьдрал хүмүүст тэгтлээ их сонирхолтой санагддаг болов уу гэж бодохгүй байна. Хамаг бүхнээ дэлгэх ч албагүй. Хүн аливаа амжилтад хүрэхийн тулд заавал огцом, хурдан очих замыг сонгох шаардлагагүй байх. Шат шатаар өгсөх юм уу, аажмаар явж хүрсэн амжилт уруудах нь хүртэл удаан байх биз. Түүнтэй адил, би шат болгон руу мацаад явж байгаа учраас хэр баргийн зүйлд тийм ч амархан унана гэж бодохгүй байгаа шүү. Би одоо ямар нэгэн хауст бус, Хан-Уул дүүрэгт энгийн сайхан амьдарч байна. Цаашид маш том зорилго тавьсан, түүндээ хүрэхийн тулд шаргуу ажиллах болно.
-Элдвийн хүнтэй нэр холбогдож, хэвлэл дээр бичүүлээд байхаар нөхөр тань бухимддаг биз. Энэ бүхэнд хэрхэн ойлголцдог юм бол..?
-Бараг гарахгүй ээ. Амьдралын шалгуур бид хоёрыг хэн нь хэн бэ гэдгийг тод харуулсан учраас элдэв маргаан үүсэхгүй. Хамгийн анх дуучин болоход минь тусалж дэмжин, хүсэл мөрөөдлийг маань бадрааж өгсөн хүн бол миний хайрт. Хөгжимд их дуртай болохоор хийж буй ажлыг минь ч ойлгож чаддаг юм. Азаар тийм муухай үл ойлголцох асуудал гарч байгаагүй. Тиймэрхүү зүйлд ч ач холбогдол өгдөггүй юм. “Дурласан цас” клипний зураг авалтын үеэр ч гэсэн, даашинзныхаа мөрийг буулгахгүй гэсэн чинь “Энэ бол уран бүтээл. Залуу насанд өөртөө байгаа гоё, сайхан бүхнийг гаргаж хэрэгтэй. Өөрийгөө сориод үз” гэж зэмлэж байх жишээтэй.
Р.МӨНГӨН