2011-11-06УДЭТ-ын залуу жүжигчин Д .Ганцэцэг “Өдөр өдрийн нар” киноны Агиймаа эмчийн дүрээр өдөр бүр танай хойморт
цэнхэр дэлгэцээр зочилж байгаа. Мөн “Аравт” уран сайхны түүхэн кинонд Өнөмөнхлэй хэмээх отчийн дүрийг бүтээсэн. Энэ дүрийн төлөө 100 гаруй охид бүсгүйчүүд пробонд орж байжээ.
-”Аравт” кинонд тоглох болсон тухайгаа сонирхуулаач. Түүхэн кинонд дүр бүтээн гэдэг залуу жүжигчний хувьд том аз завшаан биз ээ?
-”Аравт”, “Үхэж үл болно” киноноос хойших Монголын кино урлагийн түүхэн дэх томоохон бүтээл болсноороо онцлогтой. Түүхэн кино жүжигчнээс ур чадвар багагүй шаарддаг шалгуур өндөртэй гэдэг. Чингисийн үеийн аравтын цэргийн зохион байгуулалт, цэргүүдийн харьцаа, тушаал аваад хэрхэн биелүүлж байгаа тухай энэ кинонд гардаг. Харин Өнөмөнхлэй гэдэг оточ бол энэ киноны ганцхан эмэгтэй дүр.
Дайн байлдааны сэдэвтэй дандаа эрчүүд тоглосон кинонд ганцхан эмэгтэй дүр орсноороо киногоо зөөллөж, зөвтгөж, чимж өгсөн болов уу гэж би боддог. Өнөмөнхлэй гэж багадаа аав ээжээсээ өнчирч, өвөөтэйгөө өссөн хэрсүү, мэдрэмжтэй, оточ бүсгүйн дүр л дээ.
Өвөө нь ч Чингисийн ойр дотны оточ байсан юм билээ. Миний хувьд энэ түүхэн кинонд тоглосон маань бахархмаар, баярламаар тохиолдол байлаа.
БИ АРДЫН УРЛАГААРАА БАХАРХАЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА ГЭЖ БОДДОГ
-Энэ киног Өвөрмонголчуудгай хамтарч хийсэн юм байна. Зураг авалт нь хаана болсон бэ?
-Жилийн өмнө “Аравт” киног Увс аймгийн Түргэн суманд зургийг нь авсан. Киноныхоо зургийг хаана авах вэ гэж монгол орноо тойрсон тухай найруулагч маань ярьж байсан. Тэгээд манай нутагт зургийг маань авахаар болсон юм билээ. Киноны зураг авалтын үеэр нутагтаа байгаа гэж бодохоор сэтгэлд ойрхон, үнэхээр гоё санагдаж байсан шүү.
Нутгийн уул, ус ч биднийг ивээсэн. “Хархираа” хайрхан мөнх цастай, эрт цас унаж хүйтэрдэг, хангай газар. Байгалийн үзэгдлээс болоод зураг авалт хойшлох сунжрах тохиолдол гарах нь бий. Яагаад ч юм бидний зураг авах үеэр тийм үзэгдэл гараагүй.
-Үндэсний урлагаа зарим хүмүүс ойшоодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Жүжигчин бүсгүй уртын дуучин болсон түүхээ сөхвөл сонин болов уу?
-Би 2007 онд кино драмын жүжигчин мэргэжлээр СУИС-ийг төгссөн. Дараа жилийнх нь намар эргээд уртын дууны ангид нь орж байлаа. Мэргэжлээрээ ажиллаад удаагүй байсныг ч хэлэх үү, дахиж сурах гээд оюутан болчихсон байдаг. Ачаалал ихтэй, гүрийж байгаад л төгссөн дөө.
Бусад жүжигчдээс арай онцлог байхын тулд уртын дуучин мэргэжлийг сонгосон. Би ардын урлагаараа бахархаж, түгээн дэлгэрүүлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэж боддог. Ер нь жүжигчин, уртын дуучин ховор байх аа. Миний мэдэхээр жүжигчин Л .Дэмидбаатар ах байна.
Гэхдээ далд авьяастай жүжигчид байхыг үгүйсгэхгүй л дээ. Жүжигчин хүнээс тал бүрийн авьяас чадвар гарах ёстой. Урлагийн ямар ч төрлийг үгүйсгэж болохгүй. Аль алиных нь талаар ойлголттой байх хэрэгтэй байдаг юм.
ГАНЦХАН ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН НЬ БОЛООД Ч ТЭР ҮҮ ЭРЧҮҮД НАМАЙГ ХҮНДЭЛЖ БАЙЛАА
-Кинонд дүр авахын тулд найруулагчдаа тал засдаг, ялангуяа эмэгтэй жүжигчдийг өвөр түрийд нь ордог гэх яриа байдаг. Энэ талаарх таны бодлыг сонсоё ?
-Ёстой муухай, би тийм юмыг хүлээн зөвшөөрдөггүй. Миний амьдралд тийм зүйл хэзээ ч байгаагүй, байлгахыг ч хүсдэггүй. “Аравт” киноны Өнөмөнхлэйн дүр бол надад байгаа материалаар олдсон дүр.
-Олон эрчүүдтэй хамт ганц эмэгтэй жүжигчин кинонд тоглоход хэцүү байв уу?
-Надаас гадна гурван эмэгтэй нүүр будагч байсан. Хоёр нь хятад, нэг нь Өвөрмонгол. Өвөрмонголтой нь ойр зуурын хэл ойлголцоно. Харин хоёр Хятад эмэгтэйтэй нь дохио зангаагаар л харьцдаг байлаа. Сэтгэлээ хуваалцах эмэгтэй хүн хажууд байхгүй болохоор эвгүй л юм билээ. Гэхдээ ганцхан эмэгтэй жүжигчин нь болоод ч тэр үү, эрчүүд намайг хүндэлж байлаа.
-Та гэр бүлтэй юу?
-Байхгүй.
-Залуу сайхан эмэгтэйд сэтгэл алдах, хайраа илчлэх эрчүүдийн хандлага янз бүр байна биз?
-Байна аа, байна. Зарим нэг нь харилцаа холбоо тогтоох гэж тал засдаг юм. Миний янзыг үзэх гэх хүн ч таардаг. Сэтгэлээсээ хандах эрчүүд ч байна. Энэ бүхний дунд өөрийгөө л зөв авч явах нь чухал гэж боддог.
-Та ирээдүйн ханиа ямар зан чанартайгаар төсөөлдөг вэ?
-Эмэгтэй хүнийг тэр дундаа жүжигчний амьдралыг үнэн сэтгэлээсээ ойлгож, хүндэлж чаддаг хүн л надад хэрэгтэй. Ингэхийн тулд тэр хүнээс багагүй ухаан, тэсвэр тэвчээр шаардах байх л даа. Хайрлана гэдэг олон янз, харьцангуй ойлголт. Хайртай гээд хардаад, харамлаад байвал хамгийн муухай.
-Сайхан хайртай учирч байв уу?
-Байсан. Анхны хайр бүтдэггүй гэж үнэн юм билээ. Би энэ сэдвээр яримааргүй байна.
2003 ОНД БИ БАРУУН БҮСИЙН МИСС БОЛЖ БАЙСАН ЮМ
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Театрын маань 80 жилийн ой болох гээд зав муутай байна. Кино үзэх юмсан гэж бодож байгаа ч зав гарахгүй юм. Гэхдээ би гэр амьтай хүн. Зав зайгаараа ном унших дуртай. Сүүлд “Бүрэнхий” гэсэн ном уншлаа. Хатгамалд бас сонирхолтой. Төгөлдөр хуур, морин хуур сурна гэж бодож байна. Мөн ардын утсан хөгжмийн аялгуунд дуртай.
-Амьдралын эрч хүч, таашаалыг хаанаас авдаг вэ?
-Хийж бүтээхийн урам зоригийг надад уртын дуу маань өгдөг. Ер нь урлагийн энэ мэргэжлээсээ л би амьдралын эрч хүч, таашаалыг авдаг. Сая манай театр “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийлээ. Үзэгчдийн урам хайрласан алга ташилт, тэдний халуун дулаан илч энергийг мэдрэх нь уран бүтээлч бидэнд хамгийн сайхан байдаг. Энэ жүжигт би хоёр дүр бүтээсэн.
-Ямар, загварын хувцсанд дуртай вэ?
-Би стиль хөөдөггүй ээ. Биед эвтэйхэн, чөлөөтэй, гоё харагдаж байвал болох нь тэр. Гэхдээ заримдаа өндөр өсгийт, богинохон банзал өмсөөд гудамжаар алхах гоё шүү. Эмэгтэй хүн гэдгээ илүү их мэдэрдэг юм. Хүмүүсийн хандлага ч нэг л өөр.
-Хамгийн сүүлд ямар хувцас худалдаж авсан бэ?
-Хавар намрын гутал авсан юм байна. Нэг хэсэгтээ л дурлаж олон хоног өмслөө. Саяхан л тайллаа. Ер нь би гутал, цүнх, нүдний шил худалдаж авах дуртай. Ийм гангараа надад таалагддаг юм.
-Хүний ямар чанарт дуртай вэ?
-Хүн ер нь өөртэйгөө адилхан зантай хүнийг хайгаад байдаг юм билээ. Олон юм ярьдаггүй ч ганц нэгхэн жинтэй үг хэлчихдэг, амьдралын ухаантай, зөв бодолтой хүнд би дуртай.
-Анзаараад байхад таны ярианд зөв бодол гэдэг үг олон гарлаа. Таныхаар зөв бодол гэж юу вэ?
-Амьдралынхаа замыг хүн өөрөө л зурдаг. Толгойдоо зөвийг боддог бол муу үйл хийхгүй. Хүнд муу санахгүй, бусдад муу зүйл хийхгүй л байвал болно. Гоё цэцгийн үрийг хөрсөнд таривал гоё л цэцэг ургана. Шарилж таривал шарилж л ургана шүү дээ.
-Та гоё нүдтэй, царайлаг сайхан бүсгүй юмаа. Ийм үгийг та олон хүний амнаас сонсож байсан байх. Залуу нас, гоо сайхны талаарх таны бодол, хэмжүүр юу вэ?
-Баярлалаа. Ийм үгийг сонсох бүртээ би хүн шиг хүн болгож, төрүүлж өсгөсөн ээж аавдаа баярлалаа гэж хэлмээр санагддаг. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг маш том хувь заяа. Үүнийг би ээж болох үедээ хамгийн их мэдэрсэн. Тэр агшинд үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг юм билээ.
2003 онд би Баруун бүсийн мисс болж байсан юм. Ээж аавынхаа дэргэд байхдаа эмэгтэй хүн болсон хувь заяаныхаа сайхныг мэдэрсэн тэр үе санаанд тодхон байдаг.
БИ АМЬДРАЛЫГ НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ ГЭЖ ХЭЛНЭ
-Өнөөгийн нийгмийн залуусын амьдралын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Аливаа юм хоёр талтай. Муу тал нь гэвэл залуус эцэг, эхээ хүндлэхгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэж боддог болжээ.Дөнгөж оюутан болж байгаа сайхан охид мөнгөний төлеө биеэ худалдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Миний найз нөхдийн хүрээнд ч тийм хандлага ажиглагдсан.
Өөрийнхөө сэтгэл санаа, аз жаргалыг эд материалаар худалдана гэдэг байж боломгүй зүйл. Хөдөлмөрлөж олсон 5000 төгрөг ч амттай шүү дээ.
-Анхны цалингаа авч байсан үеэ дурсаач?
-Хамгийн гоё дурсамжтай үе л дээ. Увс аймгийн Хөгжимт жүжгийн театрын ойгоор 40 мянган төгрөгийн цалин авч байлаа. Тэр үед би 10 жилийн сурагч байсан. Увсын театрт хоёр, гурван cap дагалдан бүжигчнээр ажиллаж цалин авсан нь энэ. Анхны цалингаа авсан үетэй наадам давхцаад гоё байсан шүү.
-Хөдөөний театрт бүжиглэж байсан охин улсын театрын өндөр босгыг яаж давав?
-2006 онд гуравдугаар курст байхдаа Драмын театр шинэ залуу жүжигчид авна гэж сонсоод шалгалт өгсөн юм. Богино хугацаанд сайн бэлдэж чадаагүй, тэнцээгүй гэж бодоод нэг их найдаагүи байсан ч “13 хүүхэд тэнцэж миний нэр байна” ангийн маань хүүхэд хэлсэн. Ингээд аравдугаар сарын 12-нд тушаал гарч УДЭТ-т данстай жүжигчин болж байлаа.
Хавар нь сургуулиа төгсөх гээд шалгалт шүүлэг ихтэй. Бас ажилтай болчихсон, бүх юм давхцаад… Гэхдээ гоё байсаан. Тухайн үед надад энэ мэргэжлийг дэмий сонгоогүй юм байна гэж бодогдсон. Театрынхаа тайзан дээр би бүхнийг хариуцлагатай хийнэ гэж өөртөө хэлдэг.
Тийм ч учраас кино, дэлгэцийн бүтээлийн урилга саналаас хэсэгтээ л татгалзсан. Одоо бол тайзны урлаг, дэлгэцийн урлаг аль алинд нь хүчээ сорино л гэж боддог.
-Та өөрийгөө юугаар чимдэг вэ?
-Мэргэжлээрээ бас нүдээрээ чимдэг. Нүдээрээ гэхээр сэтгэлээрээ чимдэг гэж сонсогдоно байх аа.
-Амьдралын талаарх таны төсөөлөл?
-Би амьдралыг нэг зоосны хоёр тал гэж хэлнэ. Аливаа юм ч хоёр талтай. Энэ хоёр тал хэзээ ч бие биенээ орлохгүй. Тэгсэн мөртлөө дандаа хамт байдаг.
Б.Должинсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ”