2011-10-25Ахынхаа зургийн өмнө зул асаах энэ хүнийг Б.Дансал гэдэг. Тэрбээр Авлигатай тэмцэх газрын дарга агсан
Б.Дангаасүрэнгийн төрсөн дүү билээ. Учир битүүлэг байдлаар амиа алдсан ахийнхаа үхлийн шалтгааныг олох гэж дөрвөн жил хөөцөлдөж явна. Түүнтэй уулзаж хэрэг ямар шатандаа шалгагдаж явааг нь сонирхсон юм.
-Б.Дангаасүрэн агсныг өөд болсноос хойш дөрвөн жил өнгөрлөө. Энэ хугацаанд хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон. Та дахин шалгуулах хүсэлт гаргасан уу?
-Хүн хорвоод ирээд буцах нь үнэн. Тэгэхээр нас барсан хүний ясыг өндөлзүүлээд олон жил яриад байх шаардлага байхгүй. Нутгийн ахан дүүс болон өөрийнхөө хувийн зүгээс Ерөнхийлөгч болон Улсын их хурлын даргад хандаж есөн хүсэлт тавьсан байгаа. Хүсэлт гаргах шалтгаан нь тодорхой л доо. Нэгэнт энэ хэргийг хаах гэж байгаа юм бол хэд, хэдэн асуултыг тодруулж өгөөд хаалгах бодолтой байгаа юм.
-Нууц биш бол ямар асуултууд хүргүүлсэн юм бэ?
-Ер нь тодорхой шүү дээ. Нэгдүгээрт, нүдний асуудал байгаа. Энэ их олон жил яригдаж байгаа юм. Цогцсыг нь авчрах үед нүднийх нь оронд хуванцар орлуулаад хийсэн байсан. Үүнтэй холбогдуулан Австралийн талд гурван ч удаа бичиг явуулсан. Гэтэл “Нүдний талаар танд өгөх хариулт байхгүй” гэж мэдэгдсэн. Тэр нүдийг хэн авсан, яагаад алга болсон нь тодорхой бус. Энэ тал дээр монголын төр хариулт өгөх учиртай.
Хоёрдугаарт, хавирга хугарсан явдал. Ахын маань хоёр талын долоон хавирга хугарсан байдаг. Хавирга хугарч болно. Анхан шатны тусламж үзүүлэх, эмч сувилагч нар массаж хийх үедээ хугалсан байх магадлалтай. Гэхдээ нэг дор долоон хавирга хугарна гэж байхгүй.
Энэ асуудлыг яах гэж тавиад байна вэ гэхээр Австралиас ирсэн задлан шинжилгээний бичигт хавирганы талаарх асуудал байгаагүй. Манай монголын талаас гаргасан шинжээчийн дүгнэлтэд хавирга хугарсан гэж бичсэн. Яаж хугарсан гэхээр гадны нөлөөлөлтэй гэсэн.
Гэхдээ гэмт халдлагын шинжтэй хугаралт биш гэсэн. Яаж дүгнэхээр тэгж өөр, өөр хэлдэг юм бэ гэж асуумаар байна. Гуравдугаарт, шинжээчийн дүгнэлт хоёр өөр байгаад гайхаад байгаа. Австралийн тал уургийн дутагдлаар нас барсан гэдэг.
Харин монголын тал уушигны архаг хэлбэрийн сүрьеэ, элэгний архаг үрэвсэл хатуурал өвчний улмаас бүх эрхтний системд түгмэл хамарсан хордлогын шалтгаанаар нас барсан гээд байгаа. Өндөр хөгжилтэй орны гаргасан шинжээчийн дүгнэлт яахаараа зөрдөг юм бэ гэсэн асуулт байна.
Дөрөвдүгээрт, монголын гаргасан шинжээчийн дүгнэлт зөрсөн явдал. Цогцос нь ирээгүй байхад манайхан дүгнэлт гаргачихсан сууж байх жишээтэй. Энэ тал дээр надад тодорхой хариулт өгөөч. Энэ дүгнэлтийг гаргасан эмч нарыг шалгуулахаар шүүхэд өргөдөл өгсөн.
Гэтэл шүүгч нь “ Мөрдөн байцаах ажиллагаа явуулах, хэрэг үүсгэх ажиллагааг шүүхийн байгууллага хийхгүй” гэсэн. 2007 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ахын цогцос ирсэн. Гэтэл арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, цогцос ирэхээс хоёр хоногийн өмнө дүгнэлт нь гарсан байгаа.
Намайг ингээд ярихаар “Та худлаа ярьж байгаа байх” гэсэн хүмүүс байдаг. Энэ бол бодиттой зүйл юм. Бүүр эмч нар нь өөрсдийн тамгыг дарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байдаг. Албаны хүн хэлэхдээ “Шинжээчийн дүгнэлт буруу гарсан тохиолдолд дахин шалгуулах үндэслэлтэй” гэсэн.
Тэгэхээр талийгаачийг дахин шинжилж үзнэ гэсэн үг шүү дээ. Тавдугаарт, 2007 оны аравдугаар сард Авлигатай тэмцэх газраас ахтай нийлээд зургаан хүн олон улсын хуралд явсан. Гэтэл тэдний байрлах буудлыг Алтангэрэл гэгч цуцалсан байдаг. Гэхдээ үүнийгээ хэнд ч мэдэгдээгүй. Эндээс нисээд Сөүлд очихдоо манай ахад хэлсэн байгаа юм “Даргаа өрөөгөө цуцалчихсан.
Монгол айл олон байдаг. Доржпаламын хамаатных байдаг” гэж. Зургаадугаарт, 2007 оны арванхоёрдугаар сард Шүүхийн шинжилгээний төвийн даргаар ажиллаж байсан Дагиймаа телевизээр ахын үхлийн шалтгааныг олон нийтэд зарласан. Төрийн өндөр албан тушаалтны үхлийн шалтгааныг нууцлах учиртай. Хэлэх ч эрх байхгүй.
Энэ хүн яахаараа албан тушаалаа урвуулан ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг юм бэ гээд бүхий л газруудад хандаж үзсэн. Долоодугаарт, Олон улсын хуралд явсан хүмүүс тодорхой шалгуураар явсан юм билээ. Ахтай хамт явсан Гунгаа, Энхтуяа хоёр одоо хүртэл цалингаа аваад ажлаа хийж явна. Энгийн хүмүүс байсан бол арга хэмжээ авдаг. Гэтэл эд яагаад ажиллах ёстой гэж. Дарга нас барлаа гээд хамгийн түрүүнд мэдээлэл өгсөн хүн бол Энхтуяа.
Үхлийн шалтгааныг нь тогтоохоор задланд оруулах гэж байна гээд Сундуйсүрэн рүү ярьсан байдаг. Гэтэл хамт явсан хүмүүс нь тухайн үед задлан шинжилгээнд ороогүй байдаг. Тэгээд Австралид очоод хурлын төлөөлөгчөөс нь асуухад “Танай монголд 24 удаа очсон. Танайхан их сайхан хүмүүс байдаг.
Гэтэл талийгаачтай хамт явсан хүмүүс их сонин хүмүүс байсан. Надтай уулзахгүй зугтаад байсан. Намайг эмнэлэг дээр очиход хоёр хүн байсан” гэж ярьдаг. Тэгэхээр ийм хариуцлагагүй хүмүүсийг яах гэж ажиллуулаад байгаа юм бэ. Тэгээд би Энхтуяатай уулзах гэхээр надаас зугтаад алга болчихдог.
Бүүр аргаа бараад гэр рүү нь утасдахаар салгаад хаядаг. Наймдугаарт, ийм олон ээдрээтэй асуудал байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурор Хишигсүрэнд хариуцлага тооцооч. Би тэр хүнтэй уулзаад ахын минь нүдийг хэн авсан, яагаад энэ хэргийг хааж байгаа юм бэ гэхэд “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн.
Есдүгээрт, хавтаст хэрэг дотор намайг гэрчээр оруулсан. Үнэндээ би хохирогч шүү дээ. Гэтэл гэрч болгох жишээтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж байдаг, төрсөн дүү нь яахаараа гэрчээр татагддаг юм. Ийм асуултнуудад хариулт нэхэж байна.
-Танай нутгийн зөвлөлөөс гарын үсэг бүхий бичиг ирсэн гэлүү. Тэр ямар учиртай юм бэ?
-Манай нутгийн зөвлөлөөс баахан гарын үсэг бүхий бичиг ирсэн. 60 гаруй хүний гарын үсэгтэй бичиг ирснийг Ерөнхийлөгчид өргөн барих гэж байна. Та сонгогдох үедээ ард иргэдтэйгээ ойр байна гэсэн. Шударга хүний хувьд энэ амлалтаа биелүүлэх цаг нь болж. Ер нь прокуроруудын хийж байгаа ажил үнэн үү гэдгийг шалгах хэрэгтэй.
Хавтаст хэрэгтэй нь танилцуулахгүй байгаа. Танилцах хүсэлт тавьсан чинь арваннэгдүгээр сард уулзах боломжтой гэсэн. Би энэ хэргийг яриад л дахин дахин хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад баймааргүй байна. Тэгэхээр энэ асуудлыг даруйхан шиг шийдээд өгчих хэрэгтэй байгаа юм.
-Хэргийг хамгийн сүүлд хэзээ хаасан юм бэ?
-2010 оны тавдугаар сард. Хэргийн талаар ярихаар хуулийнхан хаацайлдаг. Нутгийн ард түмэн ярихдаа “Дансал ахыгаа алсан хүмүүстэй найз нөхөд болоод байр, машинтай болсон. Тэгээд бидэнтэй дуугарахгүй болсон” гээд ярьж байсан гэсэн. Хууль хяналтын байгууллага уялдаа муу байгаагаас болж хэрэг шийдэгдэхгүй удаж байна.
-Энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газарт хандаж байсан биз дээ. Тухайн үед удирдлагууд нь ямар хариулт өгсөн юм бэ?
-Тухайн үед Авлигатай тэмцэх газрын дарга Сангарагчаад хоёр ч удаа захидал явуулсан. Тоймтой хариу өгөөгүй. Харин Сундуйсүрэн “Манай хүмүүс сахилгын зөрчил гаргасан байна” гэсэн бичиг явуулсан. Тэр чинь одоо юу гэсэн үг вэ. Одоо хандах гэхээр удирдлага алга.
Та нарыг хэн удирддаг юм бэ гэхээр “Манай хэлтэс, тасгууд бүгд ажлаа мэднэ. Тэгэхээр удирдлагагүй ажиллаж байна” гэж хэлсэн. Телевизийнхэн надаас “Авлигатай тэмцэх газарт дарга нар нь яагаад тогтдоггүй юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр нь “Би яаж мэддэг юм бэ” гэж хэлдэг. Би чинь жирийн нь л нэг хүн шүү дээ.
А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”