2011-10-18Хорвоогийн нэгэн сайхан өглөөг инээмсэглэн угтаж, толгой дүүрэн ажлын төлөвлөгөөтэйгээр гэрээсээ гарлаа.

Автобусанд сууж Яармагаас комбинатын цагаан хаалга хүртэл салхи татуулан сайхан давхилаа. Жолооч ч урамтай байгаа бололтой, дуу аялан жолоо мушгина.
Гэтэл төд удалгүй улаанбаатарчуудын толгойны өвчинтэй халз тулгарлаа даа. Нэг хэсэг нь Яармаг, Нисэх нөгөө хэсэг нь Зайсангаас ирж нэг уулзварт зөрөлдөж, зэрэгцээд зогсчихно тэр шүү, нөгөө машинууд чинь. Хажуунаас land rover шахаж, нөгөө талаас subaru мушгиж, хойноос марк II сигналдаж, урд аксент гэлдэрч, нөгөө муу автобусны жолоочийг маань барьц алдуулж гарлаа.
Бас болоогүй ээ, сигналаа зогсоо зайгүй хангинуулна. Чих дөжрөм дуут дохио, ажлаасаа хоцрох вий гэсэн зовнил, зорчигчдын үглэх чимээ, бухимдал дунд ажлын төлөвлөгөө маань аль хэдийнэ мартагдах нь тэр.
Түргэн ууртай зарим нэг нь замын голд заамдалцчихсан зогсож байх нь энгийн үзэгдэл. Сандраагүй нэгнийг сандаргана гэгч л болно доо. Улсын хэмжээгээр жилд 60 мянган авто машин шинээр нэмэгддэг тооцоо бий. 2011 оны наймдугаар сарын мэдээгээр манай улс 395254 автомашинтай болжээ. Энэ зөвхөн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо.
Сардаа л мянга мянгаар нэмэгддэг автомашиныхаа ачааллыг даахгүй нийслэл хот маань хахаж цацаж байна. Энэ ч уулзвар таг, тэр ч уулзвар пиг. Японы нэгэн жуулчин Улаанбаатарын гудамжинд түгжрэн зогсох машиныг хараад “авто машины оршуулга” гэж дуу алдсан гэдэг.
Гадны хүний нүдэнд бидний гангараа ингэж л харагдсан хэрэг. Нийслэлд машин зардаг чамгүй олон худалдааны төв бий. “Саруул” төвд 100 гаруй, “Хүлэг” худалдааны төвд 20, “Таван Богд” группт 10 гаруй, “Бридж” группт тав, “Сакура” төвд 80 гаруй, “Дако” авто сервист 10 гаруй автомашин эзнээ хүлээгээд зогсоолдоо сойгдож байна.
“Хүлэг” худалдааны төв нэг сард зургаа, “Таван Богд” группт 20-30, “Саруул” төв 20 автомашин борлуулдаг гэнэ. Мэдээж цаана нь өчнөөн худалдааны төв төчнөөнийг борлуулж байгаа. Хэдий чинээ сайн зарагдана, төдий чинээ гаднаас нийлүүлэгдэнэ шүү дээ.
Ид сезоны цаг болох хавар, зуны улиралд гаднаас зуу зуугаар нь автомашинуудыг оруулж ирдэг гэж ченжүүд ярьж байсан. Моторын үзүүлэлт, үйлдвэрлэсэн он зэргээс хамаараад жийпнээс 6-15 сая, суудлын автомашинаас 1.5-3.5 сая, ачааны машинаас 1.5-4 сая төгрөгийн гаалийн татвар авдаг гэнэ.
Татвар нэмэгдэхийн хэрээр автомашины үнэ өснө. Хамгийн их эрэлттэй байдаг Ниссан маркийн машинууд 10-13.5 сая, Тоёото маркийн машинууд 10-15 сая төгрөгөөр зaрагдаж байна. Монголчуудыг ядуу амьдарч байна, өдрийнхөө өлийг дөнгөж зогоож байна гэдэг.
Гэтэл бараг л толгойтой бүхэн машин унаж, нийслэлчүүдийн бухимдалд хачир нэмж байна. Энэ бүхнээс үүдэн Улаанбаатарыг автомашины агуулах гэж нэрлэхэд нэг их хилсдүүлсэн болохгүй нь. Автомашин нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан төрөл бүрийн үйлчилгээ борооны дараах мөөг шиг л “ургаж” байна.
Засвар, сэлбэг худалдаа, суудлын бүрээс, тос масло солино, даатгал, зарна, авна гээд цааш хөвөрнө шүү дээ. Гадны орнуудын хэрэглээнээсээ аль хэдийнэ хассан төмрийн сэгнүүдээр манайхан гангарч, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байгаагаа ухаарах ч сөхөөгүй явна.
Комиссын бараа гэдэг шиг ко-гийн цаадах ко болсон машинууд манайхны гангараа болон орж ирж байна.
Энэ бүхэнд халаасаа хоослон, хамаг байдгаа барьцаанд тавиад машин авахаар явж буй иргэдээ буруутгах нь өрөөсгөл болох нь мэдээж. Ажил амьдралаа зохицуулах нийтийн тээврийг хүний хэрэгцээ хангахуйц хэмжээнд хүргэчихвэл хүн бүр машин гээд гүйгээд байхгүй.
Хэдэн жилийн өмнөөс л бараг домог болтол нь ярьсан метро барьчихсан бол гээд хариу, шаардлага нэхсэн олон асуудал төр засгийн хэмжээнд яригдана. Зөвхөн хот сууринд ч биш машины моод хөдөөд ч дэлгэрээд байгаа. “Нэгэн цагт Монгол улсын хойт хэсэг хүн, малын мөргүй болж, урд хэсэгтээ цугларна. Тэгээд мал нь ч барагдаж, хамгийн сүүлд төмрийн хогоор дүүрэх цагт Монгол улс мөхнө” гэж XX зуунд амьдарч байсан Д.Шаарав гэх эрдэмтэй хүн хэлсэн гэдэг.
Бүхэл бүтэн зууны өмнө хэлж байсан дээрх үг өнөөдөр биеллээ олоод байгааг хөдөө нутгийн бодит төрхөөс тодхон харж болно. Үнэхээр ч өнөөгийн Монгол айл бүрийн хаяанд нэгээс хоёр машин бий. Хөдөөгийн айлуудын гадаа рэхэд ЗИЛ-130, УАЗ Фургон, Porter, Bongo. УАЗ-469 зэргээр хөлдүүжлэх унаа хэмжигддэг байсан цаг аль хэдийнэ ард хоцорч, гадаад орнуудын хэл хугалам нэртэй унаануудаар хаяагаа чимэх болсон.
Бэл бэлчинтэй нэг нь ойр зуурын “тансаг” хэрэглээндээ жийпээ унаж байхац уул хад бартаатай газар УАЗ-469-ээрээ хөл дайна.
Бас хот хороо явж ачаа ачиж, халтуур хийх бол Porter Bongo зэрэг ачааны машинаа хэрэглэнэ. Зөвхөн машинаар зогсохгүй, хужаа гэж нэрлэгдсэн мотоциклийг бараг л “морь харахдаа” унана гээд бод доо. Морь, тэмээ унаж малдаа явдаг байсан цаг яг л зүүд шиг тэртээ ард хоцорсон.
Ямар сайндаа л мал эдлэх хүн алга даа гэж хөгшчүүд халаглаж суухав. Ямар нэг машинтай айл албатай юм шиг л хужаа мотоцикль худалдан авна. Тэгэхээр нэг айлын гадаа машин, мотоцикль хоёр зэрэгцэн зогсоно гэсэн үг.
Энэ хоёр төмрийг зэрэгцүүлэн зогсоохын тулд малаа өчнөөн төчнөөнөөр нь зарна. Тал дүүрэн бэлчиж байсан мал нэг л өдөр төмөр болон гэрийн хаяанд зогсоно гэхээр харамсах эттэл өөрийн эрхгүй төрнө. Ингэхээр хөдөө сайхан нутаг минь малын мөргүй болж, машины тоосонд дарагдах нь тодорхой болоод байгаа юм.
Ингэж хот, хөдөөгүй төмрийн хаягдлаар дүүрсээр байвал Монгол Улс мөхөх өдрөө хүлээж буй гэхэд болно. Хятад айл нэгээс илүү хүүхэдтэй болбол татвар төлдөгтэй адил нэг гэр бүл нэг машинтай байна гэсэн хуультай байвал яасан юм бэ. Бас гаалиар зөвхөн шинэ машин оруулна гэсэн шалгууртай байвал “авто машины оршуулга” гэсэн нэрнээс салахад бага ч гэсэн тус нэмэр болмоор санагдана.
Ядаж л хуулиар далайлгаж машиныг цэгцлэхгүй бол нэг л өдөр явган гишгэх газар ч үгүй болсон байх вий дээ.
Машинтай нэр зүүж, мэлхийн явдлаар гэлдэрч байх хооронд хорвоогийн өдөр хоног өнгөрч, бидний хөгжих боломж хумигдсаар л байна. Хорт утаагаар амьсгалж, хорвоогийн өдөр хоногийг гэлдэрч өнгөрөөх хувь тавилантай хүмүүс биш шүү дээ, бид чинь.
В.Хэрлэн
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”