2011-10-13Бразил гаралтай АНУ-ын рэп, поп урсгалаар уран бүтээл туурвидаг дуучин Питбулл
буюу Арманда Кристиан Перезийн “MTV”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэр өнгөрсөн таван жилийн хугацаанд Холливудад чамгүй нэр нөлөөгөө олсон билээ.
-Юун түрүүнд таны хоёр ч альбом “MTV”-гийн шилдэг номинацид нэр дэвшиж, ялалт байгуулсанд баяр хүргэе. Энэ бүхний дараа танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Би үнэхээр мэдээгүй ээ. Шилдэг поп видео, шилдэг борлуулалттай цомог гээд хоёр төрөлд нэр дэвшүүлсэн гэдгээ хувийн агент маань бүр сүүлд хэлсэн. Ямар ч байсан энэ үйл явдал миний цаашдын урлагийн замналд маш том дэмжлэг болж байгааг л ойлгож байна. Жилийн өмнө л гэхэд энэ тайзан дээр хоёр төрөлд нэр дэвшин ялалт байгуулчихаад зогсч байна гэж төсөөлөхөд хэцүү. Гэтэл дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн уралдаанд ердөө 30 секундын дотор “MTV”-гийн шагналыг атгах энгийн зүйл биш шүү. Энэ шагналыг авахад гол нөлөө үзүүлсэн миний ойр дотны хамтрагч нарт баярлалаа гэж хэлэх нь зөв. Шат, дараа бүртээ урагшилж байсан нэг багийнхан болж ажиллаж байсан продюсерийн багийнхандаа хайртай гэдгээ хэлье. Бас шагналаа авсан юм чинь энэ шөнийг халуухан өнгөрөөмөөр байна.(Инээв)
-Таны хамгийн сүүлд амжуулсан маш том ажлыг би мэднэ. Энэ бол агуу Женнифер Лопез, Марк Антони нартай хамтран ажилласан явдал. Танд ямар байсан бэ?
-Женнифертэй хамтарч ажиллах нэр төрийн хэрэг байлаа. Үргэлж түүнийг харж, суралцаж, сонсч, бас судалдаг байсан. Харин Марк Энтонигийн хувьд тэр бол амьд домог. Дуу хоолой нь гайхмаар сайхан. Мэдээж попын шилдгүүдтэй уран бүтээл хамтран туурвина гэдэг магадгүй чамд, танд, та нарт олдоогүй миний боломж. Энэ бол бардамнал биш. Гагцхүү хөдөлмөрлөсний минь шан харамж гэж ойлгодог.
-Ж.Лопез яг л аль хэдийнэ рэп хөгжмийн дива хатагтай болсон юм шиг харагдсан. Түүнд хүмүүс дуртай байх болов уу?
-Харин нэг зүйлийг хэлэхэд би диваг олж хараагүй. Миний бодлоор дива болно гэдэг маш хэцүү, бүр дэндүү хэцүү зүйл. Магадгүй зарим хүн Женнифер Лопезийг дива болсон гэж хэлж байгаа нь миний хувьд алдаа. Гэвч мэдээж тэр бол дива биш брэнд. Бүхэл бүтэн чиг хандлага гэж ойлгож болох юм. Эмэгтэйчүүдийн хаант улсын хатан хаан гэхэд ч буруудахгүй. Хамгийн гол нь дива гэдэг үгийг илүү том зүйл дээр хэрэглэх ёстой. Жишээ нь Селин Дион ч юм уу.-За юутай ч Ж.Лопезийн хувьд тийм байж. Одоо Питбулл гэх залуугийн амьдралаар аялвал ямар вэ?
-Миний амьдрал их сонин шүү дээ. Хүмүүс тэр бүр мэддэггүй. Амьдралын минь нэг хэсэг Гүржэд өнгөрсөн байтал би Бразилаас гаралтай. Тэгээд бүр Миаймид өсч, торнисон гэхээр сонирхолтой ч юм шиг. Гэхдээ би хүүхэд байхаасаа олон зүйл сонирхож, хичээллэж байлаа. Ширээний теннис, сагсан бөмбөг гээд ер нь спортод их ойр байж.
-Гэхдээ таныг Куба гаралтай гэж сонссон?
-Тийм ээ. Өвөө, эмээгийнхээ гар дээр үзэсгэлэнт Гаванад хөлд орсон гэдэг юм билээ. Ер нь би багадаа эцэг, эхийгээ дагаад л олон газраар аялж, амьдарч байсан. Заримдаа хэтэрхий бага байсан үеэ ааваасаа сонсож, орондоо унтдаг байлаа. Үлгэрээс ялгаатай нь бодит амьдрал байсан нь сонирхолтой.
-Тэгээд чухам юу нь таныг хөгжмийн ертөнцөд хөл тавиулах болсон юм бэ?
-Мэдэхгүй юм даа. Надад бусад шиг пянзны цуглуулга, элдэв дуучдын зурагт хуудас, хуурцаг гэх зүйлс байдаггүй байсан. Нэг өдөр дуучин болно гээд ч шийдчихээгүй.
-Юу нөлөөлсныг нь мэдэж болох уу?
-Шууд хэлэхэд хип хоп. Тийм ээ. Энэ урлагаас авах зүйл ямар их байдгийг хүмүүс ойлгодоггүй. Гэтэл рэп хөгжмийн давуу тал бусдаас үргэлж сул, чөлөөтэй байдгаараа онцлогтой. Гэхдээ би өнгөт арьст биш учраас “50 цент”, “Тю Пэк” шиг үглээд байх нь зохимжгүй. Хип хопыг поп хөгжимтэй хослуулах л хамгийн том зорилго минь байлаа.
-Тийм шүү. Энэ зорилгодоо хүрчихсэн гэдэгт тань эргэлзэхгүй байна?
-Питбулл гэдэг хүн хөгжмийн ертөнцөд чамгүй олон сонсогчтой болсон нь үнэн. Гэхдээ Питбулл үнэхээр сайн дуучин мөн үү гэвэл бас эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ урлагт хөл тавиад удаагүй байгааг минь хэн, хүнгүй мэднэ.
-Таны нэр Латин Америк хэлэнд түлхүү хэрэглэгддэг. Тиймээс нэрээ өөрчилсөн гэж ойлгож болх уу?
-Тэгвэл эндүүрэл болно. Хамгийн гол нь рэппер Перез гэвэл хэтэрхий нийтлэг сонсогдох байх. Бразил, Кубад рэп хөгжмөөр уран бүтээл туурвидаг зуу, зуун Перез бий. Харин тэднээс би өөрийгөө ялгах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, Питбулл гэдэг бол нэг төрлийн шилдэг үүлдрийн нохойг хэлдэг. Бас рэп хөгжмийн нэрийн хуудас. Ротвеллэр, Питбулл зэрэг нохдыг хип хоп видиеноос олж харж болдог. Тиймээс энэ нэрийг өөртөө дурсгасан даа.
-Хэн нэгнээс зөвшөөрөл авсан уу. Амьтны эрхийг хамгаалах төвөөс ч юм уу?
-(Инээв) Үгүй дээ. Мэдээж ямар тэдний эрхэнд халдсан биш. Энэ бол миний шийдвэр байсан. Аль нэг гудамжны нохой нэрний асуудлаас үүдэж намайг шүүхэд өгөхгүй нь ойлгомжтой байх.
-Уран бүтээлийн эхлэл үеэс тань дурсвал?
-Та Лил Жоны шийдэмгий хөг аялгууг мэддэг байх. Тэр ч утгаар 2002 оны эхээр тэр залуутай хамтран ажиллаж байсан. Тэгээд өөрийн гэсэн студи байгуулах хүртлээ энэ студитай холбоотой байсан даа.
-Нэрд гарах хэцүү байв уу?
-Ойлгож байна уу. Хүн бүр л надаас ингэж асуудаг. Би тэдэнд өөрөө хөдөлмөрлөөд үзвэл хэцүү, хатууг нь ойлгоно гэж хэлдэг. Мэдээж 2009 он хүртэл энэ бүхэн хялбар байгаагүй нь үнэн. Би шоу, цэнгээний үеэр ая, эгшгээ хэн нэгэнд сонсгохын тулд хичээдэг байлаа. Гэхдээ өдрөөс өдөрт сонсогчтой болж байгаа гэдгээ мэдэрдэг байсан нь л их урам зориг өгдөг.
-Питбулл одоо ямар өнгө аястай гарч ирэх вэ?
-Одоогоор “Планет Пит” цомгоо гаргах гээд ид хөдөлмөрлөж байгаа. Чадварлаг продакшнтай ч хамтарч ажиллаж байна. Марк Энтони, Рэд Уон гээд шилдэг уран бүтээлчидтэй хийхээр төлөвлөсөн олон ажил бий. 2009 онд хөгжмийн эрх чөлөөг шоу бизнест мэдэрч байлаа. Дараа онд нь гэнэтийн “дайралт” хийж цомгийн борлуулалт, нэр нөлөөгөө өсгөхийн төлөө ажилласан. Харин энэ онд өөрийн гэсэн эрх мэдлийг барьж байгуулж, бүтээн босгохыг эрмэлзэж явна. Ингээд дараа жил юу болохыг бүгд харж байсан нь л дээр.
-Та үнэхээр клип, уран бүтээл дээрээ гардаг шиг охидод дуртай байдаг хэрэг үү?
-Тийм шүү. Охид бол миний амьдралын нэг хэмнэл. Би тэдэнд хайртай. Зураг авалт, үдэшлэг гээд хаана л бол хаана тэдэнтэй хамт байх жаргалтай шүү дээ. Харин наргиан цэнгээн, завхай явдлыг энэ бүхнээс ялгаж салгаасай гэж хүсдэг.
-Таны тухай “Гвардиан” сонинд аймшигтай бичсэн байсан. Үнэхээр та эхнэрээ клипэнд хагас нүцгэн тоглохыг шаардсан гэж үү?
-Мэдээж би найз бүсгүйгээсээ тэр сонины увайгүй үйлдлээс болж таарамж муутай болсон. Улмаар бид салсан л даа. Харамсалтай ч гэхэд багадахаар. Би эхнэр авсан байя гэж бодоход түүнийгээ клипнийхээ аль нэг хэсэгт нүцгэнээр харахыг хүснэ гэж үү. Байж боломгүй л юм.
-Амьдрал зохиоё гэж боддог уу. Төлөвлөсөн зүйл байгаа юу?
-Энэ талаар юу ч ярихгүй ээ. Магадгүй хэн нэгний талаар ярьчихвал маргааш аль нэг сэтгүүлд түүний тухай сөрөг зүйл бичээд унана шүү дээ. Тиймээс би аль болох хувийн амьдралаа нууцлах шаардлагатай тулгарч байгаа. Харин үерхдэг бүсгүй байгаа. Удахгүй гэрлэх ч бодол бий.
-Питбулл, Ни-О нарын харилцаа сүүлийн үед гүнзгийрсэн гэж сонссон. Мэдээж урлагийн талбарт шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Ни-О бол хөдөлмөрч, шаргуу залуу. Түүнээс үргэлж эрч хүч, шинийг эрэлхийлсэн мэдрэмж, санаа төрдөг. Өнгөрсөн онд бид хоёр түүний “Because of You” дууны дүрс бичлэгийг хамтарч найруулсан. Тэр клипийг би одоо ч үзэх дуртай. Юу гэхээр, миний төсөөлснөөр хүчтэй хэмнэлтэй, цоглог аялгуу санаагаар бүтээх болов уу гэж бодож байлаа. Гэтэл намуухан, нэг хэвийн хэрнээ цоглог хэмнэлээр бүтээгдсэн. Энд Ни-О-гийн өөрийнх нь санаа хамгийн гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй. Би хүмүүсийг тэр бүр магтаад байх дургүй. Харин энэ залуугийн хувьд ирээдүйгээ өөрөөр хардаг.
-Дунд сургуульд байхдаа муу залуустай нөхөрлөдөг байсан талаар уншиж байлаа?
- Өнгөрсөн амьдралаа хүнээс нуугаад байдаггүй ээ. Тэр үед Мйаймигийн хэсэг залуустай мотоцикль унаж, шөнийн амьдралтай байлаа. Гэхдээ ингэлээ гээд чи тэр хэмжээнээсээ хэзээ ч дээш гарч чадахгүй. Харин ч урууддаг. Тийм болохоор би бүгдийг өөрчлөхөөр шийдсэн. Ядаж л саатуулах байр, шоронд над мэтийн мексик, латин Америкчуудад хатуурхдаг. Үргэлж дарамталж арьс өнгөөр гадуурхахын төлөө амьсгалдаг гэхэд болно.
Нийтлэгч: Batsugar