2011-10-10XIV далай лам Данзанжамцын хойд дүрээр 9 настай монгол хүү тодорлоо гэсэн мэдээлэл саяхан хэвлэлүүдээр цацагдсан билээ.
Далай багш жанч халаагүй байхад уг мэдээлэл цацагдсан нь ор үндэсгүй цуурхал гэж Далай ламын хэвлэлийн алба болон Гандантэгчлэн хийдийн хэвлэлийн төлөөлөгч Б.Даваапүрэв мэдэгдсэн. Далай багшийн хойд дүр хэмээгдсэн Ү.Мөнхсүх хүү Дамдин Янсан бурхны үндсийг дамжуулагч Бари Ёнзин Дамцагдоржийн IV дүрийн хувилгаан юм байна.
Хувилгаан багш Ү.Мөнхсүх Энэтхэгийн Сэра хийдэд ном үзэхээр явахынхаа өмнөхөн “Үндэсний мэдээ” сонинд ярилцлага өглөө. Энэ нь хэвлэлд анх удаа өгч байгаа яриа юм. Тэрээр буддын шашны эх орон Энэтхэгт шашны талаар гүнзгийрүүлэн суралцах аж.
Тэнд өмнөх дүрийнх нь эрдэм чадлыг сэргээх гэнэ. Тэгээд олон жилийн дараа ирэх юм. Ингээд IV дүрийн хувилгаан багш Ү.Мөнхсүх болон Буддист залуучуудын холбооны тэргүүн, Өмнөговийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал Б.Буджаргал нарын яриаг хүргэе.
- Өмнөговь аймгаас Бари ёнзин Дамцагдоржийн 4-р хойд дүрийн хувилгаан багш тодорлоо. Энэ талаар сэтгэгдлээ хувааалцахгүй юу?
- Б.Буджаргал: Өмнөговиос ийм том лам тодорсонд баяртай байна. Өмнөговь бурхан шашны талаас мундаг түүхтэй хутагт хувилгаад, том лам нар олонтой. Тухайлбал Шавиран хувилгаан, Жасрай гэгээн, Очирдарь хувилгаан, Ганжуурван хувилгаан. Энэ хүн 1800 оны сүүл, 1900 оны эхээр амьдарч байсан. Нэг хойд дүр нь Өвөр Монголд тодорсон. Бусдынх нь хойд дүр тодроогүй байгаа. Энэ хүмүүсийн нарийн түүх намтрыг түүхэнд хараар үлдсэн, их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд нийгмийн эсэргүү гэгдэж байсан болохоор сайн мэддэггүй байх. Одоо Бари Ёнзэн Дамцагдоржийн хойд дүр манай нутгаас тодрон гарч ирж байгаад баяртай байна.
- Бари Ёнзин Дамцагдорж хувилгааны талаар тодруулбал?
-Монголын билэг төгс их хутагтын нэг Бари лам Дамцагдорж 1781 ондТүшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан овоо суманд тайж Чивааришийн гэрт мэндэлжээ. Бага насандаа ноён хутагт Иш донилхүндүвээс сахил хүртэж хуварга болсон бөгөөд Их хүрээний Дашчоймбол дацанд сууж учир шалтгааны ухааны номонд суралцсан. Түүний дээд дүрүүд эртний Энэтхэгийн Наландрын хийдийн их бүтээлчин Нагбо Дамцагдорж, Цаст Түвдэд Шидэт тарничин Ра Лозова зэрэг хувилгаан дүрээр хувилж ирж байсан. Түвд, Энэтхэг даяар алдар нэр нь түгсэн судар тарнийн гүн ухаанд мэргэжсэн хүн байсан.
Дараагийн хоёр дүр нь Дундговь аймгийн Эрдэнэ-далай сумаас тодорч байсан. Одоо Өмнөговиос тодорлоо. Гуравдугаар дүр нь таалал төгсөхөд баруун урд зүгт солонго татаж байсан гэдэг. Манай багшийн хойд дүр нь баруун урд зүгээс тодрох нь дээ гэж шавь нар нь ярьж байсан гэсэн. Тэгээд Өмнөговь аймгийн Цогц-цэций сумаас XIV Далай багш тодруулсан. Далай багш манай ламыг тодруулах гэж 2 сар гаран бясалгал хийсэн гэдэг. Анх Дундговиос арван нас орчмын 220 гаруй хүүхдүүдийн нэрийг эхлээд 9 дүгээр богдод Далай багш өгсөн гэсэн. Богд багшийн бие чилээрхээд. Гэхдээ ямар ч байсан Монголд тодорсон байна. Миний бие муу байна. Ямар ч байсан Монголд тодорсон. Та нар хүрээгээ тэл гэж хэлсэн гэсэн. Өвөрхангай, Өмнөговь, Дундговь Төв аймгуудын нийтдээ 3000 гаран хүүхдүүд дундаас тодорсон.
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилийн зуны эхэн сарын харагчин могой сарын 15-нд МБШТ Гандантэгчлэн хийдийн дэргэдэх Идгаа чойнзинлин дацанд албан ёсоор арслант ширээнд нь залсан. Хувилгааныг ширээнд залахад байгаль дэлхий маань олон янзаар хувиран өөрчлөгдөж гэрээс гарахад нь нар гарч байгаад наашаагаа Дундговийн Хонгийн хийд гэдэг нэгдүгээр дүрийнх нь байгуулж байсан гурван сайхан хийдийн гол хийд дээр очоод наашилж байхад хур бороо орсон. Нэлээн наашилж Гүндү Жанбаалин хийдэд ширээнд залахад хуй салхитай, битүү шороо шуурсан. Юу ч харагдахгүй. Тэнд байж байгаад маргааш өглөө нь хот руу орж ирэх гээд Төв дээр явж байхад цасаар шуурсан. Тэгээд хот руу орж ирэхэд нар гарч байгаль дэлхий нэг өдрийн дотор дөрвөн янз хувирсан. Сая долоон сарын сүүлээр Сайхан овоо суман дээр Дундговь аймгийн Хонгийн хийдийн ер гарсан хөгшин лам өмнө нь гуравдугаар дүрийг 3 настайд нь залж байхад яг байгалийн 4 үзэгдэл нэг дор болж байсан гэж ярьж байсан. Өөр бас сонин тохиолдлууд гарч байсан нь бас Өмнөговийн Дэмчогын хийдэд залрахад хар эрээн могой гарч ирж хувилгааны өөдөөс өндийгөөд толгойгоо хөдөлгөж байсан. Манай эндхийн могой голдуу бор өнгөтэй байдаг цагаан эрээн могой цөөхөн бий. Хар эрээн могой байдаггүй гэж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Буянтогтох гуай ярьж байсан. Бид нар түүнийг хийдийн лус ирж байна гэж билэгшээж байгаа. Тэгээд хийдээс гараад гэрт нь ирээд маргааш өглөө нь гарах гэж байхад солонго татсан байсан. Хар өглөөгүүр бороо ороогүй байхад солонго татсан байсан нь бас их сонин үзэгдэл болсон доо.
-Эндээс Энэтхэгийн Сэра хийд рүү ямар хүмүүстэй хамт явах вэ?
- Чой ламба, Сойвон Батболор тэргүүтэй бараг 30 гаруй хүмүүс явна.
-Хувилгаан багшийн хувьд бусад хүүхдүүдээс ялгардаг уу?
-Бусад хүүхдүүдийг бодвол аймаар сэргэлэн. Наад зах нь ном цээжлэхдээ хурдан.
Дамдин Янсан бурхны үндсийг дамжуулагч Бари Ёнзин Дамцагдоржийн IV дүрийн хувилгаан Үйтүмэнгийн Мөнхсүх хүүгийн яриа
- Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-? Намайг Үйтүмэнгийн Мөнхсүх гэдэг. Одоо 10 настай. Өмнөговь аймгийн Цогц-Цэций сумынх . Ам бүл 5.
- Идгаа чойнзинлин дацанд ирээд хэдэн сар болж байна вэ?
-5 сард ирсэн.
- Цогт-Цэцийд байхдаа хэддүгээр ангид сурдаг байв?
- 4 дүгээр анги.
- Энгийн сурагч байснаа гэнэт том ламын хойд дүрээр тодорсон. Ямар санагдаж байна?
- Баяртай байдаг.
- Жирийн хүүхэд, хувилгаан багш хоёрын аль нь гоё байна?
-Хувилгаан багш байх нь гоё. Энэтхэг рүү нөгөөдөр явна. Батболор сойвонтойгоо хамт яваад, тэндээ хамт байна.
-Энэтхэгт хэдэн жил болох вэ?
-Эхний удаа 5 жил болно. Түр ирчихээд буцаж явна. Олон жил явна.
- Аав ээж, ангийнхаа хүүхдүүдийг санаж байна уу?
-Үгүй. Би саяхан найман сарын сүүлээр нутаг руугаа хариад ирсэн.
-Ангидаа лам хувцастай очиход ангийн хүүхдүүд нь юу гэж байна?
-Өдөөд шоглоод байсан.
- Ангид чинь дотны найз бий юу?
-Байгаа. Төрөө гэдэг юм. Манай хамаатан.
Цэцэрлэгт явж байсан уу?
Сумын цэцэрлэгт явж байсан.
-Аав ээж нь сумын төвд байдаг уу? Малчин хүмүүс үү?
-Намайг төрөөгүй байхад манай аав малчин байсан. Ээжийг Байгалмаа гэдэг. Ээж Энержи ресурст тогооч хийдэг. Өмнө нь аав бас ажиллаж байсан. Одоо ажилгүй. Дээрээ нэг ах, нэг эгчтэй.
-Хэд сурдаг байсан бэ?
-Гайгүй. Математикийн хичээлд дуртай байсан.
-Сахилгагүйтдэг байв уу?
-Сургуульд байхдаа завсарлагаанаар гарч хүүхдүүдийн үсийг зулгаагаад, зодолддог байсан. Тэд нар намайг өөрсдөө өдөөд байдаг. Намайг лам болсон гээд үзэг балыг эд нарыг авч зугтаагаад байдаг юм. Угаасаа тэнд байхад лам болсныг мэдсэн.
-Лам болсноо мэдээд тэнд хир удаан сурсан бэ?
-Нэг сар л болсон.
-Энэтхэг рүү олон жил явахын өмнө нутгийнхан болоод нийт Монголын ард түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Сайн сууж байгаарай.
-Төвд тарни цээжлэж байна уу?
-Цээжлэж байгаа. Мэгзэм.
-Одоо яг ном гардаж зааж байгаа багшийг нь хэн гэдэг вэ?
-Батболор гэдэг сойвон лам байдаг. Миний туслах. Намайг харж байдаг. /Сойвон лам номыг нь заана, ламын хажууд байнга байж, бүх юмыг нь хийж өгдөг/
-Энд үе чацуу банди нартайгаа хамт тоглодог уу? Номоо хамт үзэх үү?
-Тийм олон хүүхэд байгаа. Тэд нартай тоглодог. Номоо тусдаа үздэг.
-Яаж тоглодог вэ?
-Барилдаж тоглодог. Томчуудыг нь давдаггүй.
-Том болоод ямар хүн болно гэж бодож байна? Ер нь урд насны амьдралаа санадаг уу?
-Би гурван настай байхдаа лам болоод гүйж байна гэж зүүдэлж байсан.
-Одоо зүүд тань биелжээ. Лам болоогүй байхдаа жанч өмссөн лам нарыг хараад юу гэж боддог байсан бэ?
- Сонин малгай өмссөнийг нь хараад гайхдаг байсан. Тэгээд орхимж, малгай өмсөх юмсан гэж боддог байсан.
- Өөр ямар нэг зүйл санадаг уу?
-Мэдэхгүй.
/Хувилгаан багшийн эрдэм чадал одоохондоо сэргээгүйн дээр нас балчир тул аливаа асуултанд мэдэхгүй гэдэг хариултыг нэлээдгүй өгч байлаа/
-Хичнээн лам дээлтэй вэ? Одоо орхимжоо өөрөө ороож чадах уу?
-Гурван лам дээлтэй. Одоо өөрөө орхимжоо ороож чадна. Улаан хийцтэй дээлийг нь хуралтай үед, шар дээлийг энгийн үед, нөгөө дээлийг нь гэр зуураа өмсдөг.
-Сурагч байхдаа халимаг үстэй байсан уу?
-Тийм
-Лам болоод үсээ хусуулахад ямар санагдаж байсан бэ?
-Надын толгой аймаар даарсан.
-Ирсэнээсээ хойш хаагуур явав?
-Яг заларч ирсэнээсээ хойш Дундговь, Өмнөговь аймагт очсон.
-Хүүхэдтэй найзлахдаа энэ сайн хүүхэд байна эсвэл муу хүүхэд байна гэж мэддэг үү?
-Үгүй
-Ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Юу сонирхдог вэ?
-Миний сонирхдог зүйл бол машинаар тоглох. Өвөл чаргаар тоглох дуртай.
-Өглөө хэдэн цагт босдог вэ? Боссоныхоо дараа юу хийдэг вэ?
-Өглөө 8,9 гээд босдог. Сойвон номоо унш гэвэл уншаад, гадаа тогло гэвэл тоглоод, зурагт үзэж өнгөрөөдөг. Гадаа цэцэг усалдаг.
-Ямар хоолонд дуртай вэ?
-Би будаатай хоолонд дуртай.
-Халуун ногоотой хоол идэж чадах уу?
-Жаахан л идэж чадна. Их бол чадахгүй.
-Энэтхэгт очоод халуун ногоотой хоол идэх байхдаа?
-Гайгүй ээ. Тэнд очоод махан хоол идэхгүй. Цагаан хоол иднэ.
-Энд мэгзэм, номоо заалгахаас гадна юу заалгасан бэ?
-Одоо дээл хувцсаа өмсөхөө заалгаж байгаа.
-Энд хамгийн дотны хүн нь хэн бэ?
-Хамгийн дотно хүн миний туслах сойвон л байна. Сойвонтойгоо хамт амьдардаг.
-Одоо сойвон болон том лам нар та гэж дуудаж байна уу?
-Та гэж дууддаг.
-Өөрөөс чинь том хүмүүс та гэж дуудахаар ямар санагдаж байна?
-Эвгүй санагддаг. Жаахан болохоор. Намайг бас ламаа, гэгээнтэн гэж дууддаг.
-Сая Далай ламын хойд дүрээр таныг тодорлоо гэж хэвлэлүүдээр гарсан. Тэр талаар юу гэж бодсон бэ?
-Би харин гайхаад л байсан.
-Ямар улс оронд очиж үзье гэж боддог вэ?
-Би Хятадад очиж үзэх юмсан гэж боддог.
-Тэнд очоод юу хийе гэж боддог вэ?
-Төв газар нь очоод юмыг нь хараад буцаад ирье л гэж боддог.
-Ер нь Хятадуудын талаар юу гэж боддог вэ?
-Хятадууд Монголчуудтай ярихаар ойлгодоггүй л гэж боддог.
Энэтхэгт очоод ямар хэлээр ярих вэ?
-Тэнд монгол хэл мэдэхгүй гэж бодож байна. Энэтхэг хэл сурна.
- Энэтхэгт сурсан ах нар байна уу?
-Сая байж байгаад буцаад явсан. Тэд нар намайг Гөшөөн гэж дууддаг. Тэр нь юу гэж байгаа юм бол мэдэхгүй.
-Чихэр идэх дуртай юмуу? Ингэж их идээд байвал шүд нь өвдөнө ш дээ?
-Дуртай, шүдээ угаадаг.
Одоохондоо нялхаараа байгаа нь ярилцах явцад анзаарагдаж байлаа. Хувилгаан багшийн шид нь ороогүй болоод тэр юм болов уу. Зарим нэг асуултанд зөвхөн мэдэхгүй гэдэг хариулт өгч байсныг хэлэх нь зүйтэй байх.
Г.Оюун.
Эх сурвалж: “Үндэсний мэдээ”