2011-10-06-МОНГОЛ УЛСЫН ЭХНИЙ НАЙМАН САРЫН ГААЛИЙН МЭДЭЭ-
ГАДААД ХУДАЛДАА
Энэ оны эхний найман сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт долоон тэрбум гаруй доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 шахам хувиар өслөө. Импорт экспортоос 1.3 тэрбум ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл сөрөг үзүүлэлттэй гарав. Гэхдээ энэ нь манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэнтэй холбоотой. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл одоохондоо алдагдалтай байгаа боловч цаашдаа эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник технологи орж иржээ.
ЭКСПОРТ
Экспортод 2.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 61 хувиар өсчээ. Экспортод гаргасан нийт барааны 99.9 хувийг валютын төлбөртэй бараа эзэлж байна.
Экспортын 86 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 6.5 хувийг нэхмэл бүтээгдэхүүн, 4.3 хувийг үнэт чулуу, гоёлын зүйлс, зоос эзэлж байна.
Зэсийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдэр, цайрын баяжмалын ихэнхийг БНХАУ-д гаргажээ.
Молибдений баяжмалын 52 хувийг БНСУ, 26.6 хувийг БНХАУ, 21 хувийг Хонконк, дөрвөн хувийг Мексик улсаас худалдан авсан байна.
Адуу, үхрийн ширний ихэнхийг БНХАУ-д, самнасан ноолуурын 53 хувийг Италид, 22 хувийг Англид, 12 хувийг Хонконгт гаргажээ. Угаасан ноолуур, богийн арьс, түүхий нефтийн дийлэнхийг БНХАУ-д гаргасан байна.
Нийт боловсруулсан ба боловсруулаагүй алтны 55 хувийг Канад, 23 хувийг Англид, 15 хувийг Швейцарьт, зургаан хувийг БНСУ-д гаргажээ.
Дээрх бараа, түүхий эд нь нийт экспортын 95 хувийг эзэлж байна. Монгол Улс дэлхийн 59 оронд бараа, түүхий эд экспортолсны 90 хувь нь БНХАУ-д ногдож байна.
ИМПОРТ
Импортоор нийт 4.1 тэрбум ам.долларын бараа оруулсан нь 2010 оны мөн үетэй харьцуулахад 113 хувиар нэмэгджээ.
Нийт импортын 80 хувийг валютын төлбөрт бараа, хоёр хувийг гадаадын тусламж, 18 хувийг гадаадын хөрөнгө оруулалт эзэлж байна.
Импортод машин техник, тоног төхөөрөмж хамгийн их буюу 26 хувийг эзэлсэн бол түүний дараа эрдэс бүтээгдэхүүн 20 хувийг эзэлсэн байна. Эхний найман сард монголчууд нефтийн бүтээгдэхүүнд 727 сая ам.доллар зарцуулжээ.
Мөн авто агаарын тээврийн хэрэгсэл ба түүний эд ангид 991 сая, төмөрлөг болон түүгээр хийсэн эд ангид 411сая, химийн бүтээгдэхүүнд 155 сая мал ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд 295 сая ам.долларыг тус тус зарцуулжээ.
ЗЭЭЛ, ТУСЛАМЖ
Олон улсын хандивлагч орны тусламжаар 93.4 сая ам.долларын бараа орж иржээ. Үүний 50 хувь нь ОХУ, 23 хувь нь Япон улсад ногдож байна. Үүнээс 96 хувь нь буцалтгүй тусламж, дөрвөн хувь нь хүмүүнлэгийн тусламж аж.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны 1.6 сая ам.долларын бараа нийлүүлснээс 42 хувь нь БНХАУ, 30 хувь нь БНСУ-д, 15 хувь нь Сингапурт ногдож байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Тайлант хугацаанд гадаадын болон хамтарсан үйлдвэрүүдийн дүрмийн санд 772 сая ам.долларын бараа нийлүүлэгдсэнээс Хятадад 41, Украин 13, ОХУ 11. АНУ ес, Канад Германд долоон хувь нь ногдож байна.
Монгол Улс дэлхийн 117 орноос импорт хийснээс Хятад улсын импорт буурч, АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ зэрэг орнуудынх 2-10 хувиар нэмэгджээ.
МОНГОЛЧУУДЫН ЕВРОП ТИВТЭЙ ХИЙСЭН НАЙМАА
Европын орнуудтай хийсэн наймаанаас 1.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Үүнээс хамгийн их алдагдал болох 974 сая ам.доллар ОХУ-д алдав. Мөн Англи улстай хийсэн наймаанаас 28 сая, Швейцарь улстай хийсэн наймаанаас есөн сая ам.долларын ашиг олжээ.
АЗИТАЙ ХИЙСЭН НАЙМАА
Ази тивтэй хийсэн наймаа монголчуудад 575 сая ам.долларын ашиг авчирсан байна. Эхний найман сард монголчууд хятадуудтай 1.2 тэрбум ам.долларын ашигтай наймаа хийсэн аж. Сонирхолтой нь арлын Японд хийсэн арилжаа 298 сая ам.долларын алдагдалтай гарч байна.
АМЕРИК ТИВТЭЙ ХИЙСЭН НАЙМАА
Тус тивийнхэнтэй хийсэн арилжаанаас монголчууд 332 ам.доллар алдсан гэнэ. Үүний 295 сая АНУ-д ногдож, бүх оронтой алдагдалтай баланс гарчээ.
АВСТРАЛИ ТИВТЭЙ ХИЙСЭН НАЙМАА
Энэ тив рүү монголчууд 266 сая ам.долларын экспорт хийж, 60 сая ам.долларын бараа оруулжээ. Гэхдээ энэ тив рүү гаргах манай экспорт өмнөх жилтэй харьцуулахад тав дахин өсчээ.
АФРИКЧУУДТАЙ ХИЙСЭН НАЙМАА
Энэ тивийн хориод улстай арилжаа хийгээд аравхан сая ногоон алдсан гэнэ. Хамгийн их алдагдал Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсад 8.7 сая, Египетээс 1.2 сая ам.долларын алдагдалтай наймаа хийжээ.
Х.БАТТӨГС