2011-09-28Монголчууд бид уг нь “Аваа, өгөөтэй хүн” гэж ярьдаг. Энэ бол наанаа эдийн чанартай юм шиг мөртлөө цаанаа хүн чанарын гүн сэтгэлийг нээсэн энгийн сайхан хар үг буюу. Аваа, өгөө гэдгээ ач тус гэсэн сайхан итгэлээр харуулдаг чанар ч манай өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нь бий.

Гэвч өдгөө нөгөө аваа, өгөе нь хэрээс хэтрээд өр төлөөс, бэл барьцаа, хандив бооцоо, хар тооцоо, хэргэм зэргэмийн ов мэх болж, алдхан биеийг байтугай ард түмнийг хүлж багласан хээл хахуулийн тор болжээ. Энэ бүх үйлдлийг бид “Авлига” хэмээн нэрлэж амныхаа уншлагыг аль хэдийнэ болгочихож. Эсвэл өнөөх авлига нь зүгээр лавлага ч юм шиг.
Найман настай балчираас наян настай буурал хүртэл гэдэг шиг хөгшин, залуугүй л авлигын талаар ам уралдуулан ярилцаж байна. Юу гэж ярьж байна гэж үү. “Зурагтаар байнга гараад байдаг нөгөө нүдний шилтэй ах чинь авлигатай тэмцэх газар шалгагдаж байна гэнэ ээ, ааваа”, “Өө хөөрхий аав, ээж нь сайн л хүн байсан даг. Яахаараа ийм муухай хэрэгт хүүхэд нь орооцолддог байна аа” хэмээн хөгшид, хүүхдүүд хууч болгон ярьж суух.
Ингээд бодохоор “авлига” өдгөө монгол хүний манцуйнд мэндэлж, ханцуйнд үржиж, ходоодыг дүүргэж, хоолойд нь тээглэх болсон гэлтэй. Сонгууль ойртох тусам эрх мэдэл, албан тушаалтнуудын талаар таагүй мэдээллүүд дэлгэгдэж, том эрх мэдэлтэй нь “жижиг гар”-уудаа жийж, ар хударгаар нь амжуулж хулгайч хулгайчаа бариарай гэж орилох болов.
Хамгийн ойрын жишээ болгож, дүүргүүдийн засаг дарга нарын авлигын асуудлыг асуултын тэмдгийн ард өгүүлье.

Л .Амгалан Дарга авлигын хэрэг үйлдсэн үү
Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан төсвийн мөнгө хувьдаа завшсан нь илэрч, албан тушаалтай нь асуудлыг ярих болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа.
Тодруулбал, Л.Амгалан нь засаг даргын албан тушаалд очуутаа дүүргийнхээ Тамгын газрын 15 хүнийг ажлаас нь хууль бусаар халсан, хоёр жилийн өмнө АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, дээр нь төсвийн менгийг “идсэн” зэрэг хэрэгт унаад байгаа аж.
Өнгөрөгч онд Баянгол дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 22,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Үүнээс 45 хувь нь дэд бүтцийн салбарт, 17.8 хувь нь боловсролын салбарт, 6.8 хувь нь эрүүл мэнд, нийгмийн салбарт, 30,4 хувь нь бүтээн байгуулалт тохижилтын ажилд зарцуулсан гэж Л.Амгалан дарга тайлагнасан байдаг байна.
Тэрээр 22.6 тэрбумын 30.4 хувьд нь дүүргийнхээ тохижилтод зарцуулсан гэдэг ч тохижилтын хамгийн гол асуудал болох хогонд мөнгө зарцуулаагүй гэнэ. Тэгэхээр тэр их мөнгийг тохижуулалтад бус өөр юунд зарцуулсан байж таарах вэ.
Тиймээс ч Л.Амгаланг сайн шалгах хэрэгтэйг тус дүүргийн иргэд холбогдох газар нь сануулжээ. Иргэдийн зүгээс Л.Амгаланг албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм байна.
Ц.Болд төсвийн мөнгөнөөс хумсалсан уу
Өнгөрөгч долоо хоногт дүүрэгтээ зориулах “таван цаас”-наас “хусчихсан” хэр-гээр халы баривчлагдаж, олны хэл аманд Сонгино-хайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд өртөв.
Тэрээр 2008 оноос эхлэн нийслэлийн гудамжны цас мөсийг хайлуулах бодис авах нэрийдлээр Нийслэлийн Захирагчийн албаны “Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс”-ээс хүссэн мөнгөө гаргуулан авдаг байсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Ц.Болд нэг удаад лэхэд 20-30 сая төгрегийг дээрх хэлтсээс гаргуулдаг байж. Харин тэр мөнгө нь данснаас дансанд шилжиж байсан нь л үнэн болохоос бус цас мөс хайлуулах бодис авч байсан нь эргэлзээтэй гэнэ. За үсрээд ганц удаа л авч байсан байж магадгүй гэх бөгөөд тэр бодисыг харсан албаны хүн олддогүй гэх.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын холбогдсон тус хэргийн хамсаатнаар “Орчны бохирдол, хог хаягдлын хэлтэс”-ийн дарга Б.Дэлгэрбаяр байцаагдаад байгаа аж. Хуулийн байгууллагын зүгээс дээрх эрхмүүдийг хамтран нийлээд төсвөөс 300 сая төгрөгийг хувьдаа завшсан.
Мөн Ц.Болд, Б.Дэлгэрбаяр нарыг цас мөснөөс ашиг унагахаас гадна нийслэлийн харьяа байгууллагуудад бараа бүтээгдэхүүн шахдаг байсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байгаа гэнэ. Тэдний хамтран үйлдсэн гэх эл хэргийг УМБГ-аас хоёр сарын турш ажиллаж байж илрүүлсэн бөгөөд өнгөрөгч пүрэв гаригт Ц.Болдыг сэжигтнээр татаж, Б.Дэлгэрбаярыг цагдан хорьсон юм.
Харин Засаг дарга Ц.Болд өөрөө үүнийгээ” Тийм юм болоогүй” хэмээн мэлзэж, хэвлэлд ярилцлага өгсөн байх. Үйлдсэн хэргийнх тухай хуулийн байгууллага хүртэл тайлбар хийж нийтэд дэлгэсэн байхад, тэрээр тийм юм байхгүй хэмээн хээв нэг ярьж сууна.
Ямартаа ч Ц.Болд төсвийн мөнгөнөөс хумсалсан уу? гэсэн асуултын хариуг удахгүй шүүх, прокурорын байгууллага нотлоод өгех биз ээ.
Ж.Ганхуяг 470 сая төгрөгийн хэрэгтэн мөн үү
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай холбоотой хэргүүд сүүлийн үед мөн л мандаж эхэллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Ганхуяг нь дүүрэгт хуваарилсан төсвийн мөнгө, бусдаас авсан хахууль зэрэг нийт 470 сая төгрөгийг хувьдаа завшсан гэнэ. Түүнд холбогдох тус хэргийн талаар Авлигатай тэмцэх газрын албаны хүнээс тодруулахад “Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Ямартаа ч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өөрийн биеэр хэд, хэдэн удаа ирж, мэдүүлэг өгсөн байна. Харин тэрээр үйлдсэн хэргээ зөвтгөх гэж улайрсаар байгаа аж. Гэвч Монгол Улсын арваад хуулийн зүйл заалтыг зөрчсөн, тэр нь баримтаар нотлогдсон учраас “Ж.Ганхуягийг огцруулсугай” гэсэн шийдвэрийг дээд удирдлага нь болох Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр гаргасан байдаг.
Бүр тодруулбал, 2010 оны хоёрдугаар сарын 10-ны дугаар 128 тоот захирамжаар огцруулах тушаал гарчихсан байхад л мань нөхөр өнөөдрийг хүртэл зөөлөн сандал дээрээ зуйван тамгаа барьсаар сууж байна.
Б.Баяндэлгэр Солонгосчуудаас 50 мянган ам,доллар авсан уу
Задарсан засаг ноёдын хэргийн бас нэгэн холбогдогч бол нийслэлийн алслагдсан дүүргийн нэг Налайхын Засаг даргын талаар ч сүүлийн үед хэвлэлээр багагүй цацагдаад буй. Тодруулбал, тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болоод ИТХ-ын дарга С.Батдорж нарыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа асуудал юм.
Налайх дүүргийн удирдлагууд шалгагдах болсон шалтгаан нь газартай холбоотой гэнэ. Засаг дарга Б.Баяндэлгэр нь 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан фупп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа юм байна. Харин ИТХ-ын дарга С.Батдоржийг Засаг даргынхаа хамаатнуудад газар олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.
Харин тэдний дээрх хууль бус үйлдлийн тухай тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын найман гишүүний гарын үсэгтэй мэдэгдлийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан шалгааж эхэлсэн байна. Тус мэдэгдэлд “Манай Засаг дарга болоод ИТХ-ын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна. Бүр сүүлдээ газар нутгаа харийн хүнд тохиролцооны гэх хууль бус бичиг үйлдэн зарж эхлээд байна.
БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж, 50 мянган ам.доллар тус компанийн ажилтнаас авсан нь тодорхой болоод байгаа юм. Үүнийг та бүхэн шалгаж өгнө үү. Мөн ИТХ-ын дарга С.Батдорж нь ИТХ-ын гишүүдийн хуралдаанаар гаргасан шийдвэр дээр дур мэдэн нэмэлт хавсралт бий болгож, их хэмжээний газар Засаг даргын хамаатан садангуудад өгч байгаа. Үүнийг мөн шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг холбогдох бичиг баримтыг хавсарган АТГ-т өгсөн байна.
Засаг дарга Б.Баяндэлгэрийн ийн хууль бус үйлдэл хийж байсныг дөрвөн ч хүн гэрчилж байгаа аж. Тэднээс хууль хяналтын байгууллагууд аль хэдийнэ байцаалт аваад эхэлжээ.
Улаанбаатар хот есөн дүүрэгтэй. Эдгээр дүүргүүдийн дөрвийнх нь Засаг дарга нар ийнхүү авлига авсан хэргээр шалгагдаж байна. Тэдний хувьд ард иргэдийн төлөөлөл болж, төрийн нэрийн өмнөөс түмэн олныг удирдаж буй хүмүүс. Харамсалтай авлигыг авлага болгож төсвийн мөнгөнөөс хувьдаа завшсаар…
С.Вансэмбэрүү
Эх сурвалж: “Нийслэл таймс”