2011-09-26-МОНГОЛД БАЯЛАГ БАЙНА. ХАРИН ШУДАРГА ЁС АЛГА-
"Чингис хааны менежментийн холбоо"-ны тэргүүн Д.Энхтайвантай ярилцлаа.
-Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарч, танай холбоо "Хүннү гүрний оршихуй соёл, оюун санаа" нэртэй симпозиум зохион байгуулсан байх аа.
-Манай холбооны зүгээс 2008 онд анх "Чингис Хаан судлал"-ын үндэсний анхдугаар симпозиумыг зохион байгуулж байсан. Тухайн үед Чингис хаан судлалын нэртэй эрдэмтэн мэргэд цуглан, Чингис судлалыг төрийн ивээлд байлгаж, Монголын түүхийг дэлхий нийтэд үнэн зөв таниулах талаар тодорхой ажлыг төр засагтай хамтран хийх санаачилга гаргасан. Монгол Улсыг Чингис хаанаар мэддэг, төсөөлдөг.
Их хааны дүр хөрөг архи, тамхины шошгоны чимэг болчихсон байгаа нь сархадаас хол явахыг сануулж, зарлигласан их эзэн Чингис хааныг басамжлан тохуурхсан хэрэг. "Өнчин хүүгийн сэцэлсэн шашдир"-т өгүүлснээр Чингис хаан
"Архинд шунаж үргэлж ууваас
Аль ч үгүй мунхаг адгуус болмуй" гэсэн байдаг.
Харин энэ онд зохион байгуулсан "Чингис хаан судлал" үндэсний хоёрдугаар симпозиумаар Хүннү судлалыг гол сэдвээ болголоо.
"Хүннү нэрт өвөг дээдэс
Хүчийг олж хөрстөд дархалсан
Хөх Монголоо сэргээн мандуулаад
Хойч та нартаа даалгасуй би"
хэмээн Чингис хаан Хүннү гүрнээс үүдэлтэй Их Монгол Улсаа хойч үедээ үлдээж байгаагаа Рашид ад Диний "Сударын чуулган"-д тунхаглан зарлигласан байдаг.
-Та Улаанбаатар хотыг Чингис хаан хот болгох санал гаргаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-1890-ээд онд Хаант Орост Красный богатырь гэдэг шилний үйлдвэр байгуулагдаж байсан түүхтэй. Улаанбаатар хот гэдэг Коминтерны төлөөлөгч Рискүловын өгсөн нэр. Red Hero гэдэг хиймэл бэлэг эрхтэн зардаг эротик барааны дэлгүүрүүд баруунд байдаг.
-Ер нь Чингис хааныг зарим улс эзэрхэг түрэмгийлэгч гэдэг. Зарим нь мянганы хүн ч гэдэг.
-Бусдад таалагдах гэж төрүүлсэн эцэг эхээ өөрчилдөггүйтэй адил эзэн богд Чингисээсээ урвах эрх бидэнд байхгүй. Чингис хаан хэн ч байлаа гэсэн та бидний их өвөг дээдэс шүү дээ. Монгол Улсын нэрийн хуудас болсон нийслэлийг өвөг дээдсийнхээ нэрээр нэрлэх эрх та бидэнд бий. Тэгээд ч та биднийг Чингисээр л дэлхий мэддэг. Вьетнамчууд нийслэлээ Хо Ши Минээр, Оросын хаан нийслэлээ Петрээр, америкчууд Вашингтоноор нэрлэж болоод байгаа биз дээ. Энэ асуудал шийдэгдэнэ байх гэдэгт итгэж явдаг.
-Нийслэлийн нэр ч яах вэ. Нэрнээс гадна энэ улсад зайлшгүй шийдэх асуудал олон байна шүү дээ. Таныхаар хамгийн чухал асуудал юу вэ?
-Хүн чанар, хууль сахих, төрөө дээдлэх гэх мэт сайхан үг миний үеийнхний мартагдсан дурсамж, өнөө үеийнхний огт мэдэхгүй зүйл болсон байна.
-Юунаас болоод тэр вэ?
-Авлигаас.
-Тодруулбал?
-Авлига нийгмийн бүх салаа мөчрийг идэж, хүн ардыг ажилгүйдэл ядуурал, мөхөл рүү түлхэж байна. Хуулийг хүндэтгэн мөрдсөн олон хүн хохирч, олон зуун тэрбум төгрөгийн татвар, авлигын хэрэг үйлдсэн тав, аравхан хүнд зориулж Өршөөл үзүүлэх тухай хууль гаргасан биз дээ. "Чадаж байгаа юманд арга байхгүй" гэж үздэг хүн амын нэг хувьд нь үйлчилж, бусад 99 хувийг нь "Хохь чинь. Хуулиа зөрчиж байсан бол та нарт ч боломж байсан" гэсэнтэй адил юм. Том, том гэмт хэрэгтнүүдийг хууль, шүүхийнхэн илрүүлдэг. Шийтгэх гэхээр олон арван тэрбумын авлига, татварын зөрчилтэй этгээдүүд хууль тогтоох байгууллагаар Өршөөл үзүүлэх тухай хууль гаргуулчихдаг. Тэгэхээр хууль мөрдүүлэх гэж байсан хуулийн ажилтнуудын хөдөлмөр ямар ч үнэ цэнэгүй болдог. Бүр үнэний төлөө ажиллаад хэлмэгдэх байдалд ч ордог. Бага цалинтай, цалингаас өөр орлогогүй шүүх, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, нийтийн мэдээллийн хэрэгслүүд шударга бусаар нийтийн баялгаас хөрөнгөжсөн гэмт этгээдүүдийн эрхшээлд орсоор байна. Шударгыг цээрлүүлдэг, шуналтанд үйлчилдэг хууль, шүүх байх ёсгүй. Үнэнийг үгүйсгэж, худлыг цэцэглүүлдэг хэвлэл мэдээлэл ч байх учиргүй.
-Авлигыг одоо яавал дээр вэ?
-Шударга ёсыг худалдаж авдаггүй, тэмцэж олдог. Авлигатай тэмцье, авлигыг устгая гэж төр хүсвэл маш амархан шийдэж болно. Урд хөрш том авлигачдыг нийтийн өмнө цаазалдаг, хойд хөрш 1990-ээд оны өмнө гэмт бүлэглэлүүд гаарч байсныг таслан зогсоохын тулд шийдвэртэй арга хэмжээ авч 1995 онд Шүүгч, хууль хамгаалах байгууллагын ажилтнуудыг хамгаалах тухай хууль гаргасан. Үүний үр дүнд үндэстэн дамжсан гэмт хэргийн том бүлэглэлүүдийг илрүүлсэн. Тэднийг илрүүлж, шүүн таслах үйл ажиллагаанд оролцсон ажилтнуудыг төрийн бүрэн хамгаалалтад авч, шаардлагатай заримынх нь гадаад төрхийг өөрчилж (пластик мэс засал хийх), бичиг баримтыг нь өөрчлөх, орон сууц, нийгмийн асуудлыг нь иж бүрнээр нь шийдэж өгөхийг хуульчилж өгсөн байдаг. Гурав дахь хөрш гэж ярьдаг АНУ-д иргэд эрхээ хамгаалуулах гэж байгаа шүүгчдийг сонгууль явуулж, ил тод өрсөлдөөнөөр сонгодог. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэд эрх ашгаа хамгаалуулахын тулд "Бидний эрх ашгийг хамгийн шударгаар хамгаалж чадна" гэсэн тэр шүүгчийг сонгох жишээтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч "Шүүхийн шинэтгэл, шударга ёс" симпозиум зохион байгуулж, Шүүхийн шинэтгэлийн тухай багц хууль УИХ-д өргөн бариад байгаа.
-Шүүх дэх авлигын сүлжээг арилгаж, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахын тулд Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг УИХ цаг алдалгүй хэлэлцэх хэрэгтэй. Ач холбогдлоороо Сонгуулийн тухай хуулиас ч илүү чухал хуулийн төсөл юм. Тиймээс ч манай "Чингис хааны менежментийн холбоо" ийм хуулийн төсөл санаачилсан Ерөнхийлөгч, түүний Тамгын газартай хамтран ажиллаж, дэмжих болно.
-Яаж?
-Нийгмийн янз бүрийн салбарт санал асуулга, социологийн судалгаа явуулж, мэргэжлийн хуульчид, их дээд сургуулийн багш нар, судлаачид, эрдэмтэн мэргэдийг оролцуулсан симпозиум, хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөсөн байгаа.
-Та УИХ-ын гишүүн байхдаа шүүгчийн цалинг нэмэх, нийгмийн асуудлыг сайжруулах тухай тогтоолын төсөл өргөн барьж байсан байх аа.
-Тийм ээ. Шүүгчийг санхүүгийн хувьд хараат бус байлгахын тулд Шүүгчийн цалинг нэмэх тухай тогтоолын төсөл өргөн барьж байсан.
-Шүүгч хэргийг шийдэхдээ аль нэг талд үйлчилдэг гэх хардлага бий.
-ОХУ-д шүүхэд шийдэгдэж байгаа хэргийг "Өөхлөг хэрэг", "Хоосон хэрэг" гэж ангилдаг юм байна. Дундаас нь авлига авах боломжгүй хэргийг "Хоосон хэрэг" гэдэг. "Өөхлөг хэрэг" гэдэг нь том хэмжээний үнийн дүнтэй, олигархиудын оролцоотой хэргийг хэлдэг ажээ. Ийм хэрэг дээр авлигын схем ажилладаг болохыг тогтоожээ. Энэ жишээгээр бол манайд ч "Өөхлөг хэрэг"-үүд, түүнийг шударга бус шийдсэн байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсээр замхардаг.
-Шударга шүүхийг хэрхэн бий болгох вэ. Түүхэн ямар уламжлал байдаг вэ?
"Хорголын чинээ олзноосХөрстийн чинээг алдав"...
"Уулын чинээ алт амлавч
Тохмын чинээг бүү арилжигтун"...
"Хөх Монголын уужим хөрстөд
Мянган толгой могойг амилуулуузай"...
"Зарахаас олохыг түрүү болго
Задгай сулыг цэгцтэй болго
Завсраас завшихыг тас хорь
Зохист үйлсэд зөв зарагтун"...
"Улс гэрээ мөхөөвөл
Уулын чинээ алтаар яах вэ
Ураг саднаа мөхөөвөл
Утсын чинээ амиар яах вэ"
гэж Чингис хаан сургаж, зарлигдсан нь нь судар, номд олонтаа дурдагдсан байдаг. Чингис хааны хөргийг залахдаа биш үг, сургаалынх нь утга агуулгыг дагах ёстой. Төрөөс төрсөн олигархиудын хэр зоолсныг, түмэн олон хэрхэн ядуурсныг ял асуудаг, шийтгэдэг ард түмний төр, нийтэд тэгш үйлчилдэг хууль, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэдэг шударга шүүхтэй болсон цагт Монголын нийт ард түмэн, Монгол төртэйгээ мандан бадарна. Монгол нэг хүнд оногдох газар доорх болон дээрх баялгаараа дэлхийд цорын ганц баян орон мөртлөө ард түмэн нь гандуу гундуу, ирээдүй хойчийн үр ачийнх нь хувь заяа бүрхэг байх учиргүй.
Б.ЦЭЦЭГ
"Өдөрийн сонин"