2011-09-26Дөнгөж 28-хан нас элээсэн гэхэд амьдрал түүнд даахын аргагүй зовлон үүрүүлжээ.
Өвчнөөс болоод сүүлийн үед ямар ч хоол хоолойг нь давахаа больсон гэнэ. Жаахан алхахад л амьсгаадна. Нохойн хошуугаар хандалсан цайгаар голоо зогоож, унтахын тулд, бас өвчнөө мартахын эрхэнд 100 гр татаж орондоо ордог зуршилтай болжээ. Сүрьеэ нь хүндэрч, гарцаагүй эмчилгээ су вилгаа хийлгэх шаардлагатай болсон ч эмнэлэгт хэвтчихвэл ажлын байраа алдах том аюул нүүрлээд байгаа гэх. Жижүүрийн 140000 төгрөгийн цалин нь байхгүй болчихвол, 11-тэй хүү, балгах дуртай хойд эх нь орох оронгүй гудамжинд гарах дээрээ тулбал яах вэ гэсэн том айдас түүнд бий. Түүнийг Ж.Сэндмэнэхорол гэдэг. Өрх толгойлсон эмэгтэй.
Өнгөрсөн гуравдугаар сард нөхөр нь сүрьеэгийн менингит өвчнөөр шатны хонгилын энэ умгар өрөөнд бурхан болжээ. Эхээс мэндлэхийн сүрьеэ авч төрсөн нөхөр нь өөртэйгээ адилхан өвчтэй хүнтэй суусан нь “Гоц” сүрьеэ гэгдэж илааршихгүй хүндэрсээр өнгөрчээ. Тэр хоёр суугаад дөрвөн жилийн өмнө охинтой болсон нь мөн л ийм өвчтэй гэнэ. Охиныг нь хадмын талынхан нь шүүхийн шийдвэрээр саяхан авчээ. Том хүү нь өөр эцэгтэй аж. Түүний амьдрал тэр чигээрээ шахам бараан саарал байгаа юу гэлтэй санагдсан. Миний ээжийг Бямбасүрэнгийн Алтанцэцэг гэдэг гэхээс өөр ээжийнхээ тухай тэр юу ч мэддэггүй гэсэн. Төрсөн эхийгээ нэг ч удаа харж байгаагүй, өргөж авсан эцэг нь 10 гаруй жилийн өмнө өөд болж, хорвоод орь ганцаараа үлджээ. Удаа ч үгүй эцэггүй хүүхэд төрүүлж, ганцаараа өсгөжээ. Харин таван жилийн өмнө нөхөртэйгээ учирсан аж. Хадмын хаяа бараадаж элдвээр хэлүүлэхээрээ нэг болж, арга буюу жижүүрийн өрөөнд тусдаа гарч, одоо л өөрийнхөөрөө амьдарна даа гэж байтал бэлэвсэрч хоцорчээ.
Аавтай нь сууж байсан эмэгтэй орох оронгүй хэмээн түүнийг бараадан ирж, хамтдаа амьдарч буй гэнэ. Саяхны нэг өдөр Ж.Сэндмэнэхоролтой уулзахаар зорьж очлоо. Баянгол дүүргийн VII хорооны нэгэн байранд тэр жижүүрээр ажилладаг. Биднийг очиход хүү нь гэрээсээ гарч яваад хоёр хоног сураггүй болоод байсан юм.
-Сэндмэнэхорол оо сайн уу, бие ямаршуу байна?
-Өө, яахав дээ.
-Ам бүл хэдүүлээ амьдарч байна вэ?
-Одоогоор хүүтэйгээ, хойд ээжтэйгээ гурвуулаа. Өнгөрсөн гуравдугаар сард нөхөр өвчний улмаас өнгөрсөн. Нөхрийг өнгөрөөд 49 хоног нь ч өнгөрөөгүй байхад бага охиныг маань шүүхийн шийдвэрээр хадмын тал авсан. Одоо уг нь дөрөвтэй. Манай хадмууд миний дэргэд гайгүй амьдралтай. Баян хүмүүсийн дэргэд дундаж айл.
-Нөхрийн чинь ээж авсан юм уу?
-Манай талийгаачийн эгч асран хамгаалагч нь болсон гэсэн. Одоо манай талийгч нөхрийн хашаа байшинд амьдарч байгаа. Нөхөр маань эхээс зургуул, хамгийн бага нь. Би сүрьеэгийн III зэрэгтэй, бие муутай болохоор охиноо түр зуур өгье л гэсэн. Миний охины хувь заяанд ч гэсэн ийм газар байснаас дээр л байх. Гэхдээ охинтойгоо уулзаж чадахгүй болчихно гэж бодсонгүй ээ.
-Охинтой чинь уулзуулахгүй байгаа юм уу?
-Саяхан хүү маань дүүгээ санаад очиж уулзах гэсэн чинь “Ээж чинь манай хүүг алсан. Алуурчин. Чи дахиж битгий ирээрэй” гэж хэлсэн байна лээ. Тэр үгнээс нь болоод гомдоод, халшраад очиж чадахгүй л байна.
-Уулзаагүй удаж байна уу?
-Хоёр сар гаруй болж байна.
-Танай нөхөр чинь хашаа байшинтай байсан юм бол яагаад заавал энэ умгар өрөөнд амьдрах гэж ирсэн юм бэ?
-Бид хадам эгчийнхтэй хамт байдаг байсан юм. Хамт байхаар зөндөө асуудал үүсдэг, хэрүүл салахгүй. Тэгээд өнгөр - сөн өвөл нэгдүгээр сард нүүж энд ирсэн. Уг нь хашаа байшин нь манай нөхрийн нэр дээр байдаг. Сүрьеэтэй хүн гэрлэж болохгүй хуультай. Тиймээс надад өмчлөх эрх байхгүй. Хадмын хаяанд хэцүү юм байна лээ.
-Ийм өвчтэй байж агааргүй энэ өрөөнд амьдрах нь эрүүл мэндэд чинь бүр л муу биз дээ?
-Шөнө хүмүүс байнга холхичихно. Унтдаггүй. Бие муутай болохоор жаахан ч гэсэн агаар оруулмаар, хаалгаа онгойлгомоор байдаг. Болж өгвөл гадаа гараад л унтчихмаар санагддаг. Орой 22.00 цагаас хойш их өвддөг. Унтаж байгаад үхчих вий л гэж бодох юм.
-Чи тэгээд эмнэлэгт хэвтэж болдоггүй юм уу?
-Эрүүл мэндийн үзлэгт саяхан орсон. Бүх шинжилгээ муу гарсан л даа. Зүүн уушги хайлчихсан. Баруун уушгиндаа нөлөөлсөн байна гэсэн. Эмнэлэгт хэвтэхийг хүсэж байна. Даанч СӨХ-ны дарга надад чөлөө олгохгүй. Эмнэлэгт хэвтвэл зайгаа тавь, зайлаарай гэдэг. Би тэр төслөөс чинь чиний нэрийг хасаж чадна гэж сүрдүүлдэг.
-Цалин чинь амьдралд хүрч байна уу?
-Би хүүтэйгээ болоод л байдаг. Цалингаа буухаар таван кг гурил авна. Ойр зуурын хүнсээ бэлтгэдэг. Учиргүй гоё биш гэхэд комиссоос аятайхан хувцас аваад өөрсдийгөө хувцаслачихна. Би хоол идэж чаддаггүй. Нохойн хошуутай цай ууна. Хаван буулгадаг гэсэн. Юм идэхээр огиод цагаан хөөс цахруулаад байдаг. Хүү маань аавыгаа өнгөрөхөөс өмнөхөн, Цагаан сарын дараахнаас эхлээд тэнээд байдаг болсон. 4-р орцноос ус авна гээд явсан юм. Өдөржин хараад байдаггүй. Хүмүүс “Танай хүүхэд “Өргөө”-гийн тэнд хүүхдүүдтэй нийлчихсэн гуйлга гуйгаад явж байна” гэсэн. Хаяг тогтоох төвд баригдаад есдүгээр сарын 1-нд олж авсан. Засаг дарга маань хөөцөлдөж байгаад Солонгосын сургалттай сургуульд оруулж өгсөн юм. Саяхан бас л алга болчихлоо. Орой үдэш явж хайя гэхээр чадахгүй юм. Жаахан явахаар амьсгаадаад цагаан хөөс цахарчихдаг.
-Хүний хөгжлийн мөнгө авдаг биз дээ?
-Нэг ч удаа авч үзээгүй ээ. Паспортын маань хүчинтэй хугацаа дуусчихсан. Сунгуулах гэхээр 50-60 мянган төгрөг гэсэн. Миний паспорт зөрчилтэй болохоор хүүгийнхээ мөнгийг ч бас авч чадахгүй байгаа.
-Хойд ээж чинь чамд нэмэр болох юм уу?
-Гэр орон байхгүй юм хөөрхий. Аав, энэ муу ээж минь л намайг хамтдаа тэжээсэн гэж боддог. Тамхи их татах юм. Тамхинаас гаргая гэж боддог.
-Чамаас архи үнэртээд байна, балгадаг уу?
-Архи уудаггүй байлаа. Нойронд их муу. Унтахын тулд 100 гр жижиг шилтэй архи уудаг. Пиво, өндөгтэй хольж уухаар бас их сайхан болдог. Шөнө унтахгүй байна гэдэг үнэхээр хэцүү. 100 татчихаар хөлс чийхраад нам унтдаг. Би эмнэлэгт хэвтэхэд хэрэгтэй зүйлсээ цуглуулж байгаа. Цалин буухаар нэг нэгээр нь бэлтгэж тавьдаг. Одоо ч бараг бэлэн болсон.
-Өвчнөө эмчлүүлэхгүй ингэж байтал нэг өдөр өнхрөөд өгвөл хүү чинь л хэцүүдэх байх даа?
-Би энэ талаар бодож үзсээн. Намайг өнгөрөөд өгөхөөр миний хүүг хэн ч харж хандахгүй. Би ийм өвчтэй юм чинь хэзээ ч үхэж магадгүй. Хүүгээ Хүүхдийн асрамжийн төвд өгдөг юм бил үү гэж бодож байгаа. Үнэнээ хэлээд гуйвал авах болов уу. Хүүхдүүдийнхээ төлөө би эрүүл байх хэрэгтэй. Амьд байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд эмнэлэгт хэвтэж эрүүл болмоор байна. Хоёр хүүхэдтэйгээ элэг бүтэн, сайхан амьдрахсан. Нөхрийнхөө зургийг хоймортоо тавиад л… Манай хүүхэд “Ээж ээ, гэртэй болох юмсан” гэдэг. Дүүгээ их санадаг юм шиг байна лээ.
Г.ОЮУНГЭРЭЛ
"Монголын мэдээ"