2011-09-20УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэж байнга хэл үг таталж, хэрүүл тэмцэл хийж явдаг хөдөлгөөнтэй “нөхөр” бий.
Түүнийг “бүтэхгүй амьтан” гэх хүн байхад “зөв хүн” гэж үнэлэх нь олонх. Түүний гэргий Л.Аззаяаг “Гэргий ” буландаа урилаа.
-Л.Гүндалай гишүүн та хоёр ажил үйлс, туулсан амьдралынхаа талаар ярих зүйл ихтэй, Монголын сайхан хосуудын нэг. Тийм учраас таныг “Гэргий” булангийн зочноор урьсан юм.
-“Өнөөдөр” сонины хамт олонд урьсанд талархаж, ажлын амжилт хүсье. Мөн танай сониноор дамжуулан монгол чууд даа эрүүл энх, аз жаргал, сайн сай хан бүгдийг хүсэн ерөөе.
-Танаар сонин сайхан юу байна вэ. Зуныг юу хийж өнгөрөөв?
-Хөвсгөл далайн эрэг дээр өнгөрөөлөө. Хөвсгөл нутаг зуншлага сайхантай, зон олон сэтгэл тэнүүн сайхан байна. Аймгийн 80 жилийн ойд оролцсон. Нөхрийн маань нутаг, сонгогдсон тойрог нь болохоор манай хүн ажлаа хийгээд бид хэд наана нь ам рах үедээ амраад, ажилд нь туслах үедээ тусалж яваад ирлээ.
-Айлын гэргий байх, тэр тусмаа Л.Гүндалай гишүүн шиг хөдөлгөөнтэй улстөрчийн гэргий байхын сайхан хийгээд хэцүү тал нь юу вэ?
-Хүний амьдралд сайнтай, муутай үйл явдал олон тохиолддог л байх. Гүндалай бид хоёр гэр бүл болсноор гурван хөөрхөн охинтой сайхан амьдарч байна. Би хүүхдүүдийнхээ сайн ээж, нөхөртөө халамжит хань байхыг хичээж ирсэн. Нөхрийг маань олон хүн таньж, хийж байгаа ажил, хэлж буй үгийг нь дэмжиж байгааг харах сайхан байдаг. Миний л сонгосон амьдрал, энэ амьдралдаа би аз жаргалтай байдаг.
-Та хоёрын танилцсан түүхийг Л.Гүндалай гишүүн “өнгөтөөр” ярьдаг. Харин та тэр талаар яривал бас сонин байх болов уу?
-“Заяаны хань зам дээр” гэдэг үг байдаг даа. Яг л тийм явдал болсон. Иргэний бүртгэл мэдээллийн төв орчихоод, такси барихаар зогсож байгаад нөхөртэйгээ танилцаж гэртээ хүргүүлсэн. Хэд хоногийн дараа Төв номын сангийн өмнө зам хөндлөн гарах гэж яваад дахиад тааралдаж, түүнээс хойш салахаа байсан.
-Тэр үед таныг “өдөж”, танилцсан залууг хараад анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Нүдэнд дулаахан, хөгжилтэй, инээмсэглэсэн, их панаалтай залуу байсан. Ярихад сонирхолтой, өргөн мэдлэгтэй хүн гэдэг нь мэдрэгдэж байсан.
-Миссийн титэм зүүчихсэн, тухайн үеийн залуусын анхаарлын төвд байсан бүсгүй залууст нэлээд өндөр шалгуур тавьдаг байсан байж таарна. Нөхөр тань таныг хэрхэн “уяраав?
-Ямар ч эмэгтэй хүн ханиа сонгохдоо амьдралаа аваад явах чадвартай эр хүн байгаасай гэж хүсдэг шүү дээ. Миний нөхөр гадаадад олон жил амьдарсан, бизнесийн ажил нь амжилттай яваа энгийн сайхан монгол эр хүн байсан нь надад таалагдсан. Манай хүн ч бас эр хүний 13 мэхээ хэрэглэсэн л дээ.
-Л.Гүндалай гишүүн та хоёр их романтик хүмүүс шиг санагддаг. Гэрлэх саналыг хэрхэн тавьсан бэ?
-Бид бие биедээ хайр сэтгэлтэй болсноос хойш байнга хөтлөлцөж, тэврэлдэж явдаг байсан. Одоо ч энэ хэвээрээ л байдаг. Бид дэлхийн олон сайхан орноор аялж, нэг л мэдэхэд хоёр биенээсээ холдож чадахаа больсон байсан. Танилцсанаасаа хойш гурван жилийн дараа анхны охин маань төрсөн.
-Улс төрчийн эхнэр байх, бизнесмен залуугийн эхнэр байхын ялгаа юу байна вэ? Хэцүү санагдах үе байдаг уу?
-Бизнес хийж байгаа хүн Монголд хэдэн зуун мянгаараа байгаа. Бизнесмен хүн зөвхөн өөрийнхөө бизнест, өөртөө л хариуцлага хүлээдэг. Улстөрч хүн нийт ард түмний өмнөөс хариуцлага хүлээдгээрээ ялгаатай. Нөхөр маань УИХ-д гурван удаа сонгогдож, төр түмнийхээ өмнө хариуцлага хүлээж яваа. Нийгэмд эз элж буй байр суурь, олонд танигдсан байдал нь бизнес эрхэлж байсан үеэсээ их ялгаатай болсон. Үүнийг дагаад надад ч хариуцлага нэмэгдсэн гэж болно.
-Улс төрд орно гэсэн шийдвэрийг нь та дэмжиж байсан гэсэн. Харин одоо улс төрөөс гараасай, “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэж бодох үе гардаг уу?
-Улс төрд орсны муу ч гэж юу байх вэ дээ. Олон хүн УИХын гишүүн болохыг хүсдэг. Би нөхрийгөө улс төрөөс гараасай гэж боддоггүй. Энэ хүний толгой, туршлага Монголын төрд хэрэгтэй гэж боддог. Сонгогч олныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй, үүнийгээ амжилттай гүйцэтгээсэй гэж боддог.
-Л.Гүндалай гишүүн их “хөдөлгөөнтэй”, чуулган дээр гишүүдтэй ам зөрөх, сонин санал гаргах явдал олон харагддаг. Та нөхрийнх өө хийсэн үйлдэл, хэлсэн үгийг шүүмжилж байсан удаа бий юү?
-Би ажилд нь оролцдоггүй. Нам, улс төрийн ажлаа өөрөө л хийдэг. Буруу зүйл хийж байна гэж бодож байсан удаагүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, хэлье гэснээ хэнээр ч заалгахгүй хэлчихдэг, хүнд бялдуучилж чаддаггүй, өөрийнхөө бодлоор явдаг нь надад таалагддаг.
-Чуулганы нээлтэд үг хэлүүлсэнгүй хэмээн эсэрг үүцлээ илэрхийлэхдээ цаасан дээр юм бичиж барих санааг яаж олсон юм бол? Нэг л их чухал царайлсан хүмүүс хажуудах хүнтэйгээ ч ховор ярьдаг тэр танхимд лоозон барьчихаад хү- мүүстэй маргалдаж зогсоо нь их сонин үзэгдэл байсан шүү?
-Өөрийнх нь л санаа байсан. Хэн нэг туслах, зөвлөх нь санаачлаагүй. Манай хүн аливаа бэрхшээлээс айж зугтаа даггүй, ямар гарц байгааг олж харж, бэрхшээлээс гарахын тулд зүрх зориг, ухаан гаргаж чаддаг. Тиймдээ ч УИХ-ын чуулганы нээлтэд үг хэлүүлээгүйд эсэргүүцэл илэрхийлж, чуулганы нээлтийг гурван ч удаа тасалдуулсан. -Чуулганы үеэр гишүүд санал зөрөлдөх маргалдах асуудал олон гардаг. Зарим үед нөхрийг тань элдэв үгээр хэлж байгааг харахад ямар санагддаг вэ? -Би нэг их хардаггүй, харсан ч тоодоггүй. Өөрийнхөө хийж буй зүйлээ буруу гэж боддоггүй, өөртөө итгэлтэй байдал нь намайг зовоодоггүй.
-Нөхрөө хамгийн их хайрлаж, өрөвдсөн үе?
-Би үргэлж хайрладаг. 2008 оноос өмнө Засгийн эрхийг нэг нам барьж, чуулганы танхимд ганцаардаж байх үед нь өрөвддөг байлаа.
-Онгоцны буудал дээрээс баривчлагдсан, Хөвсгөл далайд алга болсон гэхчилэн сэтгэл донслуулсан томоохон үйл явдлууд болсон. Тэр үеийн талаар дурсаач?
-Онгоцноос хүчээр чирч гаргахыг би нүдээрээ харсан. Тэр үед манай хүн Сингапурт болох олон улсын пар ламентчдын хуралд оролцохоор явж байсан юм. УИХ-ын гишүүний дархан эрхэд хууль бусаар халдаж шоронд хийсэн нь тухайн үед засгийн эрх баригчид ямар ч хяналтгүй дураараа дургиж байсны жишээ. Ингэж хууль зөрчсөнийхөө төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй, уучлалт ч гуйгаагүй. Тэр үед олон хүн “Амь насанд нь халдах вий, хордуулчих вий” гэж санаа тавьж, анхааруулж байсанд баярладаг.
Хөвсгөл далайд алга болсон асуудлын хувьд тойрогтоо ажиллаж явсан юм. Ханх суманд ажиллахаар явах замд нь завины мотор эвдэрч, далайн голд байдаг Модон хүү арал дээр нэг хоносон юм билээ. Тухайн үедээ гэр бүл, найз нөхөд, олон хүний сэтгэлийг зовоосон үйл явдал болж байлаа. Миний хувьд, маш их түгшсэн. “Амьд л байгаасай” гэж залбирч байсан. Хамт явсан хүмүүсийнхээ хамт эсэн мэнд байгааг нь хараад ямар их баярласнаа үгээр илэрхийлж чаддаггүй.
-Л.Гүндалай гишүүн УИХ-д гурван удаа сон гогдсон, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай улстөрч. Ийм улстөрчийн гэргий улс төрийг багагүй сонирхоно биз?
-Улс орон, ард түмэнтэй холбоотой шийдвэрүүдийг сонирхдоггүй хүн ховор байх. Би ч бас хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг цаг алдалгүй авахыг хичээдэг.
-Нөхрийг тань улс төрд орсноос хойш гэр бүлийн бизнес тань жаахан бүдгэрсэн шиг санагддаг?
-Нөхөр маань улс төрд орсноос хойш нам, УИХ-ын гишүүний ажил гээд бизнест оролцохоо больсон. Бизнест оролцох бүү хэл надад олдоход ч хэцүү үе гардаг шүү. Хадам ах бид хоёр бизнесээ авч явах гэж хэрээрээ л хичээж байна.
-Нөхрийн тань талаар л баахан ярилаа. Одоо өөрийнхөө талаар яриач. Хаана төрж өссөн, бага нас, сурагч ахуй үе гээд л...
-Би Улаанбаатарын унаган охин. Таван хүүхэдтэй айлын отгон нь. Дунд сургуулиа төгсөөд Сувилагчийн сургууль, МУИС-ийн ОУХ-ны дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн.
-Загвар өмсөж, миссийн тэмцээнд оролцож байсан үеийнхээ талаар дурсаач. Нийгэм дөнгөж чөлөөтэй болж байсан үе болоод ч тэрүү, загвар өмсөгч, миссүүдийг их сонирхдог байсан санагддаг?
-Тухайн үедээ “Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлж заавал оролц” гэдэг даалгавар сургуулийн захиргаанаас авч тэмцээнд оролцож байлаа. 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүрэн эрдэнийн өргөмжлөл, 1994 онд Тува улсын Кизель хотод болсон Монгол туургатны сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг авч байлаа. 1995 онд “Гоёл” наадмын III байрын шагнал хүртсэн. Бас Хонконгод Монгол Улсаа төлөөлөн явсан анхны загвар өмсөгчдийн бүрэлдэхүүнд орсон.
-Гоо сайхнаа удаан хадгалахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй шүү дээ. Та гоо сайхандаа хэрхэн санаа тавьдаг вэ?
-Аль болох хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэхийг хичээдэг. Бас баталгаатай хүнс хэрэглэж, эрүүл зөв хоолохыг зорьдог. Амьдралын зөв хэв маяг, гэр бүлийн аз жаргал, амжилттай ажил, хамт олон, найз нөхдийн сайхан харилцаа гэх мэт нь хүний эрүүл мэнд, гоо сайханд ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс илүү нөлөөлнө шүү дээ. Би амьдралаас алхам тутамдаа кайф авахыг хичээдэг.
-Охидоо хүмүүжүүлэхдээ ямар зарчим баримталдаг вэ? Та хоёр гэр бүл, охиддоо хангалттай зав гаргаж амжиж байна уу?
-Охидоо зөв хүмүүжүүлж, бурууг нь ойлгуулж, зөв эрхлүүлэх юмсан гэж боддог. Хамгийн гол нь сайн сургуульд сургаж, сайн боловсрол олгохын төлөө хичээж байна. Хүүхэд ямар хүн болж төлөвших нь тавин хувь нь генээс, үлдсэн нь орчноос нөлөөлдөг гэдэг. Сайн гэр бүл, сайн сургууль, сайн найз нөхөд, цаашилбал Монгол орон өөрөө чухал орчин нь болно шүү дээ. Энэ бүхнийг бүрдүүлэхийг бид хичээж байна.
Х.УЯНГА
"Монголын мэдээ"