2011-09-20Мисс А.Сарнайтай онлайнаар ярилцлаа. МУИС-ийн Биологийн факультетийг байгаль хамгааллын чиглэлээр
дүүргэж өдгөө Америкийн Сакраментогийн коллежид суралцаж буй.
Мөн тэрбээр “Дэлхийн мисс-2010″ 60 дахь удаагийн тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдахад шилдэг 25-д баггаж эх орныхоо нэрийг дуудуулсан төдийгүй “Монголын сайхан бүсгүй-2004″ тэмцээний алтан титмийн эзэн.
-Хичээл сурлага өндөр үү?
-Сурлагын амжилт сайн байгаа. Амсхийх завгүй л хичээлийнхээ даалгаврыг хийж сууна даа.
-Тэгвэл их дуулгавартай оюутан байх нь ээ.
-Баярлалаа. Ажлыг цаг тухайд нь хийж амжуулахыг боддог зан маань оюутан ахуй цагт их хэрэг болж байна. Аливаа зүйлийг цаг тухайд нь хийхгүй бол цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч дахиж хэзээ ч эргэж ирдэггүйгээрээ үнэ цэнэтэй.
Тэгээд ч хойшлуулсан зүйл дандаа дутуу үнэлэгддэг учир хожим гүйцэд биелүүлсэн ч зуун хувь амжилт, сэтгэл ханамж авчрахгүй. Иймээс л цагийн юмыг цагт нь хийхийг хичээдэг.
-Монголынхоо цэлмэг тэнгэрийг их санаж байна уу?
-Саналгүй яахав. Дэндүү их санаж байна. Ялангуяа тоглож өссөн Сөгнөгөрийн голоо зүүдлэн санадаг. Энэ голынхоо хөвөөг үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Тэр хавийн уул, хад гээд явж үзээгүй газар байхгүй.
Заримдаа зүүдлээд Сөгнөгөрийн голдоо очиж чадахгүй буцаж байна гэж зүүдэлдэг юм. Одоо ч гэсэн тэр сайхан байгальдаа эргэж очих сон гэж мөрөөдөж суугаагаа нуугаад яахав. Та бүхэнтэй холбогдож нутгаа санасан сэтгэлээ дэвтээж байгаадаа баяртай байна.
-Ингэхэд аль нутгаар овоглодог билээ?
-Би Улаанбаатарынх. Гэхдээ аав, ээжийнхээ төрсөн нутаг Булган аймгаар овоглодог. Миний өдий зэрэгтэй явж байгаа маань аав, ээжтэй маань салшгүй холбоотой. Сайхан бүсгүйн тэмцээнд оролцох болгондоо Булган аймгийнхаа уул, усанд мөргөдөг.
-Ойрын үед томоохон уралдаанд оролцох төлөвлөгөө бий юу?
-Гоо бүсгүйн нэрээр олонд танил болсон болоод тэр үү энэ асуулт намайг үргэлж дагадаг. Гэсэн ч сайхан санагдаж байна. Хамгийн сүүлд 2010 онд дэлхийн миссийн тэмцээнд орсноос хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхэд жилийн нүүрийг үзжээ.
Гэтэл одоо бүр хичээл, сургууль гэж гүйсээр байгаад бүүр хөндийрсөн байна. Одоогоор уралдаанд оролцох хүсэлгүй. Учир нь сайхан бүсгүйн тэмцээнд оролцсон амжилт,найз нөхдөөсөө олж авсан туршлага, үзэж харсан бүх зүйлдээ сэтгэл ханамжтай явдаг. Тиймээс нэн түрүүнд өөрийгөө боловсруулах нь чухал байна.
-Ямар чиглэлээр суралцаж байна. Монголдоо хэзээ ирэх вэ?
-Байгаль орчны чиглэлээр мэргэшиж байгаа. Байгаль экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед их хэрэгтэй мэргэжил эзэмшиж буйдаа олзуурхдаг. Сургуулиа төгсөөд байгаль орчинд тулгамдаж байгаа олон асуудалд анхаарлаа хандуулж хувь нэмрээ оруулахсан гэж мөрөөддөг.
Тиймээс хурдхан шиг сурч мэдээд нутагтаа очмоор байна. Ер нь нүүдэлчин Сарнайгийн эцсийн зогсоол Монгол маань байх болно. Боловсрол мэдлэгээ ахиулах, хуримтлуулахад сэтгэл маань хэзээ ч ханахгүй. Ямар ч байсан ихийг мэдэх хүслээ гүйцээгээд цаг нь болохоор нутагтаа очно. Эх нутаг маань үргэлж миний дэргэд байж, яваад очиход дэндүү ойрхон санагддаг.
-Сэлбэ голоо хамгаалахаар сан байгуулсан. Сангийн үр дүн хэр байна вэ?
-Сэлбэ голыг хамгаалах талаар олон хүн гар бие оролцож байгаа. “Зууны мэдээ” сонин, Усны газар зэрэг байгууллага төрөл бүрийн ажил хийж байна. Байгаль орчны асуудалтай холбоотой ажлын үр дүн үргэлж удаан хугацааных байдаг, Иймээс одоогоор үр дүнг нь тодорхойлоход арай эрт.
Гол нь Сэлбэ голоо хүн бүр хайрлан хамгаалах хэрэгтэй. Байгаль эх дэлхийгээ бид л хайрлах ёстой. Бидний хайр энэрлийг яг өнөөдөр Сэлбэ гол хүсч байна гэдгийг хүн бүр ойлгож, хувь нэмрээ оруулах цаг болсон.
-Хүмүүс байгаль орчны мэдлэгээ сайжруулахын тулд юу анхаарах ёстой вэ?
-Нуулгүй хэлэхэд хог хаа хамаагүй тарьж байгаа хүнтэй би эвлэрдэггүй. Манайд хууль эрхзүйн орчин бүрдээгүй учраас хэн дуртай нь халаасанд байгаа хогоо энэ тэндгүй хаядаг нь энүүхэнд болж. Уг нь татсан тамхиныхаа иш, чихрийн цаасны хогийг дуртай газраа хаядаг хүнийг торгодог баймаар санагддаг. Гэхдээ нэг үеэ бодвол манайхны экологийн талаархи мэдлэг бага боловч сайжирч байгаа.
Гэсэн ч бидний хаясан хог эргээд бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг сайтар ухамсарлах цаг аль хэдийнэ болжээ. Хүн хог хаявал байгаль экологид муу гэдгийг мэддэг атлаа хаядаг тэр зуршлаасаа нэн түрүүнд салах хэрэгтэй.
-Шүүмжлэлийг хүлээж авахдаа хэр вэ?
-Шүүмжлэлийг эерэгээр хүлээж авдаг. Хүн амьдралд алдах, онохыг аль алиныг хослуулдаг. Тэгэхээр шүүмлэлийг өөрт хэрэгтэйгээр хүлээж авах нь чухал.
-Бүжгийн спортоор хичээллэж, зургаа зурж байгаа юу?
-Зүүн Азийн спортын их наадамд оролцсоноос хойш бүжгийн спортоор хичээллэхээ түр азнасан. Харин зургаа зурж байгаа. Хэт ачааллын дараа зураг зурахад өөрийнхөө орон зайг мэдэрч тайтгарах шиг болдог.
-Ингэхэд Сарнайгийн зурганд ямар өнгө голлодог юм бол?
-Зурганд маань хурц тод улаан өнгө ноёлдог. Дүрэлзэж байгаа галын эрч хүч илүү мэдрэгддэг юм. Үргэлж бадарч, цоглог байдаг, харанхуйд тод харагдах тийм л хурц өнгөнд дуртай. Сүүлийн үед байгаль, хүний бие махбодийн холбоосыг илтгэсэн зургууд их сонирхол татаж байгаа. Бас хайрыг зурсан зурагнаасаа олж харахыг хичээдэг болсон.
-Тэгвэл хайр дурлалын талаархи сэтгэгдлээ хуваалцаач?
-Миний хувьд хайр байдаг гэдэгт итгэдэг. Хоёр хүний сэтгэл, зүрх дундаас хайр ундардаг. Тэр нь амьдралын туршид байж, тэр хайраасаа хачин сайхан энерги, урам зориг авч бусдыг хайрлах сэтгэл төрдөг болов уу. Гэхдээ хайр яг тийм, ийм гэсэн томъёо байдаггүй. Хайрыг хүн болгон өөр өөрийнхөөрөө зурж тайлдаг.
-Монголынхоо хамтлаг, дуучдын дууг хэр сонсдог вэ?
-Яг үнэнийг хэлэхэд хуучинсаг талдаа хүн. Орчин үеийн рок попийн дуунаас өөртөө таалагдсаныг нь сонсдог. Зарим хамтлаг, дуучдыг юу дуулаад байгааг нь ойлгохгүй тал бий. Ер нь “Киви” хамтлагийн улаан фэн гэж ойлгож болно. Тэдний олон дуу миний сэтгэлийг хөнддөг.
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн”