Агаарын бохирдлын эсрэг үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлтэй хамтран эхлүүлэхээр болоод байгаа. Нийслэлд 1.2 сая гаруй хүн бий. Түүний 800 мянга гаруй буюу 200 мянга орчим өрх гэр хороололд амьдардаг. Өөрөөр хэлбэл, 200 мянга гаруй яндангаас түүхий нүүрсний хорт утаа ялгардаг гэсэн үг. Утааг багасгахын тулд өнгөрсөн жил Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороог утаагүй бүс болгох туршилт явуулсан билээ. Туршилтаас тодорхой үр дүн гарсан учраас энэ жил төвийн зургаан дүүргийг шахмал, үртсэн түлш хэрэглэх бүс, бүрэн шаталттай зуух хэрэглэх бүс хэмээн хоёр хэсэгт хуваан “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрх жилд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэж иржээ. Харин дээрх төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд 500 мянга гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах юм. Өөрөөр хэлбэл, 80 орчим мянган өрхөд бүрэн шаталттай зуух, 20 орчим мянган өрхөд утаагүй түлшийг хямдарсан үнээр иргэдэд олгохоор болов. Ингэж түүхий нүүрсний 50 орчим хувийг хязгаарласнаар нийслэлийн агаарын бохирдол мэдэгдэхүйц багасах ёстой юм.
Үүнд хамгийн чухал нь эхний ээлжийн утаагүй бүсэд хамрагдсан өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, шахмал болон үртсэн түлш хэрэглэх, бүрэн шаталттай зуух хэрэглэх бүсийнхэн бараг 100 хувь шахуу хямдруулсан үнээр утаагүй зуухаа худалдан авч, хэрэглэх явдал. Мөн нийтийн тээврийн хэрэгслүүдэд эко түлш болон газтай хосолсон түлш хэрэглэхийг үүрэг болгоод буй. Энэхүү төсөл цаашид гэр хорооллын бүх өрхөд хүрэх бөгөөд ойрын таван жилдээ багтаж, нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа аж.
ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛБЭЛ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ 50 ХҮРТЭЛХ ХУВИАР ХӨНГӨЛНӨ
Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдтой ярилцлаа.
-Нийслэлийн зургаан дүүргийг түүхий нүүрс түлэхийг хязгаарлах бүс болгох төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Агаарын бохирдол бий болоход тоос, утаа, үнэр, чийглэг, дуу чимээ гэсэн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Эдгээрээс хүний эрүүл мэнд, амь насанд хамгийн хортой нь 2.5 микро метрээс бага хэмжээтэй. Энэ нь түүхий нүүрснээс ялгардаг бөгөөд хүний биед шингэвэл тэр чигтээ үлддэг тоосонцор юм. Энэ тоосонцор нийслэлд байх ёстой хэмжээнээсээ хэдэн сая дахин их байгаа. Тиймээс нийс лэлийн чийгшлийг зохих хэмжээнд нь байлгах үүднээс усан оргилуур, усан сан, хүлэмж, ногоон байгууламж олноор нь байгуулах хэрэгтэй.
Гэхдээ энэ бүхний эх үүсвэр нь түүхий нүүрсний хэрэглээ. Тиймээс түүхий нүүрсний хэрэгцээг багасгах, яваандаа бүрмөсөн зогсоох зорилгоор төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 100 орчим мянган өрхийг утаагүй бүсэд хамруулах юм. Утаагүй бүсэд хамаарч буй өрхүүдээ шахмал болон брикетэн түлш хэрэглэх, бүрэн шаталттай зуух хэрэглэх бүс хэмээн хоёр хувааж байгаа.
-Төслийн шугамаар зарж буй зуух, гэрийн дулаалга зэргийг үнэтэй байна гэх хүн олон байсан. Үүнээс гадна өмнөх жилийн утаагүй бүсэд хамрагдсан өрхүүд шахмал, брикетэн түлшийг илч муутай, бутарч унадаг гэх мэт гомдол тавьж, түүхий нүүрсээ хэрэглэх явдал цөөнгүй гарч байсан. Илчлэг болоод чанарын хувьд ямар амлалт өгч байгаа вэ?
-Үндэсний хороо болон Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслийн багийнхан зөвшилцсөний үндсэнд 325.000 төгрөгийн үнэтэй зуухыг 25 мянга, 459.000 төгрөгийн үнэтэй зуухыг 50 мянган төгрөг болгож хямдруулсан. Уг нь өөрсдийнх нь, үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө утаагүй болохын тулд төсөл хэрэгжүүлж байгаа. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Өмнөх жилийн утаагүй бүсийн туршилт хийсэн түлшний хувьд бид нийлүүлэгч байгууллагуудын өгсөн түлшийг л иргэдэд хэрэглүүлж туршсан.
Энэ жилийн хувьд тодорхой гэрээний дагуу мөн чанарт нь ихээхэн анхаарал тавьж байгаа. Үүнээс гадна бүрэн шаталттай зуухыг иргэд авах ёстой байгаа. Ийм зуухтай өрх энэ жилийн хувьд түүхий нүүрсээ түлнэ. Онцлог нь хорт хий, утаа гарахгүй, илчлэг 80-85 хувьтай байх юм. Айлуудын одоо хэрэглэж байгаа энгийн зуухны ашигт үйлийн коэффициент нь 35 хувь байгаа. Тиймээс ямар нэг шалтгаан тавилгүйгээр төсөлд хамрагдах хэрэгтэй.
-Хэрвээ төсөлд хамрагдах хүсэлгүй хүн гарвал яах вэ?
-Хэрвээ тийм хүн байвал утаагүй бүсээс нүүхээс өөр аргагүй. Утааны тухай тодорхой хуультай болсон болохоор хуулийн дагуу арга хэмжээ авна. Харин төсөлд хамрагдаж, үүргээ сайн биелүүлбэл цахилгааны төлбөрөөс 50 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн утаа ялгаруулдаггүй нам даралтын зуухыг ирэх жилээс оруулж ирэхээр гаднын орнуудтай ярьж байгаа.
-Ямар шаардлага хангасан өрхөд цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх вэ?
-Дулаан өвөлжих ганц зам бол гэр, байшингийнхаа дулаалгыг маш сайн хийх байдаг. Тиймээс шалгалтын баг гаргаж, тусгай багажаар сууцаа хэрхэн дулаалсан болоод утаагүй түлш, зуухаа хэрэглэж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах юм. Дүгнэлтийн дагуу цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах өрхүүдийн жагсаалт гарна.
-Төслийн шугамаар ирж байгаа зуух болон гэрийн дулаалгыг хямд үнээр аваад эргүүлэн зарах тохиолдол байдаг?
-Үүнийг бид тооцоолсон. Бүрэн шаталттай зуухнуудад зориулалтын дугаар хийлгэж байна. Зуухыг айлуудад дугаарын дагуу тарааж, дараа нь ашиглаж байгаа үгүйг нь шалгана. Зарсан, ашиглаагүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Мөн шахмал болон үртсэн түлшний уутыг үйлдвэрлэсэн компанийн нэр шошготойгоор үйлдвэрлэж байгаа. Тиймээс хууран мэхлэх, бизнес хийх оролдлого гарахгүй байх. Дашрамд хэлэхэд, үртсэн болон брикетэн түлшийг утаагүй бүсийн 160 цэгээр дамжуулан худалдана. Өөрөөр хэлбэл, нэг хороонд дөрвөн цэг байхаар төлөвлөсөн.
-Агаарын бохирдлыг бууруулахад энэ онд төсвөөс хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн бэ. Энэ бүхний эцэст агаарын бохирдлыг яг тэдэн хувиар багасгана гэж амлаж чадах уу?
-Нийслэлд Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь шахуу амьдардаг хэрнээ төсвийн хувьд нэг аймагт ногддог хэмжээний л хөрөнгө оруулалт авдаг. Агаарын бохирдлыг бууруулахад 2009 онд 1.2 тэрбум, 2010 онд 3.2 тэрбум, харин энэ онд 30 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний дээр “Цэвэр агаар сан”-гаас 40 орчим тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. Үнэнийг хэлэхэд төсөл хэрэгжих эхний жил болохоор мэдэгдэхүйц буурна гэж тооцоолохгүй байна. Гэхдээ өмнөх жилүүдэд хуримтлагддаг бохирдол 35-40 хувиар буурах нь тодорхой. Энэ хувийг улам нэмэхийн төлөө л иргэд, төслийнхөн хамтран ажиллах хэрэгтэй.
Б.ЭНХМАРТ
"Өнөөдөр"