2011-08-30Өнөөгийн Монголд үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор дүгнэж үзвэл Монголд нэг талд нь төрийн нэр барьсан
луйварчид болон түүний гар хөл бологсод ба хамсаатнууд харин нөгөө талд нь ядуу ард түмэн гэсэн хуваагдмал байдал бий болж, улс орны хувьд луйварчдын балгаар сүйрлийн ирмэгт тулаад ирчихсэн байна.
Харамсалтай нь ард түмнийг төрийн нэр барьсан луйварчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан тархийг нь угааж өглөө өдөргүй телевизийн бүх сувгаар Солонгос савангийн дууриудыг угсруулан гаргаж завсраар нь архины сурталчилгаа эсвэл Монгол улс хөгжиж байна гэсэн худал рекламнуудыг ээлж дараалан үзүүлж өөрсдийн гэмт хэргээ нуухыг оролдоцгооно. Гэхдээ луйварчид худал зүйлсийг удаан нууж, дарж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.
Ардчилсан төрийн зорилго бол эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсэг байдал гэсэн суурь үнэт зүйлсд тулгуурлан аль болох олон иргэнийг сайн амьдралаар амьдруулах байдаг. Өнгөрсөн хорин жилд ард түмнийхээ нийгмийн хамгааллыг “ардчилал” гэсэн нэрийн дор үгүй хийж оронд нь гуйлгачин болгочихоод хэнэг ч үгүй Монгол улс хөгжиж байна, “ардчилсан” улс болчихлоо гэж өөрсдийгөө дүгнэж байгаа тэднийг юу гэх вэ? Ард иргэд нь гуйлгачин болчихоод байхад Монголын төрийг “ардчилсан” төр хэмээн нэрлэх үү? Сүүлийн 20 жил төрийн нэр барьсан луйварчид ард түмэнд өөрсдийгөө хэн бэ гэдгээ маш сайн харуулчихсан. Ард түмэн төрийн нэр барьсан луйварчдыг Монголын төлөө биш хувиа хичээгч гэдгийг нь мэдчихлээ.
Нэг талд итгэж, найдсан ард түмэн ядуу ард түмэн нөгөө талд төрийн нэр барьсан луйварчид хэм хязгааргүй шуналдаа хөтлөгдөн ард түмний баялгийг дээрэмдэж байна. Одоо Монголчууд бидэнд энэ чигээрээ доромжлуулж, луйвардуулсаар байгаад гутамшигтайгаар мөхөх үү? Эсвэл луйварчдыг зогсоож улс эх орноо аврах уу? гэсэн хариуцлагатай сонголт хийх цаг үе ирсэн байна!
Монголын ард түмэн төрийн нэр барьсан луйварчдыг Монгол улсын төлөө ажиллана гэж 20 жил найдсан, хүлээсэн, тэвчсэн. Тэд ард түмнийхээ итгэл найдварыг нь үгүй хийж, тэвчээрийг нь барж юу ч хийгээгүй. Ард түмэн төрийн нэр барьсан луйварчдад одоо найдах хэрэггүй гэдгийг мэдсэн, ойлгосон, ухаарсан. Ард түмэн луйварчдад найдах шаардлага ч үгүй болсон. Тэдэнтэй, тэдэнгүй амьдраад явчихна. Харин одоо Монголчууд өөрөө өөртөө л найдах хэрэгтэй. Нэгэнт энэ бүхэн тодорхой болсон тул энэ мөчөөс эхлэн ард түмэн өөрсдөө бүгдийг хийх цаг нь ирлээ.
Монгол орноо төрийн нэр барьсан луйварчдын савраас аврах арга замууд ямар байвал дээр вэ? Монголд аль нь тохирох бэ? Египетүүд Мубаракийг огцруулдаг шиг гудамжиндаа гараад жагсах уу? Эсвэл Сири, Ливи шиг зэвсгээ бариад дайтах уу? Английн колончлолоос чөлөөлөгдсөн Энэтхэгчүүд шиг ажил хаялт хийж тайвнаар жагсах уу? Эсвэл Оросууд шиг олигархиудаа улсаасаа хөөж гаргаж, үлдсэнийг нь баривчилж, шоронд хорих уу?
Мэдээж Монголчууд хүчирхийллээс зайлсхийх ёстой. Сүүлийн хорин жилийн үйл ажиллагааны үр дүнд өнөөгийн эрх баригчдыг луйварчид гэдгийг ард түмэн нэгэнт таньсан. Тиймээс Монголчууд тайван замаар, тууштай тэмцэх нь ялалтанд хүргэх боломжтой. Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнээд төрийн нэр барьсан луйварчдаас Монголоо чөлөөлөх хамгийн хүмүүнлэг аргын тухай бичэе. Улс орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлаас эхлэх ёстой. Хэлэлцүүлгийн сэдэв “Төрийн нэр барьсан луйварчдаас Монгол орноо хэрхэн чөлөөлөх вэ?” Аймаг, сум, дүүргүүдээр энэхүү хэлэлцүүлгээ явуулах хэрэгтэй. Энэхүү хэлэлцүүлгээр зөвхөн ярилцаад орхих биш харин Монголын ард түмэн өөрсдөө идэвхитэйгээр эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ард түмэн нэгдэх гэдгийг төрийн нэр барьсан луйварчид болон тэдний гар хөл бологчидтой эвлэрнэ гэсэн үг биш харин зөвхөн ард түмэн хоорондоо эвлэлдэн нэгдэх явдал юм. Хэлэлцүүлгээс эцсийн шийдвэрийг гаргаж, сум, аймаг, дүүргүүдэд “Төрийн нэр барьсан луйварчдаас Монгол орноо чөлөөлөх штаб”-уудыг байгуулж, үйл ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлно. Эдгээр штабуудаа нэгтгэсэн төв штабыг Улаанбаатар хотод байгуулна.
Уул уурхайн лизензгүй, хятадгүй, авилгалгүй, шударга бус зүйлгүй, ядууралгүй газар Монголд үгүй учраас тухайн орон нутгийн иргэд өөрсдөө тэмцэлд оролцох хэрэгтэй. Орон нутгаар тэмцэлд оролцохоос гадна багш нар, эмч нар, цагдаа нар, малчид, уурхайчид, хувийн хэвшилд ажиллагсад бүгд холбоо байгуулах хэрэгтэй.
Тууштай эх орончдыг зохион байгуулж төрийн нэр барьсан луйварчдаас Монгол орноо чөлөөлөх тэмцэлд оруулах хэрэгтэй.
Улаанбаатарт байрлах төв штаб дараах ажлыг юун түрүүнд хийх хэрэгтэй. Үүнд уул уурхайн салбарыг дээрэмдэж авсан, луйвардсан бүлэглэлийг олж олонд зарлах, Гадаадынхантай холбоотой хүмүүсийн нэрсийг гаргаж зарлах, Өнөөгийн эрх баригч нэртэй луйварчдыг санхүүжүүлж байгаа хувь хүн, компани, гадаадын байгууллагуудын нэрс болон мэдээллийг зарлаж, таслан зогсоох хэрэгтэй.
Мөн Их Дээд Сургуулийг төрийн нэр барьсан луйварчдын гар хөл болсон хүмүүс удирдаж байгааг баримттайгаар зарлан мэдэгдэх. Хувьчлалаар хэн хэн юу юуг хувьдаа эзэмшиж, хулгайлсныг олонд мэдэгдэх.
Төрийн нэр барьсан луйварчдын бүх гэмт хэргүүдийг илчлэн, нарийн тоо баримттайгаар олонд зарлах хэрэгтэй.
Хөдөө орон нутагт байрласан штабууд болон нийгмийн бүлэг, мэргэжлээр нэгдсэн холбоодууд луйварчид болон тэдний гар хөл бологчдын мэдээллийг Төв штаб руугаа байнга мэдээлж байх. Мөн тэдний хийх гэж байгаа, хийж байгаа үйлдлүүдийг цаг алдалгүй мэдээлж байх, үргэлжийн сонор сэрэмжтэй байх. Учир нь төрийн нэр барьсан луйварчид хүчирхийлэл хийх эсвэл төөрөгдүүлэх, хагалан бутаргах, худалдан авах гэх мэт аргуудыг хэрэглэх гэж оролдоно.
Улс орон даяар сургуулиудын үйл ажиллагааг зогсоож мөн луйварчдын компаниудад ажиллахаас татгалзах, худалдаа наймаа хийхээс татгалзах, багш, эмч, төмөр замчид, уурхайчид болон бусад салбарын ажилчид хугацаагүй ажил хаялт зарлах зэрэг тэмцлийн хэлбэрүүдийг сонгож болно. Энэ бүхнийг нарийн төлөвлөж, зохион байгуулалттай ажиллах.
Хүн төрөлхтний түүхэнд ард түмнийг ялсан ямар ч диктатур, хаант засаглал байгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ард түмэн юун түрүүнд шүүх, цагдаа, тагнуул, хилийн цэрэг зэрэг “хүчний” байгууллагуудыг яаралтай авах хэрэгтэй. Ямар ч хүчирхийлэл гаргахгүй байх талаасаа болгоомжлох хэрэгтэй. Хэрэв эмх замбараагүй байдал гарвал Ливийн хувь тавилан Монголчууд давтах болно.
Монголчууд өөрсдийнхөө хувь тавиланг өөрийн гараар босгож, эх орноо төрийн нэр барьсан луйварчдаас чөлөөлөх ариун тэмцэлд хүн бүр оролцох ёстой.
М.Өөлд
"Сонин мн"