2011-08-25Монголын алтан үеийн төлөөлөл, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин Монгол Улсын гавьяат жүжигчин

Оюундарийг хоймрын зочин буландаа урьж ярилцлаа.
-Юуны өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдар хүртсэнд чинь баяр хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Баярлалаа. Хоёр киноны зураг авалттай байсан болохоор их завгүй байлаа. Монголын үндэсний телевизийн бүтээл болох 60 ангит “Өдөр өдрийн наран” кинонд Хажид гэх эмэгтэйн дүрд тоглож өчигдөрхөн зураг авалт дууссан. Энэ уран бүтээлийг дөрвөн сард эхлүүлсэн.
-Цолныхоо найрыг хийж амжив уу?
-Найраа хийж амжаагүй байгаа. Манай театрынхан сар гаруйн хугацаанд амарсан. Тэгээд амрах хугацаандаа кино зураг авалтад яваад ирлээ. Одоо шинэ уран бүтээлийн ажилдаа ороод явж байна. Маргааш “Оролмаа” жүжиг тайзнаа тавигдах гэж байгаа тул сургуулилтаа хийгээд л байж байна даа.
-Гавьяат цол авахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Сэтгэл их хөдөлдөг юм байна лээ. Тэр үед “Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг үг өөрийн эрхгүй бодогдсон. Буянтай аав ээжийнхээ алдар хүндийг төр засгаараа дуудуулах эрхэм цол авсандаа үнэхээр баярлаж байсан. Наадмын өмнөх өдөр гэнэт утасдаад “Та Монгол улсын гавьяат жүжигчин боллоо. Танд баяр хүргэе, маргааш Засгийн газрын ордны ард 12 цагт бэлэн байгаарай” гэсэн. Тухайн үедээ их сандарсан.Тэгээд наадмын өглөө шагналаа авсан даа.
-Энэ шагналыг зарим хүмүүс богино хугацаанд авчихдаг. Харин зарим нь насаараа урлагт зүтгээд ч авч чаддаггүй. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь бол янз янзаар ярьдаг. Гэхдээ хүн хийсэн, бүтээсэн хөдөлмөрийнхөө үр шимээр авбал илүү амттай шүү дээ.
-Таныг шагнал авахад хамгийн дөхөм болсон уран бүтээл тань юу вэ?
-Урлагт зүтгээд 25 жил болж байна. Энэ хугацаанд бүх уран бүтээлээ сэтгэл зүрхнээсээ чанарын өндөр түвшинд хийж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн болохоор гавьяат цолыг авахад дөхөм болсон болов уу. Миний баримталдаг зарчим байдаг. Ямарваа уран бүтээлийг хийхдээ том, жижиг дүр гэж ялгалгүйгээр хамгийн чанартай бүтээх ёстой. Тиймээс би бүтээсэн дүр болгондоо хайртай, маш их хөдөлмөр, цаг зав зарцуулж байж хийдэг.
-Та өөртэйгөө ижил зан араншинтай дүр бүтээж байв уу?
-Миний бодлоор бүх хүмүүст сайн, муу зан араншин хосолж байдаг. Тиймээс жүжигчин хүн гэдэг ямар ч зан чанартай байсан дүрд хувирах чадвартай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн найруулагч хүн дүр хуваарилахдаа тухайн хүний ерөнхий зан чанар, авьяас, цар хүрээ нь ямар байна. Эсвэл энэ талаас нь илүү нээж өгье гэх үүднээс ханддаг. Харин үзэгчид бол жүжгэн дээр гарч байгаа байдлаас нь хараад энэ хүн ийм учраас энэ дүрд тоглож гэсэн төсөөлөл авдаг.
-Та хошин урлаг, дэлгэц, драм гээд олон төрөл, жанраар уран бүтээл хийсэн. Танд хамгийн илүү тохирч байсан нь аль нь вэ?
-Урлагийн хүн бүх л юманд сэтгэл зүрхээ гаргаж хийх ёстой. Түүнээс ялгаатай бодож болохгүй. Уран бүтээлч хүнд ийм үзэл байх ч ёсгүй. Яагаад гэвэл би өөрөө ямар ч уран бүтээл дээр сэтгэл зүрхнээсээ ханддаг.
-Нэгэн үе Драмын театр зогсонги байдалд орсон гэдэг?
-Театр бол 80 жилийн хугацаанд ерөөсөө зогсонги байдалд орсон тохиолдол байгаагүй. Тасралтгүй уран бүтээлээ хийж байсан. Харин 90-ээд оны үед хүмүүс талхаа авах мөнгөгүй хэцүү байсан тул үзэгчид багассан. Үүнийг хүмүүс театр уналтад орсон, уран бүтээлээ хийхээ болилоо гэх мэтээр ярьж байсан үе бий. Түүнээс биш театрын уран бүтээл тасалдаж байгаагүй, одоо түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Ахмад буурлууд, алтан үеийн жүжигчдийн хөл дээр нь босгосон энэ театрын уур амьсгал, бүтээлүүдийг улам өнгөлж явах ёстой. Хүн бүр амьдарч байгаа цаг хугацаа, орон зайдаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж ажиллах хэрэгтэй гэж боддог.
-Улсын Драмын эрдмийн театр 80 жилийнхээ ойг хэзээ тэмдэглэх вэ?
-Ирэх арваннэгдүгээр сарын 21-нд манай түүхт ой тохионо. Энэ үеэр үзэгч олныхоо мэлмийг баясгахаар “Тэнгэрийн хүү” зохиолыг сонгон аваад байгаа. Одоогоор найруулагч Наранбаатар судалгааны ажлаа эхлүүлээд явж байна,.
-Нэр хүндтэй урлагийн хүний охин байна гэдэг өндөр хариуцлага байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Алдартай хүний хүүхэд байна гэдэг хариуцлага, бас бахархал юм. Дөнгөж төгсөөд Драмын театрт ирж байхад том уран бүтээлч хүний хүүхэд аавынхаа дайтай чадварлаг байх ёстой гэсэн үүднээс хандсан. Урлагийн тавцанд хөл тавьсан өдрөөрсөө л аавынхаа нэр алдрыг хөөдөхгүйн тулд хичээсэн зүтгэл бүхэн миний амжилттай салшгүй холбоотой. Хүмүүс нэртэй хүний охин байх хэцүү байдаг уу гэж дандаа асуудаг. Харин би хэцүү гэж хэлэхээсээ өмнө охин нь болж төрсөндөө бахархдаг гэж хариулах дуртай.
-Ээжийнхээ талаар яриач?
-Манай ээж нүүр хувиргагчаар театрт 40 гаруй жил ажилласан. Өөрийн мэргэжил нь циркийн хүн л дээ. Бидний хийсэн уран бүтээлийг хүмүүст хүргэхийн тулд асар олон хүний хүч хөдөлмөр ордог. Тайзан дээр зөвхөн жүжигчид гардаг байхад арын албанд өчнөөн хүмүүс ажилладаг. Хувцасны эрхлэгч, нүүр будагч, жижиг хэрэглэл, тайз чимэглэлч гээд. Түүний нэгэн эд эс нь миний ээж. Жүжигчдийн дүрд хувилах, гадаад төрхийг бүтээж өгдөг байсан. Тухайн үед ээжтэй хамт Нацагням гэдэг хүн ажиллаж байсан.
-Та сургуульд байхдаа ямар охин байв аа?
-Сурагч нас гэдэг бол хамгийн дурсамжтай, мартагдашгүй үе. Улаан бүчтэй, үсээ хоёр сүлжсэн охин байлаа. Арван жилдээ Галмандах багшийн удирдлаганд “Нарны дуулал” хамтлагт дуулдаг байсан. Түүнээс хойш 10 жилийнхэнтэйгээ уулзаж чадахаа больсон. 10 жилийн дараа уулзах болсон, би тоглолттой байж таарсан. Хорин жилийн дараа би аанай л уран бүтээл хийгээд завгүй байлаа. Харин энэ жил уулзана гэж бодож байна. Заавал ирээрэй гээд зохион байгуулагчаар тавьчихсан.
-Та арван жилээ төгсөөд өөр мэргэжлийн хүн болно гэж бодож байсан уу?
-Ер нь бол урлагийн хүн болно гэж боддог байсан. Дуулахдаа өөрийн хэмжээнд амиа аваад гарчихдаг байсан болохоор дуучин болно гэж бодож байсангүй. Харин бүжигт их сонирхолтой байсан. Гуравдугаар ангидаа Ленинград явах балетийн сургалтад шалгуулж байсан. Тэгээд бүжиглэх чадвараараа тэнцчихээд тарган байна гээд хасагдчихсан. Харин шалгалтын комисс авч явна гэсэн боловч аав, ээж хоёр маань дургүйлхээд явуулаагүй. Хэрвээ би тийшээ явсан бол бүжигчин болох байсан биз. Тэгэхээр заавал улаан байшинтай холбоотой мэргэжил эзэмших байсан шиг санагддаг.
-Сүүлийн үеийн шинэ залуу жүжигчид чадал чансааны хувьд ямар түвшинд байна вэ?
-Одоогоор тийм гэж хэлэхийн аргагүй. Хамгийн гол нь мэргэжилдээ сайн, үнэнч, өөрийн болгож эзэмших хэрэгтэй. Мөн жүжигчин хүн ямагт хүнлэг, хүн чанартай байх хэрэгтэй.
-Өнөөгийн нийгмийг урлагийн хүний нүдээр харахад хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг зүйл юу вэ?
-Газар шорооноос эхлээд сэтгэл эмзэглүүлсэн зүйл их байна. Наад зах нь хоггүй хот болох юмсан гэж боддог. Хүмүүс өөрийн амьдарч байгаа орчиндоо тав тухтай сайхан байгаасай гэж хүсч байна. Мөн Монгол Улсын хэмжээнд хүний буруутай үйл ажиллагаанаас болоод цөлжилт асар хурдтай явагдаж байна. Энэ талаар бид уран бүтээлээрээ илэрхийлдэг. Хойшоо биш, урагшаа алхаж хөгжих ёстой. Дээрээс нь бид өөрийн хэл соёлоо маш сайн хайрлаж байх хэрэгтэй. Хэл соёл байхгүй л бол тусгаар тогтносон улс гэж байхгүй.
-Авьяас удамшдаг болов уу. Танай үр хүүхдүүдийн хэн нэг нь ээжийнхээ мэргэжлийг өвөлж авна гэх юмуу?
-Сайн хэлж мэдэхгүй байна аа. Тухайн үедээ жүжигчин болно гээд зүтгэвэл өөрийнх нь сонирхлыг дагана. Жүжигчний мэргэжил гэдэг үнэхээр хэцүү учир намайг жүжигчин болно гэхэд аав, ээж хоёр маань дургүй байсан. Хэдэн үг цээжлээд тайзан дээр гарч байгаа юм шиг боловч их авьяас чадвар, ур дүй шаарддаг.
-Ярианыхаа төгсгөлд нь манай сонины уншигчдад хандаж үг хэлэх үү?
-Нийт уншигчдадаа хамгийн гол нь эв нэгдэлтэй, эрүүл энх, аливаа зүйлийг хийж бүтээхдээ нэгдмэл санаа сэтгэлтэй байгаарай гэж хэлье.
''Нийслэл таймс"