2011-08-04Өнгө өнгөөр ээлжлэн солигдох энэ амьдралыг дагаж
Өөрөө би өнгө өнгөөр гэрэлтэж явдаг
Өнгө өнгөөр будагдах өмнөх амьдралаа зөгнөж
Өөрөө би өнгөгүй цаасан дээр зурж суудаг
Өнгө өнгөөр өөлөгдөж сайлагддаг
Өнгө олон амьдралаа
Өөрөө би өнгөөр солонгоруулан бичдэг...
Хүмүүс энэ бүсгүйг TV шоуны хөтлөгч гэдгийг нь сайн мэдэх ч шүлгийн түүврээ гаргасан шаггүй найрагч, бийр зотон золгуулдаг муугүй зураач гэдгийг нь тэр бүр мэдэхгүй биз ээ. “Ням гариг” сэтгүүл энэ удаа “Universe best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэлтэй ярилцлаа.
- Одко багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан уу. Чамайг харахаар нэг тийм хөдөлгөөнтэй дэггүй харагдаад байдаг юм?
Олон нийтийн дунд, хичээл сургууль дээрээ даруухан охин байсан. Хүний нүдэнд өртөөд байдаггүй, хийх ёстойгоо чимээгүй хийдэг хүүхдүүд байдаг даа. Тэдний нэг л байсан. Гэхдээ хичээл номдоо их идэвхтэй сайн сурагч байсан юм даг. Харин одоо ажлын шаардлагаар уу, эсвэл би өөрчлөгдөөд тэр үү бүү мэд. Багын Одгэрэл одоогийн Одгэрэл нилээд өөр. Энэ нь сонгосон мэргэжил, ажлын онцлогтой холбоотой байх. Гэхдээ л Одгэрэл хэзээ ч ямагт Одгэрэлээрээ л байдаг.
- Айлын бага болохоор их эрх байх даа, үзэгчид ч энэ талаар ярилцдаг юм билээ?
Тийм үү, би уг нь өөрийгөө тийм ч эрх танхи хүн гэж боддоггүй шүү. Мэдээж айлын бага болохоор эрхлүүлэх хүмүүс эмээ өвөө, аав ээж, эгчээс эрхлээд зөндөө. Харин би өөрийгөө тодорхойлохоор бол эрч хүчтэй л гэж хэлнэ.
- Гэртээ ганцаараа амьдардаг юм уу?
Нэг хэсэг ганцаараа амьдарч үзсэн. Жаахан аймхай хүн болохоор эвгүй байдаг юм. Яахав ажил ихтэй тулдаа л бүтэн жил болсон байх. Одоо бол ээжтэйгээ амьдарч байна. Бага эгч маань саяхан гаднаас ирсэн. Тэгээд ганцаараа амьдар гэж зөвлөсөн ч одоо хир нь ээжтэйгээ л байна даа. Орой болгон ээжийнхээ гарын цайг уух гоё байдаг юм. Айлын бага хүүхэд болоод ч тэр үү гэрийнхэн маань надад онцгойлон анхаарал тавина. Ингэх нь сайхан ч хааяа хэтрүүлэх гээд байдаг тал бий. Харин гэр бүлийн маань нэг сайхан чанар гэвэл нэг нэгнийхээ хүсэл санааг маш их хүндэлдэгт л оршдог.
-Хэзээ ээжийнхээ “өврөөс” гарах гэж байна?
Мэдэхгүй ээ, цаг нь болохоор гарна даа. Үнэнийг хэлэхэд, ээжийнхээ өврөөс одоохондоо гармааргүй байна. Өвөр гэснээс ээж аавынхаа өвөрт байдаг айлын эрх танхи нялх зантай, хөгшин царайтай хүмүүсээс би тэс өөр хүн шүү.
-Ингэхэд цагаан хоолтон болоод удаж байна уу
Гурван жил
-Бясалгал хийдэн хэрэг үү?
Өөрийгөө тайвшруулах хэмжээнд л. Гүн гүнзгий бясалгагч биш ээ. Сонирхогчийн түвшинд л явж байна. Өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй байна. Өөрийгөө хайрлаж сурмаар байна. Тийм болохоор давс хужирыг нь тааруулаад л өөрийнхөө амьдралын хэв маягт бясалгалыг тун болгоомжтойгоор нэвтрүүлж байна даа. Мэдээж хүн бүр ямар нэг шалтгааны улмаас цагаан хоолтон болж байгаа. Нэг хэсэг нь эрүүл мэндээ бодож байхад, нөгөө хэсэг нь шашин, бясалгалаас болж сонголтоо хийдэг. Магадгүй зарим нь турахын тулд ч байж болох юм. Харин миний хувьд эрүүл мэндээ бодсон, нөгөө талаар бясалгалтай холбоотой... Одоо гэр бүл, найз нөхөд, хамт олон маань цагаан хоол иддэг болж байгаад би их баярладаг.
-Тэгэхээр эргэн тойрныхондоо их нөлөөлдөг байх нь ээ?
Миний нөлөөллөөс илүү тэр хүмүүсийн сонголт чухал л даа. Магадгүй цагаан хоолтон байх нь муу ч байж болно. Гэхдээ энэ бол миний болон тухайн хүний сонголт учраас хүндэтгэх л хэрэгтэй.
-Хэр шүтлэгтэй вэ?
Шүтлэгтэй. Эмээгийн охин шүтлэггүй байх нь ховор л доо... Ээж аав, ах эгч, ажил төрөл хичээл номондоо явсан хойгуур эмээ охин хоёр юу эсийг хийхэв. Ганданд хүүхэд насныхаа багагүй өдрийг эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн болохоор шүтлэгтэй хүн болж төлөвшсөн. Овоо хэдэн маань мэднэ. Тэр болгоноо байнга л сэргээж уншдаг. Айж сандрах үедээ л ихэвчлэн мааниа уншина даа. Нэг удаа Энэтхэгээс буцаж явахад онгоц чичрээд,үйлчлэгч нь тайван байхыг сануулж, бүсээ бүслээрэй гээд л байдал нэг л түгшүүртэй болсон юм даг. Яг тэр үед би Энэтхэгээс авсан алчууран дотроо эрхээ эргүүлээд маань мэгзэмээ уншиж гарсан. Ер нь тэгээд шөнө орой, хол замд байнга л уншдаг тарнитай.
-Тэгвэл олон таринаасаа хамгийн хүчтэй нэгийг нь хэлээч?
“Ум дари дудари дури суха” гээд Ногоон дарь эхийн хураангуйлсан тарни бий. Энэ тарнитай холбоотой домог байдаг юм. Санааг нь яръя л даа. Гэр бүлийн хоёр муудалцаад, эмэгтэй нь үдшийн бүрийгээр хүүгээ аваад гарч л дээ. Тэр газар нь их гүйдэлтэй газар болохоор хүүхдийнхээ хамарт хөө түрхээд, өөрөө Ногоон дарь эхийн хураангуйлсан тарнийг уншаад явсан байгаа юм. Ингээд хүү, эхнэр хоёртоо санаа зовсон нөхөр нь гүйдэл суудалтай газраар явж өнгөрөхдөө чөтгөрөөс “Хүүхэд дагуулсан дунд эргэм насны эмэгтэй энүүгээр явж өнгөрөв үү” гэж асууж. Гэтэл хариуд нь “Хүн явж үзэгдээгүй ээ,бор халзан туулай хөтөлсөн Ногоон дарь эх л явсан” гэж. Ийм л хүчтэй тарни байгаа юм.
-Ингэхэд нэвтрүүлэг бүртээ өөр өөр төрхтэй болдог. Энэ чиний санаа юу, эсвэл ажлын шаардлага уу?
Би өөрийгөө өөр харагддаг гэж ерөөсөө боддоггүй ш дээ. Байгаагаараа л байгаа царай нь тэр шүү дээ. Хэрвээ хувцаслалт, үс засалт, ерөнхий гадаад имиж гэвэл тухайн нэвтрүүлэгтээ зориулан гаргасан миний дүр эсвэл хувиралт гэж бодож байна. Тэгээд бас нэг зүйл онцлон хэлэхэд миний байгаа байдал дүр сонголтонд эгч нарын оролцоо байдаг юм. Яагаад гэхээр том эгч маань “Cashmere Workshop” брэндийн хувцсаар намайг хангадаг. Харин бага эгч,ах маань гадагшаа явах бүртээ гоёл чимэглэлийг маань хангалттай авчирдаг. Тэгээд нэг мэдэхэд өмсөх хувцас зүүх гоёл бүрэлдээд, нөгөө хэдээ хооронд нь хольж, солиод л өмсдөг. Тэрнээс стил имиж гэж нэг их хөөцөлддөггүй ээ. Магадгүй дизайнерууд намайг шүүмжилдэг байж болно ш дээ.
-Одког зураг зурах хоббитой гэж сонсож байсан?
Зурах хоббитой, зургийг өөрийнхөөрөө уншир дуртай. Харин одоо зурж байгаа юм алга. Сингапурт сурж байхдаа их ганцаарддаг байсан юм. Тэгээд шүлэг их бичнэ, зураг зурна. Сингапурын урлаг соёл, дүрслэх урлагтай холбоотой бүх газраар нь явсан. Хаана зургийн үзэсгэлэн, галерей байна тэнд л очдог байлаа.
-Тэгвэл өөрийнхөө зурсан зургаар гэрээ чимсэн биздээ?
Нэг их байхгүй. Харин найзын гэрт байдаг юм. Гэрийг маань багшийн зургууд чимдэг. Багш надад “Вансэмбэрүү” зурж өгсөн. “Хосоороо ургадаг,гоё бэлгэдэлтэй цэцэг хосыг нь өөрөө зураарай” гээд төрсөн өдрөөр минь өгсөн юм. Хосоо ол гэж л бэлэглэсэн байх. Би “За” гэж авчихаад нилээд удсаны дараа гэнэт зурмаар санагдаад хоёр өдөр сууж байгаад зурлаа. Цэцгээ дөнгөж хос болгоод байтал ажил дээр студи чимэглэх болоод өөрийнхөө зурсан цэцгийг аваачсан юм. Одоо болтол гэртээ авчир амжаагүй л байна.
-Хосоор нь тавихгүй байх ямар нэг шалтгаан байна уу?
.(инээв). Нэг дур хүрсэн өдрөө авчирч тавина аа...
-Залуу хүн бүжиглэж, эсвэл найзуудтайгаа доргиж стрессээ тайлж “шоу”-ддаг л биз дээ?
Чөлөөт цаг нэг их гарахгүй л байна. Цаг гарвал мэдээж найзуудтайгаа хамт байх дуртай. Манай найз хүүхнүүд их цоглог бас дээр нь бөөн энерги. Тэд нартайгаа уулзахаар нэг л сайхан болчихдог юм. Манай найзууд бас надтай уулзах дуртай.
-Архи, дарс, бүжиг,цэнгээн...?
Ер нь архи, тамхинаас хол талдаа хүн дээ. Тэгээд ч цагаан хоолтон болсноор элдэв муу зуршлаас өөрийгөө аль болох хол байлгах гэсэн санаа. Архи,тамхи мансуурлын нэг хэлбэр болохоор сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй.Би бүтэн жилийн бясалгах ухааны зарчмыг мөрдлөгө болгож үзсэн юм. Тэр үед нэг найз минь “Чи өөр хүн шиг болчихож, их дуугүй, юм ярихгүй уйтгартай болсон” гэж шүүмжилж байсан удаатай. Тэгээд жил гаран дүрмээ баримтлаад явж байтал “Ган үзэгтэй” болоод, ажлынхан маань “Шагналаа угаана шүү” гэж онцгойлон сануулсан юм. Тэр үед сэтгэл хөдлөөдхамт олонтойгоо цагийг зугаатай бас дарстай өнгөрөөсөн юм даг.Ер нь тэгээд архи дарсыг үнэхээр хэрэглэмээр байдаг юм бол хэзээ хаана хэнтэй ямар байдлаар яаж хэрэглэх үү гэдгээ сайн бодолцох хэрэгтэй гэж үеийнхэндээ хэлмээр санагддаг юм.
-Одко аз жаргалыг хэрхэн ойлгодог вэ, өөрийгөө жаргалтай хүн гэж хэлж чадах уу?
Яг жаргалтай хүн. Сайхан гэр бүлд өсч торниод, сайн аав ээж,ах эгчийнхээ хайранд умбаж явна. Бас дээр нь дуртай ажлаа хийгээд,хийж бүтээж буй бүхэндээ сэтгэл хангалуун байна гэдэг жаргал биш гэж үү. Мэдээж амьдралд хөл тавьж байгаа залуу хүн болохоор сайхан ирээдүйг төсөөлж байна. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж чадаж байгаа хүн бүр л жаргалтай байдаг. Сайхан ирээдүй, хүссэн амжилт минь заримдаа яаруулаад байдаг юм.
-Хэзээ хүнтэй суух гэж байна. Хүний эхнэр болсон ч цагаан хоолоо идсээр байх уу?
Цагаан хоол идлээ, хүнтэй суухгүй байна гээд шүүмжлэх ч юм уу надад санаа зовох хүмүүс цөөнгүй байдаг л даа. Тэглээ гээд надад санаа зовох шалтгаан болдоггүй. Өөрийнхөөрөө, өнөөдрөөрөө амьдрах сайхан шүү. Тэртээ тэргүй хүний зурсан зураг, заяа төөрөг гэж байдаг болохоор би өөрийнхөө амьдрал, ирээдүйд итгэл дүүрэн байдаг.
Ирээдүйгээ сайн сайхан байлгахын тулд алхам тутамдаа буруу үйл, муу зуршил , хорон санаанаас аль болох холуур явахыг бас хүсдэг. Хүссэнээр болох биш гэж хүмүүс ярьдаг даа. Мэдээж амьдрал дээр бүх зүйл сайн сайхан байдаггүйтэй адил хүссэн бүхэн биелэдэггүй. Гэхдээ нэг л зүйлийг би мэддэг. Хүн аливаад чин сэтгэлээсээ хандаж чадвал, хүн өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлаж чадвал бүх зүйл хүссэнээр болдог. Одоогоор би зөвхөн өөрийгөө л хайрлахад суралцаж байна.
-Хувь тавилангийн бэлгийг хүлээгээд, салхи хаашаа би ийшээ гээд суух хэрэг үү?
Хэтэрхий туйлширч болохгүй л дээ. Гэхдээ л үйлийн үр гэж бий. Хүн бодлоороо, үгээрээ, үйлдлээрээ ирэх өдрүүдийнхээ үйлийг зэхэж байдаг гэдэгт итгэдэг. Ирээдүйгээ өөрөө бүтээдэг л гэх гээд байна даа.
-Тэгвэл ажлаасаа болж олны анхаарлын төвд ороод элдвээр хэлүүлэх үйлийн үр гэж үү?
“Universe best songs” наадмыг хөтлөөд гурав дах жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэр үеэс олны анхаарлын төвд илүү өртөх болсон. Эхний жил сайн, муу хэлэхийг ер тоогоогүй. Ажил ихтэй болохоор тийм зав ч гардаггүй. Харин дараа жил нь манай ажлын нэг эгч “Интернетэд чиний тухай мэдээлэл гараад дор нь янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна лээ” гэж хэлсэн юм. Тухайн үедээ нээх их тоогоогүй өнгөрсөн. Гэвч дөрөв хоногийн дараа тэсэлгүй тэр мэдээллийг нь үзсэн юм.
-Дөрөв хоног тэр талаар бодоод л байсан хэрэг үү?
Байнга бодохгүй ч юу бичсэн бол гэж сонирхоно шүү дээ. Тэгээд л янз бүрийн сэтгэгдэл уншаад сэтгэл тавгүйтэж байлаа. Тэр үед би нэг зүйлийг ухаарсан. Би ч гэсэн заримдаа хэн нэгний тухай ямар ч бодолгүйгээр ярьж, шүүмжилдэг. Харин миний бодож саналгүй ярьсан зүйл тэр хүнд ямар хүндээр тусч болохыг ухаарсан. Бараг л үйлийнхээ үрийг амсаж байна даа гэж бодсон. Тэр үеэс хойш бусдын талаар ярихдаа хянамгай ханддаг болсон шүү.
Эх сурвалж: mongolnews