2011-08-03Урлаг соёлын одод, олны танил хүмүүс анх хэрхэн гарч ирж, тухайн үеийн байгаа байдал болон ирээдүйн амьдралынхаа
талаар чухам юу гэж ярьж байсныг нь сонирхоод үзэхэд гэмгүй байх. Үүнээс ч улбаалаад тэдний үзэл бодол, амьдралын хэв маяг хэр өөрчлөгдсөнийг харьцуулсан болохоор. Энэ удаа бид“Sound of kiss” хамтлагт дуулж байсан фото модель Т.Номинг онцоллоо. Тэрбээр оны шилдэг реклам сурталчилгааны шилдэг дүр төрх шалгаруулах“New Face-2006” наадмын“Фото загвар өмсөгч”-өөр шалгарч, олны нүдэнд өртөх үедээ өгсөн анхны ярилцлага нь энэ.
-Хэдийнээс эхэлж загвар өмсч эхэлсэн бэ?
-Жил гаруйн өмнөөс. “Эра” төвийн загвар өмсөгчийн дамжаанд би фото модель чиглэлээр сурдаг.
-Яагаад заавал фото модель чиглэлийг сонгох болсон юм бэ?
-Одоохондоо нурууны өндөр, биеийн харьцаа маань хувцас загвар өмсөгчийн хэмжээнд хараахан хүрээгүй байна. Гэхдээ нас бага болохоор өсөх тусам өндөр болох байх. Тодорхой хэмжээгээр өндөр болчихоод загвар өмсөнө гэж боддог. Бас фото чиглэлээр ажиллах болсон маань миний жүжигчин болох хүсэлтэй холбоотой. Энэ ажилд жүжиглэх ур чадвар багагүй шаардагддаг учраас ирээдүйн мэргэжилд минь дадлага болох байх.
-Жүжигчний мэргэжлийн юу нь тэгтлээ татсан гэж. Өөрийгөө хэр бэлтгэж байна даа?
-Багаасаа л эхэлж сонирхсон мэргэжил. Гоё санагддаг юм. Энэ төрлийн дугуйланд сураагүй ч зав гарвал жүжиглэх тал дээрээ байнга анхаардаг. Гэртээ бэлтгэл хийж, ойр зуурын зүйл цэвэрлэж байхдаа ч хувийн бэлтгэлээ базаана. Бүр янз бүрээр аяглана шүү. Юутай ч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн Кино-драмын ангид орох зорилготой байгаа.
-Тэгэхээр жүжиглэхийн зэрэгцээ загвар өмсөнө гэсэн үг үү?
-Загвараа орхихгүй. Гоо сайхны бүхий л талыг хөгжүүлж чадахуйц төрөл учраас эмэгтэй хүнд их хэрэгтэй. Гэхдээ жүжиглэхийнхээ хажуугаар өөр мэргэжил давхар эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Түүнийгээ одоохондоо нууцалчихья.
-Фото модель хүнд тавигдах шаардлага өндөр байдаг байх?
-Тийм шүү. Фото модель хүний арьс, үс хоёр л хамгийн гоё байх ёстой. Бас жүжиглэлт, нүүрний хувиралт чухал. Тиймээс нүүр царайны хэлбэр тэгш байх ёстой гэдэг.
-Дотуур хувцас ч юм уу, чөлөөт загварын хувцас өмсч зургаа авахуулдаг уу?
-Одоохондоо авахуулах болоогүй байх. Энэ чиглэлээр мэргэшсэн хойноо бусад фото моделийн адил иймэрхүү төрлийн зураг авахуулж болно.
-Зураг авалтын үед нүүр будалт, үс засалтаа хэнээр хийлгэдэг вэ?
-Өөрөө хийдэг. Хүнээр хийлгэснээс илүү чадахгүй байсан ч гэсэн өөрөө энэ бүхнээ хийх нь арай дээр санагддаг. Үс, зүсээ өөрөө янзалж тоглосон реклам, клипээ дараа нь үзэхээр гоё л харагддаг шүү дээ. Фото модель хүн энэ бүхнийгээ өөрөө хийж чаддаг байх хэрэгтэй.
-Тэгвэл энэ чиглэлээр ажиллаад хэр удаж байгаа юм бэ?
-Би фото зураг авахуулахаас илүү олон реклам, клипэнд тоглосон. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн“Асуудал” дууны клип, “Скайтел” компанийн рекламанд тоглолоо. Хүн болгон биеийнхээ өөтэй хэсгийг далдалж зургаа авахуулбал илүү гоё гарна. Би одоогоор арай л туранхай байгаа болохоор хөлийнхөө зогсолтод их анхаардаг. Ажлаас бусад үед би янз бүрээр хувцаслах дуртай. Сонирхсон стилиэрээ өөрийгөө танигдахгүй болтол нь өөрчлөхийг хүсдэг. Ямар нэгэн загварт баригдах дургүй гэх үү дээ. Хөгжмийн урсгалаас поп дуу голдуу сонсдог. Бас хип хоп ч дууг ч дагаад үглэчихнэ шүү.
-Хөгжилтэй ч гэмээр мөртлөө амьдралд байж болохуйц асуудалтай тулгарсан ээж охин хоёрын дүрийг чадварлаг бүтээсэн байна лээ. Үнэхээр өөрөө дуулсан юм уу?
-Хүмүүс энэ талаар их асуудаг юм аа. Үнэндээ миний дуулах хэсгийг жүжигчин Ч.Ундрал дуулсан юм билээ. Харин би“ам барьж” дуулсан гэх үү дээ. Их хэцүү юм. Би дуулсан гэх хэцүү, бас дуулаагүй гэх нь хаашаа юм.
-Дуулах авьяастай юм уу?
-Энэ тал дээр өөрийгөө сорьж үзээгүй ээ. Жүжигчний мэргэжлийн хажуугаар дуулах авъяасаа сорихыг хүсдэг. Зуныхаа амралтаар дууны дугуйланд суралцаж, хоолойгоо хөгжүүлнэ.
-Чамайг дуучин Т.Ариунаа өөрөө сонгосон юм уу?
-Би“Кросс” энимейшн студитэй хамтарч ажилладаг учраас намайг Т.Ариунаа эгчтэй нүүр царайгаараа их төстэй, жүжиглэж чадах, өөртөө итгэлтэй гэх зэргээр сонгосон гэсэн. Т.Ариунаа эгч ч гэсэн их сайхан хүлээж авсан. Бусад хүн түүний талаар их ярьдаг шүү дээ. Миний хувьд, их илэн далангүй, нийтэч зантай нээлттэй хүн шиг санагдсан. Хүнд их сайн энерги өгдөг. Биеэ авч яваа байдал болон үг яриа нь таалагдсан.
-Тэгвэл чи өөрийнхөө ээжтэй тэгж илэн далангүй байж чаддаг уу?
-Чадна аа. Ээж маань намайг загвар өмсөхийг дэмждэг. Бид юугаа ч нууж хаалгүй, маш дотно харилцдаг. Би нэгдүгээр ангиа төгсөөд Солонгосын Ожимбү хотын Чудан Хакү гэдэг охидын сургуульд сурсан. Тэгэхдээ бүр шууд дөрөвдүгээр ангид нь орчихсон гээч. Ерөнхий шалгалтанд нь тэнцсэн учраас хоёр жил суралцсан. Хоёр анги алгасч сурчихаад эх орондоо ирсэний дараа“Ухааны оньс” сургуульд орж, 16 настайдаа төгсөх ангийн сурагч болсон доо.
-Реклам, клипнээс хангалттай мөнгө олж чадаж байна уу?
-Чаддаг. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж чадвал шагнал урамшуулал нь аяндаа болох биз. “Чанар дагаж үнэ” гэдэг шиг хийсэн ажил маань сайн байвал урамшуулал өгч байгаа хүн ч гэсэн сэтгэл хангалуун үлдэнэ шүү дээ.
-Загвар өмсөгч охидын талаар хүмүүс ам муутай байдаг юм билээ. Яагаад тэр юм бол?
-Зарим охид шөнийн клуб, диско бааранд их ордог болохоор тэр байх. Гэхдээ хэдхэн хүнийг харчихаад цаана нь байгаа бусад загвар өмсөгчийг хамруулж ойлгож болохгүй. Тэднийг гаднаас нь дүгнэхээс илүү харьцаад үзэх хэрэгтэй. Өөрийгөө загварын ертөнцөд сорьж, гоо сайхандаа анхаарах хүсэлтэй охид байхад бодол санаа нь буруу тийшээ эргэсэн хүмүүс ч мэр сэр бий. Загвар өмсөгчид хоорондоо их өрсөлдөөнтэй байдаг. Бие биенээсээ дээгүүр гарах гэж үргэлж өрсөлдөнө. Хамгийн гол нь, зөв өрсөлдөөн. “Муу найзаас илүү сайн дайсан дээр” гэж үг хүртэл байдаг шүү дээ. Би юм юм руу үсчсэн хөнгөмсөг охидод үнэхээр дургүй. Өөртөө эзэн болж, өөрийнхөөрөө байж чадвал өрсөлдөөнд ялах, ялагдах нь огт хамаагүй.
-Чамд тийм айхтар өрсөлдөөн цөөнгүй удаа тулгарч байсан байх нь ээ?
-Тийм ээ. Энэ наадамд оролцож байсан охидын зүгээс иймэрхүү зүйл ажиглагдаж байсан. “Чи шагнал авч чадахгүй ээ. Би л авч магадгүй юм” гэх зэргээр сэтгэл санаагаар унагах гэж их оролдох нь их инээдтэй санагддаг байсан. Шагналын төлөө биш, өөрийгөө сорьж үзэх гэж оролцсоныхоо төлөө элдвээр хэлүүлэх үе бишгүй л таарсан. Бүр олны танил болж байгаа шинэ загвар өмсөгч, миссүүд хүртэл тэгж атаа жөтөө гаргаж байсан шүү. Гэхдээ тэр их өрсөлдөөн дунд зөв бодолтой, сэтгэл нь өөдрөг байхад бүх зүйл бүтнэ гэдгийг л мэдэрсэн.
-Спортоор хичээллэдэг үү?
-Шатар, даам болон усан спортоор хичээллэдэг.
-Моделиуд ихэвчлэн урт үстэй байх юм. Ажлын онцлогоос болоод тэр үү?
-Монгол хүнд хэт богино үс зохихгүй байх. Ялангуяа охидод. Нүүрний хэлбэр, арьсныхаа өнгөнд тохируулаад засалт хийлгэж болно. Надад лав урт үс таалагддаг. Би энгийн үедээ үсэндээ иллэг хийж, нүүрээ будаггүй байлгахыг зорьдог. Гэрийн нөхцөлд арьсандаа тэжээл өгөх арчилгаа хийдэг.
-Найз залуутай юу. Үргэлж завгүй байхаар гэрийнхэн чинь хэр хүлээж авдаг бол?
-Байхгүй ээ. Энэ тухай бодох зав ч гардаггүй. Ажил маань ар араасаа ундраад… Реклам, клипний зураг авалт ихэвчлэн шөнө хийгддэг болохоор гэрийнхэн маань эхэндээ дургүй байсан. Харин хийсэн ажлыг маань үзчихээд овоо ойлгосон байх. Ямар гадуур сэлгүүцээд явж байгаа биш. Өөрийнхөө төлөө, ирээдүйдээ дусал ч гэсэн хувь нэмэр оруулах гээд зүтгэж байхад. Зарим охид ар гэрийнхнээсээ болоод ийм ажил хийж чаддаггүй юм билээ. Энэ мэтээс болоод загварыг орхисон охидын өмнөөс их харамсдаг. Өөрийнхөө сонирхсон зүйлд зүтгэх л хэрэгтэй шүү дээ.
-Мино гэсэн нэрнийхээ тухай тайлбарлаач?
-Гэрийнхэн болон найзууд маань тэгж дуудсаар байгаад дасчихсан. Нэрний минь үсгийн байрлалыг сольчихсон байгаа биз.