хэрхэн ашиглахыг нь зааж өгдөг, хэрэгтэй үед үргэлж дэргэд тань байдаг хамтрагчтай байна гээд төсөөлөөд үз дээ. Та өөртөө их л сэтгэл хангалуун байх байсан байлгүй.
Тэгвэл тэр хамтрагч чинь таны дотор оршиж байна. Түүнийг зөн совин гэдэг юм. Бизнесмэн, уран бүтээлч, улс төрч, тамирчин гээд бүх агуу хүмүүс өөрийн зөн совиндоо итгэдэг юм. Зөн совингийн зааж өгсөн арга ухааныг хэрэгжүүлэх чадвар нь тухайн хүний өөрийн дотоод “Би”-гээ хэрхэн хөгжүүлсний илэрхийлэл болдог.
Хөгжмийн зохиолч Моцарт “онгод нь дотроосоо ундардаг” гэж хэлдэг байсан бол Сократ ч бас дотоод дуу хоолойдоо захирагддаг гэдэг байсан. Түүнчлэн Эйнштейн, Томас эдисон, Маркони, Генри Форд, Лютер Бютбенк, мадам Кюри гээд энэ жагсаалтыг амжилтынхаа нууцыг зөн совинтойгоо холбодог байсан олон хүний нэрээр үргэлжлүүлж болно.
“Харвард бизнес ревью” сэтгүүлийн тоймч Хенри Минцберг төрийн томоохон алба хашдаг түшмэлүүд, амжилттай яваа бизнесмэнүүдийг хамруулсан санал асуулга явуулахад тэдний ихэнх нь бэрхшээлтэй асуудлуудыг зөн совингийнхоо тусламжтайгаар шийдвэрлэдэг гэсэн байна. Тэгээд “Амжилтын нууц бол ухамсарт логик сэтгэлгээг хүчит зөн совинтой хослуулсанд байдаг юм байна” гэсэн дүгнэлтийг хийжээ. CNN-ийг үндэслэгчдийн нэг, дэлхийн тэргүүн баячуудын тоонд ордог, тэрбумтан Тед Тернер ч бас энэ үзлийг дэмждэг юм.
Конрад Хилтон нэгэн дуудлага худалдаанд оролцохдоо нэг хувьцаанд 165.000 ам.долларыг санал болгосон ч шөнө нь зүүдэндээ 180.000 гэсэн тоог харжээ. Тэгээд өглөө нь босоод үнийн саналаа 180.000 болгон өөрчилж түрүүлсэн байдаг. Маргааш нь түүний дараах санал 179.000 байсныг мэдсэн байна. Тэрээр энэхүү хувьцаагаа хожим 2 сая доллараар зарсан гэдэг.
Зөн совингийн асуудлыг судалдаг эрдэмтдийн тооцоогоор тархины хүлээн авч байгаа мэдээллийн 1 хүрэхгүй хувь нь бидний ухамсарт хүрдэг юм байна. Эндээс бид үнэхээр их зүйлийг алдаж байдаг нь харагдаж байна.
ЗӨН СОВИНГИЙН ХАРИУГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
Бэлтгэл
Таны сонирхлыг татаж байгаа зүйлийнхээ талаар бүх мэдээллийг цуглуул. Ямар ч мэдээлэл байсан бүү гол. Таны зорилго бол огт өөр хоёр зүйл хоорондоо холбогдох хүртэл ерөнхий дүр зургийг тодорхой харуулахуйц мэдээлэл цуглуулах явдал юм. Тиймээс мэдээллийн далайд шумбан ор, түүнийг логик сэтгэлгээгээр холбох гэсний хэрэггүй. Энэ бол далд ухамсрын ажил.
Боловсрох нь
Бэлтгэл үе идэвхтэй байхыг шаарддаг бол боловсрох явц тайван өрнөдөг. Энэ үед таныг ажлын тухай бодож байгаа эсэхээс үл хамааран, далд ухамсар ажиллаж байдаг. Ямар нэгэн зүйлийн талаар бодолгүй, тайван байх үедээ хүн далд ухамсрын зөвлөгөөг хүлээн авах нь илүү хялбар байдаг юм. Яаж зөв шийдвэр гаргах вэ гэж үргэлж бодох нь эсрэг үр дүнд хүргэх нь бий.
Зөн совингийн сэргэлт
Онц их чармайлт гаргалгүйгээр зөн совингоо сэргээж, сонирхсон асуултынхаа хариуг олж авах гурван аргыг дор сийрүүллээ.
Нэгдүгээр алхам: Хэдэн минутын турш асар их хүч чадалтай далд ухамсрынхаа тухай бод. Танд тулгарч буй асуудлаас гарах хамгийн зөв шийдвэрийг тэр олж чадна гэдэгт та итгэ. Далд ухамсар хэмээх асар хүчтэй хамтрагч байдгийг ухамсартаа байнга сануулж байх хэрэгтэй.
Хоёрдугаар алхам: Далд ухамсраасаа юу хүсээд байгаагаа тодорхой илэрхийлэх хэрэгтэй. Энэ үедээ таны далд ухамсар таны төлөө ажиллаж байгаа гэж өөртөө хэд хэдэн удаа давтан хэлээрэй. Боломжит хариуг олох гэж хичээх хэрэггүй. “Одоо миний далд ухамсар надад хариуг нь хэлж байна” гэхчлэн тэр таны төлөө ажиллаж эхэлсэн мэтээр итгэлтэй ярь. Үйл явц эхэлснийг мэдрэхийн тулд өөртөө дор хаяж, 10 удаа давтан хэл.
Гуравдугаар алхам: Тайвшраад, уураг тархиа итгэлтэй байдлаар дүүргэ. Итгэл найдвар зүгээр нэг мэдрэмж биш, харин эрчмийн хэлбэлзэл гэдгийг мартаж болохгүй. Энэ хэлбэлзэл нь соронз төмрийг татах мэт зөв шийдвэрийг татах болно. Өөрөөр хэлбэл, тархи зөв шийдвэрийг олно гэсэн итгэлтэй байвал зөв хариу өөрөө татагдан ирэх юм. Та зөв шийдвэрийг олсон үедээ яахаа төсөөлөн бод. Үүнийгээ одоо мэдэр. Гэхдээ хэт их хичээх хэрэггүй.
Энэ гурван алхмыг хийхэд 5-10 минут л зарцуулна. Гэхдээ орой бүр унтахынхаа өмнө хийх хэрэгтэй. Сэрүүн байдлаас унтахын хоорондох үе бол ухамсарт нөлөөлөх хамгийн тохиромжтой үе юм.
Мэдээлэл авах
Заримдаа хариу бодол санаа мэдрэмж хэлбэрээр таныг ер хүлээгээгүй байх үед ирдэг. Өглөөний хоолны үеэр ч юм уу машин жолоодож байх үед эсвэл дотоод дуу хоолойны хэлбэрээр ч байж болно. Эдгээр мэдээллийг таньж унших чадвар шууд бий болдоггүй.
Та шувуу сайн мэддэг хүнтэй ойгоор зугаалж байна гэж төсөөлөөд үз. Таныг ганц шувуу олж харж байхад тэр арваадыг олж харсан байх вий. Түүний нүд юу олж харах ёстойгоо, чих нь ямар чимээ олж сонсохоо мэдэж байдаг. Зөн совин үүнтэй адил. Дасгал хийх тусам булчин илүү хөгждөгтэй адил зохих анхаарал хандуулж, итгэснээр зөн совингоо хөгжүүлдэг юм.
Зүүд нойрон дунд зөн совингийн мэдрэмж ирэх нь элбэг тохиолддог. Канадын нэрт эмч Фредрих Бантинг инсулины химийн найрлагыг зүүдэндээ нээсэн байдаг. Удаан хугацааны турш түүнээс тойроод байсан томъёог гаргаж авахын тулд хийх ёстой бүх үе шатууд тун тодорхой зүүдлэгдсэн гэдэг. Оёдлын машиныг зохион бүтээсэн Элиас Хоу олон жилийн турш ганц жижиг шийдлийг олж чадахгүй гацаад байсан юм. Гэтэл нэг шөнө зэрлэг хүмүүсээр хүрээлүүлчихсэн, тэдний жадны үзүүрт нүх байна гэж зүүдэлсэн байна. Өглөө нь тэрээр зүүний үзүүрт нүх гаргах хэрэгтэй гэсэн итгэлтэйгээр сэрсэн юм. Ийнхүү энэ жижигхэн шийдэл оёдлын машиныг бүтээхэд том нэмэр болжээ. Энэ мэтчилэн далд ухамсар өөр өөр аргаар мэдээллийг өгдөг боловч үүсэх мэдрэмжээр нь таньж болно. Өөрөөр хэлбэл, “Яг зөв” гэсэн баяртай мэдрэмж үүнийг бусад бодол санаанаас ялгаж өгдөг.
Зөн совинд нээлттэй болох
Та зөн совинг өдөр тутмын энгийн зүйл мэтээр ойлгож, хүлээн авч сурах юм бол заавал илэрч, ач тусаа өгөх болно. “Би энэ асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй юм байна.”, “Энэ асуултын хариуг олоход хэцүү юм байна.” гэсэн санаа бодол нь зөн совинд “санаа зовох хэрэггүй, амарч бай.” гэсэн тушаал өгсөнтэй адилхан юм.
Би шөнөдөө далд ухамсартайгаа сайн найзтайгаа ярьж байгаа юм шиг ярьж, миний төлөө юу хийх ёстойг нь тодорхой хэлж өгдөг. Тэгээд бүх зүйл бүтнэ гэсэн итгэлтэйгээр тайван унтдаг. Тэгээд л бүх зүйл бүтдэг юм даа. Та ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй.
“МИНИЙ ДАЛД УХАМСАР БОЛ АМЖИЛТАД ХҮРГЭХ ХАМТРАГЧ МИНЬ ЮМ”
Энэ хэллэг нь3 түлхүүр ойлголтоос бүрдэж байна.
1. “миний далд ухамсар ...” үүнийг хэлснээр та далд ухамсар байдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.
2. “...миний хамтрагч ...” хамтрагч гэдэг бол зорилгодоо хүрэхийн тулд тантай гар нийлэн ажилладаг гэсэн утгыг агуулдаг. Ямар ч тохиолдолд та ганцаараа биш, тантай хамт итгэж найдаж болох, оновчтой санаа өгөх хамтрагч тань байгаа.
3. “... амжилтад хүрэхэд ..." Амжилт нь юунд хүрэхийг тэмүүлж байгааг тань илэрхийлэх нийтлэг утгатай үг. Энэ үгийг зүгээр давтахад зорьсондоо хүрэхэд тань туслах эрчмийн давалгаа үүсдэг.
Хурдан шийдвэр гаргах үед юу хийх ёстой вэ?
Заримдаа маш хурдан шийдвэр гаргах шаардлагатай үе тохиолддог. Ийм тохиолдолд дараах аргыг хэрэглээд үзээрэй. Биеэ суллан, гүнзгий амьсгаа аваад, хэд хэдэн удаа мөрөөрөө тойрог хөдөлгөөн хий. Тайвширсан байгаагаа мэдэр. Уураг тархиа тайвшруулаад, “Би дандаа зөв шийдвэр гаргадаг” хэмээн итгэлтэйгээр 10 удаа давтан хэл. Хамгийн сүүлийн удаа хэлээд, шууд шийдвэрээ гарга. Ийм аргаар та логик сэтгэлгээг гэтлэн, далд ухамсраас хариугаа авах юм. Танд орж ирсэн эхний бодол л шийдвэр чинь болно.
Бидний амьдрал элдэв нууц зөрчилдөөнөөр дүүрэн байдаг. Тийм болохоор далд ухамсартаа найдаж байх хэрэгтэй. Энэ нь тогтсон үзэл бодлоос гадуур шийдвэр гаргахад тань тус болдог.
Эх сурвалж: Жон Кехо “Далд ухамсар бүхнийг чадна”