2011-07-25Америкт амьдардаг хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийг Монголд ирээд байхад нь уулзахаар аавынх нь гэрийг
буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийнхийг зорьсон юм.
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг, загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг гээд гурван сайхан охинтой айлын ганц хүү нь С.Сансаргэрэлтэх. Тэрээр хөгжим тоглож сурахаасаа өмнө зурж сурсан гэнэ. Аав ижий хоёр нь нэр төртэй сайхан амьдарч яваа хүүхдүүдийнхээ бага балчиртаа зурж байсан зураг, хожим оролцож байсан уралдаан тэмцээний мандат, шагнал урамшуулал, тоглолтын зарлал, тасалбар зэргийг нямбай гэгч нь хадгалжээ. Бүгдийг нь нэгтгэж байгаад үзэсгэлэн гаргавал нэг байтугай нэлээд хэдэн өрөөг эзлэхээр юм байна.
Төв Азийн миссийн титэм, “Идэр жавхлант” өргөмжлөлт миссийн тууз, С.Сансаргэрэлтэхийн зурсан хөгжмийн зохиолчдын хөрөг, олонхи нь бурхны оронд заларсан Монголын хөгжмийн зохиолчдын гэрэл зураг гээд хүний амьдралын нэг байтугай үеийн түүхийг өгүүлж, гэрчлэх сонирхолтой материал зөндөө байв.
Сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг хөгжим гэж тодорхойлбол хүмүүний амьдрал тэр чигээрээ хөгжим аж. Тэгвэл амьдралаа хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй, үнэндээ ч ийм боломжгүй гэр бүл Ч.Сангидоржийнх. Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Монголоос анх хөгжмийн зохиолч мэргэжлээр алдарт С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Э.Чойдог агсан нар төгсчээ.
Төгөлдөр хуурчаар С.Эрдэнэчимэг 1960-аад оны үед сурч төгсөн Монголын анхны мэргэжлийн төгөлдөр хуурч болсон түүхтэй. Харин олон жилийн дараа алтан Москваг тодруулбал П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс С.Саянцэцэг, С.Сансаргэрэлтэх зорьж, амжилттай суралцан төгсч, өдгөө дэлхийн олон оронд Монголын нэрийг дуурсгаж яваа.
Нийгмийн амьдрал хүнд хэцүү, картын бараанд шилжсэн 1990-ээд оны эхээр будаг нь ханхалсан залуу мэргэжилтнүүддээ манай улс хийх ёстой ажлыг нь өгч чадалгүй гадагшаа “алдчихсан”. П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн С.Саянцэцэг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн С.Сансаргэрэлтэх нарыг Москвад сурч байхад тухайн үеийн гуравдагч орны оюутнууд “Танайх их баян байх” гэж асуудаг байж. Тэд “Тийм” гэж хариулна. Учир нь гуравдагч орны оюутнууд жилд 7000 ам.доллар төлж сурдаг. Гэтэл мань хоёр тухайн үедээ улсын зардлаар сурч байжээ. Харин сүүлд өөрчлөн байгуулалтын дараах үед эгч нь төгсөөд явчихсан, С.Сансаргэрэлтэхийн сурч байсан анги төлбөртэй болох нь тэр.
Монголоос төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр сурч байгаа ганц оюутандаа өөрийн хүү шигээ хайртай Альберт Леман багш нь хөөцөлдөн байж, сургалтын төлбөрийн хувь хэмжээнд хөнгөлөлт үзүүлэхээр хамгаалж үлджээ. Хожим нь С.Сансаргэрэлтэх ачлалт багш Альберт Леманыхаа дурсгалд зориулан “Багшийн тухай гурван өгүүлэл” хөгжмийн зохиол бичсэн бөгөөд Испани, ОХУ, Польш, Хятадад бие даасан концерт хэлбэрээр тогложээ. Тоглолт бүрээ багшийнхаа гэгээн дурсгалд зориулсан байна.
Эгч дүүсийн хөгжимтэй холбогдсон амьдралын зам шулуун дардан байгаагүй. Хаанаас ч юм бэ, хэн нэг нь атаархан хорсч, хойшоо сургуульд явах хуваарийг нь булаахаар оролдож, ар өврийн хаалга хэрэглэж байсан ичгүүртэй түүх ард үлджээ. Хэрэв тэр үед авьяаслаг эгч дүүсийн хувь тавилан ээдэрсэн бол амьдралынх нь тойрог хаашаа эргэх байсныг хэн ч одоо хэлж мэдэхгүй.
Гэгээн сайхан дурсамж ч тэдний амьдралд зөндөө бий. Аав, охин, хүү гурвуулаа Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны шавь нар. Ч.Сангидорж гуай хоёр ихрийнхээ нэг Ихэрцэцэгийг хөгжмийн зохиолч болгоё гэж бодсон ч С.Гончигсумлаа багш нь “Би хоёр хүүхдийг чинь сургаж өглөө. Дахиад хүүхэд авч ажиллаж чадахгүй. Би ер нь ядраад байх боллоо” гэж хэлж байжээ. Төд удалгүй бурхны оронд заларчээ, багш нь.
Ч.Сангидорж гуай “Хоёр ихэр маань загвар өмсөгчид болцгоосон. Нэг нь Төв азийн мисс болсонд урамтай сайхан л байдаг. Миний ихрүүд хоёулаа хөгжмийн авьяастай. Ижилээ оргилуун, Ихэрээ уянгын хөгжим тоглох дуртай” хэмээн үе үе ярих. Үнэндээ мань эр загвар Монголд хүч түрэн орж ирээгүй бол хүүхдүүдээ бүгдийг нь хөгжмийн зохиолч болгочихож мэдэх л байсан. Хөгжим бүжгийн дунд сургуульд хоёр томыгоо хүргэж өгч аван, багш нартай нь жинхэнэ “тулалдаж” байсан хүн аав нь. Энэ айл хоёр С.Ихэрцэцэгтэй байжээ. С.Саянцэцэгийн дараа 1967 онд төрсөн охиноо хатгаагаар алдчихаж. “Одоо байсан бол сайхан охин болсон доо” хэмээн сэтгэлийн угтаа үе үехэн хөндүүрлэх. Дараа нь хоёр ихэр охин төрөхөд “Эгчийнхээ амьдралаар амьдраарай” хэмээн нэгэнд нь Ихэрцэцэг гэдэг нэр өгчээ.
С.Сангидорж гуайнх энгүүн сайхан айл. Эхнэр нь цонхныхоо тавцан дээр багтахгүй их цэцэг тарьжээ. “Хүүхдүүдээ зовоогоод яахав” гэсэндээ гадаадаас нэг их зүйл захиж авчруулдаггүй аж. Хүүхдүүдээ бага байх үед эднийх гурван төгөлдөр хууртай байсан гэж нэг танил нь ярьж байсан. Хүүхдүүд эдгээр төгөлдөр хууран дээр хөгжмийн хичээлээ давтдаг байжээ. Харин одоо ганцхан хаан хуур л харагдах шиг болсон. Өөр газарт хадгалж, эсвэл зарж үрсэн байх.
“Та хүүхдүүдээ Монголд ирээсэй гэж бодож байна уу” гэхэд Ч.Сангидорж гуай “Энд ч эд ирээд юугаа хийх вэ. Залуу хүн бусад оронд амьдрахад яах вэ дээ. Бид мэтийн хөгшчүүл бол идээшихгүй. Харин энэ хөгшин Америкт байхдаа дуртай. Бүр өнгө зүс ороод улам сайхан болоод байх шинжтэй” хэмээн гэрийнхээ хүнийг цаашлуулав. Тэгснээ үнэн учраа хэлж “Хоёр сараас илүү тэсэхэд хүндрэлтэй. Хоолонд нь идээшихгүй. Таних айлгүй, ууя, аяга тагш юмаа хуваах найз нөхөдгүй газарт би яаж ч идээших билээ. Ер нь Америкт ч, Испанид ч адилхан” гэв.
Хүү нь багадаа ямар хүүхэд байсныг асуухад “Зураг их зурдаг. Бага зэрэг мартамхай хүүхэд байсан” гэнэ. Тэгээд дэлхийн №1 морин хийлч Ёо Ёо Магийн Монголд зарласан уралдаанд төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, С.Сансаргэрэлтэх нарын хөгжмийн зохиол шалгарч, Бельги, Голланд, Норвегид тоглогдсоноор Америк руу чөлөөтэй гардаг болсон гэлээ.
“Аавынхаа буянаар хүүхдүүд нь Америкт боловсрол эзэмшиж байгаа Монгол хүүхдүүд. Гэм нь хэл мэдэхгүй “товарищ”- ууд. Ер нь ач зээ нар маань бүгдээрээ Америк, Испанид амьдарч байгаа. Томууд нь Монгол хэлийг жаахан гадарлана. Жижгүүд бүр “а” ч үгүй” гээд “Уулзах гэж ирсэн хүнтэйгээ л уулз” хэмээн олон зүйл ярихаас цааргалав.
Ингээд Хятад, Испани, ОХУ, Польш, Америкт өөрийнхөө концертыг тоглож, Норвеги, Бельги зэрэг олон оронд зохиол нь тоглогдсон С.Сансаргэрэлтэхтэй эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм.
МОНГОЛЧУУД Л ӨӨРСДИЙГӨӨ АВАРНА
-С.Сансаргэрэлтэх гэдэг хөгжмийн зохиолчийг төрүүлэхэд аавын нөмөр нөөлөг байсан нь мэдээж байх?
-Хүүхэд анхнаасаа шууд хөгжимд дурлах нь ховор байдаг. Хөгжмийг сурна гэдэг маш их хатуужил тэвчээр, дарамт шахалтад орж байж гадарладаг болно. Амьдралд тохиолдох гуниг зовлон, баяр баясгалангийн зах зухаас ойлгоод ирэхээр мөн жаахан юм сурч, боловсроод ирэхээр хүүхэд юуг бодож, анзаарах ёстой вэ гэдгийг мэдэрч эхэлдэг. Тэр болтол их хугацаа шаардагдана. Тиймээс би 6-7 настайгаас хөгжимд дурласан. Гэхдээ өөрөө дурласан гэж хэлэхгүй. Манай аав дөрвөн хүүхдээ дөрвүүлэнг нь хөгжимд оруулсан. Бид анхнаасаа л аавын хатуу шаардлагын дор хөгжмөө давтдаг байлаа. Тэгээд сүүлд амьдралыг үзэх үзэл маань төлөвшөөд ирэх үедээ хөгжим бол агуу зүйл юм байна шүү гэдгийг илүү ойлгож ирсэн л дээ.
-Хэрэв та хөгжмийн зохиолч болоогүй байсан бол?
-Би зураач болох байсан.
-Яагаад?
-Би хөгжмөөс түрүүлж зурж байсан. Өөрийнхөө хүсэл сонирхлоор би нэлээд эрчимтэй зурдаг байсан. Одоо ч гэсэн би зав гарахаараа зурж л байдаг.
-Зураач мөн хөгжмийн зохиолч хүний онгод яаж ордог юм бол?
-Онгод гэдэг чинь тийм тусгай зүйл биш. Хэт их гуних эсвэл баярлах үед хүн түүнийгээ илэрхийлэх шаардлага гардаг. Үүнийг л онгод орох гэж ярьдаг. Тэр үед яруу найрагч хүн гоё шүлэг бичиж, зураач хүн сайхан зурж, хөгжмийн зохиолч хүн шинэ хөгжим бичих жишээтэй. Гагцхүү үүнийгээ илэрхийлэх чадвар, боловсролыг хэр эзэмшсэн бэ гэдгээс шалтгаалж, уран бүтээл янз бүр төрдөг. Магадгүй, нот бараг мэдэхгүй шахуу хүнд үнэхээр их авьяас байж болно шүү дээ. Тиймээс сайхан ая зохиож болно. Гэхдээ түүнийгээ цааш нь хөгжүүлж, мэргэжлийн хэмжээний хөгжмийн зохиолч болоход боловсрол шаардлагатай шүү дээ. Ингэж хөдөлмөрлөж, өөрийгөө цааш нь хөгжүүлэхгүй бол тухайн хүн ая зохиогчийн хэмжээнд л үлдэнэ шүү дээ.
-Энэ сарын эхээр Норвегийн нэрт удирдаач Тэржэ Миккелсэн Монголд ирэн эгчийн тань “Хаан хөгжмийн үдэш” тоглолтыг мөн таны “Цэвэр тунгалаг-ногоон Улаанбаатарын төлөөх дуудлага” тоглолтод зориулан бичсэн “SOS” бүтээлийг удирдсан. Бас л сонирхолтой. Харин та “SOS” бүтээлээ бичихдээ зургаар бол юуг төсөөлж байв?
-Би хөгжим бичиж байхдаа кино ч юм шиг, зураг ч юм шигээр төсөөлж өөрөө түүн дотроо орж явах дуртай. “SOS” маань усны дуслаар эхэлдэг. Шилэн хорго доогуураа задарч ус нь дуслан урсч байгаагаар дүрсэлсэн. Дотор нь нэг загас хэзээ ус дуусахыг мэдэхгүйгээр сэлж байгаа. Нэг өдөр мөнөөх загас хатаж үхнэ гэдгээ мэдэхгүй байгаа шиг Монголчууд нүүрлэх аюул зовлонг мэдэхгүй байна. Би Монголоо тэр загасаар төсөөлөн дүрсэлсэн юм. “SOS” бүтсэн түүх нь анхнаасаа Дэлхийн банк Монголын байгаль орчны сүйрэл, ялангуяа, Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор бид тоглолт хийх гэж байгаа юм. Түүндээ нэг Монгол зохиол оруулмаар байна гээд намайг сонгосноо хэлсэн. Би ч их баярласан. Гадаадад амьдарч байгаа ч Монгол миний эх орон. Энд миний аав ээж амьдарч байна. Хэзээ нэгэн цагт миний хүүхдүүд энд ирж амьдарна. Би ч гэсэн ирнэ. Эх орон гэдэг заавал дотор нь амьдарч, энд хоёр тоосго өрөхдөө байдаггүй. Би тэнд ч гэсэн эх орныхоо хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа. “SOS” бүтээл маань эх орон маань үнэхээр аймшигтай байдалд орчихсон байхад би зүгээр сууж болохгүй гэсэн сэтгэлээс төрсөн.
Симфони найрал хөгжим рок хамтлагтай зохиол тоглож байсан эсэхийг би сайн мэдэхгүй. Нотолж, сонгодог хэлбэрээр тоглогдсон. Хийлийн гоцлолтой. Дээгий тоглосон. Дээр нь анх удаа би рок хамтлагийг дотор нь оролцуулж хийсэн. Яагаад гэвэл, хард рок урсгал эсэргүүцлийг илэрхийлж чаддаг. Тиймээс гитарын их өндөр дуу авиа нь эсэргүүцлийг илэрхийлэхэд надад их дөхөмтэй санагдсан. SOS маань “Бидний хөлөг онгоцыг авраач” гэсэн дохио бүхий морз л доо. Түүнийг нь би сольчихсон юм. Англиар “Өөрөө өөрсдийгөө аваръя” гэж нэрлэсэн. Өнөөдөр байгалийг ухаж хаяад, нулимчихаад явж байна. Энэ бүгдийг хүмүүс “За өнгөрсөөн” гээд хаявал бүгд дуусна шүү дээ. Тиймээс хэн нэг нь дуугарч байвал жаахан ч гэсэн сэхээ орно.
БИ ДҮҮ НАРЫНХАА ӨМНӨӨС АСУУЛТАНД ЧИНЬ ХАРИУЛАХГҮЙ
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээ хөгжмийн мэргэжилтэй болгох уу. Гадаадад хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлсэн хөгжмийн зохиолчид хэр олон байдаг вэ?
-06-18 насны нэг охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдээ хөгжимд дуртай болгож байгаа. Түүнээс биш яг хөгжмийн мэргэжил эзэмшүүлнэ гэж шийдээгүй байгаа. Ер нь олон хөгжимчин хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэхээс татгалзсан байдаг. Мөн олон хүн хүүхэддээ хөгжмийн мэргэжлээ өвлүүлж чадсан байдаг юм. Тухайлбал, манай аав байна шүү дээ.
-Зарим хүн гадаадад олон жил амьдарсан Монголчуудын сэтгэлгээ харьчлагдаж байна гэж ярьдаг. Тэгэхээр гадаадад олон жил амьдарсан хүн Монголчуудаа эргээд харахад хэлэх үг бас байдаг байх?
-Монгол хүн гадаадад нэлээн сайн ажиллаж чаддаг, удирдах хүмүүстээ үнэлэгддэг, хамгийн их хариуцлагатай, гүйлгээ ухаантай гэдгийг олон жилийн турш олж харсан. Нүүдэлчид хаа газрын байгаль, хоолонд дасдаг. Мөн сахилга батгүй, хэтрүүлж уух зэрэг сул талаас нь үүдээд асуудал үүсдэг. Харин Монголд ирээд харахад нийгэм хуулиараа зохицуулагдаж чадахгүй байна. Бүр хуульгүй ч юм шиг сэтгэгдэл төрдөг. Тухайлбал, миний өмнүүр явган зорчигч өнгөрч байхад арын машин чөлөө самбаагүй сигналдаад байгаа нь “Наадахыгаа дайраад өгөөч ээ” гээд байгаа юм шиг эвгүй санагдсан. Машин унана гэдэг өөрийн амьнаас гадна бусдынхыг хариуцаж байгаа шүү дээ. Монголд хүн болгон дураараа авирлаж байна. Монголд иргэн хүн өөрийн дуртай өнгөөрөө байшингийнхаа дээврийг буддаг бол Америкт манай энэ мужид, энэ хотод дээврийг ийм өнгөөр будах хуультай. Хаалгыг ийм дөрвөн өнгөнөөс сонгож будна. Үүнийг зөрчвөл торгууль тавина, тэгээд будагчин ирж хаалгыг чинь будна, хөлсийг нь та төлнө гэдэг. Ийм дэгтэй байж нийгэм хуулийн шийтгэлээс айдаг, бие биеэ хүндэтгэдэг болно.
-Эгч, дүү нартайгаа хэр холбоотой байна?
-Холбоотой байлгүй яах вэ, байнга. Зүрх сэтгэл, хайр, утсаар холбогдож, биечлэн уулздаг.
-С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг хоёр маань хаана, юу хийж явна вэ?
-Нэг нь Америкт, нөгөө нь Испанид амьдарч байна. Аль аль нь хүний дайтай ажиллаж, амьдарч байна. Би дүү нарынхаа өмнөөс тэр нь тийм ажил, энэ нь ийм ажил хийж байгаа гэж ярихад хаашаа юм. Миний мэдэхээр өөрсдийнхөө мэргэжлээр хичээл заагаад явж байгаа. Хэдий миний дүү нар ч гэлээ хүний өмнөөс хүний амьдралыг ярих утгагүй шүү дээ. Надтай холбоотой асуудлыг л надаас асуу. Түүнээс биш манай дүү нарыг хэдэн кг жинтэй вэ, нөхөртэй юу, үгүй юу гэхчилэнгээр асуугаад эхэлбэл би хариулахгүй.
ОН ГАРАХААС ӨМНӨ МОНГОЛДОО НЭГ ТОМ БҮТЭЭЛ ТОГЛУУЛНА
-Монголчууд багын найз гэж их ярьдаг. Танд одоо унаган багын найзуудаас чинь байна уу?
-Би багын найзаа хажуудаа аваад Америк орж чадахгүй шүү дээ. Тиймээс одоо амьдралын эрхээр багын найзууд холдож дээ.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би янз бүрийн л зүйл хийж байна. Гэхдээ хийж байгаа ажлаа зарладаггүй. Тоглогдохоор нь зарладаг юм. Он гарахаас өмнө Монголдоо нэг том бүтээл гаргана.
-Таны хамгийн их үзэн яддаг зан чанар?
-Урвалт, мөн залхуу хүнд. Аль аль нь миний замд, бүр алхам тутамд их тааралдах юм.
Хилийн чанадад өөрийнхөө хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, өрөөлийн хүүхдүүдэд ч төгөлдөр хуур, хөгжим зааж байгаа С.Сансаргэрэлтэх “Чингис хаан”-ы сэдэвтэй “Тэмүүжин”, “Жамуха”, “Хархорин” гээд гурван том симфони бичжээ. Мөн Чингис хааны холбогдолтой “Рубрукийн аялал”, “Өэлүн үжин ижий” гэх мэтчилэнгийн том хэлбэрийн зохиолууд туурвисан байна. Гэтэл Монголчууд түүнийг нь мэдэхгүй өнгөрч байгаа нь харамсалтай. Уг нь Чингис хааны тухай сайн хөгжмийн зохиол бичсэн хүнд Чингис хааны нэрэмжит шагнал өгдөг юм билээ.
С.Сансаргэрэлтэх Монголын хөгжмийн зохиолчдын хорооны нэрэмжит шагнал, “Алтан намар-2008” оны шагналыг эс тооцвол янз бүрийн урамшуулал шагналаас хол явдаг бололтой. Үнэндээ Монголчууд хэн нь хаана байгаагаа мэдэхг үй байна уу даа. Үү- гээр далимдуулаад хэлэхэд салбар салбарын мундагчуул хэдийнэ гадагшаа гарчихжээ. Хойд хөрш ОХУ гадагшаа гарсан “томчууд”-ыгаа эргүүлж эх орондоо татах бодлого барьж байгаа гэдэг. Манай улс нэгийг санаж, хоёрыг хийх цаг нь болсон юм биш үү гэж эрхгүй санагдаж байлаа.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ”