2011-07-22Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд олон шинэ цолтон төрсөн билээ.
Тэдний нэг болох Завхан аймгийн Идэр сумын харьяат ЦЕГын “Хүч” спорт хороо, “Шинэ Ази” групп, ХААН банкны бөх улсын начин Ш.Жаргалсайхантай ярилцлаа.
-Удтал хүлээлгэсэн олон түмнийхээ итгэлийг энэ жилийн наадмаар хариуллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Дөрвөн тэгш ой давхацсан наадмаар үндэсний бөхийн цолтон олон төрлөө. Тэдгээрийн нэг болсондоо сэтгэл өндөр байна. Би төрийнхөө их баяр наадамд найм дахь жилдээ зодоглож байж улсын цолтны эгнээнд багтаж байна.
-Наадмын бэлтгэлээ хаана хангав?
-“Хүч” хорооныхоо бөхчүүдтэй Сүүж уулын амралтад базаасан. Бэлтгэл сайн байсан болохоор цол авна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Цаашид сайн барилдахыг хичээнэ дээ.
-Танай сумаас 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй байсан. Нутгийнхан тань их баярлаж байгаа байх?
-Мэдээж баярлалгүй яах вэ. Саяхан нутгийн зөвлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч баяр хүргэсэн. 1930-аад онд манай сумаас улсын арслан цолтон /М.Лхагва/ төрсөн юм билээ. Түүний араас би залгаж байна. Арваад жил улсынхаа наадамд барилдна гэдэг тийм ч богино хугацаа биш. Энэ хооронд олон удаа улсын цолд ойрхон бөхөөр нэрлэгдэж, дөрвийн даваанаас буулаа. Энэ жил чамлахааргүй барилдаж намайг “Улсын цолд хүрээсэй” гэсэн хүмүүсийн итгэлийг даасандаа баяртай байна.
-Олон жил дөрвийн даваанд тахимаа өгөхөөр улсын цолгүй хоцрох вий гэсэн айдас байсан болов уу?
-Нуугаад яах вэ. Байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нүдэндээ нулимс цийлэгнүүлээд, хүнтэй ч бараг дуугарахгүй олон удаа гарсан. Үүнийг миний найз, гэр бүлийнхэн мэднэ. Гэхдээ би өөртөө “Хэзээ нэгэн цагт улсын цол хүртэнэ” гэж хэлдэг байсан. Хүн гэгээлэг юм бодвол урт хугацааны дараа ч гэсэн түүндээ хүрдэг гэдэг шүү дээ. Өнөөдөр надад тийм л зүйл тохиолдож байна.
-Энэ жилийн наадмын өглөө босоход, өмнөх наадмуудаас арай өөр санагдсан уу?
-Би ер нь наадмын өглөө их гэгэлздэг. Нойр ч хүрдэггүй. Харин энэ жилийн наадмын урьд шөнө сайхан амраад тайван байсан. Уяа нь тэгширсэн морь агсрахгүй, тайван байдаг шүү дээ. Яг л тийм. Тийм болохоор “Энэ жил яагаад ийм тайван байгаа юм бол” гэж өөрөөсөө асуусан. Улсын цол хүртэх гээд л тийм тайван байж л дээ.
-Дөрвийн даваанд та залуу начин Ч.Баянмөнхтэй таарсан. Өмнө нь олон барилдаж байсан уу?
-Баянаа бид хоёр тийм ч олон таараагүй. Гэхдээ би түүнтэй “Харгүй сайхан барилдаад азаа үзье” гэж бодсон. Баянаа ч тэгж бодсон байх. Ер нь дөрөв, тавын даваанд чанга өрсөлдөгч таарсан.
-Улсын харцага Ө.Даваабаатар амласныг сонсоод юу бодогдож байсан бэ?
-Хамгийн түрүүнд цочсон. Учир нь начин цолны даваанд өөрийгөө доогуур учраа таарна гэж бодож байсан. Ө.Даваабаатрын хувьд өөртөө барилдаан таарах байх гэж л амласан болов уу. Эсвэл “Цол хүртэх гэж байгаа залуутай сайхан барилдъя” гэж бодсон ч байж болох. Бид хоёрын барилдаан нэлээн бужигнасныг үзэгчид харсан байх. Би харцагыг тогтоож барилдахыг хүссэн юм. Тэгээд л нэг юм шуудагны барьц авмагцаа түрж, дайраад давсан. Өнгөрсөн өвөл нэг барилдаанд харцага намайг мөн л тавын даваанд амлаж би энэ мэхээр давсан юм.
-Тэгвэл амлуулснаа мэдээд тооцоолсон байх нь ээ?
-Тооцоолж шалиагүй ээ. Хугацаа байгаагүй юм чинь. Хамгийн түрүүнд “Тэр их хурдтай бөхийг тогтоож барилдъя” л гэж бодсон.
-Зургаагийн даваанд улсын наадамд хоёр удаа өвдөг шороодоод байсан Г.Эрхэмбаярт дахин тахимаа өглөө. Давах боломж байсангүй юу?
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд арсланд тахимаа өгсөн. Мөн өнгөрсөн жилийн дөрвийн давааны нугалаагаар таарч бас дийлээгүй. Энэ жил ч чадлаа гаргаж барилдаад болсонгүй. Арслан угаасаа хүчирхэг л дээ.
-Дархан аварга Б.Бат-Эрдэнийн “Аварга” БТДС-ийн дотуур байрны нэг өрөөнд байсан найзууд бүгд улсын цол хүртээд сайхан байгаа байх?
-Олимпийн аваргаа /Н.Түвшинбаяр/ эс тооцвол үндэсний бөхөөр бүгд улсын цол хүртлээ. Бид нар уулзахаар ярих сайхан сэдэвтэй боллоо доо. Оюутан байхдаа “Бүгдээрээ заавал улсын цолтой болно шүү” гэж захидаг байсан минь биеллээ олж байна. Тэр дотуур байрны жижиг өрөөнд улсын арслан Х.Мөнхбаатар, начин Ж.Гансүх, Э.Энхбат нартай байлаа. Удахгүй олимпийн аварга маань улсын цол авах байлгүй дээ.
-Одоо олон аймгийн наадам болно. Хаана наадах гэж байна вэ?
-Дархан, Сэлэнгэ аймгийн ойд очиж шинэ цолоо дуудуулна.
-Аймгийн арслан цолыг хэдэн онд хүртлээ?
-2003 онд Ховд аймгийн наадмаас хүртсэн. Түүнээс хойш төрийнхөө наадамд зодоглож байна.
-Та бөхийн удамтай юу?
-Ээжийн маань авга ах Хаян гэж даншигийн заан байсан гэсэн. Бие томтой, асар их бяртай байсан гэж ээж ярьдаг юм. Харин аав бөхөд дуртай ч барилдаж байгаагүй. Гэхдээ хэнийг аль аймгийн, хэний хүү вэ гэдгийг андахгүй.
-Самбо бөхөөр барилддаг байсан гэж сонссон. Ямар амжилт үзүүлж байв?
-Сүүлийн үед үндэсний бөхдөө анхаарлаа хандуулаад бараг орхиж байна. 1998 онд УАШТ-ээр Б.Ариун-Эрдэнийг хожин түрүүлж байсан. Өмнөх жил нь чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байлаа.
-Таныг зааны сувенир цуглуулдаг гэж сонссон?
-Амгалан амьтан гэдэг утгаар нь цуглуулж эхлээд байгаа. Одоогоор 40 орчим бий. Мөн нутгийнхаа түүхт арслан М.Лхагвын баримал хөшөө байдаг юм. Миний нандигнаж явдаг зүйлсийн нэг дээ.
-Бөх болоогүй бол ямар мэргэжилтэй болох байсан бэ?
-Нутагтаа малчин болчихсон, морин дэл дээр давхиж явах байсан байлгүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Өндөр амжилт хүсье.
У.Баярсайхан