2011-07-20Улсын баяр наадамд амжилттай барилдаж цол нэмсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Нямдорж уржигдар хүлээн авч шагнал гардуулав.
Улсын баяр наадамд амжилттай барилдаж цол нэмсэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Нямдорж уржигдар хүлээн авч шагнал гардуулав.
16.20 цагаас уг ёслол болно гэсний дагуу сурвалжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд товлосноос түрүүлж ирээд яамны үүдэнд баахан зогсоцгоолоо. Довжоон дээр зогссон Г.Эрхэмбаяр, С.Батсуурь, А.Цацавшир нарын зургаа, долоон бөхчүүд хоорондоо саяын наадмын тавын давааны талаар хэсэг ярилцана. Тэгснээ нэгнээсээ нойтон сальфетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой аймгуудын наадам хэдийд болох тухай бие биендээ сонирхуулна. “Манай аймгийн наадам удахгүй болно. Нутгийнхаа наадмыг үзнэ ээ”, “Би аль аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэмээцгээх.
Хэсэг хугацааны дараа яамны гурван давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч Г.Эрхэмбаяр, Ш.Жаргалсайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын арваад бөхчүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих зайгүй шахам чихцэлдэнэ.
17.10 цаг болж байхад уг ёслолыг зохион байгуулагчид бөхчүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр маань Хууль зүйн яам хаана байгааг мэдэхгүй байгаа юм биш биз?” гэвэл нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх” гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.
Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар салбарынх нь бөхчүүд амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай шагнал нэмэгдсэн. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөвгөрсөн хоёр бөх ч чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр шагналуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын цалингаар шагнасан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн анзаарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорьжээ.
Ёслолын дараа бөхчүүд ярилцлага өгөхөөс татгалзаж бараг зугтах шахуу гараад явцгаав. Улсын арслан Г.Эрхэмбаярыг харин сэтгүүлчид “барьж” авлаа.
-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуулан энэ сайхан цолыг авлаа. Намайг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.
-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?
-Би 2003 онд улсын начин цол хүртсэн. Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болцгоочихоор нь дотроо “Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хүсэл, мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл зүрхний хүчээр биелсэнд баяртай байна.
-Та бөх сонирхогчдынхоо сэтгэлд Г.Эрхэмбаяр начин гэдгээрээ л буугаад арслан гэхээр дасч өгөхгүй байх шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?
-Одоохондоо “Арслан” гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж харах маягтай байна шүү дээ.
-Наадмын бэлтгэлээ ямар бөхчүүдтэй хийсэн бэ?
-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайнбаяр, Л.Пүрэвжав харцага болон олон сайхан аймгийн арслангуудтай гал болж гарсан. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөвлөгөө нь маш их үнэ цэнэтэй байлаа. Тийм болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.
-Олон аймгийн тэгш ойн баярууд болох гэж байна. Та аль аймгийн наадамд зодоглох вэ?
-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.
-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-14 дэх жилдээ барилдаж байна. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.
-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын барилдааныг дүгнэвэл…
-Өнгөрсөн жилийн баяр наадмаас хойш л бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн. Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баярлаад л байгаа.
-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өрсөлдөгчид гэвэл хэн хэнийг нэрлэх вэ?
-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.
-Та барилдааны өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ. Наадмын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?
-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулагчид маань зөвлөгөө өгч, барилдахад бүгд л тусалж байсан. Түүнээс биш би өөрийгөө тэд давна гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.
-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?
-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж байгаад хэсэг завсарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сургуульд оруулж байсан.
-Таны удамд бөхчүүд байдаг уу?
-Өө, байлгүй яахав. Аав маань сумын заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж нэг хүн байж байгаад бурхан болсон, Ийм л бөхийн удамтай хүн байна даа.
-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг жаахан яарч барилдчихлаа гэж байсан?
-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилдчихсан. Тийм нэг муу тал байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.
-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биздээ?
-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.
Д.ГАНСАРУУЛ